Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0339

 

                                         “Б” ХХК-ийн

      нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 125/ШШ2024/0018 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Б” ХХК

Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

 

Хэргийн индекс: 125/2023/0054/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0018 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-нийн “Ховд аймгийн  Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “..."Богоч констракшн" ХХК-ний зүгээс "Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний А/410 тоот захирамжийн "Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийг Ховд аймгийн засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй байна харин төрийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн агуулга бүхий шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.1. Тус шүүхээс нэхэмжлэгчийг үүрэг биелүүлээгүй гэх боловч нэхэмжлэгчийн зүгээс үйл баримт нь хувь хүн болон аж ахуй нэгжээс шууд хамааралтайгаар үүрэг биелүүлэх боломжгүй байсан гэдгийн няцаах нотлох баримт болон холбогдох бичиг баримтаас дүгнэж болохоор байсан ч анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасныг зөрчин хэт нэг талыг баримтлан зөвхөн үүрэгжсэн үйлдлийг биелүүлэх ёстой гэх байдлаар дүгнэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03- дугаар сарын 20-ны өдрийн 125/ШШ2024/0018 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:                                                          

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хүчингүй болгуулахаар маргасан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй Жаргалант сумын шинэ суурьшлын бүсэд газар эзэмшигч 13 иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны нэг нь нэхэмжлэгчийн тус Засаг даргын 2020 оны А/189 дүгээр захирамжаар орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан 0,6 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээ хамрагджээ.

3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан үеэс газраа ашиглаж эхлэх 2 жилийн хугацаа тоологдох ба Ковид-19 цар тахлын үеийн хөл хорио тогтоосон хугацааг эс тооцвол нэхэмжлэгч маргаан бүхий акт гаргахаас өмнө нь газраа гэрээнд заасан болзол нөхцөлийн дагуу ашиглахын тулд юуны өмнө барилгын зураг, төслөө хийлгэж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, эзэмшил газраа хашаалснаас өөр хийсэн зүйлгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй ...” гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.   

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ... хувь хүн болон аж ахуйн нэгжээс шууд хамааралтайгаар үүрэг биелүүлэх боломжгүй байсан, ... анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан зөвхөн үүрэгжсэн үйлдлийг биелүүлэх ёстой гэх байдлаар дүгнэсэн гэжээ.

5. Нэхэмжлэлийн үндэслэлд “... 2020 оны 11 сараас ковидын хөл хорио тогтоож, бүх хил гааль хаагдсан, ... Орлогогүй болж барилга барих боломжгүй болсон, барилгын материалын үнэ өссөн, эдийн засгийн хямралд орсон, 2022 оны 12 сараас эхэлж хөл хорио тавьснаас үүдэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан ...” гэж газраа ашиглаагүй “хүндэтгэн үзэх шалтгаан”-аа тайлбарлан, бусадтай байгуулсан Барилгын зураг төсөл гүйцэтгэх гэрээ, хөлс төлсөн баримт,  “Үйлчилгээтэй 234 айлын орон сууцны барилга”-ын загвар зураг хавсаргаж ирүүлсэн нь хэрэгт авагдсан боловч тухайн загвар зургийг Барилгын тухай хууль, холбогдох норм, дүрмийн дагуу хянан баталдаг эрх бүхий этгээдийн аль нэгээр нь  гарын үсэг зуруулаагүй байх тул барилга барих үйл ажиллагааны бусдаас шалтгаалах олон үе шатны ажлыг гүйцэтгэсээр барилгын ажлаа эхлүүлж чадаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

6. Түүнчлэн тус компани нь анх тухайн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар “төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон” гэх үндэслэлээр аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дүгээр захирамжаар олж авснаас үзвэл 3 жил 4 сарын хугацаанд (үүнээс Ковид цар тахлын үе тохиолдсонтой холбогдуулан заавал барилгын ажлыг газар дээрээ эхлүүлсэн байхыг шаардахгүйгээр тооцоход) барилгын зураг төслөө эрх бүхий аль нэг этгээдээр ч хянуулж батлуулаагүй байгааг “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзэх үндэслэлгүй байна.

7. Энэ талаар хариуцагчийн гаргасан “... газраа зориулалтын дагуу ашиглаж барилгын ажлаа эхлүүлээгүйгээс тухайн үед аймгийн иргэдийг хямд орон сууцаар хангах зорилго, төлөвлөлт хангагдаагүй ... Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

8. Харин 2023 оны төлбөрийн тухайд Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ” гэж заасны дагуу 2023 он дуусаагүй, газрын төлбөрийн жилийн тайлан гарч, эцсийн тооцоо хийгдээгүй байхад 2023 оны төлбөрийг төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь мөн зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж заасны “дараа улирлын төлбөрийг урьдчилан төлж болно” гэсэн нь үүрэг болгосон зохицуулалт биш тул бүтэн жилийн төлбөр төлөөгүй гэж үзэхгүй.

9. Мөн хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №08401-2020/00127 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.6-д “Төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх” гэж  зааж хугацаа хэтэрсэн төлбөрийг алдангийн хамт төлөх боломж олгосон атлаа тухайн жил дуусаагүй байхад уг боломжийг эдлүүлээгүй нь үндэслэлгүй болжээ.

10. Гэвч дээр дурдсанаар нэхэмжлэгчийг “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2-т заасанд нийцсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 125/ШШ2024/0018 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                            Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ