Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00566

 

Б.А-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01365 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар  сарын 27-ны өдрийн 1654 дүгээр магадлалтай,

Б.А-ын нэхэмжлэлтэй,

“Б м” ХХК-д холбогдох

Гэм хорын хохирол 4,600,656 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.А нь  “Э а з” ХХК-д 2016.07.19-ний өдрөөс 2019.10.06-ны өдрийг хүртэл Төлөвлөлтийн инженерийн албан тушаалд ажиллаж байсан ба “Э а з” ХХК-ийн захирлын 2019.10.07-ны өдрийн Б-2523/19 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийг нийт 3 жил 3 сарын хугацаанд тасралтгүй төлсөн тул ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн. Ажилгүйдлийн тэтгэмж авахаар өөрийн оршин суух Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч ажил олгогч нь 2018 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, өртэй гэсэн шалтгаанаар тэтгэмж олгох боломжгүй гэсэн. Ингээд 2019.10.09-ний өдөр “Э а з” ХХК-ийн Санхүүгийн албанд өргөдөл гаргахад ажилгүйдлийн тэтгэмжийг компаниас өгнө гэсэн атлаа 4 сарын дараа олгох боломжгүй гэсэн. Хариуцагч нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Б.А Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан 4,100,656 төгрөгийг авч чадаагүй. Иймд ажилгүйдлийн тэтгэмж, өмгөөлөгч хөлсөлсөн зардал 500,000 төгрөг, нийт 4,600,656 төгрөгийг “Б м” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч Б.А холбогдох материалыг хуулийн хугацаанд бүрдүүлэн харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч “Б м” ХХК нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөлтийн өртэй гэсэн шалтгаанаар ажилтны материалыг хүлээн авалгүй буцаасан байдаг. “Б м” ХХК-ийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг cap бүр тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах тухай гэрээг Нийгмийн даатгалын байгууллагатай байгуулж, шимтгэлийн төлөлтийг хийж ирсэн. Нийгмийн даатгалын байгууллага болон аж ахуйн нэгж байгууллага хоорондын төлбөр тооцооны асуудлаас шалтгаалан даатгуулагч ажилтны эрх ашиг хохирох нөхцөл байдал бүрдсэн. Ингээд нэхэмжлэгч Б.А-т нийгмийн даатгалын сангаас олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжийг компани өөрийн дотоод санхүүжилтээр шийдвэрлэн олгох, тухайн олгосон санхүүжилтийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2020 онд үүсэх нийгмийн даатгалын шимтгэлээс суутгуулан тооцуулах замаар асуудлыг шийдвэрлэхийг хүссэн боловч Нийгмийн даатгалын байгууллага хүсэлтийг хүлээн аваагүй. Шимтгэл төлөлтийн хэмжээ их байгаагаас хоцорч 2018, 2019 оны төлөлт хоцорсон нь үнэн. Гэвч хуульд заасан үүргээ ухамсарлан нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу төлөлтийг хийж ирсэн. Гэтэл нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл харгалзсан эс үйлдэхүйтэй холбоотой. Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5-д зааснаар дээрх эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч гомдол гаргах боломжтой. Тус байгууллагын хариуцлагыг ажил олгогч дангаар үүрэх нь шударга ёсонд нийцэхгүй. Манай зүгээс тэтгэмжийн 50 хувийг төлөх саналтай байсан боловч 4,100,656 төгрөгийг эрх бүхий этгээд бус өмгөөлөгч тооцсон байх тул зөвшөөрөхгүй. Мөн өмгөөллийн зардлын тухайд зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01365 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “Б м” ХХК-аас 4,100,656 /дөрвөн сая нэг зуун мянга зургаан зуун тавин зургаан/ төгрөг гаргуулж Б.А-т олгон, үлдэх 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88.561 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 80.560 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар  сарын 27-ны өдрийн 1654 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 58 дугаар зүйлийн  58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200601806155 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,360 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 20,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: ...Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 6 дугаар зүйлд зааснаар “Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн өргөдлийг холбогдох баримт бичгийн хамт хүлээн авч шалган, тэтгэмжийн хувийн хэрэг нээж, олгох тэтгэмжийн хэмжээг холбогдох аргачлалын дагуу тооцох, тэтгэмжийн олголтыг хийх” үүргийг хүлээхээр тусгасан. Гэтэл нэхэмжлэгч Б.А нь тухайн тэтгэмжийн дагуу авах шаардлагатай гэж үзсэн нэхэмжлэлийн үнийн дүнг харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох мэргэжилтнээр албан ёсны тэтгэмж тооцох аргачлалаар бодуулж баталгаажуулаагүй. Нийгмийн даатгалын тухай хууль болон тэтгэвэр, тэтгэмжийн тухай нарийн мэдлэг, арга зүйн туршлагагүй мэргэжлийн бус хүнээр тооцоо гаргуулж 4,100,656 төгрөгийг нэхэмжилснийг дээрх шүүхийн шийдвэрээр хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна. “Б м” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг сар бүр тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах тухай гэрээг байгуулан нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг хийж ирсэн бөгөөд 2019 оны 2 дугаар хагас жилд гэхэд 2,798,331,969 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлсөн байдаг. Нийгмийн даатгалын байгууллага болон аж ахуйн нэгж байгууллага хоорондын төлбөр тооцооны асуудлаас шалтгаалан даатгуулагч ажилтны эрх ашиг хохирох нөхцөл байдал бүрдсэн тулд уг асуудлыг ажилтны эрх ашигт нийцүүлэн боломжит байдлаар шийдвэрлэхийг зорин “Б м” ХХК нь нийгмийн даатгалын байгууллагад хандан удаа дараа хүсэлт гаргасан бөгөөд ингэхдээ нэхэмжлэгч Б.А-т нийгмийн даатгалын сангаас олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжийг компани өөрийн дотоод санхүүжилтээр шийдвэрлэн олгох ба тухайн олгосон санхүүжилтийг “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ажил олгогч нь илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах эрхтэй” гэж заасныг үндэслэн 2020 онд үүсэх нийгмийн даатгалын шимтгэлээс суутгуулан тооцуулах замаар асуудлыг шийдвэрлэхийг хүссэн боловч Нийгмийн даатгалын байгууллага хүсэлтийг хүлээн аваагүй. Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл харгалзсан эс үйлдэхүйн улмаас үүсэх эрх зүйн үр дагавар, хариуцлагыг ажил олгогч дангаар үүрэх нь шударга ёсонд үл нийцнэ гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5-д зааснаар дээрх эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар өөрийн оршин суух газрын харьяа Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нэхэмжлэгч гомдол гаргах боломжтой байгаа тул манай компани тухайн ажилгүйдлийн тэтгэмжийг дахин давхардуулж олгох үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч Б.А нь “Э а з” /одоогийн “Б м”/ ХХК-д 2016.07.19-ний өдрөөс 2019.10.06-ны өдөр хүртэл нийт 3 жил, 3 сарын хугацаанд ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр сар бүр цалин хөлснөөсөө төлсөн, харин хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.“Ажил олгогч ... нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1. “… даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр ... сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ, 17 дугаар зүйлийн 1. Ажил олгогч болон ... нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ: 1/хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, үүний улмаас нэхэмжлэгч нийгмийн даатгалын сангаас авах байсан ажилгүйдлийн даатгалын шимтгэлээ авч чадалгүй хохирсон байна.

Иймээс шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэсний дагуу нэхэмжлэгч Б.А-ыг ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй гэж дүгнэн, тэтгэмжийн хэмжээг уг хуульд заасан журмын дагуу тооцож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэсний дагуу хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасантай /гэм хорыг арилгах/ нийцнэ.

Дээрх үндэслэлээр “...Нийгмийн даатгалын тухай хууль болон тэтгэвэр, тэтгэмжийн тухай нарийн мэдлэг, арга зүйн туршлагагүй мэргэжлийн бус хүнээр тооцоо гаргуулж 4,100,656 төгрөгийг нэхэмжилснийг шүүхийн шийдвэрээр хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй, “Б м” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг сар бүр тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах тухай гэрээг байгуулан төлөлтийг хийж ирсэн, …тус компаниас нийгмийн даатгалын байгууллагад хандан Б.А-т нийгмийн даатгалын сангаас олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжийг өөрийн дотоод санхүүжилтээр шийдвэрлэн олгож, тухайн олгосон санхүүжилтийг “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2020 онд үүсэх нийгмийн даатгалын шимтгэлээс суутгуулан тооцуулах замаар асуудлыг шийдвэрлэхийг хүссэн боловч даатгалын байгууллага хүлээн аваагүй, энэхүү нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдэхүйн улмаас үүсэх эрх зүйн үр дагавар, хариуцлагыг ажил олгогч дангаар үүрэх нь шударга ёсонд үл нийцнэ, нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5-д зааснаар дээрх эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар нийгмийн даатгалын хэлтэст нэхэмжлэгч гомдол гаргах боломжтой байгаа тул манай компани тухайн ажилгүйдлийн тэтгэмжийг дахин давхардуулж олгох үндэслэлгүй…” гэсэн утгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01365 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар  сарын 27-ны өдрийн 1654 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У-ийн гомдлыг хангахгүй орхисугай.      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр  төлсөн 80,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ЗОЛЗАЯА   

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                          Б.МӨНХТУЯА

                                                                                                            Г.ЦАГААНЦООЖ