Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч, хохирогч Ц.Батзориг, Б.Чухалдорж нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Батзориг, Б.Чухалдорж нарт холбогдох эрүүгийн 2215000000178 дугаартай, 163/2022/0184/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Очирторон чонос овогт Цэдэндамбын Батзориг, Булган аймаг, Гурванбулаг суманд 1998 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, Булган аймаг, Гурванбулаг сум, 3 дугаар баг, Агт гэх газарт оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогт цэций суманд үйл ажиллагаа явуулдаг Инкон ХХК-д замчин ажилтай, ам бүл 6 , аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 554 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, 24 настай, эрэгтэй, РД: ГГ98041312.

Монгол Улсын иргэн, Тогооч овогт Баярмагнайн Чухалдорж, Булган аймаг, Гурванбулаг суманд 1999 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн Долоон худаг гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 23 настай, эрэгтэй, РД: ГГ99090618,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нар нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн Баруун хороо гэх газарт хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215000000178 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нар нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн Баруун хороо гэх газарт хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батзоригийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чухалдоржийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Батзоригийн хохирогчоор өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 06-ны орой манай сумын баруун талын эгнээнд байх Дондогоо гэх залуугийн хашаанд Элбэг-Эрдэнэ, Х.Базарсад, Б.Чухалдорж бид нар пиво уугаад байж байсан. Тэгээд байж байтал би нэлээн согтсон байсан. Тэр үед Б.Чухалдорж машины хаалганы бариул хугалаад хаячихлаа гээд хүн болгон руу дайраад уурлаад байсан. Тэгэхээр нь би төлөөд өгчихье гэж хэлсэн санагдаж байна. Тэгээд яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд цус гоожчихсон, би ганцаараа тэр хавьд байж байгаад эгч рүүгээ утсаар ярьсан. Манай эгч ирээд намайг сумын эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Ер нь бол би их согтсон байсан. Нэг мэдэхэд Элбэгээ голоор ороод салгаж байсан. Тэгээд Чухалдорж уруул хавь руу өшиглөсөн зэрэг л санагдаж байна. Эмчилгээний зардлыг бүрэн барагдуулаад өгвөл гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 11 дэх тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Чухалдоржийн хохирогчоор өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 06-ны орой Элбэгээ, Базарсад, Батзориг нар манай хамаатны Дондогоогийн хашаанд пиво уусан. Тэгээд пиво ууж байгаад нэлээд согтсон байсан. Миний машины хаалганы бариулыг нэг нь хуга татчихсан байсан. Би уурлаад хэн татсан бэ? гэж маргалдаад Батзориг намайг унагаагаад цохисон. Би босоод Батзоригийг унагаагаад хэд, хэд цохисон. Миний толгой хэсэгт дэвсээд зулгалсан. Гараараа бас толгой хэсэгт шаасан. Мөн миний биеэс хазсан. Эд зүйлээр цохиогүй. Надад гомдол гэх зүйл алга байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Элбэг-Эрдэнийн өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чухалдорж залгаад баруун эгнээнд Дондогоогийнд хүрээд ир гэж хэлсэн. Би тухайн үед нь очоогүй. Нэлээн байж байгаад тэнд очсон. Тэгэхэд Базарсад, Чухалдорж, Батзориг нар байсан. ...намайг очиход Ц.Батзориг нь хацрынхаа шархыг хуулаад тэрнээс нь цус зөндөө гоожчихсон байсан. Тэгээд нэг пиво уугаад тэрийгээ дуусгаад байж байтал Б.Чухалдорж машины хаалганы бариулыг хуга татсан байна. Базарсад та хоёрын хэн нь хуга татсан гэж хэлээд тэрнээс болж хэрүүл болсон. Тэгээд Б.Чухалдорж, Ц.Батзориг нар хоорондоо ноцолдоод тэр хоёрыг салгаад би Б.Чухалдоржийг гэрт нь хүргэж өгөөд байж байтал араас сумын цагдаа ирээд Чухалдоржийг аваад явсан. Хоорондоо муудалцаж байгаад Ц.Батзориг Б.Чухалдоржийг унагаад толгой хэсэгт нь 1-2 удаа өшиглөсөн. Б.Чухалдорж толгойгоо дарчихсан хэвтэж байсан. Ц.Батзориг тэгээд болингуут Б.Чухалдорж босож ирээд Ц.Батзоригийн нүүр хэсэгт нь гараараа 4-5 удаа цохисон. Би салгаад хорьж байхад дахиад Б.Чухалдорж, Ц.Батзоригийн нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд Базарсад, Батзоригийг аваад, би Чухалдоржийг аваад салгаад явсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Хандармаагийн өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед миний төрсөн эгч над руу залгаад Батзориг хүнд зодуулчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би байгаа газар нь яваад очиход манай дүү нил цус болчихсон нүүр нь хавдчихсан, уруул нь 2 талдаа сэтэрчихсэн байдалтай байж байсан. Уруулан дээрээ 20 оёдол тавиулсан. Толгойн арын дагзны зүүн баруун талдаа 2 газар хагарчихсан байдалтай байсан. Хоёр дал нэлэнхийдээ тэр чигээрээ зулгараад, шалбараад цус шүүрчихсэн байсан. Урд өдөр нь мотоциклоос унаад зүүн шанаа болон дух хэсгээрээ унаад шалбарчихсан байсан. Өөр бол уруул нь язарсан толгой нь хагарсан зүйл байгаагүй. Б.Чухалдоржид зодуулчихлаа гэж ярьж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9738 дугаартай: Ц.Батзоригийн биед дээд уруулд шарх, дагз, баруун чамархай хуйх, баруун чихний дэлбэн, баруун шанаа, баруун хацар, дух, хүзүү, нуруу, баруун бугалгад зулгаралт, дагз, баруун чамархай, баруун чихний дэлбэн, баруун дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх ба 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 9759 дугаартай: Б.Чухалдоржийн биед тархи доргилт, баруун бугалга, цээж, дээд уруул, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, 2 бугалга, бугуй, хүзүү, цээж, баруун дал, духанд зулгаралт, хамар, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

9. Шүүгдэгч Ц.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 06-ны орой Гурванбулаг сумын төвийн баруун талын эгнээнд байх Дондог гэх айлын хашаанд Элбэг-Эрдэнэ, Базарсад, Чухалдорж нарын хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид нар олон тооны пиво уусан. Би уусан юмандаа нэлээн согтсон. Тэгээд би босож бие засах гээд явж байхдаа Чухалдоржийн машины хаалганы бариулыг гараараа татсан. Тэгтэл машины хаалганы бариул хугарчихсан. Тэгээд Б.Чухалдорж над руу машины хаалганы бариул хугаллаа гэж дайрсан. Ингээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би уурлаад Чухалдоржийг нэг удаа хөлөөрөө өшиглөчихсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

10. Шүүгдэгч Б.Чухалдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 06-ны орой Гурванбулаг сумын төвөөс хөдөө гэртээ харих гээд машинтайгаа явж байтал найз Элбэг-Эрдэнэ, Базарсад, Батзориг нартай таарсан юм. Ингээд бид нар манай хамаатны ах Дондог гэх хүний хашаанд пиво уусан. Пиво уугаад би нэлээн согтсон юм. Тэгтэл миний Вонго-3 загварын тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы бариулыг Батзориг гараараа татаад хугалчихсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ?, хүний машины хаалганы бариулыг хугалчихлаа гэхэд Батзориг чи ямар сүртэй юм бэ? хугараагүй байна гээд над руу дайрсан. Ингээд Батзориг бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл Батзориг намайг сууж байхад миний толгой, дух хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь би босож ирээд Батзоригтой зодолдсон. Би Батзоригтой зодолдох явцдаа Батзоригийн нүүр хэсэгт гараараа 3-4 удаа цохисон. Тэгтэл миний цээж, гарын бугалга, мөр хэсэгт Батзориг шүдээрээ хазсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч Ц.Батзориг, Б.Чухалдорж, гэрч Б.Элбэг-Эрдэнэ, Ц.Хандармаа нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нар нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны орой Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн Баруун хороо гэх газарт цуг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцад Ц.Батзориг нь Б.Чухалдоржийн унаж явсан Вонго-3 загварын тээврийн хэрэгслийн хаалганы бариулыг эвдсэн үйлдлээс улбаалан хоорондоо маргалдаж, улмаар бие биенийхээ эрх чөлөөнд халдан зодолдож Ц.Батзоригийн биед дээд уруулд шарх, дагз, баруун чамархай хуйх, баруун чихний дэлбэн, баруун шанаа, баруун хацар, дух, хүзүү, нуруу, баруун бугалгад зулгаралт, дагз, баруун чамархай, баруун чихний дэлбэн, баруун дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг,

Б.Чухалдоржийн биед тархи доргилт, баруун бугалга, цээж, дээд уруул, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, 2 бугалга, бугуй, хүзүү, цээж, баруун дал, духанд зулгаралт, хамар, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг тус тус санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нар нь харилцан цохиж, өшиглөсөн гэм буруутай үйлдэл, өөрсдийнх нь биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нар нь гэм буруугийн талаар маргаагүй, тэдний бие биенийхээ эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Батзоригийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Чухалдоржийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч Б.Чухалдорж нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохиролтой холбоотой 120.000 төгрөгийн баримт, шүүгдэгч Б.Чухалдоржийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Батзоригийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч Ц.Батзориг нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохиролтой холбоотой 681.850 төгрөгийн хохирлын баримтыг тус тус хэрэгт хавсарган өгсөн байна.

Шүүгдэгч, хохирогч Ц.Батзориг, Б.Чухалдорж нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, Ц.Батзориг нь Б.Чухалдоржид 200.000 төгрөг, Б.Чухалдорж нь Ц.Батзоригт 700.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулснаар хохирогч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 51-77 дахь талд авагдсан цагдаагийн газрын цахим системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, багийн Засаг даргын тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг тэдний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.Батзориг нь Булган аймаг, Гурванбулаг суманд 1998 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, Булган аймаг, Гурванбулаг сум, 3 дугаар баг, Агт гэх газарт оршин суух бүртгэлтэй, ам бүл 6 , аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, шүүгдэгч Б.Чухалдорж нь Булган аймаг, Гурванбулаг суманд 1999 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн Долоон худаг гэх газарт оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт мал маллан амьдардаг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

 Шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 4/94 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хоорондоо эвлэрч хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нар нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Очирторон чонос овогт Цэдэндамбын Батзориг, Тогооч овогт Баярмагнайн Чухалдорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Батзориг, Б.Чухалдорж нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР