Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 114/ШШ2021/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 114/2021/0005/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дүгнэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд

Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч П.Энхтүвшинд холбогдох

Прокурорын дүгнэлт Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч П.Энхтүвшингийн 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 0067853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Гомдол гаргагч Прокурор К.Нанжинханд

Хариуцагч хяналтын Улсын байцаагч П.Энхтүвшин

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинхандаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Зөрчлийн материалыг хянах явцад эрх бүхий албан тушаалтан Балсүмбэр ХХК-ийн Тулга хүнсний дэлгүүрийн худалдагч Бүрэнжаргалыг хууль ёсны төлөөлөгчөөр томилоод холбогдогчоор мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэгт Тэр өдөр охиноо түр үлдээгээд татварын хэлтэст тайлангаа тушаахаар яваад ирэхэд дэлгүүрээс хугацаа дууссан хөгцөрсөн талх худалдаж авсан гэх хүн хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай байсан гэх мэдүүлэг өгсөн байдаг. Эрх бүхий албан тушаалтан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэрэглэх хугацаа хэтэрсэн гэх хүнсний бүтээгдэхүүнийг худалдсан гэх зөрчлийг хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх явцдаа илрүүлсэн гэсэн үндэслэлийг бичиж тэмдэглэл үйлдэж зөрчлийн хэрэгт авагдсан байсан. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу болон иргэний гомдлын дагуу шалгалт хийсэн гэж бичигдсэн байдаг. Гэтэл зөрчлийн материалд тухайн гомдол гаргасан иргэнийг хохирогчоор тогтоож, дуудаж асуугаагүй, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа бүрэн хийгдээгүй, өөрийн хяналт шалгалтаар илрүүлсэн мэт баримт материал тогтоогддог. Өөрөөр хэлбэл хэн гэдэг иргэн, хэзээ, ямар бүтээгдэхүүн худалдан авсан, хохирол учирсан эсэх, буцаан татан авалт хийх үндэслэл байсан эсэх зэргийг шалгаж тогтоох ёстой байсан боловч энэ талаар шалгаж тогтоосон талаарх баримт болон хяналт шалгалт хийсэн тэмдэглэл байхгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хүн, хуулийн этгээдээс амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан бол тэмдэглэл үйлдэнэ гэж заасан бөгөөд энэ талаарх баримт болон тухайн үйл баримтыг нотлох баримтууд байхгүй, хүнсний дэлгүүрийн камерын бичлэг шалгасан талаарх баримтууд тус тус авагдаагүй. Торгууль шийтгэл оногдуулсан буюу 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон орлогыг хурааж учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулна гэсэн санкцтай байдаг. Уг зүйл ангиар торгож байгаа бол тухайн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж авсан эсэх иргэнд зарсан бол учруулсан хохирлын хэмжээ, орлого олсон бол орлогыг хурааж, учруулсан хохирлыг тооцож шийдвэрлэсэн талаарх баримт хэргийн материалд огт байхгүй учраас прокурор дүгнэлт бичиж эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн..

Тулга хүнсний дэлгүүрт зөрчил үйлдэгдээгүй гэж дүгнэлтийг бичээгүй харин эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, нотлох баримтууд дутуу, нөхцөл байдлыг тогтоогоогүй, гуравдагч этгээдэд хэргийн материалыг танилцуулаагүй, шийтгэлийн хуудсыг гардуулаагүйгээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй учир улсын байцаагчийн 67853 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч П.Энхтүвшингээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газарт 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэн Цэрэннадмид гэх хүнээс утсаар болон бичгээр гомдол ирүүлсэн байсан ба Балсүмбэр ХХК-ийн Тулга хүнсний дэлгүүрээс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өглөө талх худалдаж авсан, уг талх нь Шим талх нарийн боовны цехээс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үйлдвэрлэгдсэн талхыг 3 хоногийн дотор хэрэглэх боломжтой байдаг боловч иргэн түүнийг нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр худалдаж авсан гэсэн байсан. Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар хүнсний дэлгүүрт болж буй үйл явцыг хүнсний дэлгүүр өөрөө хариуцаж байх зохицуулалттай байдаг ба өөрөөр хэлбэл 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үйлдвэрлэгдсэн талх дэлгүүрт ирээд 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хугацаа нь дууссан байх ба стандартаар 72 цаг хадгалах хугацаатай тэр өдөр нь буцаасан байх ёстой. Буцааж амжаагүй бол буцаалтын бараа гэсэн хаяг, шошготой лангуунд байрлуулах ёстой. Гэтэл энгийн лангуун дээр тавьсан байсан талхыг нь хүн авсан байсан. Иймд хугацаа дууссан бүтээгдэхүүн зарсан гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан бөгөөд хүнсний сүлжээнд өөрөө хариуцна гэж хуульд заасан байдаг. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шалгалт хийсэн бөгөөд шалгалтын удирдамж тэмдэглэл нь байна. Шалгалтын явцад буцаалтын лангуу гэж байгаагүй бөгөөд зөрчлийг илрүүлж, албан шаардлага өгсний дагуу лангуу, тавиур хийлгүүлж, шошготой болгосон. Зөрчлийн хэрэгт гомдол гаргасан хүний гомдлыг хийгээгүй, шүүхэд тайлбар гаргахдаа байгууллагын хадгалагдаж байсан материалаас авч нотлох баримтаар өгсөн. Хохирогчоор тогтоогоогүй, гэрчийг асуугаагүй, хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтоож, учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцож гаргаагүй, нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шалган шийдвэрлэх ажиллагаануудын дахин хийж, шийдвэрлэх болно. Тулга дэлгүүрийн худалдагч Бүрэнжаргал нь хугацаа дууссан талх зарснаа хүлээн зөвшөөрч байгаа ба тухайн аж ахуйн нэгжийг зөрчил гаргасан гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бүрэнжаргалаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тулга хүнсний дэлгүүртээ би сүүлийн 6-7 жил ажиллаж байгаа ба 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өмнөх оны тайлангаа татварт өгөх гээд явахдаа өөрийн насанд хүрсэн хүүхдээ дэлгүүртээ зогсоогоод явсан. Тухайн өдрийн урд өдөр нь амралтын өдөр таараад 23-ны өглөө буцаалтаа өгөх гээд алимны хайрцаг дээр буцаалтын хоёр талхаа тавьчихсан байсан ба тооцоогоо хийгээд буцаалтаа бичээд байж байтал шим талхан цехийн борлуулагч гарахдаа буцаалтын талхаа аваагүй гараад явсан байсан. Манай дэлгүүр өөртөө үйлчилдэг болохоор бараа бүтээгдэхүүн авч ирсэн түгээгч нар өөрсдөө оруулж тавиад буцаалтаа аваад гардаг юм. Буцаалтын тавиур дээр тавиагүй нь миний буруу, яг тэр үед гомдол гаргасан хүний хүүхэд нь орж ирээд буцаалтад явуулах гээд алимны хайрцаг дээр тавьсан байсан талхыг аваад гарсан байсан. Тэгээд би эргэж ирээд тэр хүнээс уучлалт өчнөөн гуйсан боловч тэр хүн гомдол гаргана гээд элдвээр хэлж доромжилж байгаад явсан. Энэ талаар камерын бичлэгт бичигдсэн байгаа. Уг гомдол гаргасан хүн бид хоёрын хувьд өмнө нь хувийн өс хонзон, зөрчилдөөнтэй таарамжгүй харьцаа байдаг байсан /уг дэлгүүрийг хүүхдээс нь худалдаж авсан ба энэ тухайгаа ээждээ хэлээгүй байсан юм шиг байна лээ/ тэрнээс болж гомдол гаргасан гэж үзэж байна. Шим талхан цехийн борлуулагч буцаалтаа авч гаргаагүй бас би буцаалтын талхыг буцаалтын лангуун дээр тавиагүй байсан үйлдлүүд нь Шим талхан цех манай хоёрын 50, 50 хувийн буруутай үйл ажиллагаа болсон. Би борлуулагчтай нь холбогдоод буцаалтад авах ёстой байсан талхаа яагаад авч гараагүй юм бэ? Тэрнээс чинь болоод одоо торгуулах болчхоод байна гэж ярихад борлуулагч нь миний буруу би шүүх цагдаагийн газар өргөдөл бичих ёстой бол тэрийг нь бичье гэж хэлээд гараараа бичиж өгсөн. Шим талхан цехийн эзэн нь хүртэл ирээд бидний буруу бидний зүгээс тайлбар, мэдүүлэг өгөхөөр бол өгье гэж хэлж байсан. Манай дэлгүүр, Шим талхан цех хоёрын хооронд бэлтгэн нийлүүлэх гэрээ хийгдсэн байгаа тэр гэрээ сая нотлох баримтаар хэрэгт өгсөн ийм л процесс болсон байдаг.

Би энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бид нарын нийт бараа 15,000,000 төгрөгт л эргэлдэж байдаг ба яаж 5,000,000 төгрөгийн торгуулийг төлөх юм бэ?. Мөн тэр хүнд хохирол учраад янз бүр болсон бол би 100 хувь хохирлыг барагдуулах болно. Гэтэл тэр хүнээс өчнөөн удаа уучлалт гуйгаад байхад үл тоосон, улсын байцаагчийг ирээд дуудаж учрыг нь олох гэсэн боловч ирээгүй, талх болон мөнгийг нь ч аваагүй юм. Бид хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл байлгах үүрэгтэй, манай дэлгүүрт камер байдаг бичлэгт тодорхой байгаа ба бичлэгийг ерөөсөө үзээгүй, зөвхөн нэг талыг барьж 5 сая төгрөгийг яаж төлөх бэ гэж удаа дараа тулгаж асууж байсан болохоос биш шийтгэлийн хуудсыг гардуулан өгөөгүй, гомдол гаргах эрхийг ч тайлбарлаж өгөөгүй, би хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж байсан ба хаана гомдлоо гаргахаа мэдэхгүй өнөөдрийг хүрсэн. Байцаагч бид хоёрын дунд учраа олохгүй нөхцөл байдал үүсэж байсан байцаагчид үнэн учир байдлаа хүртэл хэлээд зөндөө гуйсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч прокуророос хариуцагч улсын байцаагч П.Энхтүвшин нь маргаан бүхий захиргааны акт буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 0067853 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ тухайн зөрчлийг бүрэн гүйцэд шалгаагүй, нотлох баримтууд дутуу байхад шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлгүй, улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гэж, хариуцагчийн зүгээс Тулга дэлгүүр нь хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн болох талхыг худалдсан гэх зөрчил гаргасан гэж тус тус маргаж байна.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч П.Энхтүвшин нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.Цэрэннадмидаас Тулга дэлгүүр нь хугацаа дууссан талх худалдсан гэх гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10/14 дугаар бүхий удирдамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах Балсүмбэр ХХК-ийн Тулга хүнсний дэлгүүрт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0067853 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5000000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн дүгнэлт, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, ... гэж, 1.4 дүгээр зүйлийн 1.2-т зөрчлийн хэрэг бүртгэлт гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...6.5...-д заасан зөрчлийг шалган шийдвэрлэнэ, 4.1 дүгээр зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 4.15 дугаар зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 7.1 дүгээр зүйлийн 1.5-д Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулжээ.

Хариуцагч мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдлийг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах шийдвэр гаргах бүрэн эрхтэй бөгөөд Тулга хүнсний дэлгүүрт гарсан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгаж, тогтоогоогүй, эрх бүхий албан тушаалтанд хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлэлгүй шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаан дээр прокурорын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй, хариуцагчийн нотлох баримтуудыг дутуу цуглуулсан, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарууд зэргээр тус тус тогтоогдож байна.

Тодруулбал Дархан сумын 9 дүгээр багийн иргэн Д.Цэрэннадмидаас Балсүмбэр ХХК-ийн Тулга хүнсний дэлгүүрээс хугацаа дууссан, хөгцөрсөн талх худалдан авсан гэх гомдлыг Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсний дагуу хяналт шалгалтыг хийсэн гэх боловч зөрчлийн хэрэгт гомдол гаргагчийн гомдлыг хавсаргаагүй, хохирогчоор тогтоож, эрх үүргийг тайлбарлан өгөөгүй, хохирогчид хэдэн төгрөгийн хохирол учирсан болон хохирлын хэмжээг тодорхойлоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйл, 4.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгийг,

Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх холбогдох хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуйн нэгж, иргэнээс гэрчээр мэдүүлэг авах болон тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай тэмдэглэл, холбогдох нотлох баримтуудыг бэхжүүлэн гаргуулан аваагүй нь мөн хуулийн 3.6 дугаар зүйлийн 1, 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг,

Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн нөхцөл байдлыг тогтоож, хохирлыг тооцох, хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулах талаар зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй, шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй нь энэ хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.5, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцээгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино хэмээн заасан байна.

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд Тулга дэлгүүрийн гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэхийн тулд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн явуулах, нотлох баримтуудыг цуглуулах, бодит байдалд дүгнэлт хийж, хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож зөрчлийг шалган шийдвэрлэх нь зүйтэй байх тул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч П.Энхтүвшингийн 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 0067853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Харин энэхүү шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Тулга дэлгүүрийг хэрэглэж дуусах хугацаа нь дууссан талх худалдан борлуулсан гэх зөрчил гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчаас дээрх зөрчлийг дахин шалган шийдвэрлэж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах эрхийг хязгаарлахгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангаж, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч П.Энхтүвшингийн 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 0067853 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсгүүдэд зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.НАРАНТУЯА