Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/196

 

 2022           09            02                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Д.Эрдэнэбат нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 2215002180207 дугаартай, 163/2022/0193/Э индекстэй хэргийг хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Далайн Эрдэнэбат, Архангай аймаг, Тариат суманд 1973 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 3 дугаар гудамжны 1118а тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 49 настай, эрэгтэй, РД: АН73050711.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Эрдэнэбат нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Эрдэнэбулган сумын чиглэлд 96-67 АРХ улсын дугаартай, Toyоta Prius 11 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн Пуужин толгой гэх газарт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Цэлмүүний эрүүл мэндэд хөнгөн, А.Санжаадамбын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, А.Доржзодовын амь нас хохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215002180207 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Жолооч Д.Эрдэнэбат нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Эрдэнэбулган сумын чиглэл рүү 96-67 АРХ улсын дугаартай Toyоta Prius 11 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн Пуужин толгой гэх газарт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Цэлмүүний эрүүл мэндэд хөнгөн, А.Санжаадамбын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, А.Доржзодовын амь насыг хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эрдэнэбатын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: Уг осол болсон гэх газар нь Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлийн улсын чанартай асфальтан зам дээр болсон байв. ...Тухайн замын зорчих хэсгийн өргөн нь 7.1 метр байв. Уг зам дээр мод үүссэн тээврийн хэрэгслийн мөрийг А цэгээр авав. А цэгээс тээврийн хэрэгслийн мөр тод үүсэж замын дагуух шуудуйнд шороо ухагдсан байв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5, 7-10 дахь тал/,

3. Зам тээврийн осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

4. Цогцост болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 11-13, 14-16 дахь тал/,

5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 17-21 дэх тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Нандинцэцэгийн өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв орох гэж хүргэн ах Эрдэнэбат, өөрийн гурван хүү болох 9 настай талийгаач Доржзодов, 4 настай хүү Санжаадамба, 6 настай хүү Доржсамбуу, манай хамаатны эгчийн хүүхэд болох 9 настай Д.Цэлмүүн нарын хамт миний өмчлөлийн 96-67 АРХ улсын дугаартай Toyota Prius 11 загварын тээврийн хэрэгсэлтэй өглөө 05 цагийн үед гарсан. Хол замд явж байгаа учраас хүргэн ах Эрдэнэбат тээврийн хэрэгсэл жолоодож явахаар болон юм. Ингээд өдрийн 12 цагийн үед Булган аймгийн Рашаант сум руу орох гэж байхад бид нарын хажуугаар нэг машин гүйцэд түрүүлж байсан. Тэгтэл зам дээр замын хагархай эвдэрхий хэсэг таарсан. Тухайн эвдэрхий хэсэгт нь би хүүхдүүд рүүгээ харсан. Тэгээд нэг мэдэхэд замын хажуу талд гарсан байсан. Тээврийн хэрэгслээс гарч ирэхэд миний хүүхдүүд бүгд тээврийн хэрэгслийн гадаа зогсож байсан. Харин 9 настай талийгаач хүү минь тээврийн хэрэгслийн доор орчихсон байсан. Тэгээд би хүүгээ тээврийн хэрэгсэл доороос гаргаж авах гээд машинаа түлхэж үзээд байж байтал Рашаант сумын цагдаа, эмч нар ирээд гаргасан. Ингээд бид нарыг Рашаант сумын эмнэлэг рүү авч явсан. ...Жолооч Эрдэнэбат ах бид хоёр тээврийн хэрэгслийн хамгаалах бүс зүүсэн байсан. Харин хүүхдүүд ард унтаад, хамгаалах бүс зүүгээгүй явж байсан. ...Миний хүү А.Санжаадамбын баруун хөлийн дунд чөмөг нь хугарсан. Өөр гэмтсэн зүйл байхгүй. Хугарсан хөлийг нь хадаасаар хадсан. Миний хүүгийн хөл нь бүрэн эдгээгүй байгаа. ...Надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 33-34 дэх тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ч.Нандинцэцэгийн өгсөн: Миний охин Д.Цэлмүүн нь 2013 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Надад Цэлмүүн ярихдаа болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Тухайн үед тээврийн хэрэгслийн арын суудалд Санжаадамба, Доржсамбуу, талийгаач Доржзодов нарын хамт машины арын суудалд суугаад унтаад явж байсан гэж хэлсэн. Тухайн үед ар нуруу хэсэгт нь зулгарсан том шарх байсан. Өөр гэмтэл бэртэлгүй байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Жаргалсайханы өгсөн: Манай эмнэлэгт дуудлага 2022 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 11 цаг 50 минутад ирсэн. ...Би хамгийн түрүүнд 4 настай гэх Санжаадамба гэх эрэгтэй хүүхдийн биеийн байдлыг үзсэн. Тухайн хүүхдийн биеийн байдлыг үзээд яаралтай түргэн тусламж үзүүлсэн. Тухайн хүүхдийн зүүн хөлийн дунд чөмөг хугарсан, нурууны ар хэсэгт 2-3 см орчим зүсэгдсэн шарх байсныг оёж эмхлүүлсэн. Дунд чөмөгт чиг боолт хийж бэхэлсэн. Толгойн оройн хэсэгт хуйх хавдаж толгойн яс овойсон хүүхдийн ухаан санаа саруул орчиндоо харьцаатай боловч хөлийн хугарлаас болж хөдөлгөөн хязгаарлагдмал болсон. Амин үзүүлэлтүүд хэвийн, өвчүү ар сэрвээ хоёрт өнгөц зулгаралтууд үүссэн байсан. Өөр шарх сорви байгаагүй. Мөн Цэлмүүн гэх 9 настай эмэгтэй хүүхдийн биеийн байдлыг үзсэн. Тухайн хүүхдийн биеийн байдал хэвийн, ар нуруу хэсэгтээ өнгөц шалбархайтай байсныг цэвэрлэж тосон боолт хийж өгсөн. Өөр биед нь ил харагдах гэмтэл шархгүй байсан. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Энхбат гэх хүний биеийн байдал хүндэвтэр байсан учир яаралтайгаар Улаанбаатар хот руу тээвэрлэн авч явахаар болсон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

9. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхзолбоогийн өгсөн: Тухайн осол гарсан өдрийн урьд өдөр нь буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би тухай зам орчмоор хяналт шалгалтаар ажилласан юм. Тухайн осол болсон хэсгийн ойролцоо миний барагцаагаар 500 метр зайд зам эвдрэлтэй гэсэн тэмдэг тэмдэглэгээ хийсэн байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10180 дугаартай: А.Доржсамбуугийн биед баруун хацар, шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл бөгөөд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10177 дугаартай: А.Санжаадамбын биед зүүн дунд чөмгийн далд хугарал, зулайн хуйх, зүүн хацар, хүзүү, цээж, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10178 дугаартай: Д.Цэлмүүний биед ууцны түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүссэн 10-14 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дэх тал/

13. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай: Талийгаач А.Доржзодовын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал ба цээжний битүү гэмтэл: хүнхрээ ясны хугарал /хоёр талын чамархай яс, хоёр талын зулайн яс/ ба суурь ясны бүрэн салсан хугарал, баруун талын 2, 3, 4 дүгээр хавирганы шууд, дан хугарал, хуйхны дотор талд цус хуралт, баруун нүдний гадна булан, баруун хацар, баруун гарын тохойны хажуу хэсэг, зүүн өвдөгний хажуу хэсэг, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн хацар, хүзүү, чихний дэлбэн, хоёр гарын бугалга, шуу, цээжний урд дээд хэсэг, хоёр хөлийн өвдөг, нурууны дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дотор эрхтнүүдийн гэмтэл нь биеийн хүчтэй доргилт, шидэлтийн улмаас биеийн гадна хэсгийн гэмтлүүд нь мохоо зүйлийн, цохигдох, нидрэгдэх, чирэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн ба үхэлд хүргэжээ. Амь хохирогч нь гавал ба цээжний битүү гэмтэл. Хүнхрээ ясны хугарал /хоёр талын чамархай яс, хоёр талын зулай яс/ ба суурь ясны бүрэн салсан хугарал, баруун талын 2, 3, 4 дүгээр хавирганы шууд, дан хугарал, дотор эрхтнүүдийн битүү доргилт гэмтлүүдийн улмаас нас баржээ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна. Амь хохирогчид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 102-107 дахь тал/,

14. Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн: Жолооч Д.Эрдэнэбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг, мөн дүрмийн 3.4.б-д заасан “жолооч нь хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан. гэх магадалгаа /хавтаст хэргийн 84 дэх тал/,

15. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Эрдэнэбатын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймаг орох гээд эхнэрийн төрсөн эгчийн хүүхэд Нандинцэцэгийн өмчлөлийн 96-67 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Нандинцэцэг, түүний гурван хүү, эхнэрийн төрсөн дүүгийн охин нарын хамт гарсан. Тээврийн хэрэгслийг би жолоодож явсан. Ингээд бид Булган аймгийн Рашаант сум руу орох гээд явж байтал миний жолоодож явсан машины хажуу талаар жижиг тэрэг хурдтай өнгөрсөн юм. Тэгтэл зам дээр замын хагархай хэсэг таарсан. Уг замын хагархай хэсэг дээр миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл харайсан. Ингээд машины үрүүл зүүн гар тал руу булаагаад явж байсан чиглэлийнхээ эсрэг талын урсгал руу ороод тээврийн хэрэгсэл онхолдсон. Тэгээд би машинаас гарахад миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл эргээд харсан байдалтай дотор явсан хүмүүс тээврийн хэрэгслийн гадаа гарсан байсан. Харин 9 настай Доржзодов нь тээврийн хэрэгслийн доор дарагдсан байсан. Тэр үед миний толгой эргээд гар эвгүй болсон байсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 141-142 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нандинцэцэг, иргэний нэхэмжлэгч Ч.Нандинцэцэг нарын гэмт хэргийн талаар болон хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч Д.Жаргалсайхан, Н.Мөнхзолбоо нарын гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, мөрдөгчийн магадалгаа, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар Д.Эрдэнэбат нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 96-67 АРХ улсын дугаартай Toyota Prius 11 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Э.Нандинцэцэг, А.Доржзодов, А.Санжаадамба, А.Доржсамбуу, Д.Цэлмүүн нарын хамт Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн Пуужин толгой гэх газарт явахдаа замын эвдрэлтэй хэсгээр дайрч тээврийн хэрэгслийн хүрдийг булааж харайх зэргээр хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас замын эсрэг урсгал руу орж замын хөвөө хэсгийн шороог мөргөж онхолдон зам тээврийн осол гаргаж Д.Цэлмүүний эрүүл мэндэд хөнгөн, А.Санжаадамбын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирч, А.Доржзодовын амь насыг хохироосон шүүгдэгч Д.Эрдэнэбатын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Цэлмүүний эрүүл мэндэд учирсан хөнгөн, А.Санжаадамбын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учирч, уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр болон өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл бөгөөд тээврийн хэрэгсэл харайж, жолооны хүрдийг булааж онхолдох үед хатуу мохоо зүйлд цохигдох байдлаар гэмтэл авсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Эрдэнэбатын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны стандартыг хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Д.Эрдэнэбатын гэм буруутай үйлдэл нотлогдсон, түүний замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь А.Доржзодовын амь нас хохирсон хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Эрдэнэбат жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэсэн гэм буруутай байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Эрдэнэбатын үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь хохирсон гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Эрдэнэбатыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Эрдэнэбатын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Цэлмүүний эрүүл мэндэд хөнгөн, А.Санжаадамбын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон ба А.Доржзодовын амь нас хохирч хүнд хор уршиг учирчээ.

Мөн зам тээврийн ослын улмаас Э.Нандинцэцэгийн эзэмшлийн 96-67 АРХ улсын дугаартай Toyota Prius 11 загварын тээврийн хэрэгсэлд 6,500,000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан нь Тольдох Оюуны Өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22173 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нандинцэцэг, иргэний нэхэмжлэгч Ч.Нандинцэцэг нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх ба шүүгдэгч Д.Эрдэнэбат нь сайн дураар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нандинцэцэгт 5.000.000 төгрөгийг гэм хорын хохиролд төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Д.Эрдэнэбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Эрдэнэбатыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 120-132 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, цагдаагийн газрын цахим сангийн зөрчлийн талаар мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Эрдэнэбат нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 3 дугаар гудамжны 1118а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Эрдэнэбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хангаж, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4/102 дугаартай тогтоолоор яллагдагчид холбогдсон хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Эрдэнэбатын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэг нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Д.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эрдэнэбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт шүүгдэгч Д.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримт, жолооны үнэмлэхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Далайн Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.Эрдэнэбатад оршин суух газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Эрдэнэбатад сануулсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эрдэнэбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Д.Эрдэнэбат нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч , тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР