Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 402

 

Д.Хд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Хаш-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1806039320135 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

.............., 1999 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Гуулин суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмэг эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхоны 5-28 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 803 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

Д.Х нь 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Газарчин” дээд сургуулийн орчим иргэн М.Мөнхдалайн “Рэдүм нөүт” маркийн гар утсыг “утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж худал хэлж авч, 416.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: ................н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “.........................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Доржийн Хаш-Эрдэнийг 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Хд 7 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Доржийн Хаш-Эрдэнээс 416.000 төгрөгийг гаргуулан хохирогч Мөнхөөгийн Мөнхдалай /РД:АЯ95032730/-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Хд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.     

Шүүгдэгч Д.Х давж заалдах гомдолдоо: “Миний бие хохирол төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд ээжийгээ асран хамгаалдаг. Иймээс хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэжээ.

Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Х нь 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Газарчин” дээд сургуулийн орчим иргэн М.Мөнхдалайн “Рэдүм нөүт” маркийн гар утсыг “утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж худал хэлж авч, бусдад 416.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 7 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Д.Х нь 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Газарчин” дээд сургуулийн орчим иргэн М.Мөнхдалайн “Рэдүм нөүт” маркийн гар утсыг “утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж худал хэлж авч, 416.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Мөнхдалайгийн “...2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн орчим “Их Засаг” Олон улсын их сургуулийн ойролцоо автомашиндаа явж байтал зүс таних Д.Х гэдэг хүн замын хажууд зогсож байхаар нь машиндаа суулгаж гэрт нь хүргэж өгөхөөр болж, “Газарчин” дээд сургуулийн чигт явсан. “Газарчин” дээд сургуулийн үүдэнд ирээд надаас миний гар утсыг гуйж, нэг яриулчих гэхээр нь өгсөн. Д.Х гар утсыг авч буугаад, бие засангаа хүнтэй яриад 15 минут орчмын дараа буцаж орж ирсэн. Би гар утсаа буцаагаад авах гэтэл бие засаж байгаад хаячихсан байна гэсэн. Бид хоёр бууж, түүний бие зассан гэх “Газарчин” дээд сургуулийн урд байрлах хогийн пункерийн хэсэгт хайсан, олдоогүй. Би яагаад 15 минут болсон талаар асуутал ээж доороос ирээд би гэртээ оруулж өгчихөөд гарч ирлээ гэсэн. Миний гар утсыг ойрын хугацаанд төлж өгнө гэдгээ хэлээд бид хоёр салсан ба түүнээс хойш залгахад утас нь холбогдохгүй болчихсон. Би Д.Хаш-Эрдэнийн гэрт удаа дараа очиход гэртээ байдаггүй. ...” /хх 12-14/,

яллагдагчаар өгсөн Д.Хаш-Эрдэнийн: “...Би 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр найз Мөнхдалайгийн гар утсыг алга болгочихсон гэж худал хэлээд дэлгүүрт тавьчихсан юм. Одоо тэр дэлгүүрийнх нь хүн байхгүй болохоор утсыг нь буцааж авч чадахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /хх 37/ гэх мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 19-20/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Хаш-Эрдэнийг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Хаш-Эрдэний хохирогч М.Мөнхдалайг залилж, 416.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Хаш-Эрдэнийн “...Миний бие хохирол төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд ээжийгээ асран хамгаалдаг. Иймээс хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Д.Х нь 2017 онд иргэн Д.Батмөнхийн нөүтбүүк дээр юм суулгаж өгнө гэж хуурч авч, түүнийгээ ломбарданд тавьж мөнгө авсан гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан байх ба одоогийн үйлдсэн гэмт хэрэг нь ижил төрлийн хэрэг байхын зэрэгцээ гэмт хэргийг үйлдсэн арга нь мөн адил байгаагаас үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, хүмүүжсэн гэж үзэхээргүй байх тул Д.Хаш-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 7 сар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Хаш-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Х нь хохирогч М.Мөнхдалайгийн хохиролд 416.000 төгрөг төлснийг дурьдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ