Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0305

 

2021 оны сарын өдөр Дугаар 128/ШШ2021/0305 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ТХХК /

 Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, Б.Ч,

Гомдлын шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, Б.Ч нарын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 240010929 тоот актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, өмгөөлөгч М.Эн, хариуцагч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ТХХК шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс тус хуулийн этгээдийн татвар төлөлтийн үйл ажиллагаанд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн ба 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 240010929 дүгээр татварын улсын байцаагчийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актаар Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг (2008 оны хуулиар)-ийг үндэслэн нийт 106,505,250 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх төлбөрийн акт тогтоосон. Энэхүү актыг бид эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл болон Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж тус маргаан бүхий 240010929 дүгээр татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Ийнхүү Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шуудангаар илгээснийг мөн оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:

1. Тус хуулийн этгээд нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг Энэ хуулийн 4.1 -д заасны дагуу сайн дурын үндсэн дээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнасан, хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа /цаашид орлогоос бусад албан татвар ногдох зүйл гэх/-нд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй гэж заасны дагуу нийт 1,065,052,500 төгрөгийн худалдан авсан бараа орлогод ногдох төлбөл зохих 106.505,250 төгрөгийн татвараа шударгаар мэдүүлсэн болно. Иймд энэхүү үндэслэлээр актын тогтоох хэсэгт дурдсан ... нийт 1,065,052,500 төгрөгийн хий бичилттэй .... зөрчилд 106,505,250 төгрөгийн нөхөн татвар ногдуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Актад дурдсан НӨАТ-ын падаан хуурамч талаар манай компани огт мэдээгүй бөгөөд мэдэх ч боломжгүй өөрсдөө хуурч мэхлэгдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан хуурамч падаан өгсөн этгээдүүдийн мэдүүлгээс тодорхой харагдана. Гэтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр татварын улсын байцаагчийн акт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

Хэдийгээр татварын маргаан таслах зөвлөл гэмт хэргийн шинжтэй үйл баримтад дүгнэлт өгөх эрхгүй боловч тухайн үед ТХХК, түүний эрх бүхий албан тушаалтанд цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээхгүй бол өршөөлийн хуульд хамрагдахгүй гэж тайлбарлаж бид ч ингэж л ойлгож байсан. Гэтэл тэрбум тэрбумаар нь татвараас зайлсхийсэн этгээдүүд өршөөгдөөд бидний нэгэн адил жижиг аж ахуйн нэгжүүд хуулийн золиос, хохирогч болж үлдсэн нь шударга ёсонд нийцэхгүй билээ.

Эх үүсвэргүй орлого байх боломжгүй санхүүгийн үндсэн ойлголтын хүрээнд байгууллагын эрхэлж байсан үйл ажиллагаа, цар хүрээ зэрэг үйл баримтыг Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нар тодорхой мэднэ.

2. Мөн актын 03 дугаар хавсралтын 6 дахь хэсэгт 440 тоот тогтоолд ... мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ... аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтанд холбогдох татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэн ... үндэслэлээр... хэргийг хэрэгсэхгүй болгосон байна гэжээ. Гэгэл манай компанийн зүгээс хуурамч бичилт хийгээгүй худалдан авсан бараандаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлж авч байсан, энэ баримтыг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй учир татвараас зайлсхийсэн үйлдэл байхгүй болно.

З.Түүнчлэн Нийслэлийн Татварын газрын Магадлагч-татварын улсын байцаагч Г.Г Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 6 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу оролцогч талуудаас ирүүлсэн гомдол, тайлбар, татварын болон санхүүгийн тайлан, анхан шатны баримт, журналын бүртгэл зэрэг холбогдох материалд дүгнэлт хийж, хууль болон дээрх журмын 3 дугаар зүйлд заасныг үндэслэн магадалгаа гаргаж 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 240010929 дүгээр татварын улсын байцаагчийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нэмж мэдүүлсэн тайланд тусгасан үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгох буюу тус компанийн гомдол үндэслэлтэй болохыг нотолсон дүгнэлт гаргасныг энд дурдах нь зүйтэй.

Нөгөө талаас Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд манай гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд Магадлагч-татварын улсын байцаагчаар татварын улсын байцаагч Р.Г магадалгаа хийсэн боловч зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолд магадлагчийн дүгнэлт саналыг огт тусгаагүй тул түүний хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар хийх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гадаад, дотоод худалдаа, барилга засварын чиглэлээр үйл ажиллаа эрхэлдэг, 2 /Монгол Улсын иргэн Дийн , Дийн Б/ гишүүнтэй, 163,000,000.00 төгрөгийн дүрмийн сантай, 5******* тоот регистрийн дугаартай, улсын бүртгэлийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 90 тоот гэрчилгээтэй, ХААН банканд 51*******, 50 тоот төгрөгийн, Голомт банк ХХК-д 11 тоот валютын, Төрийн банк ХХК-д 341 тоот төгрөгийн харилцах данснуудтай, Захирал Д. /утас 9/, ТХХК-ний 2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын улсын байцаагч Ц.Э, А.Б нар шалгалт хийж 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн Татварын улсын байцаагчийн 24/0000212 тоот дүгнэлт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 440 тоот тогтоол, Хяналт шалгалтын тасгийн даргын (24/13)1283 тоот Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, Б.Ч бид санхүүгийн болон татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, татвар төлөгчийн ярилцлага зэрэг баримт материалд үндэслэн хэсэгчилсэн шалгалт хийсэн.

Шалгалтаар 2 тоот регистрийн дугаартай Ш ХХК-аас 727,272,800.00 төгрөг, 2******* тоот регистрийн дугаартай С******* ******* ХХК-аас 337,779,700.00 төгрөгийн нийт 1,065,052,600.00 төгрөгийн бараа ажил үйлчилгээ авсан мэтээр худалдан авалтын падаан хий бичүүлэн авч Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа" хэсэгт тусган албан татвар ногдуулах орлогыг бууруулж, албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөөгүй зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасан заалтыг зөрчсөн.

ТХХК-ийн 2012 оны албан татварыг ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2Б/2480 тоот албан бичгийг үндэслэн иж бүрэн хяналт шалгалтыг хийж 1,065,052,500.00 /нэг тэрбум жаран таван сая тавин хоёр мянга таван зуу/-н төгрөгийн зөрчил ирүүлж татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйл 33.2.6 дахь заалтыг баримтлан татварын улсын байцаагчийн 24000212 дугаар дүгнэлтийг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бичин Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүргүүлснийг 201526010224 дугаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. ТХХК нь 1,065,052,500.00 төгрөгийн хий бичилттэй падааныг ашиглан 106,505,250.00 төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулахад ТХХК нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй бөгөөд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208, 209 дүгээр зүйлийг удирдлага болгон...тоот хэргийг...хэрэгсэхгүй болгосугай... гэж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 440 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол-ыг гаргасан шийдвэрлэсэн.

Тус компани нь 2012 онд 2 тоот регистрийн дугаартай Ш" ХХК-ийн 11891428, 11891478, 11891457, 11894535 тоот падаанаар 334,779,691.00 төгрөгийн 2******* тоот регистрийн дугаартай С******* ******* ХХК-ний 11238130, 11238131, 11742098, 11742097 тоот падаанаар 727,272,728.00 төгрөгийн нийт 1,065,052,500.00 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудад тусгасан нь татварын цахим бүртгэлийн системийн хөндлөнгийн мэдээллийн сангаас нотлогдож байна.

Иймд Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд: ...35.3.Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй... гэж заасныг үндэслэн нийт 1,065,052,500.00 төгрөгийн зөрчилд 106,505,250.00 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр Шийтгэлийн хуудас бичсэн. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг үндэслэн нөхөн татвар төлүүлэхээр тогтсон бөгөөд татварын хүү торгууль алдангийг тооцоогүй болно.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. 2.1.1 нуун дарагдуулсан гэж хувь хүн хуулийн этгээдийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэвжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг /ТУБ-ийн дүгнэлт 2013 оны 11 сарын 28-ны өдөр зөрчлийг тогтоон үйлдсэн/ гэж заасны дагуу хяналт шалгалтаар ирүүлсэн зөрчлийг нэмж мэдүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзээд татварын улсын байцаагчийн 240010929 тоот актыг бичсэн.

Татварын улсын байцаагчийн 240010929 тоот Шийтгэлийн хуудаст ТХХК нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд тус тус гомдол гаргасан боловч улсын байцаагчийн бичсэн шийтгэлийн хуудсыг хянан үзээд хэвээр үлдээсэн гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу 1,065,052,500.00 төгрөгийн худалдан авалтад ногдох 106,505,250.00 төгрөгийн нөхөн татвараа шударгаар тайлагнасан. Иймд энэхүү үндэслэлээр актын тогтоох хэсэгт дурдсан 1,065,052,500.00 төгрөгийн хий бичилттэй зөрчилд 106,505,250.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн актад дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ТХХК нь огт мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Гэтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр Татварын улсын байцаагчийн акт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

Татварын Маргаан таслах зөвлөл нь гэмт хэргийн шинжтэй үйл баримтад дүгнэлт өгөх эрхгүй боловч тухайн үед ТХХК, түүний эрх бүхий албан тушаалтанд Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй гэж тайлбарлан, хүлээн зөвшөөрсөн.

Нийслэлийн Татварын газрын татварын магадлагч Г.Г Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7-д заасан эрх үүргийн дагуу татварын болон санхүүгийн тайлан, анхан шатны баримт зэрэгт дүгнэлт хийж хууль болон дээрх журмын 3 дугаар зүйлд заасан магадалгаа гаргаж 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 240010929 дугаар татварын улсын байцаагчийн татвар ногдуулсан төлөлтийг шалгасны дараа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд бүхэлд нь хүчингүй болгуулах буюу тус байгууллагын гомдол үндэслэлтэй болохыг нотолсон дүгнэлт гаргасан байсан гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч М.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар удирдамжаар хяналт шалгалт хийх ёстой байсан. Томилолтын хугацаа 2012 оны 12 дугаар сарын 31-ны өдөр дууссан. Томилолтгүй хяналт шалгалт хийсэн гэж үзэж байна.

Хуульд татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид утсаар мэдэгдэж тооцоо судалгаа бэлэн байлгах талаар урьдчилан мэдэгдэнэ гэж заасан. Энэ ажиллагаа огт явагдаагүй.

Татварын улсын байцаагч нар нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийг батлах замаар хийхийг хориглоно гэж заасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Магадлагч нь Маргаан таслах зөвлөлд санал оруулдаг. Магадлагч ямар учраас зөв гэсэн санал гаргаж байгааг мэдэхгүй,

Хяналт шалгалт хийх явцад татвар төлөгчийн оролцоог хангаж байсан. Татварын улсын байцаагчийн дүгнэлт болон акт бичихэд татвар төлөгчид мэдэгдсэний үндсэнд ярилцлага хийж, хяналт шалгалтын материалд хавсаргаж, гарсан зөрчлийг танилцуулаад, зөвшөөрсөн эсэх талаар гарын үсгийг авсан. Татварын үйл ажиллагааны хяналт шалгалт хийх журамд Татварын ерөнхий газрын даргын баталсан ерөнхий удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийж, шаардлагатай тохиолдолд Татварын ерөнхий газрын даргын шийдвэрээр тусгай удирдамжаар хяналт шалгалт хийдэг. Тусгай удирдамж гаргаагүй учир ерөнхий удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй,

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх тухай журмын 2.1.1-т нуун дарагдуулсан гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг ойлгоно гэж заасан. Маргаан үүсэж байгаа 1,065,052,500.00 төгрөгтэй холбоотой асуудал 2013 онд хяналт шалгалтад ороод Татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон. Эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж прокурорын тогтоолоор тогтоогдсон байгаа учир Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд орох боломжгүй гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь

ТХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, Б.Ч нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, Б.Ч нарын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 240010929 тоот татварын улсын байцаагчийн 106,505,250.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж, үнэлээд нэхэмжлэгч ТХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гадаад, дотоод худалдаа, барилга засварын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ТХХК-д 2012 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын улсын байцаагч О.Э, Б.Ч нар 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, Ш ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй 727,272,800.00 төгрөг, С******* ******* ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй 337,779,700.00 төгрөгийн нийт 1,065,052,600.00 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ авсан мэтээр худалдан авалтын падаан хий бичүүлэн авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдуулах орлогыг бууруулж, албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөөгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 240010929 тоот актаар 106,505,250 төгрөгийн нөхөн татвар, 00.00 төгрөгийн хүү, 00.00 төгрөгийн алданги, 00.00 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

2013 онд Татварын улсын байцаагч Ц.Э, А.Б нар 24/0000212 тоот дүгнэлт бичиж, Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 440 тоот тогтоолоор гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

ТХХК-ийн захирал Д. нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 240010929 тоот актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрыг дэргэдэх Маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд тус тус гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөлийн тогтоол нь Татварын улсын байцаагч нарын үйлдсэн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий захиргааны актаар Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.14, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагч нь Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх ёстой байсан. 2013 оны хяналт шалгалт хийх томилолтын хугацаа дууссан. 2012 оны 12 дугаар сарын 31-ны өдөр дууссан томилолтын хугацааг сунгаж хяналт, шалгалт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн 2.2.1-т Татварын улсын байцаагч зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө утсаар буюу тэмдэглэлд бичиж, татварын хяналт шалгалтад шаардагдах баримт материал, тооцоо судалгаа, данс бүртгэл, татвар төлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, нягтлан бодогч зэрэг хүмүүсийг бэлэн байлгах талаар урьдчилан мэдэгдэнэ гэж заасан. Энэ талаарх ажиллагаа огт хийгдээгүй.

Татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж буй үндэслэлээ Ш ХХК-аас 727,272,800.00 төгрөгийн, С******* ******* ХХК-аас 337,779,700.00 төгрөгийн, нийт 1,065,052,600.00 төгрөгийн худалдан борлуулалт хийж тайландаа үнэн зөвөөр тусгасан, НӨАТ-ын падаан хуурамч талаар манай байгууллага огт мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй, өөрсдөө хуурч мэхлэгдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан хуурамч падаан өгсөн этгээдүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба гүйцэт нотлох баримт цуглуулаагүй гэж,

Хариуцагчаас Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу Өршөөл үзүүлэх тухай хуулийг үндэслэн нөхөн татварын хүү, торгууль, алдангийг тооцоогүй байна, нэгэнт нотлогдсон баримтыг дахин нотлох шаардлагагүй. Прокурорын газраас гаргасан тогтоолд зөрчил гаргасан нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж тус тус маргажээ.

Эдийн засгийн ил тодорхой байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө гэж заасан.

Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолын хавсралт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжүүлэх журмын 2.1.1-т нуун дарагдуулсан гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг; ойлгоно гэж тус тус заасан байна.

ТХХК нь 2013 онд Татварын тайланг сайн дурын үндсэн дээр бус Татварын хяналт шалгалтаар татварын улсын байцаагчийн дүгнэлт гарч, Эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсний үндсэн дээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан үндэслэлд хамааран 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 440 тоот Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоор гэмт хэргийн үйлдэлд оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байх тул тус хуулийн заалтад хамраахгүй гэж шүүх дүгнэлээ.

Гомдол гаргагч нь ТХХК-ны зүгээс хуурамч бичилт хийгээгүй, худалдан авсан бараандаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлж авч байсан, энэ баримтыг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан учир татвараас зайлсхийсэн үйлдэл байхгүй болно гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх тул Татварын улсын байцаагч нараас татвар нөхөн төлүүлэх захиргааны акт гаргасан байна. Хэдийгээр Татварын хяналт шалгалтыг сунгаж 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн хооронд хийж, гомдол гаргагч зөрчлийг хүлээн зөвшөөрөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн мөн татварын улсын байцаагч захиргааны акт гаргаж байгааг мэдэж байсан тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулах шаардлагагүй юм.

Учир нь 2013 онд татварын хяналт шалгалт хийгдсэнийг гомдол гаргагч нь мэдэж байсан, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хийх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ТХХК-ийн захирал Д. нь мэдүүлэг өгөхдөө Татвараас зайлсхийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлж барагдуулах болно гэж хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн. Мөн эрүүгийн цагдаагийн газарт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тухай хүсэлтийг гаргасан байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах үүрэгтэй гэж заасны дагуу Ш ХХК-ийн санхүүгийн баримт устсан нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл мөн болохгүй юм.

Түүнчлэн Татварын ерөнхий хууль 18 дугаар зүйлийн 18.1.2-т татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх үүрэгтэй байдаг. ТХХК нь энэ үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр нотлогдож байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэж маргаж байгаа хэдий ч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид хяналт шалгалтын байгууллага гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна гэж заасны дагуу хяналт шалгалт хийсэн нь үндэслэлтэй байна.

Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.3.1-т хяналт шалгалтыг энэ журмын 4.2.7-д заасан ажлын төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх бөгөөд нэгжийн дарга шаардлагатай тохиолдолд ажлын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт хийх гэж заасан боловч 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Татварын улсын байцаагч нарын дүгнэлтээр Цагдаагийн байгууллагад шалгагдан гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үндсэн дээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан. Иймд 2013 оны татварын хяналт шалгалтын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй учир захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нарын дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор ТХХК-ийн зөрчил тогтоогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар дахин хяналт шалгалт явуулах шаардлагагүй гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, Б.Ч нарын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 240010929 тоот актыг хүчингүй болгуулж өгнө үү гэх нэхэмжлэгч ТХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өтгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ТХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, Б.Ч нарт холбогдох 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 240010929 тоот актаар ногдуулсан 106,065,052,500.00 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ