Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 434

 

.Б, Б.А, С.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                            

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Үүлэн,

шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтулга,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нарын давж заалдах гомдлоор Н.Б, Б.А, С.Б нарт холбогдох эрүүгийн 201601000129 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .............................., 1963 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан, одоо албан үүргийг түр түдгэлзүүлсэн, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 1 дүгээр байрны 59 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

2. ......................., 1977 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Нийслэлийн газрын албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 81 дүгээр байрны 29 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

3. ......................, 1979 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан, одоо албан үүргийг түдгэлзүүлсэн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Го-парк Энхтайваны өргөн чөлөө гудамж, 101 дүгээр байрны 62 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

 

Н.Б нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ийн ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их цуурайтын ам гэх газарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж, тухайн газарт нэр бүхий 60 иргэний нэр дээр Дүүргийн засаг даргын газар эзэмших захирамжийн төсөл гаргуулан, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, С.Чулуунцэцэг, Т.Пүрэвхатан нараар дамжуулан 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 50.000.000 /тавин сая/ төгрөгийн хээл хахууль авсан,

мөн хээл хахууль өгөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ийн ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Аын хэлсний дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгуулахаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж гүйцэтгэн Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.А нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ээс Г.Мөнхбаатараар дамжуулан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

Б.А нь Нийслэлийн газрын албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ийн ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгуулахаар урьдчилан амлаж, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Н.Бээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамж, 43 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан мэдээллийн санд бүртгүүлэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ээс Г.Мөнхбаатараар дамжуулан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн хээл хахууль авсан,

С.Б нь Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч “Эм Жэй Би Ай” ХХК-ийн захирал С.Баасанхүүгийн ашиг сонирхлын үүднээс 2015 оны Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр хуучин гаражийг өөрсдийн зардлаар чөлөөлж 5 давхар 250 автомашины гараж барих тендерт ялсан “Эм Жэй Би Ай” ХХК-ийн газар чөлөөлөх ажилд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг зөрчин, газар чөлөөлөх шаардах хуудас бичиж өгөн дүүргийн газрын албанаас гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж “Эм Жэй Би Ай” ХХК-ийн захирал С.Баасанхүүгээс 20.440.000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоолыг өөрийн төрсөн дүү С.Мягмарсүрэнгийн эхнэр Б.Дайриймаагийн нэр дээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулан хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Бийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Нийслэлийн Прокурорын газраас С.Бид 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Прокурорын газраас Н.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилж, ._.....................хийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан, хахууль авахад дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг, .................................ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэж хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бийг 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Аыг 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Б, Б.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бийн цагдан хоригдсон 152 хоног, Б.Аын цагдан хоригдсон 6 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Ааас 100.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000528 дугаартай төгрөгийн дансанд тушаасан 50.000.000 төгрөгийг, Нийслэлийн Прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000528 дугаартай төгрөгийн дансанд тушаасан 23.680.000 төгрөгийг, Нийслэлийн Прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000530 дугаартай юаны дансанд тушаасан 60.000 юаныг тус тус хураан улсын орлого болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж, яллагдагч С.Чулуунцэцэгийн хүү Э.Соёлоос хураан авсан 60 ширхэг газар эзэмших гэрчилгээ, Нийслэлийн өмчийн харилцааны албанаас хураан авсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаартай захирамжаар газар олгосон 43 иргэний хувийн хэрэг /уг хувийн хэргүүд нь 7-10 хуудастай буюу нийт 412 хуудастай, 43 ширхэг хувийн хэрэг/, “Ви Ти Икс” ХХК-ийн захирал Ж.Амаржавхлангаас хураан авсан 16 ширхэг газрын гэрчилгээ, яллагдагч А.Булганаас хураан авсан 19 ширхэг газрын гэрчилгээ, яллагдагч Г.Мөнхбаатарын хүүхэд Н.Бямбасүрэнгээс хураан авсан 7 ширхэг газар эзэмших эрхийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас хурааж авсан 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн тус дүүргийн Засаг даргын А/256 дугаартай захирамжийн төслөөр газар олгосон 60 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /уг материалууд нь 5 хуудастай буюу нийт 300 хуудастай 60 иргэний материал/, газар эзэмших хүсэлт гаргах тухай өргөдөл, кадастрын зураг зэрэг эд зүйлийг хэрэгт тус тус хавсаргахаар, Н.Бийн эзэмшлийн Самсунг брендийн “olleh” маркийн гар утсыг өөрт нь буцаан олгохоор тус тус шийдвэрлэсэн болохыг дурдаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14А байрны зүүн талд байрлах олон давхар автомашины зогсоолын 301 тоот зогсоолыг битүүмжлэлээс чөлөөлж, С.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, тэрээр 130 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Бид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.А, Н.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Бидний үйлчлүүлэгч Н.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээг ухамсарлан ойлгож хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба шүүхийн хэлэлцүүлэгт энэ байр суурь нь хэвээр байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байдаг. Н.Б нь хэдийгээр хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч түүний эрүүл мэндийн байдал нь мөрдөн шалгах ажиллагааны үе шатнаас өнөөг хүртэл зүрх хомсрох, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчинөөр өвчилсөн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгээс түүний эрүүл мэндийн байдлын талаар гаргасан дүгнэлт, тодорхойлолт, Баянзүрх дүүргийн болон бусад эмнэлгийн байгууллагын оношилгоо, эмчилгээний баримт бичиг зэрэг хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг түүний дээрхи эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хөнгөрүүлэн өөрчилж байсан шүүхийн шийдвэр /захирамж/ хэрэгт авагджээ. Одоогийн байдлаар бидний үйлчлүүлэгч Н.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 461 дүгээр цагдан хорих ангийн эмнэлгийн хяналтанд орж эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин нь нэмэгдэж биеийн эрүүл мэндийн байдал туйлын хангалтгүй байгааг онцлон дурдаж байна. Иймд Н.Б нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүн, байгууллагад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сонгох санкцтай хуульчилсан байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлэн торгох ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс нэг удаа миний биеийг байцаасан бөгөөд байцаалтанд дурдагдсаны дагуу иргэн Ч.Мөнхбаатарыг манай байгууллагаар олон жил гомдол гарган явж байсан иргэн гэдгийг үнэнээр мэдүүлсэн боловч уг хэрэгт холбогдуулан буруутгагдаж буй Н.Бэд энэ хүний газрын асуудлыг шийдвэрлэ гэсэн үүрэг даалгаврыг нэг ч удаа өгч байгаагүй болно. Ажил үүргийн хуваарийн дагуу дүүргүүдийн газрын албаны удирдлагуудтай өдөр тутам холбогдож байсан нь Н.Б даргад энэ газартай холбоотой үүрэг өгөгдсөн нотлох баримт хэмээн үзэхгүй байна. Иргэн Ч.Мөнхбаатар нь 461 дүгээр хорих ангид хоригдоод гарсны дараа өөрийн биеэр болон өмгөөлөгчөөрөө дамжуулан уучлалт хүсэж, ах нь өмгөөлөгчгүй айж сандран энэ байцаалтыг өглөө, албан ёсны өмгөөлөгч авч Авлигатай тэмцэх газар дахин байцаалт өгье гэсэн хүсэлт гаргалаа хэмээн манай өмгөөлөгч болон надад мэдэгдсэн. Ч.Мөнхбаатар нь 100.000.000 төгрөгийн хахууль өгсөн мэдүүлгийнхээ дагуу гэрч болон яллагдагчийн байр суурьнаас дахин мэдүүлэг өгье гэснийг хүлээн авалгүй зөвхөн нэг талыг баримтлан миний биеийг буруутгаж байгаад маш их гомдолтой байна. Энэхүү өгсөн гэх мөнгөн дүн нь зөрүүтэй бөгөөд хаана, хэдэн боодол, хэдэн дэвсгэртээр өгсөн нь тодорхой бус, гэр бүлийн хүний данс болон миний өөрийн дансаар авсан зүйл байдаггүй болно. Мөн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, бусад худалдан авалтын зүйлүүд хийгдээгүй нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон болно. Миний бие нь бага насны 2 хүүхэдтэй бөгөөд мөрдөн шалгалтын явцад жирэмсэн 5 сартай эндсэн болно. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын байцаагчид мэдэгдсэн. Мөн одоогоор 3 сартай жирэмсэн бөгөөд биеийн байдал маш их хордлоготой, даралт 140-150 хүрч тогтворгүй, умайдаа хавдартай болохыг шинжилгээгээр тогтоогдсон. Би төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчин энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Мөрдөн шалгалтын шатанд гэрчийн нэг удаагийн мэдүүлгээр зөвхөн нэг талыг баримтлан буруутгагдаж байгаад гомдолтой байна. Энэ хэргийг дахин байцаалтанд буцаан шалгуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Я.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Б.Аыг энэ хэрэгт гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалтыг зөрчиж зөвхөн энэ хэргийн яллагдагч А.Булганы “100.000 төгрөгийг 2 хувааж Г.Мөнхбаатарт өгсөн юм” гэх мэдүүлэг /2хх-90-93/, яллагдагч Г.Мөнхбаатарын “Миний бие өөрийн хүүхдүүдийн нийлсэн 7 хүний баримт бичиг, Булганы олж өгсөн 34 хүний, нийт 41 иргэний нэр дээр газрын гэрчилгээ гаргуулсан. Дээрх газрыг гаргуулахын тулд Булганы эхлээд өгсөн 20.000.000 төгрөг, сүүлд авсан 80.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөгийг Амаржаргалд өгсөн. Пүрэвхатан, Чулуунцэцэг нар яаж гэрчилгээ гаргуулж авсныг мэдэхгүй” гэх мэдүүлгийг /4хх-68-72/ үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б.А энэ гэмт хэргийг үйлдсэн талаар өөр ямар нэгэн нотлох баримт байдаггүй бөгөөд миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийг үйлдээгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад илэрхийлдэг юм. Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд “Амаржаргал дэмжлэг үзүүлсэн гэж байгааг зөвшөөрөхгүй” гэж мэдүүлдэг. Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж, 8.2 дахь хэсэгт “яллагдагч шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг” гэж тус тус хуульчилсан байтал шүүх Б.Ад ял халдаахдаа дээрх хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж, өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцох тухай шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна. Мөн энэ хэрэгт яллагдагч Г.Мөнхбаатарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хүсэлт гаргаж, түүндээ “Г.Мөнхбаатарыг урьдчилан хорих байранд өмгөөлөгч авах эрхээр хангалгүйгээр байцаалт авсан, байцаалт авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж, тулгаж дарамтлан удаан цагаар байцаасан”, “хэргийн бодит байдлыг тогтоох талаар шуурхай ажиллаагүй”, “энэ хэрэгт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лин Шуйлин гэгчийг шалгуулах” зэрэг хүсэлт гаргасныг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн гомдлын хариугаар татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Дээрх нөхцөл байдлаас харахад Г.Мөнхбаатар мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн байх магадлалтай юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт эргэлзээгүйгээр шалгаж тогтоогоогүй үйл баримтыг тогтоосон мэт дурдсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзхээс өөр аргагүй. Үүнд: Шийттэх тогтоолын 2, 19 дүгээр талуудад: “шүүгдэгч Н.Б нь хээл хахууль өгөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лин Суй Линий ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Аын хэлсний дагуу ...хууль зөрчин... гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж гүйцэтгэн... дэмжлэг үзүүлсэн”, 2. Шийтгэх тогтоолын 2, 20 дугаар талуудад: “шүүгдэгч Б.А нь ...гэснийг зөрчин газар олгуулхаар урьдчилан амлаж ...Н.Бээр... гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгүүлж” гэх мэт. Гэтэл энэ хэрэгт Н.Б Б.Аын хэлсний дагуу хууль зөрчин гүйцэтгэх ёсгүй үүргийг гүйцэтгэсэн талаар, Б.А нь урьдчилан амлаж Н.Бээр гүйцэтгэх ёсгүй үүргийг гүйцэтгүүлсэн үйл баримтыг эргэлзээгүй нотолсон нотлох баримт байдаггүй. Энэ хэрэгт Б.Аын өмгөөлөгчийн хувьд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж Г.Мөнхбаатарыг дахин байцаалгах, 100.000.000 төгрөгийн эх үүсвэрийг тогтоолгох, Лин Суй Линг энэ хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлтийг хяналтын прокурор болон Нийслэлийн Ерөнхий прокурорын нэр дээр гаргахад татгалзсан хариу авсан бөгөөд Улсын Ерөнхий Прокурорын туслах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга н.Сагсайгийн нэр дээр гомдол гаргахад “Эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн тул таны хүсэлтийг хангахаас татгалзаж байна” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаанд оролцогчийн эрхийг хязгаарласан. Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны журам зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ үйл баримтанд таамаглах болон төсөөтэй байдлаар хандаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тoгтoox” тухай заалтыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж миний үйлчлүүлэгч Б.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Н.Б нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг сонгох санкцтайгаар хуульчилан заасан байдаг. Анхан шатны шүүхээс Н.Бэд хорих ялыг оногдуулсан. Миний үйлчлүүлэгч Н.Бийн эрүүл мэндийн байдал нь хавтас хэрэгт  авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Шүүгдэгч Н.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 282 дугаар шийтгэх тогтоолд Н.Бийг хохирол төлбөргүй талаар дүгнэсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.        

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол санал байхгүй.” гэв.

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан.” гэв.

Прокурор Д.Үүлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд цагдан хорих байранд удаан хугацаагаар эрүүдэн шүүж мэдүүлэг авсан, Ч.Мөнхбаатар худал мэдүүлэг өгсөн байх магадлалтай, ганцхан хүний мэдүүлгээр ял шийтгэсэн, нэмэлт ажиллагаа хийлгэх, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гомдол гаргасан байна. Уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, энэ хэрэгт Ч.Мөнхбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр тооцож, мөн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2 удаа мэдүүлэг авахдаа Авилгатай тэмцэх газрын 204, 205 тоот өрөөнүүдэд мэдүүлэг авсан байдаг. Тодруулбал, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 16 цаг 50 минутаас 17 цаг 40 минутын хооронд буюу 50 минут, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10 цаг 40 минутаас 12 цаг 20 минутын хооронд буюу 1 цаг 40 минутын хугацаанд мэдүүлэг авсан нь хуульд заасан 4 цагийн хугацаа хэтрээгүй. Яллагдагч Ч.Мөнхбаатар нь  Б.Ад хахууль өгөхөд зуучилсан талаараа удаа дараа тогтвортой мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож батлагдсан. Түүнчлэн шүүгдэгч Б.А нь давж заалдах гомдолдоо “Н.Бэд энэ хүний газрын асуудлыг шийдвэрлэ гэсэн үүрэг даалгаварыг нэг ч удаа өгч байгаагүй болно” гэж дурдсан нь Б.Аын өөрийнх нь 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “Н.Б дарга руу утсаар ярьж Ч.Мөнхбаатар гэж хүнд туслаад өгөөрэй” гэж мэдүүлсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд энэ мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч Я.Баярсайхан байлцсан байдаг. Дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд мөрдөн байцаалтын ажиллагаанд хийвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн. Ч.Мөнхбаатарыг цагдан хорих байранд эрүүдэн шүүж, удаан хугацаагаар мэдүүлэг авсан, түүнийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд нь тохирсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Н.Б нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ийн ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их цуурайтын ам гэх газарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж, тухайн газарт нэр бүхий 60 иргэний нэр дээр Дүүргийн засаг даргын газар эзэмших захирамжийн төсөл гаргуулан, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, С.Чулуунцэцэг, Т.Пүрэвхатан нараар дамжуулан 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 50.000.000 /тавин сая/ төгрөгийн хээл хахууль авсан,

Б.А нь Нийслэлийн газрын албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ийн ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгуулахаар урьдчилан амлаж, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Н.Бээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамж, 43 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан мэдээллийн санд бүртгүүлэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ээс Г.Мөнхбаатараар дамжуулан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч М.Монхорын “...С.Чулуунцэцэг гэх эмэгтэй 650.000 юанийг Хятад улс дахь манай төлөөлөгчид өгсөн бөгөөд мөнгийг нь манай компанийн касснаас гаргуулж авсан. Манай компаниас 650.000 юанийг гаргуулж авахдаа 590.000 юанийг 303 төгрөгөөр бодож, нийт 178.770.000 төгрөгийг болон 60.000 юанийг бэлнээр авсан. Хятад улсад манай компанийн төлөөлөгч Далай гэдэг Хятад улсын иргэн ажилладаг бөгөөд тэр хүнд 650.000 юанийг Хятад улсын иргэнээс авч ирж өгсөн. Бэлнээр авч ирж өгсөн юм уу эсвэл дансаар шилжүүлсэн юм уу, ямар хүн өгсөн талаар мэдэхгүй байна. Учир нь, Далай гэдэг хүнтэй манай компани хамтран ажиллахаа больсон. ...”/1хх-239/,

гэрч П.Энхмандахын “...Би 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд жолоочоор ажиллаж байгаа, ...дарга 13 дугаар хороолол орно гээд явсан бөгөөд дарга замдаа хүнээс мөнгө авах ёстой юм гээд уулзахаар болоод бууж, 10 гаран минутын дараа Home Plaza гэсэн бичигтэй цагаан тортой зүйл барьж орж ирээд хойд талын шалан дээр тавиад өөрөө урд орж ирж суусан. Ямар хүнтэй уулзсан талаар мэдэхгүй. ...” /1хх-240/,

гэрч Э.Соёлын “...манай ээж Чулуунцэцэг надтай утсаар яриад мөнгө аваад хүнд өгөх хэрэгтэй гээд Хаан сүйх валют арилжааны цэг дээр намайг хүрээд ирээч гэсэн. Тэндээс 60.000 юань, 178.000.000 төгрөг аваад Мишээл орж ор авах ажилтай явж байсан. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Голомт банкны урд талд 00-40 дугаартай цагаан өнгийн автомашины ар талын суудал дээр шардуу царайтай эмэгтэйд 155.000.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. ...” /1хх-248/,

гэрч Б.Ганчимэгийн “...2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 60 иргэний өргөдөл гомдол ямар ч бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Мөн цахим бүртгэлд ороогүй байсан. ...” /2хх-5/,

гэрч Д.Пүрэвдаваагийн “...Газрын албаны дарга Н.Б захирамжийн төслийг зуруулахаар орж ирсэн. Уг захирамжийн төсөл нь хянагдаагүй байсан учраас нөхөж зуруулаарай гээд гарын үсэг зурж өгсөн. Тайлбар юу вэ гэхээр баярын өмнө холбогдох хүмүүс нь байхгүй, ажлын ачаалалтай байсан учраас хянагдаагүй гэж байсан. Би одоо болтол жинхэнэ захирамж дээр гарын үсэг зураагүй байгаа. Миний хувьд эрх зүйн талаас нь хяналт тавих боломжтой болохоос өөр ямар нэгэн байдлаар хяналт тавих боломжгүй. Давхцалын асуудалд Нийслэлийн Өмчийн харилцааны албанаас хяналт тавих ёстой. ...” /2хх-7-8/,

гэрч Д.Төмөрхүүгийн “...Надад үзүүлсэн 60 иргэний өргөдөл нь манай албаны бичиг хэргээр дамжаагүй байна. Хэрэв бүртгэлд орсон бол бүртгэл хяналтын карт байх ёстой. ...” /2хх-9/,

гэрч Н.Эрдэнэцэцэгийн “...газар эзэмших гэрчилгээ авсан 60 иргэнийг шүүж үзэхэд нэг ч хүн газрын төлбөр төлөөгүй байсан, хэрэв төлсөн бол Нийслэлийн төсөвт ордог юм.” /2хх-10/,

гэрч Б.Оюумаагийн “...2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлын цаг дууссан байхад буюу 19 цагийн үед Өмч харилцааны албаны дарга Н.Б, ахлах мэргэжилтэн Батзоригийн хамт Пүрэвдаваагийн өрөөнд орж уулзаад төслөө зуруулаад гарсан. ...” /2хх- 11/,

гэрч Б.Энхзаяагийн “...2016 оны 07 дугаар сарын 08-ны орой төслийг Засаг дарга зурсан учраас захирамжид олгох дугаарыг төслийн дээд хэсэгт бичиж тэмдэглээд төслийг буцааж явуулсан. ...” /2хх-12/,

гэрч Л.Гантөгсийн “...Намайг орой ажил тараад гэртээ байж байхад 19 цагийн үед Батзориг утсаар яриад дарга дуудаж байна гэсэн. Ажил дээр очиход Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдэд олгосон газрын макро хийлгэх гээд дуудсан байсан. Би 20 гаран иргэний газар эзэмших эрхийн макро зургийг компьютерт хийгээд хэвлэж гаргасан, хэвлэж гаргасан макро зургаа дадлагын хүүхдэд өгөөд явсан, намайг очиход захирамж нь гарсан гэж байсан. ...” /2хх-13-14/,

гэрч Г.Санчирмаагийн “...2016 оны 07 дугаар сарын 08-ны орой ажил тарсны дараа Батсүх дарга хэдэн макро буюу нэгж талбарын байршлын кадастрын зураг хийгээд өг гэсэн. Нийт 60 айлын кадастрын зураг байсан бөгөөд Батзориг, Гантөгс нарын хамтаар 20, 20-иор авч би Батчимэг, Отгонзаяа нарын комьютер дээр хийгээд дадлага хийж байсан Лхагважавт өгчихөөд явсан. Захирамж гарсан гэж ойлгож байсан юм. ...” /2хх-16/,

гэрч Г.Лхагважавын “...2016 оны 07 дугаар сарын 08-ны орой ажил тарсны дараа иргэдээс ирсэн материалыг архивлаж байхад Батсүх дарга мэдээллийн санд яаралтай зураг оруул гэсэн үүрэг өгсөн. Би Г.Одонтунгалагийн компьютер дээр 60 айлын зургийг оруулсан, мэдээллийн санд 21 цагаас 09-ний өдрийн 00 цаг 10 минут орчимд дууссан зургийг хэвлээд, Батсүх даргад өгсөн чинь Одонтунгалагийн өмнөөс гарын үсэг зурчих гэсэн. Би төлөөлөөд гарын үсэг зурсан, газрын давхцал гараагүй. ...” /2хх-17/,

гэрч Б.Батзоригийн “...Батсүх дарга газар зохион байгуулагч Батчимэгт 60 нэр өгчихсөн байгаа, тэрийг нэмж оруул гэсэн. Эдгээр 60 иргэний 20 дугаар хороо, Их цуурайтын аманд байрлах газарт бичигдсэн байсан. Захирамжийн төслийг Батсүх дарга өөрөө Засаг дарга руу авч ороод зуруулж гарч ирсэн. Би дараа нь эрх зүйн мэргэжилтэн Энхзаяагаас дугаар авсан, ... би Гантөгсийг гэрээс нь дуудаж ирүүлээд 20, 20-иор авч гэрчилгээ бичиж, Батсүх даргад өгөхөд өрөө рүүгээ авч ороод удалгүй явсан, 60 ширхэг гэрчилгээний үнэ 1.200.000 төгрөг өгөөгүй. ...”/2хх-19-21/,

гэрч О.Батчимэгийн “...Дээрх өргөдлүүд дээр ямар нэгэн цохолт байхгүй байсан бөгөөд надад дарга өгөхдөө захирамжийн төсөлд оруулах, давхцал байна уу шалга гэсэн. Шалгаж үзэхэд давхцалтай байсан учир даргад буцаагаад өгсөн. Намайг байхгүй байхад 7 дугаар сарын 27-ны өдрийн гарсан А/562 дугаар захирамжаар олгосон 90 иргэний кадастрын зурагнаас эхэнд олгосон 43 иргэний газрын 20 орчим иргэний газар давхцаж байсан. ..." /2хх-22-24/,

гэрч М.Хулангийн “...Би газар авах гэж өргөдөл өгч байгаагүй. Харин манай нөхөр Мөнхдаваа, ажлын газрын ах Батбаяр нар нийлж хаус барьдаг юм уу гэж ярьж байсан. ..." /2хх-36/,

гэрч А.Жаргалсайханы “...Баянзүрх дүүрэгт миний нэр дээр гэрчилгээ гарсныг сая мэдлээ. Миний гарын үсэг болон бичиг биш байна. Манай компанийн захирал хэзээ билээ миний иргэний үнэмлэхийг авч байсан газрын холбогдолтой юм ярьж байсан, би сайн ойлгоогүй. ...” /2хх-37/,

гэрч С.Алтанцэцэгийн “...Би Баянзүрх дүүргийн газрын албанд өргөдөл бичиж байгаагүй. Харин манай нөхөр Мөнхдаваа миний иргэний үнэмлэхийг авч байсан, өргөдөл, гарын үсэг минийх биш байна, Булганыг орчуулагч гэдгээр мэднэ бусдыг танихгүй. ...” /2хх-40/,

гэрч А.Наранцэцэгийн “...би Их цуурайтын аманд газар авах гэж өргөдөл бичиж байгаагүй, миний бичгийн хэв, гарын үсэг биш байна. ...” /2хх-41/,

яллагдагч С.Чулуунцэцэгийн “...Пүрэвхатан та газартай юу гэж асуугаад газаргүй гэхэд газар авч өгье гэсэн. Надаас миний болон манай 2 хүүгийн, төрсөн дүү Оюунцэцэг, Оюунбат, Нарандарь, Наранчимэг, төрсөн эгчийн хүү Буяндэлгэр, найз Цацралт нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг авсан. ...Пүрэвхатан манайх циркийн тэнд машин зардаг, наадмаас өмнө хэдэн машин аваад буцаагаад зарчих хэрэгтэй байна гээд 155.000.000 төгрөг зээлсэн, Батсүхийг танихгүй. ...” /4хх-47-48/,

яллагдагч Н.Бийн “...Тухайн газрууд нь газар олгох талаар хууль, журмын дагуу л олгогдсон, ...сүүлийн 50.000.000 төгрөг авсан гэх үйлдэл нь С.Чулуунцэцэгээс 50.000.000 төгрөгийг зээлж авахаар тохирч түүнээс мөнгө авсан бөгөөд энэ нь газартай холбоогүй, би мөнгө авахдаа Т.Пүрэвхатанаар дамжуулан өгч байгаа гэж мэдээгүй, урьдчилан хэлээгүй. ...” /Зхх-162/,

яллагдагч Г.Мөнхбаатарын “...Миний бие өөрийн хүүхдүүдийн нийлсэн 7 хүний бичиг баримт, Булганы олж өгсөн 34 хүний, нийт 41 иргэний нэр дээр газрын гэрчилгээ гарсан. Дээрх газрыг гаргуулахын тулд Булган надад эхлээд 2015 оны 09 дүгээр сард 20.000.000 төгрөг бэлнээр өгсөн, уг мөнгийг аваад Нийслэлийн өмч, харилцааны газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Амаржаргал гэж эмэгтэйд өгсөн. Газар гарсны дараа гэрчилгээ гарсан газраас гадна сул талбай их байсан учраас энэ газрыг хүнд өгч болохгүй байх талаар арга хэмжээ авч өгнө үү гэж хэлээд Булганаас 80.000.000 төгрөг авч Амаржаргалд 2015 оны 10 дугаар сард ажлын гадаа нь Харрер машин дотор өгсөн. Би Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Батсүхийг таньж мэдэхгүй учраас газар гаргуулж өгөөч гэж Амаржаргалыг гуйсан. 43 айлын газрын гэрчилгээ гарснаас хойш Баасандорж бид нарын авсан газартай давхцуулаад 90 айлын газар авсан байсан. Гэхдээ газар нь мэдээллийн санд ороогүй байсан. 2016 оны хавар Чулуунцэцэг яриад нөгөө газрын чинь хажууд нэмж газар авах гэсэн юм, бичиг баримт бүрдүүлж өгөөч гэсэн. Тэгээд би кадастрын зураг хийлгэхэд машинаар явж өгч, хэдэн хүний иргэний үнэмлэхийн хуулбар өгснөөс өөрөөр энэ асуудалд оролцоогүй. Пүрэвхатан, Чулуунцэцэг нар яаж гэрчилгээ гаргуулж авсан, 100.000.000 төгрөгийг Амаржаргалд өгсөн, миний үйлдэл хээл хахууль биш зуучилсан юм...” /4хх-68-72/,

яллагдагч А.Булганы “...Би Мөнхбаатарт 34 иргэний үнэмлэхийн хуулбар олж өгсөн бөгөөд урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэж Лин Шуйлинд хэлсэн. Лин Шуйлин урд талын хөрөнгө оруулагч нартайгаа холбогдоод мөнгө бэлдэхээр болсон. Сүүлийн газрын гэрчилгээний зөвшөөрлийг С.Чулуунцэцэг хөөцөлдөхөөр болоод Лин Шуйлин хүмүүсийн иргэний үнэмлэхийн хуулбарыг олоод өгөөч гэсэн. Би Чулуунцэцэг эгчид 22-23 хүний иргэний үнэмлэхийн хуулбар өгсөн. Лин Шуйлин “өөрийн найз нөхдийн мөнгийг Мөнхбаатарт өгсөн асуудлаас болж би Монгол улсад ямар нэгэн хөрөнгө оруулалт, төлөвлөсөн ажпуудаа хийх боломжгүй болчихлоо. Чи өгсөн гээд хэлээд өгчих гээд намайг гуйгаад байсан болохоор би газрын гэрчилгээ авахын тулд Мөнхбаатарт өгсөн мөнгийг би өгсөн гээд хэлчихсэн юм. 100.000.000 төгрөгийг хоёр хуваагаад Мөнхбаатарт авч ирж өгсөн. Би тэр үед орчуулагчийг нь хийгээд явж байсан юм. Өмнө нь 44 иргэний нэр дээр авсан газрын хажуу талд нэмж иргэдийн нэр дээр газар авахаар болоод энэ асуудлыг Чулуунцэцэг хөөцөлдөхөөр болсон юм. Хэрхэн, яаж газрын гэрчилгээ гаргуулж авсныг мэдэхгүй. ...” /2хх-90-93/,

яллагдагч Б.Аын “...Мөнхбаатартай би 2014 оны 4 дүгээр сарын сүүлчээр ажлын гадаа тааралдахад “Би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн нэр дээр газар авахаар хууль журмын дагуу газрын албанд материалаа өгсөн. Та газрын албаны дарга Батсүхэд нэг хэлээд өгөөрэй гэж байсан, ... ингээд Батсүх дарга руу сүүлд буюу түүнээс хойш 20 орчим хоногийн дараа утсаар ярьж “Г.Мөнхбаатар гэж хүнд туслаад өгөөрэй, манай байгууллагаар өргөдөл гомдол гаргаад олон жил явж байгаа хүн шүү” гэж тайлбарлан нэг удаа хэлж өгсөн. Газар нь Баянзүрх дүүргийн Их цуурайтын ам нэртэй газарт гарсан гэж Мөнхбаатартай тааралдаж сонсож мэдсэн, тэрнээс Мөнхбаатараас мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. ...” /4хх-106-107/,

гэрч Г.Мөнхцэцэгийн “...манай албаны дарга Батсүх мэргэжилтэн О.Батчимэгийг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжаар газар эзэмшүүлсэн 43 иргэний 31 иргэнтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээг нь бичээд өг гэсэн байсан. Батчимэг тухай үед байхгүй намайг бичээд өгчих гэхээр нь Батчимэгийн шкафнаас материалуудыг аваад гэрчилгээ бичиж өгөөд гарын үсэг зураад Батсүх даргад материалуудыг үлдээгээд явсан. Хүсэлт гаргасан нэг ч иргэнтэй уулзаагүй зөвхөн гэрээ, гэрчилгээг бичээд албаны даргад өгсөн, тухайн үед гэрчилгээний үнэ тушаагдаагүй байсан. ...” /2хх-13-14/ гэх мэдүүлгүүд,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “...30-48 УБҮ улсын дугаартай хар өнгийн Land cruiser prado маркийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын автомашин байх ба тус тээврийн хэрэгсэлд нийтдээ 50.000.000 төгрөг байсныг түр хураан авахаар тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-8-13/,

бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, “Хатан сүлд” ББСБ ХХК-ийн гүйлгээний баримт /1хх-31-32/,

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/256 дугаартай “газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” тушаалын төсөл, жагсаалт хавсралтын хамт /хх-70-84/,

бичиг, баримтанд үзлэг хийсэн “...үзлэгээр 2015, 2016 оны өргөдөл гомдлын бүртгэлд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438, 562, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/256 дугаартай захирамжуудаар 20 дугаар хороо, Их цуурай нэртэй газарт газар эзэмшихээр шийдвэрлэгдсэн иргэд нь бичгээр газарт эзэмших хүсэлт гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байна” гэх тэмдэглэл /1хх-88-89/,

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаартай захирамж, хавсралт /1хх-90, 96-98/,

олгосон газрын давхцал үүссэн зурагт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-105-107/,

нэр бүхий 60 иргэний газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл /1хх-108-215/,

Н.Бийн гар утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-31-36/,

Т.Пүрэвхатангийн утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-67-73/,

С.Чулуунцэцэгийн гар утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-83-90/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Бийн “Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ийн ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их цуурайтын ам гэх газарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж, тухайн газарт нэр бүхий 60 иргэний нэр дээр Дүүргийн засаг даргын газар эзэмших захирамжийн төсөл гаргуулан, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, С.Чулуунцэцэг, Т.Пүрэвхатан нараар дамжуулан 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 50.000.000 /тавин сая/ төгрөгийн хээл хахууль авсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан” гэж заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Шүүгдэгч Б.Аын Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ээс Г.Мөнхбаатараар дамжуулан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн хахууль авч, улмаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Н.Бэд дээд шатны байгууллагын албан тушаалтны хувьд нөлөөлж, хууль бус үйлдэл хийлгүүлэн газрын гэрчилгээ гаргуулсан үйлдэлд буюу хээл хахууль авсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, дээрх шүүгдэгч Б.Аын газрын гэрчилгээ гаргаж өгөхөөр амлан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ээс Г.Мөнхбаатараар дамжуулан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн хахууль авсан мөнгөнөөс Н.Б авч, хахууль авсны үндсэн дээр газрын гэрчилгээ гаргасан байдал тогтоогдсонгүй.

 Харин Н.Б нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа, дээд шатны байгууллагын албан тушаалтны хууль бус нөлөөнд автаж, газрын гэрчилгээ гаргасан үйлдлийг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Бийн дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үед үйлдэгдсэн бөгөөд уг хуулиар эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь үлэмж хэмжээний хохирол учруулснаар гэмт хэрэгт тооцогдох бөгөөд Н.Бийн энэ үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан байдал тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сонгох санкцтай хуульчилсан байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлэн торгох ял оногдуулж өгнө үү.” гэж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нар “гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ үйл баримтанд таамаглах болон төсөөтэй байдлаар хандаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тoгтoox” тухай заалтыг зөрчиж шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн тус тус давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.А нь газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр амлан Г.Мөнхбаатараас 2015 оны 9 дүгээр сард 20.000.000 төгрөг, 10 дугаар сард 80.000.000 төгрөг авсан нь Г.Мөнхбаатар, А.Булган нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр болон гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, хэрэгжүүлсэн байдал, шалтгаант холбоо, үр дагаврын нөхцөлт байдлаар тогтоогдсон бөгөөд Г.Мөнхбаатар, А.Булган нарын яллагдагчаар өгсөн нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна.

Шүүгдэгч Б.А нь Нийслэлийн газрын албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хээл хахууль авч, бусдад амласан амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор өөрийн харьяа байгууллагын албан тушаалтан Н.Бэд нөлөөлж, 43 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан мэдээллийн санд бүртгүүлэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан” гэж заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Харин давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, шүүгдэгч Б.А нь 17-18 долоо хоногтой жирэмсэн гэдэг нь цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолтоор /16хх-200/ нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Аын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, жирэмсэн байдлыг харгалзан тухайн зүйлд заасан торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.Бийн үйлдлийн талаар анхан шатны шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.

Иймд шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Нийслэлийн Прокурорын газраас “Н.Бийн Б.Аын хээл хахууль авсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Чонос овгийн Нямаагийн Батсүхийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан, хахууль авахад дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг, Тайж овгийн Батчулууны Амаржаргалыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэж хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Чонос овгийн Нямаагийн Батсүхийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан, Тайж овгийн Батчулууны Амаржаргалыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэж хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бэд 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Аыг нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Б, Б.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бийн урьд цагдан хоригдсон 152 хоног, Б.Аын урьд цагдан хоригдсон 6 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бийн цагдан хоригдсон 152 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

           3. Шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон 86 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож,  1.290.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялын 20.000.000 төгрөгөөс хасаж, торгуулийн ялын хэмжээг 18.710.000 төгрөгөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            6. Шүүгдэгч Б.Аыг нэн даруй сулласугай.

 

            7. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ