Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/243

 

                          

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,                     

              Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

              Хохирогч С.Б,

              Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

             Шүүгдэгч Ү.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үын Дд холбогдох эрүүгийн 2238000000287 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Ү.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн Овооны ам гэх газарт С.Бгийн толгойн тус газарт модоор цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000287 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Ү.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн Овооны ам гэх газарт хохирогч С.Бтэй “гуйж ямаа самнуулаагүй, муу гуйлгачин” гэж хэллээ гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний толгойн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь гавлын зүүн чамархай, дух, суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны дэлбэн хэсгийн эдийн няцрал, хоёр талын ухархайн дээд ба дотор хана, хамар ясны хугарал, дух, хамарт шарх, зулгаралт, хоёр нүдний зовхи, хацарт цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Дн өгсөн: “...Би Д ахын гэрт ямаа самнах гэж очсон. Өглөө ямаагаа самнаад Э ах, Э эгч бид 3 үлдсэн. Д ах үхэртээ явсан. Орой нь Д ах согтуу ирсэн. Гэтэл машин нь шаварт суучихлаа гэж замын хүмүүс гэрт нь ирсэн. Тэр хүмүүсийг явуулчихаад араас нь машиныг татаж өгөх гээд очтол машинаас шавраас гаргачихсан байсан. Тэгээд тэр хүмүүстэй Д ах Э ахын гэрт орсон. Тэнд бид нар нэг пиво тойруулаад ууж байсан. Би тэр пивоноос амссан. Д ах надад хандаж “чамаар гуйж ямаа самнуулаагүй, хоногийн хоол олж идэх гэж ирсэн юм уу” гэсэн. Тэгж хэлэхэд нь би “ингэх байсан юм уу та” гэж хэлээд гэрээс гараад явсан. Гэрээс гараад явахад Д ах Э ахтай намайг яриад байх шиг байсан. Тэгэхээр нь би Д ахаас “Э ах  юу гэж байна” гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэхэд би машин руугаа орох гэж байтал Д ах хутгатай гарч ирээд миний хөл рүү жирс хийх шиг болохоор нь би мод аваад Д ахыг цохисон. Тухайн үед сандраад юу болсныг мэдээгүй. Би Д ахыг эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Бгийн өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ямаагаа самнуулахаар хүмүүс хөлсөлсөн юм. Би 3 өдөр хүмүүсээр ямааныхаа ноолуурыг самнуулсан. 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Э, Э, Д нар ямаагаа самнаад үлдсэн. Би тугаллах үхэр, эргүү бяруугаа олж ирэхээр явсан. Эргүү бяруугаа хайгаад олдохгүй бензин багадах шинжтэй болохоор нь  сумын төв орж бензин аваад оройхон гэртээ ирсэн. Малынхаа хашаанд байж байтал мотоцикльтой хүн ирэхээр нь гэртээ орсон. Гэтэл тэр хүмүүс шавар суулаа татаад гаргаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь Ү.Д, н.Э бид 3 татаж өгөхөөр машинд суугаад тэр хүмүүсийн араас нь явсан. Тэгтэл нөгөө хүмүүс шавраас гарчихлаа гээд өөр машинтай хүмүүстэй замд байж байсан. Шавраас машиныг нь татаж гаргаж өгсөн гэх хоёр ах шилний тал дундуураас доогуур 2-3 хуруу архи хундагалаад сууж байгаад намайг дуудахаар нь би яваад очсон. Тэгтэл надад 1 хундага архи өгсөн. Тэгээд өөрсдөө нэг, нэг хундагыг уугаад тус архи нь дууссан.  Ү.Д, н.Э бид гурав машин дотроо нэг пиво хувааж ууж байгаад гэртээ харьсан. Манай хадам дүү Эын жижиг гэрт бид гурав 2 том пиво хувааж уугаад сууж байтал манай эхнэр ирээд “та нар маргалдаад байгаа юм уу” гэхээр нь “үгүй” гэсэн. Эыг “хонь хотлох боллоо” гээд Э гэр лүүгээ явсан. Ү.Д бид хоёр гэрт үлдээд жаахан маргалдсан. Би тухайн үед хутга барьж яваагүй. Миний толгой руу цохих шиг болсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Тэгээд ухаан ортол эмнэлэгт байсан. Хохирлоо барагдуулна, гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Бгийн өгсөн: “...Д нь манай хөдөө гэрт ямаа самнах ажлаар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Э, Д болон манай эхнэр ямаа самнаад үлдсэн юм. Би мотоциклдоо бензин авахаар сумын төв орсон юм. Сумын төвийн дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй 4 ширхэг пиво аваад хөдөө гэр рүү буцсан юм. Хөдөө гэртээ очоод авсан пивоо Д, Э наг хувааж уусан. Орой болоход Э малдаа яваад хөөгөөд цуглуулж манай эхнэртэй малыг маань хашсан. Яг тэр үед Д бид хоёр гэрийн гадаа маргалдаж эхэлсэн. Тэгтэл Д намайг модоор толгой руу цохичихсон, түүнээс хойш юу болсныг санахгүй байна...Би Дд гомдолтой байна. Би Дгаас эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 24 тал/,

              Гэрч М.Эийн өгсөн: “...21 цагийн үед малаа хотлуулчхаад гэртээ иртэл зодолдсон бололтой гэрийн баруун хойно түлээний ойролцоо нөхөр Б цустайгаа холилдсон байдалтай хэвтэж байсан очтол ухаан байгаагүй. Д манай дүү болох Этай зууралдсан биеэ барьж аваад салахгүй байсан. Э нь Дг “чи Б ахыг цохисон байна шүү дээ яаж байгаа юм бэ” гэх мэт үг хэллэгүүд хэлж байхыг сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

              Гэрч М.Эын өгсөн: “...Д нь тухайн зодоон болох үеэс 2,3 хоногийн өмнө ямаа самнах гэж хөдөө гарч ирсэн. Харин би яг зодоон болсон өдрийг сайн санахгүй байна. Тухайн зодоон болдог өдөр би орой гэгээ тасрах үеэр гэртээ ирсэн. Гэртээ иртэл гэрийн хойд талд ойролцоо Д нь мод барьцан Б ах болохоор дээшээ харсан байдалтай нэг талын хөмсөг хэсэг нь тасарсан байдалтай байсан. Би яг урд талаас нь харсан. Харин Дг “...чи хүн алчихлаа шүү гэтэл Д нь “алсан ч ямар хамаатай юм” гэж надад хэлээд над руу чиглэж алхаж ирээд миний дээлээс зуурч аваад миний толгойны ар хэсэг рүү гараараа 4-5 удаа цохисон. ...Би яг гэрийн баруун талын үзүүр давааг морьтой давж гарч ирээд гэр рүүгээ 50-60 метрийн зайнаас харахад Д мод барьцан Б ахыг цохиж байхыг би харсан. Тэр үед Б ах өвдөг дээрээ сөгдсөн байдалтай харин Д хоёр хөл дээрээ зогссон байдалтай байсан. Би тэр үед зодооныг Дгаас модыг нь булааж аваад л зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42, 52 тал/,

              Гэрч Х.Эгийн өгсөн: “...Эрүүл мэндийн төв дээр очтол Б нь ухаан алдсан, толгойноос цус гарсан бололтой эрээн даавуугаар толгой нь ороосон байсан. Тухайн толгойг ороосон боодлыг задлан үзэхэд нүүрний зүүн дээд хэсэг хөмсөгний дээд хэсэгт 5-6 см орчим язарсан, байдалтай байсан их хавдартай байсан тул тухайн шарханд оёдол тавьж цусыг тогтоосон. Хамар нь нийтдээ цөмөрсөн байдалтай тэмтрэгдсэн. Хамрын мөгөөрс унжсан байсан. Зүүн талын чихнээс цус гарсан мөн 2 нүд битүү хавдсан байдалтай байсан. Өөр биед ил харагдах шарх байгаагүй. Харин амин үзүүлэлтүүд хэвийн байсан тул 14 цаг эмчилгээг үргэлжлүүлэн хийгээд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг өнгөрч байх үед Мөрөн сум руу тээвэрлэж хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

              Гэрч С.Рын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Цэцэрлэг сумын 2-р багийн нутаг “Хул азарга” овооны ам гэх газар Ү.Д гэх залуу нь манай дүүтэй 2 том пиво уусан гэсэн, пиво нь дууссаны дараагаар Бгийн эхнэр болох Э нь хониндоо явсан. Харин Э гэх залуу нь үхэртээ явсан хойгуур Ү.Д нь төрсөн дүү болох Бг зодож ухаангүй болгосон байсан бөгөөд тухайн үед Э нь үхэртээ яваад иртэл Б нь ухаангүй болцон түлээний тэнд хэвтэж байсан гэсэн бөгөөд Э нь “одоо болиоч ээ” хэлтэл Д нь “энэ чинь үхчихлээ, одоо тэгвэл чамайг ална” гэж хэлээд бариад авсан, харин Э нь Дтай хэсэг хугацаанд зууралдаад, зодолдсон гэсэн. Түүний дараагаар Э ирсэн байсан бөгөөд “болиоч ээ” гэж хэлтэл тэр хоёр салахгүй байхаар нь Э нь мод барьж цохиж салгасан гэсэн. Тэгээд манай дүү болох Бг Э гэр рүү нь тэвэрч оруулаад цусыг нь тогтоох гэж нилээн их юм болсон гэж надад ярьсан. Дн машинд хийж аваад сумын Эрүүл мэндийн төв рүү явах замдаа шаварт суугаад дахин өөр машинаар зөөвөрлөж эмнэлэгт авчирсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 282 дугаартай: “...С.Бгийн биед гавлын зүүн чамархай, дух, суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны дэлбэн хэсгийн эдийн няцрал, хоёр талын ухархайн дээд ба дотор хана, хамар ясны хугарал, дух, хамарт шарх, зулгаралт, хоёр нүдний зовхи, хацарт цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна...” гэх  дүгнэлт /хх-ийн 65 тал/,

             Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 32  дугаартай: “...1. Ү.Д нь сэтгэцийн хувьд эрүүл. Хэрэг хариуцах чадвартай.

2. Ү.Д гэмт хэрэг гарах үед сэтгэцийн байдлыг тогтоох боломжгүй.

3. Ү.Д нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байгаагүй.

4. Ү.Дд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт /хх-ийн 82 тал/,

              Шүүгдэгч Ү.Дн өгсөн: “...Э, Б ах нарын хамт... 2.5 литртэй Сэрүүн нэртэй пиво ууцгаасан, би амсаад уруулаа хүргэчхээд л өгөөд байсан. Тэгээд Б ах намайг “гуйж авчирч ямаа самнуулаагүй, муу гуйлгачин, хоногийн хоолоо олох гэж ирсэн юм уу” гэж хэл амаар доромжлоод байхаар нь “таныг ингэж хэлэх байсан юм бол ирэхгүй байх байсан шүү явлаа” гэж хэлээд гэрээс гараад явсан. Гарч явтал Этай намайг яриад байх шиг санагдсан. Э нь гэрээс миний араас гарч ирэхээр нь “Б ах юу гэж хэлээд байгаа юм” гэтэл Э нь “писда минь чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Би явах гээд машин луугаа алхаж байтал С.Б ах гэрээсээ хутга барьж гарч ирээд “ална шүү” гээд над руу дайраад ирэхээр нь би хөлөө өргөөд гараараа толгойгоо бариад зогссон. Тэгтэл миний зүүн хөлийн шагай хэсэгт “жирс” гэх мэдрэмж төрсөн. С.Б ах над руу дахиад дайрахаар нь би айсандаа хутгыг нь унагаах гээд газраас нарийхан мод аваад цохисон, Би С.Б ахын юу руу нь цохисон гэдгээ мэдэхгүй байна. Тэгтэл Э хажуугаас гэнэт гарч ирээд намайг хажуугаас цохисон, би шууд барьцалдаад авсан, бид хоёрыг ноцолдож байхад Э эгч намайг модоор цохиж, бид хоёрыг салгасан. Э эгч хүн алчихлаа гээд орилоод байхаар нь би айсандаа С.Б ах дээр гүйгээд очтол С.Б ахын нүүр ам нь цус болчихсон байдалтай газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 тал/ зэрэг бичгийн нотлох баримт болон эд мөрийн  баримтаар хураагдаж ирсэн 63 см урттай, бөөрөнхий хэлбэртэй мод 1 ширхэг, 85 см урттай, бөөрөнхий хэлбэртэй мод 1 ширхэг зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Д болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.Бгийн мэдүүлэг, М.Э, М.Э, Х.Э, гэрч С.Р нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 282 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 32  дугаартай гэх дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ү.Дн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Ү.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн Овооны ам гэх газарт хохирогч С.Бтэй хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний толгойн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь гавлын зүүн чамархай, дух, суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны дэлбэн хэсгийн эдийн няцрал, хоёр талын ухархайн дээд ба дотор хана, хамар ясны хугарал, дух, хамарт шарх, зулгаралт, хоёр нүдний зовхи, хацарт цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

              Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ү.Дн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон бөгөөд хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх ба энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ү.Дн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.  

              Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ү.Дн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба тэрээр эмчилгээ, оношилгоо, замын зардал, бусад зардлыг нэхэмжилж, мөрдөн шалгах ажиллагааны шатанд 7.000.000 төгрөгийг нэхэмжилсэн, шүүхийн шатанд 4.176.135 төгрөгийн нэхэмжилж баримтыг ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад  хохирогчийн эмчилгээний зардалд /хх-ийн 128-135, 141, 166-167 тал/ 1.720.934 төгрөг, шатахууны зардалд /хх-ийн 136-137,139, 142, 167-168 тал/ 1.636.316 төгрөг, нийт 3.357.250 төгрөгийг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Ү.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4.000.000 төгрөг төлсөн /хх-ийн 169 тал/ байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр буюу 3.357.250 төгрөгийг төлсөн гэж үзлээ.

Хохирогч С.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал /хх-ийн 129, 132, 133, 135 тал/ Шүүдэргэн эмийн сангийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 113.700 төгрөгийн НӨАТ-ын баримт, Шүүдэргэн эмийн сангийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 42.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Онтайм технологи ХХК-ийн 2022 оны 5 дугар сарын 11-ний өдрийн 3.600 төгрөгийн Үхрийн хэрч гэх НӨАТ-ын баримт, Шүүдэргэн эмийн сангийн 114.800 төгрөгийн НӨАТ-ын баримт, Долгион гэх 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 25.200 төгрөгийн НӨАТ-ын баримт нийт 299.300 төгрөг,

бусад зардалд /хх-ийн 138-140 тал/ Шинэ өглөө дэлгүүрийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 3.300 төгрөгийн НӨАТ-ын баримт, Нар супермаркетын 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 25.750 төгрөгийн НӨАТ-ын баримт, Баяннуур дэлгүүрийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 18.400 төгрөгийн НӨАТ-ын баримт, Оюунчимэг гэх 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 41.840 төгрөгийн НӨАТ-ын баримт, Номин холдингийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 47.500 төгрөгийн НӨАТ-ын баримт, Шинэ өглөө дэлгүүрийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 13.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Нар супермаркетын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4.800 төгрөгийн НӨАТ-ын баримт, Хөвсгөл өргөн тэсийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 55.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Жаргалан рестораны 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 67.500 төгрөгийн НӨАТ-ын баримт, Жаргалан рестораны 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 103.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Жаргалан рестораны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 139.500 төгрөгийн НӨАТ-ын баримт нийт 519.585 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, юунд зарцуулсан нь тодорхой бус байх тул эмчилгээний зардал 299.300 төгрөг, бусад зардалд 519.585 төгрөг нийт 818.885 төгрөгийг зайлшгүй гарах зардалд хамаарахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч С.Б цаашид гарах эмчилгээний зардал болон холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

              Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Ү.Дн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ү.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

              Улсын яллагчаас шүүгдэгч Ү.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

              Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргалаас шүүгдэгч Ү.Дд оногдуулах ялыг торгох биш хорих ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү гэх саналыг

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгээс шүүгдэгч Ү.Дд “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргасан.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ү.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

              Хавтаст хэргийн 98-102 талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ү.Д нь ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

              Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ү.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүхээс дүгнэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дд оногдуулсан 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 375.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 32 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 63 см урттай, бөөрөнхий хэлбэртэй мод 1 ширхэг, 85 см урттай, бөөрөнхий хэлбэртэй мод 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ү.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ү.Д нь хохирогч С.Бд 4.000.000 төгрөгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ү.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл,  36.4 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Б овогт Үын Дг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Үын Дг 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дд оногдуулсан 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 375.000 /гурван зуун далан тав/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 32 /гучин хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ү.Дд сануулсугай.

              5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 63 см урттай, бөөрөнхий хэлбэртэй мод 1 ширхэг, 85 см урттай, бөөрөнхий хэлбэртэй мод 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

              6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ү.Дгаас эмчилгээний зардал 1.720.934 төгрөг, шатахууны зардал 1.636.316 төгрөг, нийт 3.357.250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 818.855 /найман зуун арван найман мянга найман зуун тавин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч С.Б нь цаашид гарах болон холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              7. Энэ хэрэгт шүүгдэгч Ү.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ү.Д нь хохиролд 4.000.000 төгрөгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              8. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН