Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/450

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт С-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, 1808014330464 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух, урьд 2011 оны 08 сарын 03-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн баривчлах ял шийтгүүлсэн, Б овогт С-ын О- /РД:.../

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

Яллагдагч С.О нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хохирогч С.М-ын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 39 инчийн “ВSВ” маркийн зурагтыг хулгайлан авч 799.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг тохирч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...иргэн С.М-ын байшингийн үүдний амбаарын хаалга нь онгорхой, хаалганд цоож зүүлттэй, хаалганы цүү эвдэрч цуурсан” /хх-ийн 5-8х/

2.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...BSB гэсэн бичиглэлтэй LED зурагтыг С.О-гоос хураан авч, С.М-т хүлээлгэн өгөв...” гэжээ. /хх-ийн 10х/

3.Хохирогч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр худалдааны төв дээр С.О-той уулзсан чинь согтуу байхаар нь би яваад өгсөн юм. Тэгээд би гэртээ байж байгаад манай дүү Буузаа 16 цагийн үед дуудаад очоод байж байгаад 16 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь манай гэрийн
хаалга онгорхой байсан. Гэртээ ороод зурагт алга болсныг мэдээд би хажуу талын
Т-оос асуусан чинь нэг хар хувцастай хүүхэн зогсож байсан гэхээр нь би цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х/

4.Эд зүйлийн үнэлгээнд: “...39 инчийн BSB зурагт 799.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 63х/

5.Гэрч С.Ү-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлбэ-116 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад Сонгинохайрхан дүүрийн 19 дүгээр хороо, 21 худалдааны төвийн баруун талын байрны булангаас 35-40 орчим насны эмэгтэй хүн улаан хүрэн өнгийн даавуунд боосон дөрвөлжин хэлбэртэй овор ихтэй юм тэврээд явж байхаар нь шалгахад 39 инчийн зурагт байсан. Хаанаас хэний зурагтыг аваад явж байгаа юм гэсэн чинь гэрээсээ зурагт аваад явж байна гэснийг гэрээ заагаад өг, гэрт чинь очиж үзье гэхэд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод очих явах замдаа би таньдаг ахынхаа гэрээс авсан юм, өөрөө мэдэж байгаа гээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин С.М-ын гэрт очиход иргэн С.М- нь гэрийнхээ гадаа зогож байсан. Бид машинаас буугаад уулзахад манай гэрт хулгай орсон байна, би 102 дугаарын утсанд дуудлага өгчихөөд байж байна гэснийг Сэлбэ-10-тай холбогдоод зурагт хулгай хийсэн гэх С.О гэгчийг Сэлбэ-120-д хүлээлгэн өгөөд эрүүлжүүлсэн болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20х/

6.Гэрч Ө.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 сарын 18-ны өдөр Сэлбэ-116 чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч С.Ү-ын хамт үүрэг гүйцэтгэж байхад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 худалдааны төвийн баруун талын булангаас 35-40 орчим насны эмэгтэй хүн улаан хүрэн өнгийн даавуунд боосон дөрвөлжин хэлбэртэй овор ихтэй эд зүйл тэврээд явж байхаар нь шалгахад 39 инчийн ВSВ маркийн зурагтыг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн С.М-ын гэрээс хулгай хийсэн болохыг шалган тогтоож, Сэлбэ-10-т С.О гэгчийг хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62х/

7.Шүүгдэгч С.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гадуур явж байсан чинь С.М- ... дугаараас миний ... дугаарын утас руу залгаад хаана байгаа юм, манайд хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах шинэ замын хажууд байрлах С.М-ын гэрт очсон. С.М-ынд очиход ганцаараа гэртээ байсан. Тэгэхээр нь тэдний гэрт ороод ганц аяга хүйтэн ус өгчих гээд хоёр аяга хүйтэн ус уучихаад байж байтал М намайг хүн дуудаад байна гэхээр нь би хамт гарсан юм. С.М-ын гэрт хүн байхгүй байсан тул байшингийнхаа амбаарын хаалгыг түгжээд гарсан. Бид 2 С.М-ын хашааны үүднээс хоёр тийшээгээ салсан. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн хажууд байж байгаад 1 цаг гаран болоод буцаад С.М-ын гэрт очиж унтъя гэж бодоод очиход байшингийн амбаарын хаалгыг гараараа татахад хаалганы приус мод, цоожний цүүтэй хамт мултраад гараад ирсэн. Тэгэхээр нь би байшин руу ортол байшингийн дотор хаалга түгжээгүй байсан. С.М-ын гэрт ороод нэг хэвтэж амрах гэж бодож байснаа 39 инчийн ВSВ маркийн зурагтыг нь аваад ломбарданд тавья гэсэн бодол төрөөд аваад гарсан юм. Би С.М-ын гэрээс зурагтаа авч гараад явж байгаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Гэгээн Мандал эмнэлгийн хажууд цагдаагийн алаг машин ирээд баригдсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56х/

8.Шүүгдэгч С.Огийн хувийн байдлын талаар:

-Гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 21х/

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22, 25х/

-Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 29х/

л шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30х/,

-Шийтгэх тогтоолын хуулбар: “...2011 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхээр С.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн” /хх-ийн 34-38х/ зэрэг болно.

 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Од холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.О нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хохирогч С.М-ын байшингийн хаалганы цүүг эвдлэн орж 39 инчийн “ВSВ” маркийн зурагтыг авч явсан үйл баримт нь:

-Хохирогч С.М-ын “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би 16 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалга онгорхой, гэртээ ороод зурагт алга болсныг мэдээд би хажуу талын Т-оос асуусан чинь нэг хар хувцастай хүүхэн зогсож байсан гэхээр нь цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “...иргэн С.М-ын байшингийн үүдний амбаарын хаалга нь онгорхой, хаалганд цоож зүүлттэй, хаалганы цүү эвдэрч цуурсан байдалтай” байсан нь тусгагдаж бэхжигдсэн  /хх-ийн 5-8х/

-Эд зүйлийн үнэлгээгээр: С.М-ын эзэмшлийн 39 инчийн BSB зурагт 799.000 төгрөгөөр үнэлэгдсэн. /хх-ийн 63х/

-Гэрч С.Ү-ын /цагдаагийн албан хаагч/  “...Сонгинохайрхан дүүрийн 19 дүгээр хороо, 21 худалдааны төвийн баруун талын байрны булангаас 35-40 орчим насны эмэгтэй хүн улаан хүрэн өнгийн даавуунд боосон дөрвөлжин хэлбэртэй овор ихтэй юм тэврээд явж байсан. Шалгахад 39 инчийн зурагт...гэрээсээ зурагт аваад явж байна гэснийг гэрээ заагаад өг гэрт чинь очиж үзье гэхэд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод очих явах замдаа би таньдаг ахынхаа гэрээс авсан юм, өөрөө мэдэж байгаа гээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин С.М-ын гэрт очиход иргэн С.М- нь гэрийнхээ гадаа зогож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20х/

-Гэрч Ө.Э-ын /цагдаагийн албан хаагч/ “...35-40 орчим насны эмэгтэй хүн улаан хүрэн өнгийн даавуунд боосон дөрвөлжин хэлбэртэй овор ихтэй эд зүйл тэврээд явж байхаар нь шалгахад 39 инчийн ВSВ маркийн зурагтыг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн С.М-ын гэрээс хулгай хийсэн болохыг шалган тогтоож, Сэлбэ-10-т С.О гэгчийг хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62х/

-Шүүгдэгч С.Огийн “...Би ...С.М-ын гэрт очиж унтъя гэж бодоод очиход байшингийн хаалга цоожтой байсан, хаалгыг гараараа татахад хаалганы приус мод, цоожний цүүтэй хамт мултраад гараад ирсэн. Тэгэхээр нь би С.М-ын гэрт ороод 39 инчийн ВSВ маркийн зурагтыг аваад гарсан, тэгээд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Гэгээн Мандал эмнэлгийн хажууд цагдаагийн алаг машин ирээд баригдсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл, С.О нь хууль зүйн хувьд нууц аргаар, шунахайн сэдэлтээр, архи уух, мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч хохирогчийн 39 инчийн BSB зурагтыг хулгайлсан үйлдэл хийсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч түүний өмгөөлөгч мэтгэлцээгүй болно.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас С.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч С.О нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг буюу оногдуулах ялыг багасгаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс С.Ог гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Од эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Од 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.О өмнө нь хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан ял шийтгүүлж байсан хэдий ч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, нөгөө талаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ, хохирогчид учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн даруй хохирогчид буцаан өгсөн зэргийг харгалзан ял оногдуулсан болно.

Хохиролын талаар:

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр: “...BSB гэсэн бичиглэлтэй LED зурагтыг С.Огоос хураан авч, хохирогч С.М-т хүлээлгэн өгсөн”  /хх-ийн 10х/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Бусад асуудлын тухайд:

Шүүгдэгч С.О нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагт товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан тул түүнд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 968 дугаартай шүүгчийн захирамжаар өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба тэрбээр тус өдрөөс хойш 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 6 /зургаа/ хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Огийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С-ын О-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С.Ог 1 /нэг/ жил хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар С.Од оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Огийн цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Огийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ