| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2017/0406/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/328 |
| Огноо | 2017-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энхтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2017/ШЦТ/328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Х.Дашням,
улсын яллагч Р.Энхтуяа,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ийн Д-ад холбогдох 1708002080007 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... ХХК-д борлуулалтын жолооч ажилтай, ам бүл 7, Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны ... гудамжны ... тоотод амьдардаг, урьд 2001 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 21 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Т овогт Б-ийн Д /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод хамтран амьдрагч иргэн Б.Ш-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Б.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны ... дугаар гудамжны ... тоотод хамтран амьдрагч, иргэн Б.Ш-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан Б.Ш-ийн өргөдөл /хх-ийн 3х/
Хохирогч Б.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг 2017 оны 7 дугаар сарын 05-ны орой Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот гэртээ 2 настай охин М-ийн хамт байж байхад гаднаас манай нөхөр Д согтуу орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь цагдаа дуудлаа гэсэн чинь олигтойхон цагдаа дуудаарай гээд намайг утсаар ярьж байхад гараараа миний шанаа руу 5-6 удаа цохиж, ам руу нэг удаа гараараа цохисон. Мөн элэг, бөөр лүү 10-аад удаа гараараа цохьсон. Тэгээд би ээжийг дуудтал Д гараад зугтаад явсан. Одоо бид хоёр эвлэрсэн. Надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Д өөрийнхөө буруу байдалд гэмшээд надаас уучлалт гуйгаад байгаа. Д бид хоёр одоо нэг гэртээ амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 9, 38х/
Гэрч Ж.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр охин С, Ш нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байх гэртээ байсан. Тэгээд орой 20 цагийн орчимд охин Стэй хамт дэлгүүр орох гээд гарсан. Гэрт Ш үлдсэн. Тэгээд С бид хоёр 30-аас 40 минут болоод буцаад гэр лүү орох гээд явж байсан Ш гэртээ ёооё гэж орилох чимээ гарсан. Тэгээд С бид хоёр гэр лүүгээ яараад явсан. Д явж байхаар нь дуудсан чинь үг дуугүй зөрөөд явсан. Тэгээд С бид хоёр гэртээ орж харсан чинь Шийн ам хамраас нь цус гарсан угаагаад Д намайг зодчихоод явчихлаа гээд байж байсан. Тэгээд цагдаа дуудаад Ш мэдүүлэг өсгөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8750 тоот дүгнэлтэд: “...а/ Б.Ш-ийн биед дээд эрүүний буйл, уруул, нуруу, зүүн шанаанд хаван, цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо, б/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно, в/ Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, г/ Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэжээ. /хх-ийн 20х/
Шүүгдэгч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ганц хоёр пиво ууж байгаад гэртээ харих замдаа эхнэр лүүгээ залгаад юу авах юм гэсэн чинь чи гэр орондоо юу авахаа мэддэггүй юм уу, юуг нь асуудаг юм гээд уурлаад өмнөөс янз янзаар хэлээд хараагаад байсан. Би орой 21-22 цагийн үед гэртээ ирээд чи юундаа хараал хэлж, элдвээр доромжлоод байгаа юм гээд эхнэр Шийг алгадчихаад гараад явсан юм. ...Шийн биед учирсан гэмтлүүдийг би л зодож учруулсан. Хэрүүл хийгээд хүн хэл амаар доромжлоод янз янзын юм яриад байсан. Ш хүнтэй эвээр харьцана гэж байхгүй дандаа гичий, нохой, пизда гэж харьцаад хүний уур хүргээд хаячихдаг юм. Тэгээд би нүүрэнд нь хэд хэдэн удаа алгадсан, нуруу руу нь ч уурандаа цохисон байхаа. Би нилээд уурласан. Надаас өөр Шт гар хүрсэн хүн байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 х/
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 8750 тоот дүгнэлт зэргээр давхар нотлогдох тул хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдлоо. /хх-ийн 19, 34х/
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.Ш нь шүүгдэгч Б.Дтай эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 38, 39х/
Шүүхээс шүүгдэгч Б.Дад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч Б.Шийн гомдол, саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний эрхэлсэн тодорхой ажилтай буюу орлогын эх үүсвэртэй /шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн 1 хуудас баримт/ болохыг харгалзан 450 нэгж буюу 450 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн, сар бүр 75.000 төгрөг төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Б.Дын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-ийн Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дад оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн, сар бүр 75.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Д нь торгох ялаас зайлсхийсэн тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ