Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0292

 

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч Б.Б

Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

 

Хэргийн индекс: 125/2023/0042/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 7 дугар зүйлийн  7.1, 45 дугаар зүйлийн 45.1, 45.1.2   дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Бын  урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажилд эгүүлэн тогтоон” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын өмгөөлөгч Г.Х дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01/1588 дугаар албан бичгээр хариу хүргүүлэх үед нэхэмжлэгч шүүхэд хандах хугацааг алдсан байгааг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

... Хэрвээ нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хандсаныг Төрийн албаны зөвлөл нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэж хүлээн авсан бол гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор буюу 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөл нь ямар нэгэн хариу албан бичиг өгч, түүний өргөдлийг шийдвэрлээгүй бол нэхэмжлэгч Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дотор хандахаар байжээ. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хандсан.

Учир нь ТАЗ нь нэхэмжлэгчид хариу өгөх үүрэгтэй байсан 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 30 хоногийн дотор хариу өгөх үүргээ биелүүлээгүй тул хариу өгөх эцсийн өдөр болох 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дотор шүүхэд хандахаар хуульд заасан байхад нэхэмжлэгч хандаагүй байна. Тиймээс нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 34 хоногоор хугацаа хэтрүүлж, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01/1588 дугаар албан бичигт... “Б.Бт холбогдуулан хуурамч боловсролын үнэмлэхтэй байж болзошгүй гэх гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх тул эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл гомдлыг шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариуг өгснөөр шүүхэд ханджээ" гэж шүүхийн дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д ”энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол 54.3-т заасны дагуу шүүгч гомдол хүлээн авахаас татгалзана” гэж заасныг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

2.2. Шүүхийн хийсэн утга агуулгын алдаатай дүгнэлтийн талаар:

... Шүүхийн дээрх дүгнэлтээр нэг бол Хүнс, хөдөө, аж ахуйн газрын даргын албан тушаал Төрийн албаны тухай хуульд заасан “бууруулах албан тушаалтан”-д хамаарч байна, “аймгийн Засаг дарга “төсвийн шууд захирагчийн ажлыг нь дүгнэх эрхтэй" гэж дүгнэх атлаа нэг бол хариуцагчийг “Төсвийн шууд захирагчийг албан тушаал бууруулах эрхгүй” мэтээр утга агуулгын алдаатай дүгнэлт хийж шийдвэрээ гаргажээ. Мөн шүүхийн дээрх... ...төсвийн шууд захирагчийг албан тушаал бууруулах үндэслэлгүй... гэх дүгнэлтээр бол хариуцагч Аймгийн Засаг дарга нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалыг огт “албан тушаал бууруулах эрхгүй” гэж дүгнэх атлаа мөн энэ дүгнэлтээ үгүйсгэж шийдвэрийнхээ  ...17, 18 дахь заалтад         “аймгийн Засаг даргаас энэ журамд нийцүүлэн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэх хяналт, шинжилгээ үнэлгээний тусгайлсан “журам батлаагүй" байна. Иймд “нэхэмжлэгчийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг ямар аргачлалаар хэрхэн үнэлсэн, үнэлгээний хувийг өгөхдөө ямар нотлох баримт, мэдээлэлд үндэслэсэн болох нь тогтоогдохгүй байна" гэж дүгнэжээ. Шүүхийн энэ дүгнэлтээр ... хэрвээ хариуцагч Аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэх аргачлал буюу журам” баталсан бол ажлын гүйцэтгэлийн дүгнэх эрхтэй гэж дүгнэх атлаа, энэ дүгнэлтээ үгүйсгэж, эсхүл журам батлаагүй тул ажлын гүйцэтгэлийг дүгнэх эрхгүй“ гээд байгаа ч юм шиг, эсхүл нэхэмжлэгч буюу төсвийн шууд захирагчийг албан тушаал бууруулах эрх аймгийн Засаг даргад хуулиар огт олгогдоогүй” гэсэн шүүхийн дүгнэлтүүдээс чухам аль үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлд хамаарч байгаа нь ойлгомжгүй, утга агуулгын алдаатай дүгнэлт хийж шийдвэрээ гаргажээ.

2.3. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-д заасан захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ xэрэгжүүлээгүй тухайд:

Шүүх шийдвэрийнхээ 17,18 дахь хэсэгт “... Хариуцагч байгууллага журам батлаагүй, мөн ямар аргачлалаар гүйцэтгэлийн үнэлгээг хийсэн нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ...” гэжээ. МУ-ын Засгийн газрын 2020 онд “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг 206 дугаар тогтоолоороо шинэчлэн баталсан. Дээрх тогтоолын 2 дугаар заалтаар “Энэ журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон “аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай" гэж үүрэг болгосны дагуу Ховд аймгийн Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Аргачлал шинэчлэн батлах тухай" А/808 тоот захирамжаар “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал"-ыг 1 дүгээр хавсралтаар баталсан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийнхээ 17, 18, 24 дэх хэсэгт хамаарах “28 хуудас бүхий журмыг хариуцагч Аймгийн Засаг дарга байгууллага тус бүрээр тухайн байгууллагын ажлын онцлогт тохируулан 12 аргачлал бүхий журам батлан гаргаж, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, албан байгууллагууд”-ын нэг болох Хүнс, Хөдөө аж ахуйн газрын уйл ажиллагааны үр дүнг энэхүү журамд заасан үнэлэх аргачлалын дагуу үнэлгээг хийсэн байхад “үг журмыг батлаагүй” гэж худал дүгнэлт хийж, уг дүгнэлтээ үндэслэж шийдвэрээ гаргажээ. Тиймээс шүүх хариуцагчийг ЗГ-ын тогтоолын дагуу журам батлаагүй атлаа, ямар аргачлалаар нэхэмжлэгчийн удирдаж байсан байгууллагын үйл ажиллагааг дүгнэсэн нь тодорхойгүй гэж буруутгасан нь ойлгомжгүй, нөгөө талаас шүүх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй атлаа энэхүү журмыг батлан гаргаагүй болохыг нотолсон мэтээр дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй байна.

2.4. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар:

... Дээрх ЗГ-ын баталсан 216, 217, 206 дугаар журмууд нь нэхэмжлэгчийн даргаар нь ажиллаж байсан Хүнс, хөдөө аж ахуйн газар болох байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхтэй холбоотой журмууд байна. Нэхэмжлэгчийн аймгийн Засаг даргатай байгууллагын даргын хувьд албан тушаалын тодорхойлолтын хүрээнд байгуулсан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн байгууллагын даргын буюу жинхэнэ албан хаагчийн хувьд гүйцэтгэлийн төлөвлөгөө болдог. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуйн газар болох байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт нь нэхэмжлэгч Б.Бын ажлын гүйцэтгэлийн шууд үр дүн байдаг бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “Төсвийн байгууллагын төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ” гэж зааснаас харахад байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг байгууллагын даргын үйл ажиллагаанаас тусад нь салангид авч үзэх ямар ч боломжгүй бөгөөд байгууллагын гүйцэтгэлийн тайлангийн хэрэгжилтэд тухайн байгууллага өөрөө биш харин харьяа дээд шатны байгууллага, албан тушаалтан үнэлж, дүгнэж, үр дүнг үндэслэн байгууллагын удирдлагад хариуцлага тооцохоор Төрийн албаны тухай хууль болон дээрх журмын холбогдох заалтаар зохицуулсан байна.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ. 10, 11 дэх хэсэгт....”Хүнс хөдөө аж ахуйн газрын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланд заалт тус бүрээр оноог тавьж хэрэгжилт 99.5 хувь гэж хэрэгжилтийг нэгтгэсэн хүний нөөц, тайлан мэдээ, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Д.Түмэнзаяа, хянасан дарга Б.Б гэж гарын үсэг зурсан байна” гэж дүгнэснээс харахад .....шүүх Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга байгууллагын зөвхөн тайлангаа Засаг даргад “хүргүүлэх” мэтээр, ЗД-ыг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэх эрхгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.5. Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн газар болох байгууллагынхаа 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй нь мөн түүнийг албан тушаал бууруулах үндэслэл болсон тухайд:

... Дээрх журмын зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 52 дугаар зүйлийн 52.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ" гэж тус тус заасантай уялдан тайлбарлагдахаар байх ба Төрийн жинхэнэ албан хаагч нь хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор жил бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах бөгөөд, ийнхүү батлуулсан төлөвлөгөөний гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үндэслэн чөлөөлөх эрх бүхий этгээд нь төрийн жинхэнэ албан хаагчийг урамшуулах, эсхүл хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Гэтэл нэхэмжлэгч 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажил албан тушаалаа хэвийн үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан атлаа байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулах хуулийн эцсийн хугацаа болох 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дотор аймгийн Засаг даргаар 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулаагүй юм.

2.6. Нэхэмжлэгчийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний 1.6. 1.5.5, 1.8.1, 1.9, 1.9.9 дэх заалтууд нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан байхад тусгагдаагүй мэтээр, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтууд нь гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдсан байхад шүүх үүнийг зориуд үнэлэхээс зайлсхийсэн.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан заалтууд нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй тохирсон, уялдсан байгааг үнэлээгүй төдийгүй, илтгэх хуудаст дурдагдсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний заалтууд нь “агуулгын хувьд” төлөвлөгөөний аль заалтад хамаарч байгааг шүүх хариуцагчаас шүүх хуралдааны үед тодруулах бүрэн боломжтой байхад зориуд үнэлэхээс зайлсхийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг.... үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хэрэгт авагдсан I нотлох баримтыг “агуулгын хувьд аль заалтад хамаарах нь тодорхойгүй” гэж хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс зайлсхийсэн. Учир нь үнэлгээг хийсэн албан тушаалтнууд хэрэгт гэрчээр оролцсон, хариуцагчийн төлөөлөгч нар мөн шүүх хуралд биечлэн оролцсон байхад шүүх хэрвээ ...”агуулгын хувьд аль заалтад хамаарах нь тодорхойгүй гэж дүгнэж байгаа бол”.... гэрч болон хариуцагчийн төлөөлөгч нараас хуульд заасан үүргийн хүрээнд тодруулах бүрэн боломжтой байсан байхад хэргийн оролцогч нараас асууж тодруулаагүй атлаа “аль заалтад орох талаар тодорхойгүй байна” гэж нотлох баримтыг зориуд үнэлэхээс зайлсхийсэн.

Мөн нөгөө талаас нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтууд нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдсан, тохирч байхад энэ талаар шүүх огт дүгнэлт хийхгүй байгаад мөн гомдолтой.

... Зүй нь Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ ур дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж. жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж заасан байгаагаас ажлын байрны тодорхойлолт нь гүйцэтгэлийн төлөвлөгөөний салшгүй хэсэг байхаар хуульд заасан байгааг анхаарч үзээгүй.

2.7. Шүүх шийдвэрийн 19, 20 дахь дүгнэлтэд ... ”6 дугаарт буюу шар түвшинд ажлаа сайжруулах шаардлагатай” гэж дүгнэгдсэн байгаагаас Хүнс, хөдөө, аж ахуйн газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан гэх шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүх шийдвэрийнхээ 19 дугаартай дүгнэлтэд ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн. төлөөлөгч Ч.Эын тайлбарласнаар 2022 оны үйл ажиллагааны дүнгээр аймгийн төсөвт байгууллагуудыг 3 түвшинд хувааж үзсэн. Үүнд: нэгдүгээрт: ногоон түвшин буюу ажил хангалттай, хоёрдугаарт: шар түвшин буюу ажлаа сайжруулах шаардлагатай, гуравдугаарт: улаан түвшин буюу ажил хангалтгүй гэжээ. Нийт 26 байгууллага дүгнэгдсэнээс 1-ээс 4 дүгээрт эрэмбэлэгдсэн байгууллага ногоон түвшинд, 5-аас 20 дугаарт эрэмбэлэгдсэн нь шар түвшинд, 21-ээс 26 дугаарт эрэмбэлэгдсэнийг улаан түвшинд хамааруулсан бол “Хүнс, хөдөө аж ахуйн газар нь 6 дугаарт буюу шар түвшинд ажлаа сайжруулах” шаардлагатай гэж дүгнэгдсэн байна” гэжээ. Гэтэл Ховд аймгийн Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Аргачлал шинэчлэн батлах тухай” А/808 дугаар захирамжаар байгууллагын үйл ажиллагааг дүгнэх аргачлал, журмыг баталсан бөгөөд журмын 9.2-т “Тухайн жилдээ ажлын үзүүлэлтээр “сайжруулах эрчимжүүлэх шаардлагатай”, “үр дүнгүй” гэж үнэлэгдсэн хэлтэс, тасаг; агентлагийн дарга, сумын 3асаг даргад тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг. Эндээс нь нэхэмжлэгч 6 дугаарт буюу шар түвшинд ажлаа сайжруулах” гэж дүгнэгдсэн нь хариуцлага тооцох үндэслэлд хамаарч байгаа болно. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/808 тоот захирамжаар баталсан “Аргачлал шинэчлэн батлах тухай" журмын 9.2-т “Тухайн жилдээ ажлын үзүүлэлтээр “сайжруулах эрчимжүүлэх шаардлагатай", “үр дүнгүй” гэсэн хоёр үнэлгээ нь хоёулаа хангалтгүй үзүүлэлтэд хамаарах талаар энэхүү журамд тусгайлан заасан байдаг.

2.8. 3асгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоол. Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 442 дугаар тогтоолууд нь маргаан бүхий актыг гарах үед батлагдаж мөрдөгдөөгүй байсан талаар:

Шүүх шийдвэрийнхээ 22 дахь дүгнэлтэд ... Учир нь Засгийн газрын 2023 оны дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 6.5-д “Үнэлгээний баг албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн, үнэлгээний 85-100 оноог “Маш сайн”, 70-85 хүртэлх оноог “Хэвийн", 70 хүртэлх оноог “Хангалтгүй" үнэлгээний ангилалд хамруулан эрэмбэлнэ”гэж заасныг Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 442 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан байх тул нэхэмжлэгчийн байгууллагын “2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээнд хамаарахгүй буюу 64,6 хувийн үнэлгээг хангалтгүй үнэлгээний ангилалд хамруулах үндэслэлгүй” гэж дүгнэжээ. Гэтэл шүүх маргаан бүхий акт гарах үед мөрдөгдөж эхлээгүй байсан журмыг үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан байна.

2.9. Шүүх шийдвэрийн 31 дэх заалтад тусгасан “Төсвийн шууд захирагчийг албан тушаал бууруулах үндэслэлгүй” гэх дүгнэлтийн талаар:

... Төрийн албаны тухай хуулийн 45.1.2, 45.1.3 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрээ гаргажээ.

2.10. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснөөс хойш 3 сарын дараа буюу Хүнс, хөдөө, аж ахуйн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг тус газрын малын бэлчээр, тэжээл, усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэх шүүхийн дүгнэлтийн талаар:

Аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Б.Быг ажлын байраар хангах санал боловсруулж танилцуулахыг Засаг даргын орлогчид үүрэг болгосон байдаг. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр маргаан бүхий актаар “ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй” гэж маргаж, мэргэжил таарахгүй тул хариуцагчийн томилсон ажлын байранд очиж ажиллаагүй” гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч өөрийнх нь эрхийг нь зөрчсөн гэж шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1 сар гаруй өмнө хариуцагч өөр ажил албан тушаалд томилсон, мөн ТАЗ-ийн шийдвэр гарахаас өмнө албан тушаал буурч ажиллах Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/18 тоот тушаал гарсан бөгөөд уг шийдвэр нь нэхэмжлэгчийг шүүхэд хандахаас өмнө 1 сарын өмнө шууд хэрэгжих боломжтой тушаал байсан. Тиймээс маргаан бүхий актыг “эрх зүйн зөрчилтэй” гэж үзэх боломжгүйн дээр мөн уг тушаалтай нэхэмжлэгч маргаан үүсгээгүй болно. Өөрөөр хэлбэл өөр ажил албан тушаалд томилсон тушаал нь маргаан бүхий Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/5 тоот захирамжийн /3 дахь заалтад хамаарах/ бүрдэл хэсэгт хамаарна. Гэтэл нэхэмжлэгч энэ хэсэгтэй маргаан үүсгээгүй нь нэг талаас маргаан бүхий актын 3 дахь заалтыг нэхэмжлэгч зөвшөөрч байгаа хэлбэр юм.

2.11. Шүүх хариуцагчийг “хуулиар ажил албан тушаалаас бууруулах эрхгүй" тул “нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн” гэж үзэж, энэ дүгнэлтээ үндэслэж, Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг эрх зүйн зөрчилтэй тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүх хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар заалтыг хэрэглэх эрхгүй мэтээр буруу тайлбарлан хэрэглэж, энэхүү буруу дүгнэлтээ үндэслэж, хариуцагчийг “нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн” гэж үзсэн. Тиймээс шүүх Төрийн албаны тухай хуулийн 45.1.3 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзсэн шүүхийн шийдвэр нь хуульд заасан үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Тиймээс Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 125/ШШ2024/0017 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1. Нэхэмжлэгч Б.Баас “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргасан дээрх Б/05 дугаар тушаалаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2, 45.1.3-т заасныг тус тус үндэслэн 1 дэх заалтаар “Үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Бадарчийн Бямбажавыг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон албан тушаал бууруулж, үүрэгт ажлаас нь чөлөөлж” гэж, 3 дахь заалтаар “Б.Быг зохих ажлын байраар хангах санал боловсруулж танилцуулахыг Засаг даргын орлогчид үүрэг болгож” тус тус шийдвэрлэжээ.

3. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг “... нэхэмжлэгч Б.Бын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг ямар аргачлалаар хэрхэн үнэлсэн, үнэлгээний хувийг өгөхдөө ямар нотлох баримт, мэдээлэлд үндэслэсэн болох нь тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэн бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

3.1. Учир нь хэрэгт Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн  гэх 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн илтгэх хуудаст[1] “төлөвлөгөөнд тусгагдсан 4 зорилт чиг үүргийн хүрээнд нийт 69 арга хэмжээ төлөвлөгдсөнөөс бодлогын зорилтын хүрээнд 38 арга хэмжээ, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд арга хэмжээ 16, хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд арга хэмжээ 12, хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд 4 арга хэмжээ төлөвлөснөөс байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт 64.6 хувьтай дүгнэгдсэн байна” гэжээ.

3.2. Хариуцагч нь “нэхэмжлэгч Б.Быг дээрх гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хангалтгүй биелүүлсэн” гэж үнэлэхдээ ямар нотлох баримт, мэдээлэлд үндэслэсэн болох нь тодорхойгүй, үүнийгээ нотлох баримтаар тогтоогоогүй  нь 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн  2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн илтгэх хуудсыг хянан баталгаажуулсан гэрч Д.Бямбасүрэнгийн “... Бид нарын зүгээс шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин, хүрсэн түвшнээс уялдуулж тайлагнасан байна уу үгүй юу гэдгийг манайхаас харж байгаа. Тэрнээс биш нарийвчилж хийсэн ажлуудыг тухайн бодлогын хэлтэс болон бодлогын мэргэжилтэн нар үнэлэх ёстой...”[2], гэрч Б.Г “... Ажлын хэсэг илтгэх хуудсаар гарсан товч дүгнэлт ярихгүй шүү дээ. Миний хувьд тухайн үед сонссон зүйлээрээ уг шийдвэрт гарын үсэг зурсан гэдгээ хэлээд байна шүү дээ. ... Товч илтгэх хуудас дээр гарын үсэг зурсан...” [3] гэх мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримт зэргээр тогтоогдож байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

4. Уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “... шүүх утга агуулгын алдаатай дүгнэлт хийсэн, Төрийн албаны тухай хуулийн 45.1.2, 45.1.3 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрээ гаргасан...” гэх боловч маргаан бүхий акт гарах үндэслэл болсон “нэхэмжлэгчийг байгууллагын жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлангаар 69 төсөл арга хэмжээнээс 8 ажил гүйцэтгээгүй гэж илтгэх хуудаст заасан, тухайн 8 ажлын заримыг хийсэн боловч бүрэн гүйцэтгээгүй талаар (тухайлбал 7 худаг шинээр гаргаж, 7 худгийг засварласнаас өөр ажил хийгээгүй гэж) дурдсан, олон улсын байгууллага татан оролцуулах, бэлчээрийн ашиглалтыг сайжруулах зохистой харьцааг бий болгох, хортон шавьж устгах арга хэмжээ аваагүй, зээл олгох, өр төлбөрийг барагдуулах талаар санаачлагатай ажиллагаагүй гэх зэргээр ерөнхийлсөн байдлаар дүгнэсэн, харин нэхэмжлэгч нь зээлийн өр барагдуулахаар иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэр гаргуулсан, барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр тендер зарлаж гүйцэтгэгчээ шалгаруулсан гэх зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн боловч хариуцагч нь гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэхдээ тухайн баримтуудад үндэслээгүй, няцаах баримтыг ирүүлээгүй зэргээс үзвэл нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн шалтгаан буюу “үүрэгт ажлаа гүйцэтгэж чадаагүй” гэж үзэх хангалттай үндэслэл болохооргүй байх тул анхан шатны шүүхийг баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

5. Мөн гомдолд “...3асгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 442 дугаар тогтоолууд нь маргаан бүхий актыг гарах үед батлагдаж мөрдөгдөөгүй байсан. ... Гэтэл шүүх маргаан бүхий акт гарах үед мөрдөгдөж эхлээгүй байсан журмыг үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан...” гэх гомдол үндэслэлтэй байх боловч дээр дурдсанаар  маргаан бүхий акт хуульд нийцээгүй байх тул уг гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.

6. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч гомдолдоо “...нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д ”энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол 54.3-т заасны дагуу шүүгч гомдол хүлээн авахаас татгалзана” гэж заасныг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн...” гэх боловч нэхэмжлэгч маргаан бүхий захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гомдол гаргасны дагуу зөвлөлөөс 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01/1588 дугаар албан бичгээр “... Б.Бт холбогдуулан хуурамч боловсролын үнэмлэхтэй байж болзошгүй гэх гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх тул эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгснөөр 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хандсан байх тул энэхүү гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

7. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын өмгөөлөгч Г.Хгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

                    ШҮҮГЧ                                                     Ц.САЙХАНТУЯА

                  ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ

 

 

[1] 1 дүгээр хавтас, 22-23 дугаар хуудас

[2] 2 дугаар хавтас, 155 дугаар хуудас

[3] 2 дугаар хавтас, 164 дүгээр хуудас