Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нямдолгорт холбогдох эрүүгийн 201601070111 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга:                             Д.Оргил

 Улсын яллагч:                                             Б.Буяндэлгэр

 Шүүгдэгч:                                                 Н.Нямдолгор нар оролцов.

             Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 38 тоотод оршин суух /байнгын оршин сууж буй хаяг: Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут баг/, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Хөвдүүд овгийн Нэмэхбаатарын Нямдолгор /РД:НЧ86091229/

              Шүүгдэгч Н.Нямдолгор нь өөрийгөө Цагдаагийн байгууллагад ажилладаг, жолооны эрх хасуулсан хүний эрхийг сэргээж, жолоочийн үнэмлэх гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, давтан үйлдлээр  2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 21-ний өдрийн хооронд буюу

          - 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Болдбаатараас урьдчилгаа мөнгө гэж 300.000 төгрөгийг Хаан банкны 5750536325 дугаарын дансаар,

          - 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “би Улаанбаатар хотод осолд ороод эмчилгээний мөнгө яаралтай хэрэгтэй байна” гэж Б.Болдбаатараас 50.000 төгрөгийг Хаан банкны 5750536325 дугаарын дансаар,

          - 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “жолооны үнэмлэх гарсан үлдэгдэл мөнгөө шилжүүл” гэж Б.Болдбаатартай ярьж, түүнээс 350.000 төгрөгийг Хаан банкны 5750536325 дугаарын дансаар,

          -  2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр С.Болд руу утсаар залгаж “би хуралд орох гээд байна, яг одоо мөнгөө шилжүүлчих” гэж С.Болдоос 300.000 төгрөгийг Хаан банкны 5750536325 дугаарын дансаар

           - 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “жолооны үнэмлэх гарсан үлдэгдэл мөнгөө шилжүүл” гэж Б.Болдбаатартай ярьж, улмаар Б.Болдбаатар, С.Болдод хэлсний улмаас С.Болд нь Б.Болдбаатарт 5114201272 дансаар 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Болдбаатар нь С.Болдын шилжүүлсэн 200.000 төгрөг дээр өөрийн 150.000 төгрөгийг нэмж 350.000 төгрөгийг яллагдагч Н.Нямдолгорын Хаан банкны 5750536325 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч бусдын нийт 1.000.000 төгрөгийг залилан мэхэлж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүгдэгч Н.Нямдолгорын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хэлэлцүүлэгт өгсөн: “…Хохирогч Б.Болдбаатарын төрсөн ах Цогоо гэх ахтай Улаанбаатар хотод, Ботаникийн цэцэрлэгийн дэргэд уулзахад “манай дүү тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, түүнийг сэргээх боломж байна уу, таньдаг хүн байна уу? гэхээр нь би “Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд таньдаг хүн байгаа” гээд Цогоо ахын дэргэд Лицензийн төвийн дарга Эрдэнэцацрал гэх хүн рүү “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн байна, түүнийг сэргээх боломж байна уу” гэхэд “боломж байгаа, иргэний үнэмлэхний хуулбар, өөрийнх нь гараар бичсэн өргөдөл, мөн 500.000 орчим төгрөг орох байх, эдгээрийг аваад ир, шалгаад үзье” гэсэн. Тэр өдрөө Цогоо ахаас Болдбаатарын Ганзориг гэх хүний иргэний үнэмлэхний хуулбар болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг маань сэргээж өгнө үү гэсэн утгатай өргөдөл зэргийг аваад Эрдэнэцацрал даргатай очиж уулзахад Ганбаа гэх хүнийг өрөөндөө дуудаж оруулж ирээд “энэ Ганзориг гэх хүний эрхийг сэргээх боломж байна уу” гэхэд Ганбаа нь “сангаас холбогдох судалгааг үзье” гэхэд Эрдэнэцацрал дарга “за, та хоёр уулз” гэсэн. Ганбаатай уулзахад “жолооны үнэмлэхний бэлдэц байхгүй байгаа, 1 сар орчим хүлээх байх шүү, та урьдчилгаа 350.000 төгрөг өгчих, үнэмлэх гарсны дараа үлдэгдэл 150.000 төгрөгөө өгч болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Болдбаатар ах руу утсаар залгаж “нөгөө хүнтэйгээ уулзсан, урьдчилгаа 350.000 төгрөг өгчих гэнэ” гэхэд “сар хүлээх хамаагүй, үнэмлэх гарч байвал болно, дансны дугаараа өгчих” гэхээр нь би дансны дугаараа хэлээд маргааш нь Болдбаатар ах миний данс руу 350.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Болдбаатар ах “манай нэг Болд гэж дүү байгаа юм, тэр эрхээ хасуулсан, түүний эрхийг сэргээх боломж бий юу?” гэхээр нь “би Багануур явах гэж байна, одоо лицензийн төвөөр ороод хүмүүстэй уулзъя” гэсэн. Багануурт ирээд Болдтой утсаар яриад уулзаж, 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, өргөдлийг нь бичүүлж аваад урьдчилгаа 350.000 төгрөг хэрэгтэй байна гэхэд маргааш нь Болд миний Хаан банкны 5750536325 дугаарын дансанд 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Болдбаатар ахтай утсаар яриад “үлдэгдэл мөнгөө өгвөл ойрын хугацаанд үнэмлэх нь гарах юм байна” гэж ярьсан. Тэгэхэд Болдбаатар ах “ах нь маргааш хот руу орно, үлдсэн мөнгөө зохицуулаад өгье” гэж хэлсэн. Маргааш нь Болдбаатар ах миний данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн. ...Миний бие 2005 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяа Холбооны тасагт холбооны инженерээр 4 жил ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. ...Би ажлаас гарахдаа муу хугацаа дууссан хувцсаа хураалгаагүй. Надад хар өнгийн футболк, өдөр тутмын өмд цамц байсан. Ажлаас гарсан тохиолдолд дүрэмт хувцас өмсөж болохгүйг мэднэ... Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Утсаар ярьж мөнгө авсан нь үнэн, хэргээ хүлээж байгаа хохиролоо бүрэн барагдуулсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-80 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Б.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…та жолооны эрх сэргээж байгаа юм уу” гэж асуухад “би Цагдаагийн ерөнхий газарт ажилладаг, намайг Нямдолгор гэдэг” гэхээр нь “300.000 төгрөгөөр сэргээх үү” гэж асуухад “500.000 төгрөгөөр эрх сэргээнэ” гэсэн. Би фэйсбүүкээр Нямдолгор гэж хайхад цагдаа хувцастай, ахмад цолтой Нэмэхбаатар Нямдолгор гэдэг хаягтай хүүхэн байсан. Тэр хүүхний аав Нэмэхбаатар нь миний танил, Төв аймгийн Баяндэлгэр сумын хүн. Би тэр хүүхэнд итгэсэн. Нямдолгор цагдаа хувцастай очиж манай хүүхдээс эрх сэргээж өгөөч гэсэн өргөдөл, анкетыг нь бичүүлж аваад над руу залгаж “танай хүүхдийн эрхийг сэргээхээр шивсэн байгаа, одоо урьдчилгаа 300.000 төгрөг өг” гээд Хаан банкны 5750536325 дугаарын данс өгсөн. Би мобайл банкаар 300.000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нямдолгор залгаж “100.000 төгрөг өгөөч, би Улаанбаатар хотод осолд ороод эмчилгээний мөнгө яаралтай хэрэгтэй байна” гэхээр нь байгаа 50.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Нямдолгор надад 94954343 гэдэг дугаар өгөхөөр  нь би найз Болдод уг дугаарыг өгсөн. Болд тэр хоёр ярьж байгаад Багануурт уулзсан байсан. Болд Нямдолгорын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн гэж байсан. Би Нямдолгортой уулзах гэхээр “ажилтай явж байна, завгүй байна, та мөнгөө дансаар шилжүүлчих, үнэмлэх чинь гарсан” гээд байхаар нь Болдын 200.000 төгрөгийг өөрийн 150.000 төгрөгтэй нийлүүлээд нийт 350.000 төгрөгийг Нямдолгорын данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш өдөр болгон үнэмлэхээ авах гээд ярих болгонд завгүй байна, удахгүй өгнө, гадуур явна, энд байна, тэнд байна гээд уулзахгүй байсан. Сүүлдээ хэвлэгдээгүй байна, хүлээж бай гээд янз бүрийн юм яриад үнэмлэх өгөхгүй зугтаад байсан. Би Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан НЧ86091229 дугаартай Нэмэхбаатарын Нямдолгор гэсэн зурагтай лавлагааг харлаа, миний өмнө Нямдолгор гэсэн фэйсбүүк хаягнаас харсан зурагтай ижил царайтай хүүхэн байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

            Хохирогч С.Болдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Нямдолгор нь 30 гаруй насны, Police гэсэн бичигтэй хар өнгийн фудболктой байсан. Надаас хэзээ эрхээ хасуулсан талаар асууж, өргөдөл бичиж өг гэж хэлсэн. Цаасан дээр Нямдолгорын хэлсний дагуу Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд миний эрхийг сэргээж өгнө үү гэсэн утгатай өргөдөл бичиж өгөөд, хоёр хувь цээж зураг өгсөн. Нямдолгор урьдчилгаа 300.000 төгрөг өг гэхээр нь бэлэн мөнгө алга гэж хэлэхэд Нямдолгор маргааш дансаар шилжүүлчих гээд Хаан банкны 5750536325 данс өгсөн. Маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нямдолгор утсаар залгаж “би хуралд орох гээд байна, яг одоо мөнгөө шилжүүлчих” гэж хэлэхээр нь би түүний дансанд 300.000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 03 дугаар сарын 21-нд Болдбаатар над руу залгаж “жолооны үнэмлэх гарсан, Нямдолгор үлдсэн мөнгөө өг гэж байна” гэдгийг хэлсэн. Би Нямдолгорын данс байхгүй, би таны дансанд хийе гээд Болдбаатар ахын 5114201272 дансаар 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Сүүлдээ Нямдолгор утсаа авахгүй, холбогдох боломжгүй гэсэн хариу өгөөд байсан. Болдбаатар “фэйсбүүк хаягаар нь орж үз дээ” гэж хэлэхээр нь Нэмэхбаатар Нямдолгор гэсэн хаягаар орж үзэхэд цагдаа хувцастай, цагдаагийн ахмад цолтой зураг байхаар нь цагдаад ажилладаг юм байна гэж бодсон. Би Цагдаагийн ерөнхий газраар очиж “Нямдолгор хаана суудаг вэ” гэж асуухад “тийм хүн ажилладаггүй” гэж хэлсэн. Болдбаатартай хайж Төв аймгийн Баяндэлгэр суманд амьдардаг гэхээр нь гэрт нь очсон. Нямдолгорыг асуухад ээж нь хаана, ямар ажил хийдэг эсэхийг мэдэхгүй байсан. Би дансаар 500.000 төгрөг өгсөн. Нямдолгор 5 сарын эхээр над руу залгаж “таны мөнгийг өгье, дансны дугаараа өгчих” гээд 500.000 төгрөгийг дансанд хийсэн байсан. Алдсан мөнгөө бүрэн авсан учир гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

             Гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би автомашин жолоодох эрхээ 2015 оны 08 сард 1 жилийн хугацаатай хасуулсан. 2016 оны 02 сарын дундуур аав Болдбаатар утсаар залгаж, “Нямдолгор гэдэг хүнтэй очиж уулз, жолооны эрх сэргээх хүн” гэж хэлээд 94980460 дугаар өгөхөөр нь залгаж ярихад Ботаник дээр хүрээд ир гэж хэлсэн. Гуч орчим насны хүүхэн ирээд миний иргэний үнэмлэхний хуулбарыг аваад, өргөдөл бич гээд цагдаагийн ерөнхий газарт жолооны эрх сэргээж өгнө үү гэсэн утгатай зүйл бичүүлж аваад сарын дараа үнэмлэх чинь гарна гэж хэлсэн. Аав тэр хүүхэнд итгээд урьдчилгаа 300.000 төгрөг өгсөн байсан. Үнэмлэх гарсан үлдсэн мөнгөө өг гэж байгаад 200.000 төгрөгийг авсан байсан. Нямдолгороос үнэмлэхээ авъя гэхээр “завгүй, энд тэнд ажилтай явна” гээд сүүлдээ утсаа авахгүй байсан. Нямдолгор надтай анх уулзахад дотуураа цагаан цамц давхарлаад хар хөх өнгийн урт цув өмссөн байсан, би тухайн үед Нямдолгорыг дотуураа цагдаа хувцастай байна гэж харсан. Нэмэхбаатарын Нямдолгорын иргэний үнэмлэхний зурагтай лавлагааг харлаа энэ хүүхэн мөн байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,

             Гэрч Д.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нямдолгорыг Төв аймгийн Баяндэлгэр сумын холбооны газар 2005, 2006 онд ажиллаж байхад нь таньдаг байсан. 2016 оны 03 сард би 37 дугаар байр, гэрээсээ гарч ирэхэд Нямдолгор хар өнгийн “Сонота-6” маркийн машинд нэг залуутай сууж байсан. Зүс таних Болд ирээд Нямдолгортой уулзсан, хоорондоо юу ярьсан талаар мэдэхгүй. Нямдолгорыг цагдаагийн байгууллагад ажиллаж байсан талаар мэдэхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66  дугаар хуудас/,

            Гэрч Н.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би лицензийн төвд 2014 оны 03 сараас эхлэн ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Нямдолгор гэдэг эмэгтэйг огт танихгүй. Энэ эмэгтэйтэй уулзаж байгаагүй. Миний нэрийг барьж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж яваа юм байна. Надад Нямдолгор гэх эмэгтэй 500.000 төгрөг өгсөн үйлдэл байхгүй, надад үзүүлж байгаа хүний зургийг урд өмнө харж байгаагүй. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрх сэргээлгэх хугацаа болоогүй тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх боломжгүй, зөвхөн шүүгчийн захирамж, прокурорын тогтоолоор эрх сэргээдэг…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

            Гэрч Г.Эрдэнэцацралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Нямдолгор гэх эмэгтэйг танихгүй, тийм нэртэй хүн мэдэхгүй. Миний гар утас дээр 94954343 гэх дугаар нь Сарнай мэдээлэл шуурхай удирдлагын төв гэж хадгалагдсан байна. Энэ хүнтэй би 3-4 жилийн өмнө танилцсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/, 

Б.Болдбаатар 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Н.Нямдолгорын 5750536325 дугаарын дансанд мобайл банкаар 300.000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 350.000 төгрөгийг, 2016 оны 03 сарын 02-ны өдөр 50.000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримтууд  /хх-ийн 20, 17 дугаар хуудас/,

С.Болд нь 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Н.Нямдолгорын 5750536325 дугаарын дансанд 300.000 төгрөг,  2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн найз Б.Болдбаатарын 5114201272 дугаарын дансанд 200.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тухай баримт  /хх-ийн  25 дугаар хуудас/

Н.Нямдолгорыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг “...Н.Нямдолгорыг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Н.Нямдолгор нь өөрийгөө Цагдаагийн байгууллагад ажилладаг, жолооны эрх хасуулсан хүний эрхийг сэргээж, жолоочийн үнэмлэх гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс, 03 дугаар сарын 21-ний өдрийн хооронд буюу 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Болдбаатараас урьдчилгаа мөнгө гэж 300.000 төгрөгийг Хаан банкны 5750536325 дугаарын дансаар,

          - 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би Улаанбаатар хотод осолд ороод эмчилгээний мөнгө яаралтай хэрэгтэй байна гэж Б.Болдбаатараас 50.000 төгрөгийг Хаан банкны 5750536325 дугаарын дансаар,

          - 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр жолооны үнэмлэх гарсан үлдэгдэл мөнгөө шилжүүл гэж Б.Болдбаатартай ярьж, түүнээс 350.000 төгрөгийг Хаан банкны 5750536325 дугаарын дансаар,

          -  2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр С.Болд руу утсаар залгаж би хуралд орох гээд байна, яг одоо мөнгөө шилжүүлчих гэж С.Болдоос 300.000 төгрөгийг Хаан банкны 5750536325 дугаарын дансаар

-2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр жолооны үнэмлэх гарсан үлдэгдэл мөнгөө шилжүүл гэж Б.Болдбаатартай ярьж, улмаар Б.Болдбаатар, С.Болдод хэлсний улмаас С.Болд нь Б.Болдбаатарт 5114201272 дансаар 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Болдбаатар нь С.Болдын шилжүүлсэн 200.000 төгрөг дээр өөрийн 150.000 төгрөгийг нэмж 350.000 төгрөгийг яллагдагч Н.Нямдолгорын Хаан банкны 5750536325 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч бусдын нийт 1.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.  

Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр давхар батлагдсан, бусад бичгийн нотлох баримтууд нь хуульд нийцсэн байна.

Дээрх баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай төдийгүй гэмт үйлдлийг хангалттай нотолжээ. Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон,  хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзнэ.

Н.Нямдолгор нь хохирогч нараас “…Цагдаагийн байгууллагад ажилладаг, жолооны эрх хасуулсан хүний эрхийг сэргээж, жолоочийн үнэмлэх гаргаж өгнө…” гэж хэлж, хохирогч нарыг хуурч мэхлэн, бэлэн мөнгийг нь өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээр тухайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдоно. 

Шүүгдэгч Н.Нямдолгор нь залилан мэхлэх үйлдэлдээ шунахайн сэдэлттэй шууд санаатай хандсан болох нь шүүгдэгчийн “…хэргээ хүлээж байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч нарт учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар бага бус хэмжээтэй байна.

Иймд Н.Нямдолгорыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй болно.

Хохирогч Б.Болдбаатарт 500.000 төгрөгийн, С.Болдод 500.000 төгрөгийн хохирол тус тус учирснаас хохирол төлбөр бүрэн төлөгдсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн “хохирлоо бүрэн төлсөн” гэсэн мэдүүлэг болон Б.Болдбаатарын “Н.Нямдолгороос 500.000 төгрөгийг авсан, гомдол санал байхгүй, гэсэн, С.Болдын “Н.Нямдолгороос 500.000 төгрөгийг төлж барагдуулсан тул миний зүгээс гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлгүүдээр батлагдаж байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч Н.Нямдолгор нь учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад заасан ял хөнгөрүүлэх нөхцөл болж байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг болон дээр дурдсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөвдүүд овгийн Нэмэхбаатарын Нямдолгорыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Хөвдүүд овгийн Нэмэхбаатарын Нямдолгорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хоёр /2/ жил нэг /1/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нямдолгорт оногдуулсан хоёр /2/ жил нэг /1/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Нямдолгор нь хохирогч Б.Болдбаатарт 500.000 төгрөг, С.Болдод 500.000 төгрөгийн хохирол тус тус бүрэн төлснийг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Н.Нямдолгорт оногдуулсан хоёр /2/ жил нэг /1/ сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  6. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Нямдолгорт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй..
  9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Нямдолгорт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           А.БЯМБАЖАВ