Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/560

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Э /,

шүүгдэгч Я.Г, түүний өмгөөлөгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн дугаартай хэрэгт Я.Гг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Увс аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, таваар судлаач мэргэжилтэй, малчин, ам бүл-2 эхнэрийн хамт ... тоотод оршн суух , урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Я.Г

 

Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Я.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Хүй долоо худгийн замд Б.Бгийн эзэмшлийн “Nissan” маркийн “Х-Trial” загварын 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Н” ХХК-н эзэмшлийн “Yutong ZK6110” маркийн 00-00 улсын дугаартай автобустай мөргөлдөж, 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Дын амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч Я.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /0,57 хувь/ үедээ 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүй долоо худгийн замд Б.Б (шүүгдэгчийн эхнэр)-гийн эзэмшлийн “Nissan” маркийн “Х-Trial” загварын 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, зорчигч Л.Дын амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

Харин улсын яллагч хэргийн үйл баримтыг тогтоохдоо “Н” ХХК-н эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 00-00 гэсэн байх боловч Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын лавлагаа /1хх99/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх103/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх2-11/ зэргээр “Yutong ZK6110” маркийн, 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдож байх тул прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийг зөвтгөж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

- Замын цагдаагийн газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСMI15015584 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн 99047358,...Дуудлага хүлээн авсан: 2021-09-08 22:02:16, ...Дуудлагын утга: 2 машин мөргөлдсөн /1 хүн ухаангүй байна/, хүй 7 худгийн зам дагуу салдаг тойргийн тэнд...” гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн “...2021 оны 09-р сарын 08-ны өдрийн 23 цаг 30 минутад эхэлж, Зам тээврийн осол гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтээс Хүй 7 худаг руу салдаг замаас ертөнцийн зүгээр хойш 3.5 км зайд асфальтан, шулуун тэгш хуурай, уулзвар дээр, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, тогтуун цаг агаартай, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээтэй, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зам байв. Осол хэргийн газарт очиход “Yutong ZK6110” маркийн 00-00 улсын дугаартай автобус ертөнцийн зүгээр зүүн хойшоо чиглэлд харж зорчих хэсгээс гарч урд дугуйгаараа жалга руу орсон байдалтай, “Nissan Х-Trial” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн талд зорчих хэсгийн хөвөөн дээр баруун урагш чиглэлд харсан байрлалтай зогсож байв... 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хаалганы доор гадна талд хүрэн өнгийн дээлтэй, бор урт түрийтэй гуталтай, эрэгтэй хүний цогцос эгц дээшээ харсан, толгой хэсэг нь баруун урд чиглэлд харсан байдалтай хэвтэж байв. А үсгээр тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн гэх цэгийн автобусны жолоочийн зааснаар болон тээврийн хэрэгслүүдийн хагарч унасан эд ангиудыг үндэслэж тэмдэглэв...02 цаг 15 минутад дуусгав” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),

- Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт  (1 дүгээр хавтаст хэргийн 4-11 дүгээр хуудас),

- Жолоочийн согтууруулах ундаан хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Д.Б.Т, Д.Х нарыг драйгер багаж ашиглан шалгахад 0.0 хувь буюу согтууруулах ундаа хэрэглээгүй, 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон Я.Гг драйгер багаж ашиглан шалгахад 0,57 хувь буюу согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тус тус тогтоогдлоо...” (1 дүгээр хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас),

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эгийн “...тухайн осол гарах үед хамт байгаагүй мэдэх зүйл байхгүй. Тухайн өдрийн орой 19 цагийн үед Я.Ггийн гэрт бид хоёр очсон. Тэднийх ногоон тэжээл тавьсан байсан бөгөөд трактор ирж байгаа хураая гэхээр нь Л.Д хураалцах гээд намайг машинаар гэрт хүргэж өгөөд Я.Ггийн гэр лүү буцаад явсан. Буцаад машинаа унаад явсан. Манайх Я.Ггийн талбайд тэжээл тавьсан байсан учир тракторын жолоочид өвсөө зааж өгч хадуулсан гэсэн. 20 цаг өнгөрч байх үед би талийгаач руу залгахад өвсөө хадаад дуусаж байна одоо очлоо гэж хэлсэн. Би дахиад залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Өглөө 4 цагийн үед цагдаагаас над руу яриад осол гарсан талаар хэлсэн...Бид хоёр 2009 онд гэрлэсэн бөгөөд 12, 11, 7, 4 настай дөрвөн хүүхэдтэй, манай хүн ажил хийж байгаагүй. Хөдөө мал маллаж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудас),

-  Гэрч Д.Б.Тын “ ...Н ХХК-нд жолоочийн ажил хийдэг. 2021 оны 09-р сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явахаар өөрийн хувийн эзэмшлийн “Yutong ZK6110” маркийн 00-00 улсын дугаартай автобусанд 12 зорчигч ачаад ээлжийн жолооч Д.Хын хамт “Драгон” буюу тээврийн товчооны баруун талаас үдэш 20 цаг 40 минутын орчимд би өөрөө автобусыг жолоодоод хөдөлсөн. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг Хүй долоон худаг орчим ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд 2 эгнээ, эсрэг хөдөлгөөнтэй замаар замын баруун гар талын эгнээгээр хөдөлгөөнд оролцоод явж байхад 21 цаг 50 минутын орчимд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд талаас буюу ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байсан тээврийн хэрэгсэл гэнэт урдуур дарж орж ирээд мөргөлдсөн. Тухайн үед би ертөнцийн зүгээр замын зүүн талын эгнээнд хойноос урагшаа шулуун явж байсан бөгөөд эгнээ байр сольсон зүйл болоогүй. Миний жолоодож явсан автобусны урд талаас ирж мөргөсөн автомашин осол болохоос өмнө ямар нэг гэрэл дохио өгөөгүй шууд л миний өөдөөс дараад ороод ирсэн...машины жолооч дээр очиход түүнээс согтууруулах ундааны зүйл ихээр үнэртэж байсан. Миний автобусанд зорчиж явсан 12 зорчигч болон ээлжийн жолооч Д.Х нарын биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй...миний өөрийн хувийн өмчийн автобус байгаа юм. Гэхдээ тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь “Н” ХХК-н нэр дээр байдаг. Учир нь энэ компанитай гэрээ хийсэн болохоор компанийн нэрээр явдаг юм...гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй, надад гэмтсэн зүйл одоогоор байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас),

- Гэрч Д.Хын “...2021 оны 09-р сарын 08-ны өдрийн 20 цаг 40 минутын үед автобусандаа хүнээ суулгаж дуусаад Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлд “Yutong ZK6110” маркийн 00-00 дугаарын автобустай “Драгон” төвөөс 12 хүн суулгаад үндсэн жолооч Б.Т машинаа унаад би жолоочийн эсрэг талын хамгийн урд талын суудал дээр суугаад хөдөлсөн. 21 цаг 30 минутын орчим Эмээлтээс Хүй долоон худгийн зам руу салаад урдаасаа хойшоо чиглэлд хоёр эгнээ замаар явж байтал гэнэт эсрэг урсгалд хойноосоо урагшаа явж байсан “Nissan Х-Trial” маркийн автомашин огцом манай машины урдуур дарж ороод мөргөлдсөн...Зорчигчийн суудал дээр шар өнгийн дээлтэй ухаангүй байдалтай байсныг хүмүүстэй хамт буулгасан. Жолооч ухаантай бөгөөд дуугарч байсан. Холоос эсрэг замаар явж байгаа нь харагдаж байсан. Тэр машин өөрийнхөө урсгалаар явж байгаад тулж ирээд урсгал сөрсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1862 дугаартай шинжээч эмч Ц.Бадралын “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ акт”-ын гадна үзлэгээр “...цээжний зүүн талд суганы урд хэсэгт 2х1.5 см, баруун мөрний урд хэсэгт 2х1.5 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, дээд уруулын баруун гадна хэсэгт 1.3х0.2 см, доод уруулд 1х0.3 см, эрүүний урд ооч хэсэгт 2х0.5 см, баруун буланд 1х1 см, 2.5х1 см, баруун эгэмний дотор хэсэгт 1х0.2 см хүрэн улаан өнгийн зураасан зулгаралттай,

- дотор эрхтнүүдийн байрлал зөв...цээжний дээд хэсэгт үрэн тасарсан, орчны эд болон дотор эрхтнүүдийн холбоос даган хар хүрэн өнгийн тархмал цус хуралттай, цээжний хэнхэрцэг баруун талд 1-4 дүгээр хавирга суганы урд шугамаар, зүүн талд 1-5 дугаар хавирга эгэмний дунд шугамаар зөрөөгүй хөндлөн хугаралттай...хүзүүний 5/6, 6/7 дугаар, сээрний 1/2 нугалам үелэх хэсгээр зөрөө ихтэй, бүрэн салсан хөндлөн хугаралтай, уг түвшинд нугас хатуу хальс урагдаж задарсан, нугасны эдэд хар хүрэн өнгийн цус хуралт, няцралын голомттой, орчны булчин, зөөлөн эдэд хар хүрэн өнгийн цус хуралттай,

- шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош авто осол-хүзүүний 5/6, 6/7 дугаар, сээрний 1/2 нугалам үелэх хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны хатуу хальсны урагдал, задрал,  нугасны эдийн няцрал, гол судасны бүрэн тасрал, цээжний хөндий дэх цусан хураа /1.3 литр/, баруун 1-4 дүгээр хавирга, зүүн 1-5 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, цээж, баруун мөрөнд цус хуралт, уруул, эрүү, баруун эгэмд зулгаралт, цус алдалтын шок... гэжээ. ДҮГНЭЛТ хэсэгт:

1. Талийгаач Л.Дын цогцост хүзүүний 5/6, 6/7, сээрний 1/2 дугаар  нугалмын үелэх хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны хатуу хальсны урагдал, задрал, нугасны эдийн няцрал, гол судасны бүрэн тасрал, цээжний хөндий дэх цусан хураа /1.3 литр/, баруун 1-4 дүгээр хавирга, зүүн 1-5 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, цээж, баруун мөрөнд цус хуралт, уруул, эрүү, баруун эгэмд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг үгүй байна.

4. Талийгаач нь хүзүү, сээрний нугалмын үелэх хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны хатуу хальсны урагдал, задрал, нугасны эдийн няцрал, гол судасны бүрэн тасрал, цээжний хөндий дэх цусан хураа гэмтлийн улмаас шокод орж нас баржээ.

5. 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 03 цаг 56 минутад цогцост үзлэг хийх үед нас бараад 6-8 цаг орчим болсон байжээ.

6. Гуравдугаар бүлгийн харьяаллын цустай байна.

7. Талийгаачийн цусанд 1.6, ходоодны шингэнд 6.0, цөсөнд 1.1 тус тус промилли спиртийн агууламж илэрсэн байна. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.”  гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 187-195 дугаар хуудас),

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ү.Оюун-Эрдэнийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 226 дугаартай магадлагаанд “Yutong ZK6110 маркийн 00-00 дугаарын автобусны жолооч Д.Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Nissan Х-Trial маркийн автомашин 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх,- зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 214 дүгээр хуудас)

- мөрдөн шалган ажиллагааны явцад яллагдагчаар Я.Г “...2021 оны 09-р сарын 08-ны өдөр Х гэх тракторын жолоочоор өвс хадуулж байх үед найз Л.Д эхнэр, хүүхдийн хамт манайд ирээд Хээтэй уулзаад өөрийнхөө тарьсан тэжээлийг хадуулахаар тохироод гэртээ эхнэр, хүүхдээ хүргэж өгөөд ирнэ гээд явсан. Би өөрийн трактороо засаж байх үед  Л.Д, Х дээр ирчихсэн байгаа харагдсан. Би 00-00 тай уулзахад надаас мөнгө байна уу би Хд нэг пиво авч өгмөөр байна гэхээр нь дансаар 40.000 төгрөг шилжүүлсэн. Би үхэртээ явсан. Удалгүй үхрээ оруулчхаад буцаад очиход Л.Д дэлгүүр явчхаад ирсэн гээд нэг пиво гаргаж ирээд тамхи бидэнд өгсөн. Аягаар тойруулан ууж байсан. Би эхлээд уухгүй гээд буцааж өгөхөд 00-00  нэг пиво уучхаач гэхээр нь нэг удаа уусан...би өөрийнхөө машиныг унаад 00-00  миний хажууд суугаад Эмээлт орохоор явсан. Бид хоёр урагшаа хүй долоо ороод засмал руу ороод чигээрээ явж байх үед гэнэт гэрэл мэлс хийх шиг болсон. Түүнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна. Нэг сэрэхэд гэмтэл дээр байсан. Би осол гарсанд маш их харамсаж байна, өөрийн бурууг ойлгон гэмшиж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 249-250 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг тайлбарлах нь зүйн хэрэг.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудаар замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй ба Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн аль ч үйлдэл зам тээврийн осол гарах шалтгаан болох үндэстэй, тийм ч учраас уг үйлдлийг хориглож хууль, дүрмээр хэм хэмжээ тогтоож хуульчилж өгдөг.

Хэрвээ замын хөдөлгөөнд оролцож буй хэн аль нь дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй тохиолдолд уг осол гарахгүй байх нөхцөл бүрдэх боломжтой байсан байна.

 

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Я.Г нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчсөн болох нь Жолоочийн согтууруулах ундаан хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон Я.Гг драйгер багаж ашиглан(1хх14) шалгахад 0,57 хувь буюу согтууруулах ундаа хэрэглэсэн, гэрч Д.Б.Тын мэдүүлэг (1хх91) зэргээр,

- мөн дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (1хх4-11), мөрдөгчийн магадлагаа (1хх214) зэргээр,

- Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт/№1862/-ээр амь хохирогч Л.Д нь хүзүү, сээрний нугалмын үелэх хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны хатуу хальсны урагдал, задрал, нугасны эдийн няцрал, гол судасны бүрэн тасрал, цээжний хөндий дэх цусан хураа гэмтлийн улмаас шокод орж нас барсан /авто ослын үед үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд/ болох нь эргэлзээгүй (1хх187-195) нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Я.Ггийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан атлаа бусдад хохирол, хор уршиг учруулжээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохироосон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах  тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Я.Гг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн зүйлчлэл, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэх байр суурьтай оролцож, мэтгэлцсэн бөгөөд Шүүх “хэргийн бодит байдал”-ыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Я.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг дээрх нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй гэж дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “мөрдөгч гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг;” ойлгоно гэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж тус тус заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч үйл ажиллагаандаа хэлбэрэлтгүйгээр чанд сахиж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь эргэлзээгүй байх бөгөөд хэн нэгэн этгээд жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлах боломжгүйгээр тодорхой, ойлгомжтой хуульчлагдсан байдаг онцлогтой. Мөрдөгч, мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардагдах асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн мэдлэг, ур чадвараар тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргах эрхийг дээрх хуулиар олгосон байх ба мөрдөгч гэдэг нь тухайн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж буй эрх бүхий албан тушаалтныг хэлнэ.

Нөгөөтээгүүр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтэд (1хх2-11) “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтээс Хүй долоон худаг руу салдаг замаас ертөнцийн зүгээр хойш 3.5 км зайд асфальтан, шулуун тэгш хуурай, уулзвар дээр, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, 2 эгнээтэй зам /тоормосолсон мөр байхгүй, А цэг дээр шороо мэт зүйл/...”, автомашинуудын хурдыг харьцуулах шинжилгээгээр тодорхойлж тогтоох нь хэрэгт ач холбогдол багатай, “Yutong ZK6110 маркийн 00-00 дугаарын автобус Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Я.Г шүүх хуралдаанд “хэргийн материалтай огт танилцуулаагүй” гэсэн мэдүүлгийг гаргасан бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан баримтаар үгүйсгэгдэж байгааг тэмдэглэв.  

 

1.4. Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй,...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эгаас амь хохирогчийн оршуулгын зардалд 10.010.837 төгрөгийг зарцуулсан  талаарх баримт/1хх30-82/, иргэний нэхэмжлэгч “Н” ХХКомпаниас “Yutong ZK6110” маркийн 00-00 улсын дугаартай автобусанд 4.265.000 төгрөгийн эвдрэл, гэмтэл учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан/1хх161-163/-зэргээр тус тус тогтоогдсон байна.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... 00-00 улсын дугаартай автомашиныг 2021 оны 07 дугаар сард миний нэр дээр худалдан авсан. Манай нөхөр бид хоёр ээлжлэн унадаг байсан. Машин эвдэрсэн боловч нөхрөөсөө нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг(1хх106-108)-ийг өгчээ.

Шүүгдэгч Я.Г нь шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд бэлнээр 8.610.000 төгрөг, 25 бог мал төлсөн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс үгүйсгээгүй бөгөөд “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б нарт шүүгдэгчээс төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч “Н” ХХКомпанийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай “Yutong ZK6110” маркийн автобусанд учирсан 4.265.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Я.Ггээс гаргуулж олгохоор шийдвэрлэв.

Амь хохирогч М.Л.Д, хууль ёсны төлөөлөгч А.Э нар 2008 онд гэр бүл болж, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, дундаасаа дөрвөн хүүхэдтэй (2009, 2010, 2014, 2017 онуудад төрсөн) болох нь гэрлэлтийн дугаартай гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож/1хх77-80/ байна.

Улсын яллагчийн “тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх” тухай саналыг хүлээн авч, хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “шүүгдэгчээс авсан хохирлыг автобусны жолоочоос гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

Дээрх хуульд заасан “бусдын амь нас, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” тул гэмт хэрэг үйлдсэн этгээдээс учирсан хохирлыг өөрийн санаачилгаар төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо нэхэмжилж буйг буруутгах боломжгүй, шударга ёсны зарчимд нийцнэ.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Я.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, түүний хувийн байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” туахй дүгнэлтийг танилцуулсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хэргийн нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотолж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлтэй тул эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргаагүй” гэсэн болохыг тэмдэглэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Я.Г нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (1хх220) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлж барагдуулсан/хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /Замын хөдөлгөөний дүрэм зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа авто осол гаргасан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /авто ослын улмаас нэг хүний амь нас хохирсон, иргэний нэхэмжлэгчид хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдал /Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр ослын улмаас хүнд зэргийн гэмтэл авсан, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөр чадвар алдалтыг 69 хувиар 12 сараар тогтоосон/ болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, прокурорын дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Я.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг дээр дурдсан нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Я.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолохоор тогтоож, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй болно.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 00 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хавсрагдаж ирсэн Я.Ггийн “В” ангиллын 130434 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я.Гг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Гд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Гд оногдуулсан гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Я.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Я.Ггээс 4.265.000 /дөрвөн сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Н” ХХКомпанид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эгийн “Н” ХХКомпаниас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Я.Ггээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн 00 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хавсрагдаж ирсэн Я.Ггийн “В” ангиллын  дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Я.Гд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Гд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.БЯМБААБААТАР