Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 419

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг, Д *-** тоотод оршин суух,******* овогт *******ийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын спорт цогцолбор /дарга *******/ -т холбогдох

 

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгож, 2017 оны 6 сарын цалингийн зөрүү 39.753, листний мөнгө 80.500 төгрөг нийт 120.253 төгрөг гаргуулах, мөн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүй арга хэмжээ авч, ажлаас халах тухай тушаал гаргасан спорт цогцолборын дарга *******д арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* түүний өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №11 тоот тушаалын дагуу соёлын төвийн дэргэдэх спорт цогцолборын арга зүйчээр мэргэжлийн дагуу ажилд орсон болно.

Байгууллагын дотоод журамд заагдсан ажлын чиглэл тодорхой тусгагдаагүй боловч өгсөн үүрэг даалгаврын дагуу тус суманд зохиогдсон төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж, үндэсний бөхийн секцийг тогтмол чанартай явуулж ирсэн. Мөн залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх зорилгоор цогцолборын дэргэдэх фитнесс төв, спорт заалны засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийсэн.

Энэ хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлж, сар болгон хийсэн ажлаа тайлагнан дүгнүүлж байсан.

Тус сумын нутаг дэвсгэрт гарсан гал түймрийг унтраах ажиллагаанд 06 дугаар сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийг дуустал дайчлагдан ажилласан. Үүний дараа биеийн байдал муудаж сумын эмнэлэгт үзүүлж өвчний улмаас 06 дугаар сарын 15-ны өдрөөс 24-ний өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хотод нарийн шинжилгээнд яваад ирсэн. Ирэхдээ акт болон тэр хугацааны листийг байгууллагаасаа авчирч өгсөн. Листийг өгөөгүй 6 дугаар сарын цалин буухад цалинг 10 хувиар хассан байсныг мэдсэн. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, байгууллагын дотоод журмын 9.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. 8 дугаар сарын 11-ний өдөр уг тушаалыг хуулбарлан авахаар очиход гарын үсэг тамга тэмдэггүй, спорт цогцолборын даргын тушаалын бланк дээр Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч тушаал гаргасан байсныг утсаар баримтжуулж авсан.

Ийм учраас энэ тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, сум байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын сурын комисст ажиллаж үүрэгт ажлаа биелүүлж байсан боловч цагийн бүртгэл дээрээ хөтлөгдөөгүй байсан. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 9 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг одоо хүртэл албан ёсоор мэдэгдээгүй байгаа нь хөдөлмөрийн хуулийн 43.1, 43.2, 43.3 дахь хэсэгт заасан заалтыг тус тус зөрчсөн байна.

Ажлаас чөлөөлөх тухай ******* сумын спорт цогцолборын даргын тушаалын үндэслэл болгосон хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 7,8,9 заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй.

Ажлаас халсан талаар Соёлын төвийн нягтлан Р.Даариймаагаас 8 дугаар сарын 11-ний өдөр эрхлэгч *******гаас тодруулахад 07 дугаар сарын 28-ны өдөр ******* сумын засаг дарга М.Ганбаатар ажлаас хал гэж хэлсний дагуу тушаал гаргасан гэсэн.

Учир иймд үндэслэлгүй уг тушаалыг хүчингүйд тооцуулах тамга тэмдэггүй, арга хэмжээ авах тушаал, цагийн бүртгэлийн хангалтгүй хөтлөлт, үндэслэлгүй ажлаас халах тушаал гарган түүнийгээ албан ёсоор мэдэгдээгүй байгаа хариуцлагагүй эрхлэгч *******д арга хэмжээ авахуулж ажлын хариуцлага тооцож өгнө үү! гэжээ.

 

Нэхэмжлэгч П.******* нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

... Миний бие 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийнхээ 1 дэх хэсэгт 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах гээд нөхөж олгуулах тухай гэсэн утга авцал муутай өгүүлбэр бичсэн байна. Тухайн үед хуулийн хүнээс зөвлөгөө аваагүй байсан учир өөрийнхөө хэллэгээр бичсэн юм.

Одоо энэ нэхэмжлэлийнхээ нөхөн олгуулах гэдгийг хуулийн хэллэгээр үндэслэлгүй тушаалаар цалингаас суутгагдсан цалингийн арга хэмжээний 10 хувь болох 39.753 төгрөгийг гаргуулах гэж өөрчлөн бичиж байна. Харин дээрх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь заалт болох 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот тушаалыг хүчингүй болгох гэсэн шаардлагатай холбогдуулан

а. ажилд эгүүлэн тогтоолгох

б. ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалинг гаргуулах, би сард 496.912 төгрөгийн цалинтай байсан. Үүнийг нягтлан бодогч тодорхойлсон.

в. ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна.

Шинээр 4 хоног өвчтэй байсан листийг минь алга болгон өвчтэй байсан хугацааны цалин аваагүй тул цалингийн зөрүү 80.500 төгрөгийг гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна.

Учир нь: 2017 оны 06 сарын цалинг авах үед миний цалингаас суутгал хийсэн байсан. Ингээд яагаад суутгал хийсэн талаар санхүүгээс асуухад мэдэх зүйл алга 10 хувь цалингаас суутга гэж Зулбадрах хэлсэн гэсэн өгүүлбэр хэлсэн. Энэ асуудал намжаагүй би арга хэмжээ авсан тушаалаа гардаж аваагүй байхад 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажлаас халсан тухай асуудлыг үйлчлэгчээсээ сонсож халагдах тушаалаа авъя гэхэд маргааш, нөгөөдөр ир гэсэн хариулт өгч 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр надад 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гардуулан өгсөн. Мөн өдрөө надад 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн цалингаас суутгал хийсэн сахилгын арга хэмжээ авах тухай 06 дугаартай даргын тушаал өгсөн боловч тэр тушаал дээр гарын үсэг зурагдаагүй байгууллагын тамга дарагдаагүй тушаал байсан учир Болормаа дарга руу утсаар ярьж надад миний цалингаас суутгал хийсэн тушаал гарын үсэг тамга байхгүй байна гэхэд за одоохон Зулбадрахыг явуулчихъя гарын үсэг тамга дар гэж хэлье гээд хэсэг хугацааны дараа Зулбадрах ирж гарын үсэг зурж, тамга дарж өгсөн тушаалын нэг хувийг надад өгсөн учир би дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байгаа болно.

Мөн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот тушаалын хувь хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан учир хүчингүй болгуулах үүднээс дээрх шаардлагуудыг гаргасан болно.

Хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь хэд хэдэн хуулийн заалтаар тогтоогдож байна. Үүнд:

1. Надад ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтлаагүй нь тушаал үндэслэлгүй гаргасны нотолгоо. /Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3/

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан боловч сахилгын зөрчил удаа дараа гаргаж байсныг нотлоогүй, ноцтой зөрчил гэж юуг үндэслэн ийм заалт баримталсан нь тодорхойгүй байгаа нь тушаал үндэслэлгүй гаргасны нотолгоо.

3. Намайг гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж бичсэн боловч ямар ямар үүргийг удирдлагаас хэзээ хэдийд өгсөн болон түүнийг хэзээ хэрхэн биелүүлээгүй талаар ямар ч баримт нотолгоогүй зүйл бичсэн байгаа нь үндэслэлгүй гаргасан нотолгоо.

4. Уг тушаалд миний ажлыг хүлээж авах бүрэлдэхүүн томилогдоогүй.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан хэдий хугацаанд ажлыг хүлээж авах талаар Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд заасан заалтыг хууль тогтоомжийг баримтлаагүй олон зөрчил байгаа тул уг тушаалуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байгаа гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна!гэжээ.

 

Нэхэмжлэгч П.******* 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 дугаар сард түймэр унтраах ажилд яваад ирсэн. Гал унтрааж байгаад ирээд нуруу нугасны өвчтэй болохоор 10 орчим хоног гэртээ байсан. Ингээд ажил дээр очтол надад сахилгын шийтгэл оногдуулсан тушаал гаргасан байсан. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот тушаал үндэслэлгүй.

Учир нь: Намайг чөлөөтэй байх хооронд энэ тушаалыг гаргасан байсан. Энэ тушаал гарсан талаар би огт мэдээгүй байсан. Дансанд цалин дутуу орсон байсан. Би яагаад дутуу орсон талаар санхүүгээс асуухад сахилгын арга хэмжээ авагдсан тул 10 хувийн цалин хасч олгосон гэж хэлсэн. Мөн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр №09 тоот тушаалаар намайг ажлаас халсан тушаал гаргасан байсан. Би 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажлаас халагдсан тушаалаа авахдаа цалин 10 хувь буруулж олгох тушаалыг гарын үсэг тамга тэмдэггүйгээр хүлээж авсан. Яагаад надад сахилгын шийтгэл оногдуулж цалинг 10 хувиар бууруулсныг би одоо ч гэсэн ойлгохгүй байна. Би архи дарс хэрэглээд байдаггүй. Би ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэгч ийм тушаал гаргах эрхгүй байдаг гэж бодож байна. Намайг ямар шалтгаанаар ажлаас халсаныг ойлгохгүй байна.

Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын Спорт цогцолбор нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот арга хэмжээ авсан тушаал нь намайг чөлөөтэй байх үед гарсан тушаал учир үүнд хариулт өгөх боломжгүй. Харин ажлаас халсан тушаалын хувьд П.******* нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хөдөлмөрийн хууль баримтлан ажлаас нь чөлөөлсөн. Иймд П.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. П.******* нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 28-ны өдрүүдэд шалтгаангүй ажил тасалж хөдөлмөрийн сахилга зөрчсөн асуудалд зохих хариуцлага тооцсон учир хариуцагч болсон ба ажил тасалсныг зөвтгөх үндэслэл байхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалыг хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмыг үндэслэж гаргасан.

Учир нь: П.******* маш олон хоног ажил тасалсан. Ажил тасалсан шалтгаанаа баяр наадмын комисст ажилласан гэж тайлбарласан. П.*******ийг наадмын комисст орж ажиллах тухай ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хамт олны хурал хийсэн. Энэ хурлын үеэр хамт олны зүгээс П.*******ийг байгууллагын ажилд ерөөсөө идэвхи санаачлага гаргахгүй байна гэж хэлж байсан.

Мөн П.*******ийг олон хоног ажил тасалсан тул ажлаас чөлөөлөх тухай асуудал яригдахад бүх албан хаагч нар хүлээн зөвшөөрсөн. Би П.*******ийг дуудаад яагаад ийм үйлдэл гаргаад байгаа талаар асуухад эхэндээ шүүмжлэл хүлээж авч байсан бол дараагаас нь уурлаад хаалга саваад гардаг.

Нэхэмжлэгчийг хуулийн дагуу л ажлаас нь чөлөөлсөн тиймээс түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын спорт цогцолборт холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгож, 2017 оны 6 сарын цалингийн зөрүү 39.753, листний мөнгө 80.500 төгрөг нийт 120.253 төгрөгийг гаргуулах, мөн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүй арга хэмжээ авч, ажлаас халах тухай тушаал гаргасан спорт цогцолборын дарга *******д арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл баримт буюу ажилтанг ажлаас халсан үйл явцыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл:

 

Нэг. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгож, 2017 оны 6 сарын цалингийн зөрүү 39.753, листний мөнгө 80.500 төгрөг нийт 120.253 төгрөгийг ******* сумын спорт цогцолбороос гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1. Ажил олгогч нь П.*******ийг Сэлэнгэ аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11 тоот тушаалаар Спорт цогцолборын арга зүйчээр түр авч улмаар зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна./хх-ийн 8-11,103 тал/,

2. Спорт цогцолборын даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний 06 дугаар тушаалаар 1 сарын цалинг 10 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан байна./хх-ийн 102 тал/

Ажил олгогч нь ажилтанд дээрх сахилгын арга хэмжээ авсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан арга хэмжээ авах тухай тушаалын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот арга хэмжээ авсан тушаал нь намайг чөлөөтэй байх үед гарсан тушаал учир үүнд хариулт өгөх боломжгүй гэх боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн болон няцаасан баримтыг гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

  Иймд дээр дурдсаныг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн ******* сумын 2017 оны 6 сарын цалингийн зөрүү 39.753, листний 80.500 төгрөг нийт 120.253 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******ид олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Хоёр. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр арга хэмжээ авч, ажлаас халах тухай тушаал гаргасан спорт цогцолборын дарга *******д арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагын тухайд:

Ажил олгогч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч П.******* нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 07 дугаар сарын 27-ныг хүртэл ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан бөгөөд түүний ажил тасалсаныг зөвтгөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.Учир нь:

1. ******* сумын Спорт цогцолбор нь Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Төсөвт байгууллага байгуулах тухай 48 тоот тогтоолоор Спорт цогцолбор төсөвт байгууллага байгуулж, дүрмийг хавсралтаар баталж, Сэлэнгэ аймгийн ******* сумын Спорт цогцолбор төсвийн байгууллагын дүрмийн 7-ийн 1-д ... энэхүү дүрмийг баталсан өдрөөс эхлэн тус тус ******* сумын соёлын төвийн дэргэдэх Спорт цогцолбор-ын удирдлага ажилтнууд нэгэн адил дагаж мөрдөнө, ... үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг сумын засаг дарга нарт үүрэг болгосон байх бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Спорт цогцолбор гэх хуулийн этгээдээр бүртгэгдэж 1370002062 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдэж 000072289 тоот улсын бүртгэлийн гэрчилээ авсан байна. /хх-ийн 144-150/

 

2. ******* сумын Спорт цогцолбор нь Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын 2016 оны 05 сарын 25-ны өдрийн Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай 135 тоот захирамжийн дагуу ******* сумын спорт цогцолборын даргын ажлыг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн соёлын төвийн эрхлэгч *******д хавсруулан гүйцэтгүүлсэн байна./хх-ийн 151 тал/

3. Ажил олгогч нь П.*******ийг Сэлэнгэ аймгийн ******* сумын спорт цогцолборын даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот тушаалаар Спорт цогцолборын арга зүйчийн ажлаас шалтгаангүй олон хоног ажил тасалсан, байгууллагын дотоод журам зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна./хх-ийн хх-ийн 71 тал/

 

Ажилтан П.******* нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл х үндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь цагийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлэг, 2017.07.01-2017.07.11 өдрийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн ажилтан ажил олгогч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох цуцлах тохиолдлыг хөдөлмөрийн гэрээний 2.9-ийн з-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг дараалан 2 ба түүнээс дээш хоног тасалсан, мөн гэрээний 3.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болно. Мөн хуулийн 38,39,40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцлана мөн Сэлэнгэ аймгийн ерөө сумын спорт цогцолбор төсөвт байгууллагын дүрмийн 3.5.2-т ... байгууллагын эрхэм зорилт, зарчим, үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрч ажиллах тул дүрэм, журам, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх, байгууллагын нэр хүндийг ямагт дээдлэн дэлгэрүүлж, бусдад үлгэрлэн дагуулах, байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, албан тушаал хашин ажиллаж байгаа нөхөддөө хүндэтгэлтэй хандах, өөрийгөө хөгжүүлэх талаар үргэлж анхаарч, шамдан суралцах, ажилтан нар нь байгууллагын нэр хүнд, үзэл баримтлалд сөргөөр нөлөөлөх үл хүндэтгэсэн ёс зүйгүй аливаа үйлдэл хийхийг хориглоно.

Энэ зүйлд заасан үүргээ үл биелүүлэн байгууллагын дүрэм, журмыг удаа дараа болон ноцтой зөрчсөний улмаас байгууллагын нэр хүндийг унагасан, хохирол учруулсан бол байгууллагаас халах үндэслэл болно ... гэж тус тус заажээ./хх-ийн 8-11,147 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ... ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан ажил олгогчийн шийдвэр хуульд нийцэж байна.

Хэдийгээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлж, сар болгон хийсэн ажлаа тайлагнан дүгнүүлж байсан бөгөөд 7 дугаар сард сум байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын сурын комисст ажиллаж үүрэгт ажлаа биелүүлж байсан боловч түүнийг маань цагийн бүртгэл дээрээ хөтлөлгүй үндэслэлгүй ажлаас халах тушаал гаргасан. Болормаа даргад энэ байдлыг хэлсэн мөн мэдэгдсэн ... гэдэг боловч гэрч нарын тодорхойлолт, мэдүүлгээс өөр нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлох ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад шүүх зөвхөн гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр арга хэмжээ авч, ажлаас халах тухай тушаал гаргасан Спорт цогцолборын дарга *******д арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Мөн нэхэмжлэгч нь ... Баяр наадмыг зохион байгуулах сумын комисст томилогдсон талаарх Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Сэлэнгэ Улс хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 144 тоот захирамж, Ардын хувьсгалын 96 жил, сум байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадамд сурын комиссын сурын талбайд хийгдсэн бэлтгэл ажил, бай шагналын тайлан илтгэх хуудас зэргийг баримтаар өгсөн боловч Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын ... Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын ажлын хэсэг, салбар комиссын гишүүдийн ажлын цагийг нарийвчлан бүртгэсэн бүртгэл байхгүй гэх тодорхойлолт нь ... түүнийг амралтын өдрөөр ч байнга ажилласан гэх гэрч Б.Солонгын мэдүүлгийг үгүйсгэж байх ба дээрх нотлох баримтууд нь эргэлзээтэй байх тул Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 144 тоот захирамж болон түүний хавсралтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч П.******* нь 2018 оны 8 дугаар сарын 27-нд хуралдах шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул өөрийн өмгөөлөгч *******ийг оролцуулахад татгалзах зүйлгүй. Намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,128.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгож, 2017 оны 6 сарын цалингийн зөрүү 39.753 төгрөг, листний мөнгө 80.500 төгрөг нийт 120.253 төгрөгийг Сэлэнгэ аймгийн ******* сумын спорт цогцолбороос гаргуулж П.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүй арга хэмжээ авч, ажлаас халах тухай тушаал гаргасан спорт цогцолборын дарга *******д арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МӨНХЗУЛ