Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2568

 

        “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/02760 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Г” ХХК, Ж.М нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 110 555 668,6 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ж.М, түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ж.М, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани зээлдэгч Ж.М-ын охин Б.Г Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 76 дугаар байрны 71 тоот, түүний өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалан 23 300 ам.долларын зээлийг сард 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгосон. “Г” ХХК нь Ж.М-ын дүүгийн компани юм. Зээлийг “Г” ХХК тоосго үйлдвэрлэхэд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зарцуулсан, зээлийн хүүг төлдөг байсан. Гэрээний хугацаа дуусахад хугацаа сунгах хүсэлт гаргаж 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар сунгасан боловч төлөөгүй. Бусдаас авах авлагаа авч чадаагүй, хугацааг сунгаач гэхээр нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дахин сунгасан. 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн орчим Б.Г руу зээлээ төл гэж утсаар ярьсан. Гэтэл Ж.М ирж, зээлийг мэдэж байгаа, охин суралцахаар явна, түүний зээлийг би өөртөө шилжүүлж авья, охины орон сууцны барьцааг суллаж өгөөч, би дүү нартай тулж ажиллая, өөрийн хөрөнгөө барьцаалья гээд орон сууцныхаа гэрчилгээг бариад ирсэн байсан тул би зөвшөөрсөн.

Ингээд “Би”-тай 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 23 300 ам.долларын зээлийн ЗГ140701-01 тоот гэрээг 6 сарын хугацаатай, сард 4 хувийн хүүтэй, Ж.М-тай байгуулж, мөн БГ140701-01 тоот барьцааны гэрээ байгуулан, 11-223741 дугаартай барьцаалбар үйлдсэн. Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Ж.М Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар байрны 88 тоот өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд Ж.М бичиг баримтаа бүрдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж Ж.М-т шилжсэн боловч зээл төлөгдөөгүй. Зээлийн гэрээний хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1 жил, 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 удаа сунгаж, хугацаа дууссан. Зээлийн хүү төлөлт 2014 оны 12 дугаар сараас доголдож, зээлийн хүү хуримтлагдсан, нэмэгдүүлсэн хүү тооцогдож эхэлсэн. Хүү бууруулах хүсэлтийг би Ж.М-г дуудаж, зээлийн хүүг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 3 хувь болгон бууруулсан. Энэ хугацаанд манай зүгээс зээлдэгчтэй уулзаж, зээлээ төлөхийг сануулж, “Г” ХХК-ийн захирал Ж.А-тай холбогдон уулзаж, хамтран ажилласан боловч зээлийг төлөх боломжгүй болсон.

Гэрээний 2 тал 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хийсэн уулзалтаар эвлэрүүлэн зуучлалд хандах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандан, эвлэрлийн гэрээ байгуулан, 65 491 557 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд төлөхөөр баталгаажуулсан боловч зээлдэгч эвлэрлийн гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа дууссаны дараа эвлэрлийн гэрээний учир утгыг ойлгоогүй гэж шалтгаан зааж, эвлэрлийн гэрээг хүчингүй болгуулсан.

Зээлдэгч Ж.М 2015 оны 10 дугаар сараас хойш үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй, 2017 оны 5 дугаар сарын 01-ний байдлаар ЗГ140701-01 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 23 300 ам.доллар, зээлийн хүү 15 333,8 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 785,2 ам.доллар нийт 41 419 ам.доллар болсон бөгөөд Монгол банкны зарласан ханшаар 99 883 989,45 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 4 333,8 ам.доллар буюу 10 671 679,15 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 110 555 668,6 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.                  

Хариуцагч Ж.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” нь гаргасан нэхэмжлэлдээ энэхүү зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй авсан гэдэг боловч миний бие зээлийн гэрээний дагуу 23 300 ам.долларыг хүлээж аваагүй. Зээлийг хэнд олгосноо “Б” мэдэж байгаа. Зээлийн хүүг “Г” ХХК төлж байсан нь баримтаар нотлогдоно. Анх миний хүргэн дүүгийн “Г” ХХК-д мөнгө хэрэг болсны улмаас “Б”-аас 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Г-ын нэрээр түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороолол дахь орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, 23 300 ам.долларыг зээлж авсан. Уг зээлийг миний нэр дээр 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ЗГ140701-01 дүгээр зээлийн гэрээ болгож, барьцаа хөрөнгөөр сольж 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр БГ140701-01 дүгээр барьцааны гэрээг намайг хүсээгүй байхад байгуулсан. “Б” нь өөрсдөө зээлийн гэрээ байгуулж, өөрсдийн хугацаа хэтэрсэн зээлд мөнгийг авсан. Мөн “Б” нь нэхэмжлэлдээ бизнесийн зорилгоор зээлийг авсан гэх боловч миний бие төрийн албанд 26 жил ажилласан, бизнес эрхэлдэггүй. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч бизнес хийхийг хориглосон байдаг. Нэхэмжлэгч “Б” нь удаа дараагийн зээлийн гэрээг төгрөгөөр хийгээгүй тул зээлийг төлж байгаа хүргэн дүү ам.долларын ханшийн өсөлтөөс болж их хэмжээний мөнгө төлж хохирсон.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,  4.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байгуулагдсан хууль зөрчсөн уг гэрээ нь Иргэний хуулийн 56, 57, 58 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч Ж.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2005 онд байгуулагдаж, 2011 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 2,3 сая м.куб нөөцтэй шаврын ордыг өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийж, улсын нөөцөд бүртгүүлж, зохих зөвшөөрлийг авсан. Засгийн газрын ЖДҮ-ийг дэмжих сангийн 500 сая төгрөгийн зээл авч, 70 орчим хүний ажлын байр бүхий энгийн улаан тоосгоны үйлдвэрийг 2011 оноос байгуулж, 2013 оны сүүлээр ашиглалтанд оруулсан. Зээл ихтэй байсан тул компанийн нэрээр зээл авах боломжгүй тул дүү Б.Г-ын нэрээр Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах түүний өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 23 300 ам.долларыг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, зээлийн гэрээ байгуулж, манайх батлан даагч болж, мөнгийг хүлээн авч, зориулалтын дагуу зарцуулсан. Гэвч тоосго үйлдвэрлэх ажил улирлын чанартай тул өвөл үйлдвэрлэл зогссоноос зээлийн хүүгийн төлөлт удааширсан. “Б” ХХК-иас Б.Г-ын зээлийн ангилал буурна, залуу хүнд цаашид амьдралд нь хар толбо болно, зээлийг хаая гэж яригдсан боловч мөнгөгүйгээс манайх хааж чадаагүй. 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Б.Г-ын зээлийн гэрээг дуусгавар болгож, Ж.М-тай зээлийн гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу Ж.М мөнгө аваагүй, төлж чадахгүй гэж 2015 оны 5 дугаар сард нэхэмжлэгчид хэлсэн. Бид нэхэмжлэгч “Б” ХХК-иас авсан зээлийн хүүгээ хугацаанд нь төлөхөд ихээхэн анхаарал тавьж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хичээсэн. Манай компани зээлийн төлбөрт 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт 39 976 000 төгрөг төлсөн. Тухайн үед зээл авсан ам.долларын ханшийн зөрүүгээр нийт 21 190 185 төгрөг болсон, ханшийн зөрүүгээс шалтгаалан хүү төлөлт өндөр болж, хохиролд хүрсэн. Ханшийн алданги, нэмж нэхэмжлээд байгааг төлөх боломжгүй бөгөөд 23 300 ам.доллар төлнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдийн 4511.1, 452.1, 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.М-аас зээлийн гэрээний үүрэгт 110 555 668,6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч “Г” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч зээлийн гэрээний үүргийг сайн дураараа эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар байрны 88 тотод байрлах, Ж.М-ын өмчлөлийн, 68.37 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 843 500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 710 728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.М, түүний өмгөөлөгч Д.М нар давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.М энэ зээлийн гэрээг байгуулах, зээл авах хүсэл зориг байгаагүй. Тухайн үед зээл авах зорилгоор биш охины чинь зээл авах чадвар буурна, "Г" ХХК төлнө гэх "Б"-ын ятгалгаар гэрээнд гарын үсэг зурсан нь уг зээлийг авах хүсэл зориг байгаагүйг харуулдаг. Зээл авах хэрэгцээ байхгүй, зээл авах болзол шаардлагыг хангаагүй, бизнес эрхэлдэггүй, төрийн албан хаагч, зээл болон зээлийн хүүг толох чадваргүй гэдэг нь баримтаар тогтоогддог. “Г” ХХК нь "Б"-аас 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Б.Г-ын өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавьж, 23 300 ам.долларын зээлийн гэрээ байгуулж, батлан дааж, мөнгийг хүлээн авч, зориулалтын дагуу зарцуулсан. Энэ нь хэргийн 84 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдоно. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.М зээлж авах хүсэл зориг байгаагүй.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэргийн 36 дугаар талд авагдсан бэлэн мөнгөний зарлагьн баримт, 71 дүгээр талд авагдсан 2017 оны 7 дугаар сарып 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрч Х.Б-ын мэдүүлэг зэрэг баримтуудаар 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ЗГ140701-01 дугаартай зээлийн гэрээний дагуу 23 300 ам.долларыг хариуцагч Ж.М хүлээн аваагүй нь тогтоогддог. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй.

Санхүүгийн зохицуулах хорооны өмнө эрсдэлтэй зээлийн ангилалд орохгүйн тулд өмнөх зээлийг ээжийг нь хууран мэхлэн хаалгаж, зээлийг огт судлахгүйгээр олгож, зээлийн эргэн төлөх чадваргүй хүнд зээл олгож, бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, бэлэн мөнгө олгосон баримтад гарын үсгийг хуурамчаар зуран хууль зөрчиж хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл болно. Эдгээр байдлууд нь шинжээчийн дүгнэлт, гэрч Х.Б-ын мэдүүлгээр нотлогдоно. Энэ зээлийн гэрээний нэг ч хүүг төлж байгаагүй. Мөн yг зээлийн гэрээг хариуцагч “Г” ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд “Г” ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлийн хүүд 39 976 000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдож байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүй. Шүүх Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх ёсгүй гэж үзэж байна. Тухайн үед ямар ч гэрээний үүрэг шилжсэн, шилжүүлсэн тухай баримт нотолгоо хүсэлт байхгүй байхад шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд "зээлдэгч Ж.М-тай хийсэн ЗГ140701-01 дүгээр зээлийн гэрээний дагуу 99 883 989 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “зээлдэгч Б.Г-той байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул зээлдэгч Б.Г, Ж.Мр нараас 99 883 989 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй.

2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу зээл, зээлийн хүүг эргэн төлөх графикийн дагуу төлөөгүй, зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож, зээл төлөх чадваргүй болсон тохиолдолд нэхэмжлэгчийн санаачилгаар зээлийн гэрээг цуцлахаар зохицуулсан. Хэдийгээр нэхэмжлэгчийн эрхийн асуудал боловч цуцлахгүйгээр үргэлжлүүлж байсан нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлээгүй, зээлдэгч зээлийг ашиглаагүйг мэдсээр байж барьцаа хөрөнгийг авах зорилготой нь харагддаг. Энэ нь хэргийн 97 дугаар талд авагдсан зээлдэгч Б.Г-ын хүсэлт, 98 дугаар талд авагдсан "Г” ХХК-ийн хүсэлт, 104,  105, 106, 139 дүгээр талд авагдсан тэмдэглэлүүд, 110 дугаар талд авагдсан шийдвэр, 113 дугаар талд авагдсан хүсэлт, 122, 131, 132 дугаар талд авагдсан хүсэлтүүд, 140, 143, 144, 145, 146, 147, 148 дугаар талд авагдсан тэмдэглэлүүд зэрэг баримтуудаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөл байдал үүссэн ч зээлийг цуцлахгүй үргэлжлүүлсэн байдаг.

Мөн зээлийн гэрээний 4.2.6-д зааснаар "зээлдэгч гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болохоо бичгээр мэдэгдсэн" тохиолдолд гэрээг цуцлахаар зохицуулсны дагуу зээлдэгч зэээлээ төлж чадахгүй тухайгаа мэдэгдэж байсан нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул зээлийн гэрээг цуцлагдсан байгааг харуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Ж.М-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Г” ХХК, Ж.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 110 555 668,6 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ж.М эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь иргэн Б.Г-той 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 23 300 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлжээ. Зээлийн гэрээний хугацааг зээлдэгч Б.Г-ын хүсэлтээр 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан боловч тэрээр үүргээ биелүүлээгүй.

“Б” ХХК нь иргэн Ж.М-ын хүсэлтээр зээлдэгч Б.Г-ын зээлийн болон барьцааны гэрээний үүргийг дуусгавар болгож, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 23 300 ам.долларын зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө 25 дугаар байрны 88 тоот, 3 өрөө орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Ж.М өөрийн хүсэл зоригийн дагуу зээлдэгч болон барьцаалуулагч Б.Г-ын үүргийг өөртөө шилжүүлэн авч, зээлийн болон барьцааны гэрээг “Б” ХХК-тай байгуулсан нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авсан хариуцагчийн үүрэгт түүний өмчлөлийн орон сууцыг барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, зохигчдын байгуулсан эдгээр гэрээнүүд нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Хариуцагч Ж.М зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 23 300 төгрөгийг  хүлээн аваагүй, гарын үсэг зураагүй гэж  маргасан боловч зохигч зээлийн болон барьцааны гэрээг байгуулснаар, зээлдэгч Б.Г нэхэмжлэгч “Б” ХХК-тай 2013 оны 8 дугаар  сарын 01-ний  өдөр  байгуулсан  зээлийн  болон  барьцааны гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргээс чөлөөлөгдөж, түүний гэрээний үүрэг дуусгавар болж, хариуцагч Ж.М нь түүний хүлээж байсан үүргийг өөртөө шилжүүлэн авсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 23 300 ам.долларыг бэлнээр өөртөө биечлэн хүлээн аваагүй хэдий ч нэхэмжлэгчийн өмнө Б.Г-ын хүлээсэн зээлийн үүргийг хариуцагч Ж.М нь өөртөө шилжүүлэн авсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.  

Хариуцагч Ж.М зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул  нэхэмжлэгч нь дээрх  зээлийн болон барьцааны гэрээний нөхцлийн дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг түүнээс нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн заалтуудыг нэгтгэж, зөрүүтэй бичсэн техникийн алдаа гаргасныг залруулж өөрчлөлт оруулж, хариуцагч Ж.М, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/02760 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “451, 452, 453 дугаар зүйлүүдийн 4511.1, 452.1, 453.1” гэснийг “451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ж.М, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.М-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 710 728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                                                                                        Д.БАЙГАЛМАА