Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0550

 

Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны

албаны дарга Ж.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, гуравдагч этгээд Н.Пүрэвсүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Энхбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 390 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Ж.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны албыг төлөөлж тус албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Бадамцэцэгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны албаны дарга Ж.Бадамцэцэг давж заалдах гомдолдоо: Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Ж.Бадамцэцэгийн НТАСЗөвлөлд холбогдох нэхэмжлэлийг хэлэлцсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүгч хэт нэг талыг барьж ажиллаж байна.

Үүнийг олон жишээнээс харж болно. Энэ шүүгчээс татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасан боловч хэрэгсээгүй татгалзсан. Шүүхийн шийдвэрээс үзэхэд албаны дарга их хариуцлага журамтай, "энхийн цагаан тагтаа" хүнийг хэлмэгдүүлэн халсан болж таараад байгаа нь хачирхалтай.

А. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг боловсруулж батлуулаагүй талаар

1. Уг баримтыг боловсруулах үүргийг нийтдээ 3 удаа өгсөн бөгөөд боловсруулсан гэх баримтыг  2015.03.13-ны өдөр надад хянуулахаар өгснийг хянаж үзээд эмнэлгийн байгууллагын баримт бичиг байсан тул өөрийн байгууллагын үйл ажиллагаанд нийцүүлэх шаардлагыг тавьж, 2015.03.05-нд буцааж өгсөн. Дахин надад нэг ч удаа хандаагүй. НТАСЗ-н хяналтын баг ажиллахад энэ баримт албанд байгаагүй. Одоо албаны болон ажилтнуудын баримтанд ч байхгүй тухай нотолгоог шүүхэд гаргаж өгсөн. Баримтыг батлагдсаны дараа мөрдөх нь албаны дарга, нягтлан бодогчийн үүрэг байх. Гэтэл шаардлага хангаагүй баримтыг албаны дарга батлах эрхгүй.

2. "...баримт бичгийг боловсруулан албаны даргадаа өгсөн нь тогтоогдсон тул үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ. Огт үзээгүй баримтыг яаж боловсруулж өгсөн нь тогтоогдсон гэж дүгнэсэн вэ? Дахин дахин үзүүлж байхад батлаагүй гэж хэлсэн Н.Пүрэвсүрэнгийн үгэнд итгэх мөртлөө төрийн байгууллагын удирдах ажилтны үгэнд яагаад итгэхгүй байна вэ. Хэрэв та дарга байсан бол тэр нотолгоо гээд өгөөд байгаа алдаатай баримтад гарын үсэг зурах уу?

3. Нийт 6 хүний орон тоотой албанд дарга, ахлах мэргэжилтэн гэсэн орон тоо баталсан нь зохисгүй, ня-бо-ийн орон тоогүй тул ажлын ачааллыг тооцон, ня-бо-ийн ажлыг хавсруулан хийлгэж, цалин хөлсийг олгосон "....Хавсран гүйцэтгэсэн ажилтанд баримт бичиг боловсруулах үүрэг ногдуулсан нь үндэслэлгүй..." гэсэн нь Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4 дүгээр зүйлийн 4.4-д заасан "...эзгүй байгаа албан хаагч, сул орон тоо гарсан албан тушаалын эрх үүргийг хэрэгжүүлнэ..." гэсэн заалтыг зөрчиж байна.

Б. Мэргэжлийн байгууллагын ажилтны үүргээ хангалтгүй биелүүлсэн, худал мэдээлэл гүтгэлэг тараах, нэр хүндийг гутаан доромжлох ёс зүйгүй үйлдэл гаргасан...талаар

Миний гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэж болох ч Н.Пүрэвсүрэнгийн нарийн бичгийн даргаар ажилласан НДХААА-2015/А-04 тендерт дүүргийн Дотоод аудитын албанаас хяналт хийж зөрчлийг илрүүлсэн байхад "...Н.Пүрэвсүрэнгийн үйл ажиллагаатай холбож, дүгнэсэн нь үндэслэлгүй..." гэж зөрчлийг тендерийн нарийн бичгийн даргын эрх үүрэгт хамаарах эсэхийг тоохгүйгээр шууд л шийдвэрлэжээ.

В. Албаны даргын эзгүйд түр орлон гүйцэтгэсэн хугацаандаа ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас...гэх зөрчлийн талаар

  1. оны  7 дугаар сарын 22-ны өдрийн зөвлөмжийг Н.Пүрэвсүрэн биш,

уг тендерийн нарийн бичгийн дарга, мэргэжилтэн Г.Ариунзаяа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргэж өгсөн гэрчийн мэдүүлэг

Н.Пүрэвсүрэн ч, Г.Ариунзаяа ч томилолт хариуцсан ажилтан амарсан тул албан томилолт аваагүй тухай гэрчийн мэдүүлэг

07 дугаар сарын 22-ны өдрийн албан томилолтын сар, өдөр засвартай, дугаараар нь шүүж үзэхэд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу өөрийн хариуцсан тендерийн материалыг хүргэхдээ авсан томилолтыг хуурамчаар ашигласан болох нь тодорхой болсон

Санхүүгийн тооцоолох төвд хандсан байгууллагын мэдээлэлд бүртгэгдээгүй зэрэг зөрчлүүд баримтаар нотлогдсоор байтал илтэд өмгөөлөн хамгаалж, ".... ээлжийн амралт эдлэх хугацаанд албан үүргээ түр орлон гүйцэтгэх тухай мэдэгдэл шийдвэр гаргаагүй Н.Пүрэвсүрэнг уг албаны даргын үүргийг түр орлон байсан гэх үндэслэлгүй..." гэж хаацайлжээ. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д " Байгууллагын даргын эзгүй байх хугацаанд албан үүргийг нь түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх бөгөөд \ энэ тохиолдолд тусгайлан шийдвэр гаргахгүй байж болно..." гэсэн заалтыг зөрчсөн.

Г. Албаны дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсгийг зөрчиж, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 5 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх зөрчлийн тухайд

Н.Пүрэвсүрэн нь 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2014 оны ээлжийн дутуу амралтаа эдлэх тухай өргөдөл гаргасан. Өргөдлийг хянаж үзэхэд ээлжийн амралтаа бүрэн эдэлсэн байх бөгөөд цаг бүртгэгч Э.Оюун-Эрдэнийн хариуцлага, хяналтгүй байдал, өөрийн нягтлан бодогчийн албан тушаалаа ашиглан даруй 5 хоногийн амралтыг илүү эдэлж, хөлсийг нь тооцож авсан тул чөлөө олгох боломжгүй байсан. Чөлөө олгосон эсэх тухай ажилтны хувьд надаас асуух үүрэгтэй. Гэтэл дахин хандалгүйгээр шууд Хөвсгөл явсан. Хөвсгөлд авхуулсан зургаа ч facebook хуудаснаа тавьсан байсан. Энэ тухай өөрийн өргөдөлд Ходоодны рашаанд явсан гэж тэмдэглэсэн байдаг юм. Дараа нь шууд л акт авчирч өгснийг би хуурамч акт гэж үзэж байгаа юм. Энэ хүн өвчтэй юм байсан бол яах гэж өргөдөл бичсэн юм бэ? Шударга хүн бол яах гэж албан тушаалаа ашиглан 5 хоногийн амралтын мөнгийг завшсан бэ? Үүнийг санхүүгийн баримтаас шууд харж болно.

Би өвчтэй гээд яагаад хэлээгүй юм бэ? Удирдлагадаа хэлэлгүйгээр ажлаа шууд хаяад явсан тул түүнийг би ажлаас халсан.

Нэхэмжлэлийг хэлэлцэх явцад ажилтнуудыг ашиглан хуурамч мэдүүлэг өгүүлснээс мэдүүлгүүд нь хүртэл хоорондоо зөрж байсан. Гэвч шүүх үл тоон хамгаалж шийдвэр гаргасан.

Н.Пүрэвсүрэн нь 7 сард хагас жилийн үр дүнгийн гэрээг дүгнүүлсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д " хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа 7-8 дугаар сард албан үүргээ хангалтгүй биелүүлсэн..." тул шууд халах шийдвэрийг гаргасан.

Монгол Улсад бүх хүн тэгш эрхтэй гэж хуульчилсан байдаг. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны итгэмжлэгдсэн төлөөлөгч С. Батзаяа би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.26-ны өдрийн 390-р шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Тус шийдвэрийн Үндэслэх хэсэгт: ...шүүх оролцогч нарын тайлбарыг харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв гэжээ. Мөн шүүгч шийдвэрээ уншин сонсгохдоо, ажилтан Н.Пүрэвсүрэнгийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна гэж тайлбарласан.

Ажилтан Н.Пүрэвсүрэн нь албан тушаалын үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй эс үйлдлийн шинжтэй алдаа дутагдал гаргасан байхад түүнийг нэхэмжлэгч тал нотлоогүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Харин нөгөө талаас гуравдагч этгээд хуурамч, эргэлзээтэй баримтууд гаргасныг шалгуулах хүсэлт гаргахад, шалгах шаардлагагүй гэж худлаа баримт тайлбар өгсөөр байтал түүнийг эргэлзээгүй үнэн зөв гэж дүгнэн, хууль бус шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан гэж дүгнэхэд хүргэж байна. Нөгөө талаас шүүх хэргийн үйл баримтыг бүхэлд нь сайтар ойлгож , шинжлэн судалж чадаагүй учраас дэлгэрэнгүй тайлбар бүхий гомдол гаргаж байна. Үүнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний ч буруу байна.

1. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг боловсруулж батлуулаагүй талаар

Уг баримтыг боловсруулах үүргийг нийтдээ 3 удаа өгсөн бөгөөд боловсруулсан гэх баримтыг 2015.03.13-ны өдөр хянуулахаар өгснийг хянаж үзээд, өөр байгууллагын баримт бичиг байсан тул өөрийн байгууллагын үйл ажиллагаанд нийцүүлэх шаардлагыг тавьж, 2015.03.24-нд буцааж өгсөн. Дахин нэг ч удаа хандаагүй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19-р зүйлд нягтлан бодогчийн эрх, үүргийг тодорхойлсон ба 19-р зүйлийн 1.1-д "ААН, байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах гэсэн байх тул 2013 оноос нягтлан бодогчоор ажилласан атал 2015 оныг хүртэл тус баримт бичгийг боловсруулаагүй нь түүний буруу төдийгүй 2014 онд даргаас ийм үүрэг даалгавар өгөөгүй гэдэг нь үндэслэлгүй юм. Даргын үүрэг даалгавар өгсөн эсэхээс үл хамааран өөрөө сайн дураар гүйцэтгэх үүрэг байсан.

Гэтэл шүүх Н.Пүрэвсүрэнгийн тайлбарыг үнэн зөв гэж үзэж, удаа дараа боловсруулсан баримтаа өгсөн боловч батлаагүй гэдэгт үнэмшсэн. Энэ нь ямар ч нотолгоогүй. Ганцхан боловсруулсан баримт гэх зүйлээ шүүхэд өгсөн байв.

Тус баримтанд, мал эмнэлгийн байгууллагын баримт бичгийг хуулбарлан авчирсан байсан. Энэ нь ч түүний нотлох баримтаар гаргаж өгсөн баримт бичгийн 4-р хуудсанд: ....мөнгөн хөрөнгө бүлэгт ... улсын төсвийн харилцах, авлага хэсэгт ... зээлийн хүүгийн авлага, эмийн авлага; 5-р хуудсанд ... бараа материалын бүлэгт.... мал амьтад, эм боох материал, дуусгаагүй үйлдвэрлэл, малын тэжээл; 8-р хуудсанд ...зарлагын данст ... эм вакцин; 10-р хуудсанд хангамж, бараа материалын зардал гэдэг... хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгал; 20-р хуудсанд авлагын бүртгэлд ... эмийн авлага, хоолны авлага гэх мэтчилэн зүйлүүд тусгагдсан. Манай байгууллагад хэрэглэдэггүй маш олон харилцах, орлого зарлагын төрлүүд байгаа.

2013 оны 11-р сарын 22-ны өдрийн Б-22 дугаар тушаалаар "Ахлах мэргэжилтэн Н.Пүрэвсүрэн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэх болон албан тушаалын сарын цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг олгохоор"  шийдвэрлэсэн. Учир нь Н.Пүрэвсүрэн нягтлан бодогч мэргэжилтэй байсан. Энэхүү шийдвэрийг хууль бус гэж эсэргүүцсэн явдал Н.Пүрэвсүрэн гаргаагүй бөгөөд ажлаас халах тушаал гарах хүртэл нягтлан бодогчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэж, цалин хөлсөө авсаар ирсэн. Төдийгүй Олон улсын нягтлан бодогчийн өдрөөр өөртөө шагнал цалин гаргуулан авч байсан. Гэтэл одоо би энэ ажлыг хийх ёсгүй байсан, тухайн үед хууль зөрчсөн байсан гэсэн нь үндэслэлгүй юмаа. Нэгэнт тухайн үед тус ажил үүргийг хүлээн зөвшөөрөөд, нэмэгдэл цалин хөлсийг авч байсан тул үүрэг даалгаврыг гүйцэтгэх л үүрэгтэй.

Энэ бүлэгт дүгнэж хэлэхэд, МУ-ын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд яагаад байгууллага бүр өөрийн гэсэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтэй байна гэж заасан байх вэ? Өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон байх баримт бичгийг л боловсруулах ёстой. Гэтэл улс орон даяар бүх байгууллагууд мөрдөж болох нэг л стандарт байдаг бол түүнийг байгууллага бүр боловсруулах шаардлагагүй юм. Ийнхүү өөрийнхөө байгууллагад тохируулаагүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй баримт бичгийг дарга нь батлаагүй буруутай байна гэж шүүх дүгнэснийг зөв гэх үү.

2. Мэргэжлийн байгууллагын ажилтны үүргээ хангалтгүй биелүүлж, тендерт оролцогч компаниудын ирүүлсэн мэдээллийг санаатай, санаандгүй байдлаар нягтлан шалгалгүйгээр "Налайх дүүргийн 1, 3, 4-р хорооны гудамжны гэрэлтүүлэг"-ийн ажлын гүйцэтгэгчийн /НДХААА-2015 А-04 багц 03/ сонгон шалгаруулалтыг явуулсан. Сонгон шалгаруулалтад хяналт хийхэд ахлах мэргэжилтний ажил үүргээ умартан, албаны дарга, дотоод аудитор хяналт тавих эрхгүй, буруу мэтээр ажилтнуудад ухуулан улмаар удирдлагын нэр хүндийг нь гутаан доромжлох, худал гүтгэлэг тараах, хараах зүхэх гэх мэт төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй үйлдэл гаргасан.

Өөрөөр хэлбэл Н.Пүрэвсүрэн тендерийн сонгон шалгаруулалтын ажилтай холбоотой дээрхи зөрчлүүдийг гаргасан.

НД-ийн 2015 оны 05-р сарын 06-ны өдөр А/108 тоот захирамжаар "1, 3, 4-р хороонд гэрэлтүүлэг хийх ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан ба үүнд ахлах мэргэжилтэн Н.Пүрэвсүрэн нарийн бичгийн даргаар ажилласан.

Налайх дүүргийн 2014-2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайланд: ... 2015 оны "Гэрэлтүүлэг-3 багц" тендерийн баримт бичгийг архивлахдаа боть бүрийг тодорхой гарчиглаагүй бөгөөд үдсэн баримтын 230-233, 256-257-р хуудсын харахад Үнэлгээний хорооны гишүүд "Тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадвар", "Сонгон шалгаруулалтад оролцогчдын судалгаа" хүснэгтийг бөглөлгүй хоосон хүснэгтэнд гарын үсэг зурсан гэх зөрчлийг дурдсан. "Гэрээг хэрэгжүүлэх чадвар" гэдэгт оролцогч компаниудын зээлжих боломж, ажиллах хүчний нөөц чадавхи, машин тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангамж гэх мэтчилэн олон зүйлүүд ордог бөгөөд дотоод аудитын тайлангийн

4.5 Гэрэлтүүлэг багц 1: Тендерт шалгарсан "Төгс гэрэлтүүлэг" ХХК-ийн ХАБЭА хариуцсан Д.Дорж-Арилдий нь 3 жил ажилласан туршлагатай гэж тодорхойлсон боловч хавсаргасан НДДэвтриЙн хуулбараас харахад албан тушаалын хэсэгт засвар хийсэн байна. Цахилгааны инженер Б.Хорлоо нь радиоэлектроник мэргэжилтэй, 3 жил ажилласан туршлагатай гэж тодорхойлсон боловч НДДэвтрийн хуулбараас харахад 1 жил байна. Энэ нь ТОӨЗ 5.2 В-д заасан шаардлагыг хангаагүй. Мөн Хаан банк Гурвалжингийн гүүр салбарын 2015.06.11-ний №05122/572  тоотоор 135 сая төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боломжтой тодорхойлолт ирүүлсэн нь судлагдсан зээлийн дүн 70%-д хүрээгүй нь "ТОӨЗ 5.2-ё-д заасан шаардлагыг хангаагүй.

4.6 Багц 2: Тендерт шалгарсан "Гэгээн цайдам" ХХК нь Хас банк Сансар салбарын 2015.06.05-ны өдрийн 665 тоотоор 210 сая төгрөгөөр зээл олгох боломжтой тодорхойлолт ирүүлсэн нь судлагдсан зээлийн дүн 70%-д хүрээгүй,  энэ нь "ТОӨЗ 5.2 ё-д заасан шаардлагыг хангаагүй. Мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараас харахад тус компанийн эзэмшилд бүртгэлтэй 7286 УНМ ачааны 904 УНР ачааны, 3491 УБ экскаватор зэрэг тээврийн хэрэгсэл нь 2013 оноос хойш үзлэгт оношлогоонд ороогүй байна. Ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын зарим актууд гарык үсэг, тамгагүй, гэрээт ажилд ашиглах тоног төхөөрөмжийн жагсаалт ирүүлснийг харахад хийн гагнуур, зуурмагийн хөнөг, зуурмагийн насос зэрэг шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй "ТОӨЗ 5.3-в"-г хангаагүй.

4.7 Багц 3: Тендерт шалгарсан "Баяндөрвөлж" ХХК-ийн ирүүлсэн машин тоног төхөөрөмжийн жагсаалтыг харахад өөрийн тоног төхөөрөмж нь 50 хувьд хүрээгүй, хийн гагнуур, угсралтын агергат, автошат, зөөврийн гагнуурын аппарат, ацетлшш генератор байхгүй зэрэг нь "ТОӨЗ 5.3-в" -г хангаагүй гэж дүгнэжээ.

Үүнээс дүгнэхэд, гэрээг хэрэгжүүлэх чадвар нь шаардлага хангахгүй компаниудыг 3 багц тендерт хууль зөрчиж шалгаруулсан бөгөөд иймдээ ч гэрээг хэрэгжүүлэх чадвар хүснэгтийг үнэлгээний хорооны гишүүдээр бөглүүлж аваагүй, оролцогч компанийн судалгааг зохих ёсоор гүйцэтгээгүй байгаа юм. Энэ нь үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын ажилтай шууд холбоотой бөгөөд "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам"-ын 3.5-д Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга нь энэ журамд заасны дагуу бусад гишүүдийн адил эрх, үүрэгтэй оролцох бөгөөд дараах нэмэлт чиг үүргийг тус тусдаа хариуцна, 3.7-д Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах, тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх баримт, материалыг хуулийн 49 дүгээр зүйлийн дагуу бүрдүүлж, хавтаст хзрэг болгон архивт хадгалуулах, захиалагч байгууллагын тухайн тендер шалгаруулалттай холбоотой хуулийн 49.2.1-ээс 49.2.9-д заасан бүх баримт материалыг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга бүрдүүлж, архивт шилжүүлнэ гэсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй.

Өөрөөр хэлбэл, нарийн бичгийн дарга оролцогч компаниудын үзүүлэлт бүрээр судалгааны хуудсыг үнэлгээний хорооны гишүүдэд тараан өгч, бөглүүлээд нэгтгэн бүрдүүлж, хавтаст хэрэг болгох үүргээ биелүүлээгүй. Ийнхүү нэгтгэж, судалгааг хийгээгүй учраас тендер шалгаруулалтын үйл ажиллагаа зохих ёсоор явагдаагүй, шаардлага хангахгүй компанийг шалгаруулсан үр дагавар үүсч байна.

Мөн  "Гэрэлтүүлэг 3 багц" тендерийн материалыг 28 компани худалдан авсан байна. Зарим компани 2-3 багцыг 100 000 төгрөгөөр авсан байхад "Хайбрид" ХХК 3 багцыг 300 000 төгрөгөөр, "Хайтек бойлерс" ХХК 2 багцыг 200 000 төгрөгөөр худалдан авсан байна. Багцын үнийг салгаж худалдсан нь Сангийн сайдын 2014 оны 212 тушаалаар батлагдсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах" журмын 5.2.5 а-д "Тендерт шалгаруулалт олон багцтай тохиолдолд тендерийн баримт бичгийг багц тус бүрээр салгаж худалдахыг хориглоно" гэснийг зөрчсөн.

Үнэлгээний хорооны шийдвэр 2015 оны 07-р сарын 09-ний өдөр гарсан бөгөөд шалгараагүй мэдэгдлийг маргааш нь буюу 2015.07.10-ны өдөр бүх шалгараагүй компаниудад явуулсан. Энэ талаар байгууллагын "Явуулсан баримт бичгийн бүртгэл"-ийн дэвтэрт байгаа болно. Хэрэгт баримтаар авагдсан.

Дараа нь энэ тендерт 2015 оны 07-р сарын 22-ны өдөр Сангийн яаманд оролцогч компаниас гомдол гарсан байдаг. Яг тэр өдөр Н.Пүрэвсүрэн ажил дээрээ байгаагүй бөгөөд /хэний ч зөвшөөрөлгүйгээр/ Сангийн яам явсан гэж Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбарт гаргасан өргөдөлдөө дурдсан байдаг. Уг нь Сангийн яам гомдол ирсзн талаар 07-р сарын 22-ны өдрийн 15 цагийн үед НД-ийн Худалдан авах ажиллагааны албанд мэдэгдсэн гэж ажилтан н.Болорцэнгэл гэрчээр мэдүүлэг өгсөн. Сангийн яам нийт 30 гаруй компани оролцсон тендерийн материалуудыг 2015.07.24-нд хүлээн авч, 2015.07.28-нд зөрчилгүй байна гэсэн хариу өгсөн.

Түүнчлэн Н.Пүрэвсүрэн тендерийн үйл ажиллагаанд ХААА-ны дарга хяналт тавих гэхээр ямар ч эрхгүй, хууль бус үйлдэл хийж байна, ашиг сонирхлын зөрчил гаргаж байна гэхчлэн эсэргүүцдэг. Энэ тендерт хяналт шалгалтын комисс хяналт тавих эрхгүй, энэ хяналтыг захиалагчийн хувьд Дүүргийн Засаг даргын Тамгын газар эсвэл түүнийг төлөөлж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлж болно" гэхэд тэр маш их уурлаж, тендерт оролцсон бүх оролцогчдын материалыг өгөхийг шаардаж, гаргуулан авсан. Түүний энэхүү үйлдэл нь эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл юм гэж Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд Н.Пүрэвсүрэнгийн гаргасан өргөдөлд дурдсан нь нотлох баримт болно. Тендерийн ажлын үнэлгээний хороог байгуулах захирамжид, Засаг дарга хяналт тавих эрхийг НД-ийн ХААА-ны дарга Ж.Бадамцэцэгт олгосон байхад ажилтнууд эсэргүүцэж байна гэдэг бол төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдах зарчимд харшилж, саад тотгор үүсгэж байгаа хэрэг юм. Үүнийг зөрчил гэж үзэхгүй гэж үү. Гэтэл зөвхөн хуулийн заалтаар захиалагч Засаг дарга, Засаг даргын Тамгын газар байна гэж маргалдаад байх уу, тэд чинь хяналт тавих эрхийг ХААА-ны дарга хэрэгжүүлэхийг зааж өгсөн байна шүү дээ.

Ийнхүү энэ тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа эхнээс нь дуустал бүх л шатанд зөрчил дутагдал гаргасан учраас санаатай ч гэхэд хэцүү санаандгүй ч гэхэд хэцүү зөрчлүүд гаргасан гэж дүгнэсэн юм.

3. Албаны хөдөлмөрийн дотоод журмын 1 -р зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас "Налайх дүүргийн 2-р хорооны 50, 51, 54, 55, 5-р хорооны 71-р байрнуудын гадна хананд дулаалга хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны зөвлөмж нь 2015.07.22-ны өдөр Дүүргийн Засаг даргын тамга тэмдгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргэгдсэн, тухайн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг ирүүлээгүй зөрчлийн тухайд Н.Пүрэвсүрэн нь:

-   Албаны хөдөлмөрийн дотоод журмын  11-р зүйлийн 11.1  дэх хэсэгт заасны дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй

- 2015.07.22-ны өдөр Н.Пүрэвсүрэн албаны ажил дээрээ байгаагүй

- Тухайн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг ирүүлээгүй  эс үйлдлээр зөрчлүүд гаргасан .

2015 оны 07-р сарын 16-ны өдрөөс НД-ийн Худалдан авах ажиллагааны албаны дарга ээлжийн амралтаа эдлэх ёстой байсан боловч 07-р сарын 22-ны өдөр ээлжийн амралтаа авсан. Энэ өдөр албаны дарга зөвлөмжийн асуудлаар өглөө ажилдаа ирэх шаардлага гарсан бөгөөд энэ үед ахлах мэргэжилтэн Н.Пүрэвсүрэн ажлын байранд байгаагүй. Албаны даргаас ч гадагшаа ажлаар явах зөвшөөрөл аваагүй юм. Албаны байранд ажил үүргээ гүйцэтгээгүй, даргын ззгүйд орлон гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, хийсэн ажлын тайланг ирүүлээгүй юм.

Байрны гадна хананд дулаалга хийх ажлын тендерийн шалгаруулалт хууль бус байсан учраас зөвлөмжийг дарга явуулахгүй гэсэн ба үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Г.Ариунзаяа эсэргүүцэн, заавал явуулна, та мэдэхгүй дүүргийн Засаг даргын Тамгын газар мэднэ гэсээр Тамгын газраас албан бичиг гаргуулан, Ннйслэлийн хөрөнгө оруулалтын газар руу цайны цагийн дараа өөрөө хүргэж өгсөн байдаг. Энэ талаар цагийн бүртгэлд "Г.Ариунзаяа 12 цаг 30 минутаас хойш Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт ажлаар явсан" гэжээ. Дарга явахдаа, ЗДТГ-аас зөвлөмж явуулах шийдвэр гарвал байгууллагын тамга, тэмдгээр явуулаарай гэж мэргэжилтэн Б.Болорцэнгэлд захиад үлдээсэн. Хэрэв ахлах мэргэжилтэн Н.Пүрэвсүрэн ажил дээрээ байсан бол Б.Болорцэнгэлд биш Н.Пүрэвсүрэнд тамга тэмдгээ үлдээгээд явах байсан. Ер нь зөвлөмжийг ХААА-ны албан тоот, тамга тэмдэгтэйгээр НХОГ-т явуулдаг бөгөөд энэ өдөр Н.Пүрэвсүрэн ажил дээрээ байгаагүйн нэг жишээ болгож, зөвлөмж ЗДТГ-ын албан бичгээр хүргэгдсэн гэж тушаалд дурдсан.

Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.2.1-д байгууллагын даргыг эзгүй байх хугацаанд албан үүргийг нь түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх бөгөөд энэ тохиолдолд тусгайлан шийдвэр гаргахгүй байж болно. Дэд дарга, орлогчгүй, эсхүл тэд орлох боломжгүй бол чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлнэ. Энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргана гэж заажээ.

НД-ийн ХААА-ны хувьд 6 албан хаагчтай цомхон байгууллага тул дарга, дэд дарга, орлогч гэсэн нэр томьёо тохиромжгүй тул, дарга, түүний дараа ахлах мэргэжилтэн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Иймд энэ жижиг байгууллагын хувьд ахлах мэргэжилтэн нь том байгууллагын дэд дарга, орлогч нартай адил юм. Тэгээд ч албаны хөдөлмөрийн дотоод журмын 11.1-д даргын эзгүйд ахлах мэргэжилтэн орлон ажиллана гэж заасан. Энэ талаар өмнө нь дотоод журам батлагдахад бүх ажилтнууд танилцаж, гарын үсэг зурсан тул Н. Пүрэвсүрэн мэдсээр байж үүргээ биелүүлээгүй байна.

Албаны дарга 2015.07.22-ны өдрөөс 2015.08.03-ныг хүртэл ээлжийн амралттай байсан болно.

Гуравдагч этгээд Н. Пүрэвсүрэн 2015.07.22-ыы өдөр ажил дээрээ байгаагүй шалтгаанаа дараах байдлаар тайлбарладаг ба бусад баримтуудтай ч зөрчилдөж, эргэлзээтэй хуурамч байж болох баримтууд ч гаргаж өгдөг. Үүнийг шүүх анхаараагүй. Тухайлбал, Н.Пүрэвсүрэнгийн тайлбарууд:

2016.04.15-ны өдрийн шүүх хуралдаанд, ... би 2015 оны 07-р сарын 22-ны өдөр " 1, 3, 4-р хороонд гэрэлтүүлгийн ажил хийх" тендерийн үнэлгээний хорооны дарга н.Батцэнгэлийн даалгавраар хот явсан.

2016.05.26-ны өдрийн шүүх хуралдаанд, ... Тус тендерийн шалгараагүй мэдэгдлийг компаниудад өгөх гэж явсан.

2016. 05.12-ны өдрийн шүүх хуралдаанд, ... 2015 оны 07-р сарын 22-ны өдөр би нөхөр н.Ганболдын хамт тендерийн олон хавтастай /32/ материалыг дааж ядан байгууллагын цонхоор гаргаж, өөрийнхөө машинд ачиж, Сангийн яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Санхүүгийн тооцоолох төв явсан. н.Ганболд жолоочоор явсан тул гэрчээр асууж өгнө үү. /Шүүх хуралдааны тэмдэглэлд үг үсэгчлэн бүрэн бичээгүй боловч шүүх хуралдааны дүрс болон дуу бичлэгт тодорхой байгаа/

Гэрч Г.Ариунзаяа: 07-р сарын 22-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт Н.Пүрэвсүрэнтэй тааралдсан. Ахлах мэргэжилтэн тул би түүнээс ямар ажлаар явж байгаа талаар лавлаагүй. Намайг гэрэлтүүлгийн тендерийн мэдэгдлийг замаараа аваад ирээчээ гэсний дагуу авчирч өгсөн. Утсаар ярихдаа, мэдэгдлүүд байгаа гэж хэлсэн тул мэдэгдлүүд гэж ойлгосон. Мэдэгдлүүдийг 07-р сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд нөхрөөс нь авсан. Намайг ажлаас яг гарахын өмнө утсаар ярьсан.

Н.Пүрэвсүрэнгийн бичгээр гаргасан тайлбарт: 2015.07.22-ны өдөр авсан албан томилолт байгаа. ...Түүнд очсон байгууллаган тамга тэмдэг бий.

Гэрч П.Түмэн-Өлзий: Н.Пүрэвсүрэн 2015 оны 07-р сарын 09-ний өдөр 46 дугаартай томилолтын хуудас авсан. Энэ хавтаст хэрэгт байгаа томилолтын хуудас бол 07-р сарын 09-ний өдөр олгосон дугаар байна.

Томилолтын хуудсыг шинжлэн судлахад, томилолтын даргын гарын үсгээс бусдыг Н.Пүрэвсүрэн өөрөө бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба нүүрэн талын олгосон он, сар, өдрийн тоо бичигдсэн хэсгүүдэд ус дусан, өмнөх тоонууд арилан шинээр 07, 22 гэж бичжээ. Үүнийг хуурамч баримт гэж үзэж, шинжлүүлэхийг хүссэн боловч шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

Анхан шатны шүүхээс, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт Н.Пүрэвсүрэн 2015.07.22-нд ажилласан эсэх талаар лавлагаа авахад, 2015.07.22-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан бичгээр "НД-ийн 2-р хорооны 50, 51, 54, 55, 5-р хорооны 71-р байруудын гадна хананд дулаалга хийх тендертэй холбоотой зөвлөмж манай газарт ирсэн байна. Дээрх зөвлөмж, тендерийн материалыг Н.Пүрэвсүрэн томилолтоор ирж, хүлээлгэн өгсөн тухай баримт манай газарт байхгүй байна. /НХОГ-ын 2015.05.12-ны өдрийн Б/1102 тоот албан бичиг/

Санхүүгийн тооцоолох групп ХХК-ийн 2016.05.12-ны өдрийн 83 тоот албан бичигт: Бид төсөвт байгууллагын 3500, ААН-ийн 500-гаад харилцагчтай бөгөөд тухайн байгууллагуудаас хавсралт хуудсанд бичигдсэний дагуу үйлчилгээг авсан дарааллаар бүртгэл хийдэг. /Засвар үйлчилгээний албанаас гаргасан лавлагааг 2015 оны 07-р сарын 01-нээс 2015 оны 07-р сарын 31-ний хооронд засвар үйлчилгээ хийлгэсэн байгууллагаар шүүж, хавсралт хуудсанд үзүүлсэн болно. Хавсралтанд НД-ийн Худалдан авах ажиллагааны алба 2015.07.22-нд засвар хийлгээгүй байна. Гэтэл 2016.05.26-ны шүүх хурал дээр Н. Пүрэвсүрэн хувийн шугамаар авсан "СТГ" ХХК-ны засвар үйлчилгээний хэсгийн даргын гарын үсэгтэй албан бичиг авчирсан. Үүнийг үнэн зөв баримт гэдэгт эргэлзэж байна.

Гэрч Б.Болорцэнгэл: 2015.07.22-ны өдөр Н.Пүрэвсүрэн Санхүүгийн тооцоолох ХХК-руу урьд өдөр нь програм янзлуулна гээд албаны компьютерийг үлдээсэн очиж авна" гэж байсан. Урьд өдөр нь 17 цагаас хойш л гарч явсан. Програм эвдэрсэн гэж өөрөө л ярьж байснаас би мэдэхгүй.

Цагийн бүртгэлийн дэвтэр: Н.Пүрэвсүрэн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутаас 12 цаг 30 минут хүртэл ажил дээрээ, 14 цаг 00 минутаас Санхүүгийн тооцоолох групп явсан.

Дээр дурдсан Н.Пүрэвсүрэнгийн "2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хэний үүрэг даалгавар, зөвшөөрлөөр хаана ямар албан ажил гүйцэтгэсэн талаарх тайлбарууд маш олон янз, нотлох баримтуудтайгаа зөрчилдсөн байна.

4. Албаны дотоод журмын 13-р зүйлийн 13. 2 дахь хэсгийг зөрчиж, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 5 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх зөрчлийн тухайд

Н.Пүрэвсүрэн нь Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2009 оны 124-р тушаалаар батлагдсан "Эмнэлгийн хуудас олгох тухай" журмын 2.5-д даатгуулагчид эмнэлгийн хуудсыг эмнэлгээс гарсан өдөрт нь буюу эмчлүүлж дууссанаас хойш 5 хоногийн дотор бичиж олгоно" гэж зааснаар "Ачтан" клиник эмнэлгээс олгосон 2015 оны 08 дугаар сарын 3-наас 10-ны өдрүүдэд өвчтэй байсан тухай магадлагааг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгууллагын захиргаанд хүргүүлсэн, энэхүү эмнэлгийн магадлагааг эрх бүхий этгээд олгосон байх тул уг магадлагааг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэжээ.

Шүүх энэ зөрчлийн үйл явдлыг ойлгоогүй байна. Учир нь:

Н.Пүрэвсүрэн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ачтан эмнэлгийн тархи мэдрэлийн тасагт үзүүлэхэд, эмч 0-44 буюу тархи мэдрэлийн өвчний онош тавьжээ. /Өвчтөний үзлэгийн бүртгэл/

Гэтэл эмнэлгийн магадлагааг 08 дугаар сарын 03-ны өдөр үйлдэж, "Хронический гастрит" буюу ходоодны архаг үрэвсэл оноштойгоор 08 дугаар сарын 03-ны өдрөөс 10-ныг хүртэл ажлаас чөлөөлөх тухай бичжээ.

Энэ хугацаанд Н.Пүрэвсүрэн хөдөө ходоодны рашаанд явсан тухайгаа Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлд гаргасан өөрийн өргөдөлдөө бичсэн байна. Үүний дараа 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ачтан эмнэлгийн тархи мэдрэлийн тасагт 08 дугаар сарын 10-наас 16-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн хуудас авчээ.

Түүнчлэн Ачтан эмнэлэгт тухайн үед эмчийн үзлэг төлбөртэй байсан. Гэтэл Н.Пүрэвсүрэн төлбөр тушаагаагүй байсан бөгөөд энэ тухайгаа ч 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр "касс нь байхгүй байсан болохоор төлбөр тушааж чадаагүй" гэж хүлээн зөвшөөрсөн.  Өөрөөр хэлбэл, Ачтан эмнэлгийн дүрмээр эмчийн үзлэгийн төлбер тушаагаагүй тохиолдолд эмчид үзүүлэх боломжгүй юм.

Тэгэхээр эмнэлгийн магадлагаа нь үнэн зөв эсэх эргэлзээтэй байгаа юм.

Эмнэлгийн магадлагааг эмнэлгийн хуудастай хольж хутган, Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2009 оны 124 дүгээр тушаалаар батлагдсан "Эмнэлгийн хуудас олгох тухай" журмыг хэрэглэн шийдвэрлэсэн нь буруу юм. Зүй нь, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалаар батлагдсан "Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам" -ыг баримтлах бөгөөд энэ тохиолдолд тус журмын 2.1.1-д зааснаар хувь хүн өвчин, осол гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдах, эмчлүүлэх, сувилуулах, жирэмслэх, амаржих, хиймэл эрхтэн хийлгэх, хөл хоригдох, өвчтөн асрах зэрэг асуудалтай холбогдуулан гаргах магадлагаа бөгөөд ер нь практикт тогтсон жишгээр эмчид үзүүлсэн даруйдаа өвчтөн магадлагаагаа бичүүлж авдаг. Түүнээс биш 5 хоногийн дараа магадлагааг бичүүлж авдаггүй. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд эмнэлгийн хуудсыг олгодог ба эмчлүүлж дууссанаас хойш 5 хоногийн дотор бичиж олгоно гэсэн нь энэ тохиолдолд хамааралгүй юм. Хэрвээ үнэхээр л өвчтэй байсан юм бол Н.Пүрэвсүрэн 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл яагаад байгууллагадаа мэдэгдээгүй юм бэ? Мөн "Эмнэлгийн магадлагаа олгох журам" -ын 3.3-д магадлагаа гаргаж буй эмч, эмнэлгийн байгууллага нь тухайн нөхцөл байдалд тулгуурлаж, бодит үндэслэлтэй магадлагаа гаргах ба нэг асуудлаар зөрүүтэй буюу зөрчилтэй магадлагаанууд гаргаж болохгүй, 4.7-д Эмнэлгийн магадлагаа олгосон тухай тусгайлан бүртгэлийг дүн бүртгэгч эмч бүртгэх ба магадлагааны дугаар бүртгэлийн дугаартай тохирч байна, 5-д энэхүү журмыг зөрчсөн буюу эмнэлгийн магадлагааг хуурамчаар үйлдсэн тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуплага хүлээлгэнэ гэж тус тус зааснаас дүгнэхэд, Н.Пүрэвсүрэнд олгосон гэх эмнэлгийн магадлагаа бодит байдалд нийцээгүй зөрчилтэй, журам зөрчсөн байх тул үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй юм.

Иймд ажилдаа ирээгүй хүнийг ирээгүй гэсэн бүртгэл, баримт бичиг зохих ёсоор боловсруулаагүй хүнийг үүрэг даалгавар дахин өгсөн баримтаар, тендерийн ажил гүйцэтгэхдээ алдаа дутагдал гаргасан талаар Налайх дүүргийн дотоод аудитын албаны дүгнэлтээр, албаны даргын эзгүйд албан үүргээ гүйцэтгээгүйг цагийн бүртгэлийн дэвтрээр, түүний өөрийгөө хамгаалсан зөрчилтэй баримтууд, олон янзын худлаа тайлбараар эсрэгцүүлэн няцааж нотлохоос өөр ямар нотолгоо шаардлагатай вэ?

Давж заалдах шатны эрхэм шүүгчид та бүхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Бадамцэцэгийн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б-07 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 /Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн/-д заасныг баримтлан 4 төрлийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны Ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Пүрэвсүрэнг ажлаас халсан ба тэрээр дээрх тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан байна.

Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Н.Пүрэвсүрэнгийн гомдлыг хянан шалгаад Н.Пүрэвсүрэнг ажлаас халах тухай Б-07 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоожээ.

Энэхүү Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Бадамцэцэг гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Бадамцэцэгийн Б-07 дугаар тушаалд дурдсан үндэслэлүүдийн талаар холбогдох хяналт, шалгалтыг Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хийж гүйцэтгэн, дээрх тушаалд дурдсан үндэслэл тус бүрт дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий болсон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Тодруулбал,

- “Нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг боловсруулаагүй” гэх боловч Ж.Бадамцэцэгийн үүрэг өгсний дагуу Н.Пүрэвсүрэн уг баримт бичгийн төслийг боловсруулсан нь хэрэгт хавсаргагдсан төдийгүй, боловсруулсан төслийг нягтлан шалгаж, холбогдох өөрчлөлт оруулах тухай чиглэл өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

- “Мэргэжлийн байгууллагын ажилтны үүргээ хангалтгүй биелүүлсэн, нягтлан шалгалгүйгээр сонгон шалгаруулалтыг явуулсан, ажил үүргээ умартан, удирдлагын нэр хүндийг нь гутаан доромжлох, худал гүтгэлэг тараах, хараах зүхэх зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй үйлдэл гаргасан” гэх зөрчлийн тухайд Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4-д “Тухайн төрийн байгуулагын төрийн захиргааны албан хаагчийн тоо 10 хүрэхгүй бол Ёс зүйн хороо байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд тухайн төрийн байгуулагын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл бүхий төрийн байгууллагын Ёс зүйн хороо шалган тогтоож,  дүгнэлт гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Н.Пүрэвсүрэнгийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэдэг нь тогтоогдоогүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Тэрчлэн тендер шалгаруулалтын ажиллагаа нь ганц хүний үйл ажиллагаа бус үнэлгээний хорооны хамтын үйл ажиллагаа атал тендер шалгаруулалтад хяналт хийж илэрсэн гэх зөрчлүүдийг зөвхөн Н.Пүрэвсүрэнд хамааруулан авч үзсэн нь учир дутагдалтай болжээ.

- “Ажил үүргээ албаны дотоод журамд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас ... НДХААА-2015/А-07/ тенедерийн үнэлгээний хорооны зөвлөмж дүүргийн Засаг даргын тамшгын газрын тамга тэмдэгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргэгдсэн, тухайн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг ирүүлээгүй” гэх зөрчлийн тухайд Н.Пүрэвсүрэнгийн дээрх үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3, 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасантай нийцэж байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

- Мөн Н.Пүрэвсүрэнг 5 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх боловч Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2009 оны 124 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн хуудас олгох тухай” журмын дагуу Н.Пүрэвсүрэн нь эмнэлгийн магадлагаа авсан, магадлагааг дээрх журамд заасан магадлагаа олгох эрх бүхий этгээд олгосон бөгөөд үүнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 390 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                   Г.БИЛГҮҮН