Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Ц.Нямжаргал нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Нямжаргалд холбогдох эрүүгийн 2215000000194 дугаартай, 163/2022/0187/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Галзад овогт Цогоогийн Нямжаргал, Увс аймгийн Тэс суманд 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, Булган аймаг, Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 33 настай, эрэгтэй, РД: ОО89112110.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Нямжаргал нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Намхайнямбуутай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215000000194 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Нямжаргал нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт Б.Намхайнямбуутай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Нямжаргалын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Намхайнямбуугийн өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын Тамсагийн ам гэх газарт Адуучин тэмцээн болсон юм. Орой 23 цагийн үед Шийгээ гэх айлд хүмүүс архи ууцгаасан ба би архинаас багахан уусан. Удалгүй би Шийгээ гэдэг хүнд би явлаа ахаа гэж хэлэхэд Шийгээ намайг ямар онгироо пиздаа вэ?, олонтойгоо байгаач гэж хэлээд гараараа нүүрлүү мангасдаад гэрийнхээ гадаа унагаачихсан. Намайг газар унасан байхад Шийгээгийн дүү Нямжаргал гэх залуу нүүр болон биерүү хөлөөрөө өшиглөөд байсан. Ингээд миний бие хөхөрч баруун талын хөмсөг задарч цус гарсан. Одоо ч гэсэн цус нь тогтохгүй толгой өвдөж байна. Ийм учир цагдаад дуудлага өгсөн. Би эмчилгээний төлбөрт 3.000.000 төгрөг зарцуулсан. Холбогдох баримтыг гаргаж өгсөн. Уг эмчилгээний зардлаа гаргуулчих юм бол өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 10 дахь тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ширэвдэвийн өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг Тамсагийн адаг гэх газарт манай хүргэн Нямжаргалын хөдөө гэрийнх нь гадаа байхад Б.Намхайнямбуу нь ээжийн даралт ихсээд бие нь муу байна, би гэрлүүгээ явлаа гэж хэлээд явсан. Удалгүй буцаад Нямжаргалын гэрийн гадаа хүрээд ирсэн байсан. Нямжаргалын гэрийн гадаа хүмүүс бүжиглээд байж байсан чинь Намхайнямбуу намайг малчин сумын гуйлгачин, чамайг хоосолно явгална юутай ирсэн юм гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би Намхайнямбууг чи одоо боль гэж хэлээд нүүрлүү нь гараараа нэг удаа мангасдаад түлхсэн. Харанхуйд хоёр танихгүй хүн намайг хориод зогсож байсан чинь миний хамарнаас цус гарсан. Намайг хүмүүс хорьж байх үед Нямжаргал нь Намхайнямбуугийн нүүрлүү 5-6 удаа цохьсон. Миний уруулын дотор ил язарсан, хамрын зөөлөн эд гэмтсэн юм шиг хамар битүүрээд байгаа. Намхайнямбуу архи уугаагүй эрүүл шахуу байсан. Намхайнямбууг салгаад портер машин дотор суулгахаар машины хаалгаар бууж ирээд хүн болгон руу би алдаг хүн малчин сумын гуйлгачидыг ална гээд байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10560 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Намхайнямбуугийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн зовхины цус хуралт, нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Нямжаргалын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг Тамсагийн адаг гэх газарт Адуучин гэх тэмцээн зохион байгуулсан. Тухайн арга хэмжээ 22 цагийн үед дуусч манай гэрт хүмүүс цуглаад хоол, цай идэж ууцгаасан. Мөн би гэрт ирсэн хүмүүст гурван шил архи гаргаж өгөөд хамт хувааж уусан. Манай гэрт тухайн үед хол ойроос ирсэн олон хүн байсан. Өдөр нь манай найз Намхайнямбуу адуучин тэмцээн дээр байж байгаад найз нь явлаа гээд яваад манай гэрт ирсэн хүмүүс тараад явсаны дараа Намхайнямбуу манай гэрт ирсэн байсан. Манайд ирэхдээ дөрвөн шил архитай ирсэн байсан. Ингээд гэртээ хэвтэж байгаад гартал Намхайнямбуу манай хадам ах хоёр маргаан хийсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би салгаад Ширэндэвийг гэрлүү нь явуулаад Намхайнямбууг чи одоо гэртээ харьж амар гэж хэлтэл миний зүүн талын чих рүү гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд Намхайнямбуугийн зүүн талын нүд орчимд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл түүний хөмсөг хэсгээс цус гараад байсан. Цусыг нь тогтоож өгөөд цагдаад дуудлага өгөх гэтэл Намхайнямбуу цагдаа дуудаж яадаг юм гээд байсан. Тэгэхээр нь түүнийг гэрлүү нь явуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний төлбөр мөнгийг нь өгч барагдуулна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Намхайнямбуу, гэрч О.Ширэвдэв нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ц.Нямжаргалын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Ц.Нямжаргал нь 2022 оны 07 дүгаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Намхайнямбуутай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд халдан зодож хамар ясны хугарал, нүдний алимны цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Нямжаргалын хохирогчийг зодсон гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Ц.Нямжаргал нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Нямжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Нямжаргалын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Намхайнямбуу нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 2.944.950 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан 2.144.950 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан байна. /хавтаст хэргийн 46-49 дэх тал/

Шүүгдэгч Ц.Нямжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал болон бусад зардалд 2.944.950 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн.

Иймд шүүгдэгч Ц.Нямжаргалаас 2.944.950 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Намхайнямбууд олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Ц.Нямжаргал нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 500.000 төгрөгийг төлсөн /хавтаст хэргийн 69 дэх тал/ байх тул үлдэх хохирол 2.444.950 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Намхайнямбууд олгож шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Нямжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ц.Нямжаргалын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Нямжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 40-44 дэх талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.Нямжаргал нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багт мал маллан амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ц.Нямжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 4/162 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Нямжаргалын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ц.Нямжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Нямжаргал нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Галзад овогт Цогоогийн Нямжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямжаргалыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Нямжаргал нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нямжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Нямжаргалаас 2.444.950 /хоёр сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар баг Цоохор морьт гэх газарт оршин суух Батбуянгын Намхайнямбуу /РД:ОР91072914/-д олгосугай.

6. Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч эмчилгээний зардал болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР