Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Донийн Отгонбаатар |
Хэргийн индекс | 163/2022/0182/Э |
Дугаар | 2022/ШЦТ/186 |
Огноо | 2022-08-16 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2215000000170 дугаартай, 163/2022/0182/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Байширийнхан овогт Арилдийсүрэнгийн Бат-Эрдэнэ, Булган аймаг, Булган суманд 1975 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, Булган аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, Хуурай шанд гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 47 настай, эрэгтэй, РД: ГЮ75010914.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймаг, Сайхан сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Орхон Марал нэртэй хүнсний дэлгүүрийн урд байрлах авто машины зогсоолоос Toyota Harrier загварын 68-96 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчиж иргэн Д.Чанцалыг мөргөж биед нь хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2215000000170 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймаг, Сайхан сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Орхон Марал нэртэй хүнсний дэлгүүрийн урд байрлах авто машины зогсоолоос Toyota Harrier загварын 68-96 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчиж иргэн Д.Чанцалыг мөргөж биед нь хүнд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бат-Эрдэнийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагаанд зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-10 дахь тал/,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Чанцалын өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнэтээс манай зээ хүү ирж байсан болохоор би нөхрийн хамт тосож авахаар Сайхан сумын төв орсон. Сайхан сумын төвд төрсөн дүү Д.Буяндэлгэр нөхөр А.Бат-Эрдэнэ нартай дэлгүүрийн гадаа таарсан. Бид хэд юм ярьж байгаад гадаа халуун болохоор нь машинаас бууж машины ард утсаар ярьж байхад гэнэт хүргэн дүү ухарч мөргөсөн. Тэгээд ухаан балартаж унасан. Тэгээд хэсэг хугацааны дараа эмнэлэгт сэрсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Бат-Эрдэнийн өмнө өгсөн мөнгө тэр чигтээ эмчилгээнд зарцуулагдсан. Сэргээн засах эмчилгээ, уламжлалт эмчилгээнүүдийг хийлгэх шаардлагатай байгаа. Одоо гишгэж явж чадахгүй хэвээрээ байгаа. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал/,
4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Жавзандуламын өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн иргэн Д.Чанцал нь Сайхан сумын эрүүл мэндийн төвд 14 цаг 30 минутын үед машинд мөргүүлж гэмтэл авсан байдалтай үзүүлсэн. Тухайн иргэн Д.Чанцалын амин үзүүлэлтийг үзэхэд артерийн даралт 110/70 зүрхний цохилтын тоо 90-тэй байсан. Д.Чанцал нь миний баруун хөл мэдээгүй болсон гэж хэлэхээр нь би баруун талын хөлөн дээр дарахад өвчин мэдрэгдэхгүй байсан ба би Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй холбогдож аймгаас нарийн мэргэжлийн эмч нарыг дуудаж үзүүлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Буяндэлгэрийн өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багаас сумын төв рүү нөхөр А.Бат-Эрдэнийн хамт Хаан банкнаас малчны зээл авах гэж орсон. Сайхан сумын төвд байх Намхай ахын дэлгүүрийн гадаа том эгч Д.Чанцалтай таарсан. Эгчтэй юм яриад байж байхад манай эгч хүүхэдтэйгээ утсаар ярих гээд машинаас буусан. Тэр хооронд манай хадам ээж манай нөхөртэй утсаар ярьж байсан. Тэгээд нөхөр машинаа асаагаад ширүүхэн ухрах үед машины ард чанга дуугаар орилох чимээ гарсан. Тэгээд нөхөр зогсоод гараад хартал манай эгч мөргүүлсэн байсан. Би нөхөртэй уурлаад чи ямар хурдан ухардаг юм гэж хэлсэн. Тэгээд эгчийг шууд Сайхан сумын эрүүл мэндийн төв хүргэж өгөөд эмчид үзүүлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
6. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 509 дугаартай: Д.Чанцалын биед бүсэлхийн 4 ба 5 дугаар нугалмын хугарал, мултрал, хугарлын улмаас нугасны үйл ажиллагаа алдагдал, бүсэлхийн 3 ба 4 дүгээр нугалмын 2 талын хөндлөн сэртэнгийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Бүсэлхийн 4 ба 5 дугаар нугалмын хугарал, мултрал, хугарлын улмаас нугасны үйл ажиллагаа алдагдал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, бүсэлхийн 3 ба 4 дүгээр нугалмын 2 талын хөндлөн сэртэнгийн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
7. Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн: жолооч Арилдийсүрэн овогтой Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эдлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг зөрчсөн байна. Жолооч Арилдийсүрэн овогтой Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас осол гарсан байна. гэх магадлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/,
8. Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бат-Эрдэнийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: ...Би хөдлөх гээд машинаа асаагаад жолооны хүрдээ баруун дараад ухарч байх үед түс хийх чимээ гараад араас нь орилох шиг болсон. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод машинаас бууж хартал Чанцал нь машины ард талд эгц дээшээ харсан байдалтай ёолж байсан. Тэгэхээр нь Чанцалыг машиндаа суулгаад шууд эмнэлэгт хүргэж өгсөн. Уг ослоос болж Чанцалын зүүн талын хөл нь мэдээгүй болчхоод байгаа юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65, 67 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Чанцал, гэрч Д.Жавзандулам, Д.Буяндэлгэр нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн магадлагаа, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч А.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймаг, Сайхан сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Орхон Марал нэртэй хүнсний дэлгүүрийн урд байрлах авто машины зогсоолоос Toyota Harrier загварын 68-96 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчиж иргэн Д.Чанцалыг мөргөж биед нь бүсэлхийн 4 ба 5 дугаар нугалмын хугарал, мултрал, хугарлын улмаас нугасны үйл ажиллагаа алдагдал, бүсэлхийн 3 ба 4 дүгээр нугалмын 2 талын хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Чанцалын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд тээврийн хэрэгсэл ухрах үйлдэл хийх үед мөргүүлэх байдлаар гэмтэл авсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.Бат-Эрдэнийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч А.Бат-Эрдэнэ жолоодож хөдөлгөөн хийсэн, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Бат-Эрдэнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Бат-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.Чанцал нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохирлын баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 10.000.000 төгрөгийг төлөхөөр тохирсон байна.
Шүүхээс хохирогч Д.Чанцалд шүүх хуралдааны товыг мэдэхэд “за ойлголоо, надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Эмчилгээний төлбөр, хохирлыг төлж барагдуулсан байгаа. Үлдсэн хохирлоо тохиролцсон хугацаандаа төлчихвөл надад ямар нэг гомдол байхгүй” гэдгээ илэрхийлсэн байна.
Мөн хавтаст хэргийн 75 дахь талд хохирогч Д.Чанцал гомдол, саналгүй гэдгээ илэрхийлж хүсэлт гаргасан байна.
Иймд шүүгдэгч А.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Бат-Эрдэнийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч А.Бат-Эрдэнийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Бат-Эрдэнэ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 69-74 дэх талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, цагдаагийн газрын цахим хайлтын системийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь Булган аймаг, Булган суманд 1975 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, Хуурай шанд гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 4/89 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч А.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 1 жил, 3 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч А.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 1 жил, 3 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Байширийнхан овогт Арилдийсүрэнгийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Бат-Эрдэнэд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР