Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/757

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,  

улсын яллагч М.Амарзаяа,

насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Л.А-,

шүүгдэгч Д.Э-,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Э-ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ----- дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________ тоотод оршин суух, Б- овогт Д-ийн Э- /РД:________/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн ________ дугаар хороо, ________задгай тоотод “шинэ хүүхэдтэй болсноо тэмдэглэж архи уусан нь чамд хамаагүй, чи намайг шоронд эргэж ирж байгаагүй” гэж агсарч эхнэр Д.Б-ийн нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж зодсон,

2017 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ________ дугаар хороо, Сансарын 9 задгай тоотод “хүүхдийн хөл дээр гишгэлээ” гэж маргалдан эхнэр Д.Б-ийг түлхэж, мөр рүү нь цохисон,

2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ________ дугаар хороо, ________задгай тоотод “цагдаад өргөдөл  бичиж өгсөн, намайг шоронд байхад хэнтэй хаагуур юу хийж явсан” гэх зүйлээр шалтаглан Д.Б-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан, төрсөн охин Э.Э-ийг “дүүгээ уйлууллаа” гэх шалтгаанаар гуя уруу нь галын дэгээ төмрөөр цохиж, зодсон, төрсөн охин 9 сар 20 хоногтой Э.Э-ийг “чимээгүй бай” гэж уурлан бөгсөн дээр нь алгадаж зодсон,

2017 оны 12 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх үедээ төрсөн охин 5 настай Э.Э-ийг “дүүгээ сайн авсангүй” гэх шалтгаанаар бөгсөн дээр нь алгадан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 3 дугаар сард эхнэр бид хоёр архи пиво хувааж уусан. Согтолттой байсан учраас хоорондоо хэрүүл маргаан болсон. Ах орж ирээд болиулсан. 2017 оны 12 дугаар сарын 30-нд буудал дээр дуудсан нь үнэн. 0,75 литрийн архи цуг уусан. Дахин нэг шил архи хувааж уусан. Тэгээд эхнэр “Явлаа, амиа хорлоно” гээд байсан. Би хайчийг булааж авсан. 2017 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө бид хоёр архи хувааж уугаад тийм зүйл болсон. Эхнэрийг 50.000 төгрөгөөр торгосон. Мөр рүү нь түлхсэн нь үнэн. Би хүүхдээ зодож байгаагүй. Дэгээ төмрөөр цохисноо санахгүй байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Л.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Насанд хүрээгүй хохирогчийг байцаахад нэг удаа оролцсон. 5 настай хүүхэд үйл явдлын талаар ярихдаа заах маягаар ярьж байсан. Аав архи уусан байсан, дэгээ төмрөөр нэг удаа цохисон гэж зааж мэдүүлэг өгсөн. Хүүхдээс үйл явдлын талаар асуусан” гэв.

  

Эрүүгийн  ----- дугаар дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Б-ийн: “...Э- бид хоёр 2011 оноос хойш үерхэж, 2015 оноос нэг гэрт амьдарч байгаа, гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй. Э- бид хоёр 9 сартай, 5 настай хоёр охинтой. ...2017 оны 11 сарын 04-ний орой Э- бид хоёр 2 литрийн хэмжээтэй нэг пиво гэртээ хувааж уусан. Бага хүүхэд мөлхөж байхад нь би хажуугаар нь гарсан чинь манай нөхөр Э- намайг түлхээд “чи хүүхдийн гар дээр гишгэлээ” гэхээр нь би “анзаарсангүй” гэсэн. Тэгээд маргалдаж байгаад намайг мөр рүү нэг удаа цохиод авахаар нь би гэрээс гараад эгчийнхээ гэрт очоод хоносон.

“...2017 оны 3 дугаар сард төрсний дараа Баянхошуунд архи ууж согтуу орж ирэхээр нь би “чи намайг төрчихсөн байхад архи ууж орж ирлээ их архи уух юм” гэсэн чинь “шинэ хүүхэдтэй болсноо тэмдэглэж байна, чамд ямар хамаатай юм, чи шоронд байхад эргэж ирж байгаагүй” гэж ярихаар нь би “ганцаараа чиний хүүхдийг өсгөсөн, адилхан зовж явсан” гээд маргалдсан чинь Э- “чи юу гээд хуцаад байгаа юм” гээд миний баруун шанаа уруу гараа атгаж байгаад 2 удаа цохиж зодож баруун нүд шанаа хавдаж хөхөрчихсөн байсан.

...2017 оны 12 дугаар сарын 30-ны 21 цаг өнгөрч байхад “112 автобусны буудал дээр хүрээд ир” гэж утсаар дуудахаар нь очсон чинь Э- согтуу, хүнсний дэлгүүр орж баярын юм аваад архи авна гээд 0.7 литрийн архи аваад гэртээ ирсэн. Би хоолоо хийж байх хооронд авчирсан архиа ганцаараа уугаад согтчихоод бас л шорондоо байсан талаар ярьж шоронд хэцүү зовлонтой байсан гээд “Чи намайг шоронд байхад өөр хүнтэй явалдаж байсан, өөр яадаг байсан юм” гээд миний толгой нүүр рүү гараараа нэг удаа цохиод миний нүүр рүү алгадсан. Би тийм юм байхгүй гэсэн чинь “битгий худлаа яриад бай үнэнээ заавал хэл” гээд шүүгээн дээр байсан хар иштэй хутга барьж аваад “үнэнээ хэлэхгүй бол ална шүү” гэж хашгирахаар нь би “боль” гэж хашгираад хутгыг булааж аваад зүүн гарынхаа 3 сарвууг зүсчихсэн. Тэр хутгыг нь гэрээс гаргаад шидчихсэн. Сүх аваад “чи намайг шоронд байхад яаж явснаа бүгдийг ярь” гээд хашгираад сүхээ хэд хэдэн удаа далайж байгаад зүүн нүдний хажуу уруу сүхний араар буюу дөрвөлжин хэсгээр нэг удаа цохисон. Тухайн үед нэлээн цус гарсан. Э- цус хараад гайгүй болж наад цусаа угааж цэвэрлэ гээд үлдсэн архиа ууж сууж байснаа дахиж “чи надад одоо хэл” гээд шүүгээн дээр байсан хөх өнгөтэй хайч бариад далайж байгаад миний баруун хөлний гуяны доод хэсэг рүү хатгачихсан. Би яг хатгах үед гараараа хаасан чинь миний баруун гарын долоовор хурууг бас зүсчихсэн. ...Э-ий бөгс улайчихсан, Э-ийн гуя бага зэрэг хөхөрчихсөн байсан. Би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.

Д.Э- нь архи уухаараа...өөрийнхөө өмнөх шоронд байсан асуудлаа ярьж бас намайг “гичий, янхан” гэх зэргээр хэлэх хэлэхгүй муухай үгээр хэлж доромжилдог байсан. Харин хүүхдүүдээ “пизда минь, энийг хий” гээд том охиноо загнаж зандардаг. Э- нь 7 хоногт бол заалттай 2-3 удаа өдөр нь архи уудаг, уух болгондоо надад агсам тавьдаг. 2 хүүхдэдээ агсам тавиад байдаггүй. 2017 оны 3 дугаар сард намайг зодоход 2 хүүхдээ зодож, агсам тавьсан асуудал байхгүй. 2017 оны 11 сард намайг зодоход бас 2 хүүхдээ зодсон асуудал гаргаагүй. 2017 оны 12 сард эрүүл байхдаа том охин болох Э-ийг дүүгээ сайн харсангүй гэж бөгсөн дээр нь алгадаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-61-62, 234-235/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийн: “Ээжийг аав сүхээр хураа уруу нь цохисон. Аав миний гуя уруу нэг удаа галын дэгээ төрмөөр цохисон. /Баруун гуяа заав/. Дүү Э-ий бөгс рүү аав гараараа цохисон. Ээжийн хөл рүү хайчаар хатгасан. Ээжийн хөлнөөс цус гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-64-65/, 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А-гийн: “Би 2018 оны 4 дүгээр сард Э.Э-ийг мэдүүлэг өгөхөд байлцсан. Тухайн үед Э.Э- нь аав Э- согтуу байхдаа намайг дүүгээ харсангүй гэж алгадсан. Галын дэгээ төмрөөр цохисон гэж мэдүүлж байсан. Хаана нь цохисон гэж асуухад гуя уруугаа зааж байсан. Бас гуя нь улайсан гэж байсан. Дүү Э-ийг бөгсөн дээр нь алгадсан гэж мэдүүлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-238-239/,    

Гэрч З.Дугаржавын: “Миний охин Б-э 2010 онд Э- гэдэг залуутай танилцсан. Э-тай хамт амьдарснаас хойш охин Б-э байнга надаас мөнгө нэхэж хоол ундыг нь зөөдөг байсан. 2017 оны 9 дүгээр сард гэрт нь очиход Б-ийн зүүн хөл хавдчихсан, зүүн нүд хөхөрчихсөн хэвтэж байхаар нь юу болсон талаар асуусан чинь “бие засах гэж явж байгаад хальтарч унаад шагайгаа гэмтээчихсэн, юм мөргөж унасан” гэж хэлсэн. Миний охин Б-э нуугаад тэгэж хэлсэн юм байна лээ. Үнэн хэрэгтээ 2017 оны 9 дүгээр сард Э- нь согтуу ирээд сүхээр зүүн хөлнийх нь шагай уруу цохиж нүд рүү нь гараараа цохисон байсан. Сүүлд миний охин надад хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 04-нд танай хэлтэс дээр Б-э Э-т зодуулсан шалгуулж байхад Э- нь Б-ийг гуйж байгаад гомдол саналгүй гэж бичүүлж Б-э 50,000 төгрөгөөр торгуулж хэрэг нь шийдэгдсэн. Миний охин Б-ий зүүн нүдний зовхины хажууд шалбарсан шархтай, баруун гарын алга нь хутгаар зүсэгдсэн шархтай, баруун хөлний зузаан гуя орчим хайчаар хатгасан шархтай, мөн хөхөрчихсөн зулгаралттай, нүүр нь хавдчихсан байсан. ...Тухайн үед намайг очиход Э-ийг орилсон гээд бөгсөн дээр нь алгадсан, харин Э-ийг галын дэгээ төмрөөр гуя уруу нь цохисон гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-222-223/,

Гэрч М.А-ийн: “...Би ...тодорхой өдрийг сайн санахгүй байна, ямартай ч 11 сар гарчихсан гадаа хүйтэн цас орчихсон байсан. Шөнө 02 цагийн орчим хаалга нүдэхээр нь онгойлготол найз Б-э гэрийнхээ нимгэн өмдтэй, майктай, нүүр ам нь хөхөрчихсөн, үс нь сэгсийчихсэн, нэлээн уйлчихсан гэрийн сандаалтайгаа ирж байсан. Юу болсон талаар асуутал хамтран амьдрагч Э-т зодуулаад зугтааж гэрээсээ гарч ирлээ гэж ярьж байсан. Тэгээд тухайн шөнөө манай гэрт хоноод маргааш нь цагдаад өргөдөл өгч байсан. Надад нэлээн олон удаа зодуулж дарамтлуулдаг, хүүхдээ хүртэл загнаж зоддог гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-219-220/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.15-ны өдрийн ____ дугаар шинжилгээний дүгнэлтэд1.Д.Б-ий биед зүүн нүдний зовхи, зүүн шуу, баруун, зүүн сарвуу, баруун гуя, шилбэнд сорив, хуучин шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-75/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.04.22-ны өдрийн 5091 дүгээр шинжилгээний дүгнэлтэд1.Э.Э-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-78/,

Шүүгдэгч Д.Э-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний орой би ажлаа тараад баярын юм аваад эхнэр Б-этэй явж байгаад ширээн дээр тавих нэг том архи авчих уу гээд 0.75 литрийн “Хараа” нэртэй архи аваад гэртээ ирсэн. Хоол ундаа хийж идчихээд эхнэр Б-э “нөгөө архиа задалчих, уучихья” гэхээр нь бид хоёр хувааж уусан. Уугаад эхнэрээс “чи хорооллын буудалд 2 залууд биеэ үнэлсэн чинь үнэн юм уу, 80.000 төгрөг авсан юм уу” гэсэн чинь “тийм” гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаж архиа ууж дуусчихаад эхнэр Б-э нэлээн согтчихсон “би чамаас саллаа, явлаа” гэж хэлсэн чинь “амиа хорлоно” гээд гэрт байсан цэнхэр бариултай хайч аваад бид хоёр зууралдаж байгаад Б-э гуя уруугаа хатгачихсан. Тухайн үедээ ярьж байгаад эвлэрсэн.

...Би Б-этэй 2011 онд танилцсан. Шоронгоос гарч ирэхэд миний хүүхэд Э- гарчихсан байсан. 2017 оны 3 дугаар сарын 10-нд Б-э бид хоёр дундаасаа дахиж нэг охинтой болсон. 2017 оны 11 сард Б-этэй хүүхдийн хөл дээр гишгэсэн гэж зодлоо гээд Б-э өргөдөл гаргаж шалгагдаж байгаад өргөдөл гомдлоо буцааж авсан. Б-ийг худал гомдол гаргасан гэж 50.000 төгрөгөөр торгосон. ...Хамтран амьдрагч Б-э нь 2 хүүхдийг намайг зодсон гэж худлаа мэдүүлсэн байна. Би Б-ийн хүүхэд зодсон гэх мэдүүлэгтэй нь санал нийлэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-91-92, 104-105, 179-180, 2 дугаар хавтас хх-18-19/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-6-14, 140-144/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-15-18/, АСАП сангийн мэдээлэл /хх-30-33/, шинжээчийн 2525 дугаар дүгнэлт /хх-83/, шинжээчийн 4385 дугаар дүгнэлт /хх-84/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-106/, түр хамгаалах байранд хамгаалалт авагдсан иргэнтэй хийсэн сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээний үнэлгээний маягт /хх-145-146, 149-153/, дуудлагын лавлагааны хуудас /хх-150/, хяналтын карт /хх-154-156/, хохирогчийн хүсэлт /хх-167/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-168, 169, 170, 2 дугаар хавтас, хх-8, 9, 10/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Э- согтуурсан үедээ 2017 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн ________ дугаар хороо, ________задгай тоотод “шинэ хүүхэдтэй болсноо тэмдэглэж архи уусан нь чамд хамаагүй, чи намайг шоронд эргэж ирж байгаагүй” гэж агсарч эхнэр Д.Б-ийн нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж зодсон,

2017 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ________ дугаар хороо, Сансарын 9 задгай тоотод “хүүхдийн хөл дээр гишгэлээ” гэж маргалдан эхнэр Д.Б-ийг түлхэж, мөр рүү нь цохисон,

2017 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ________ дугаар хороо, ________задгай тоотод “цагдаад өргөдөл  бичиж өгсөн, намайг шоронд байхад хэнтэй хаагуур юу хийж явсан” гэх зүйлээр шалтаглан Д.Б-ийг зодож, хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгүүд болон, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Э____ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Харин прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Э-ын үйлдэлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох охин /5 настай/ Э.Э-, Э.Э- нарыг “байнга” зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй банйа. Тухайлбал хохирогч Д.Б-ийн “...Хоёр хүүхдэдээ агсам тавиад байдаггүй. 2017 оны 3 дугаар сар, 11 сард намайг зодохдоо 2 хүүхдээ зодсон асуудал гаргаагүй. 2017 оны 12 сард эрүүл байхдаа том охин болох Э-ийг дүүгээ сайн харсангүй гэж бөгсөн дээр нь алгадаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-61-62, 234-235/, шүүгдэгчийн “...Б-э нь 2 хүүхдийг намайг зодсон гэж худлаа мэдүүлсэн байна. Би Б-ийн хүүхэд зодсон гэх мэдүүлэгтэй санал нийлэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хх-18-19/ зэргээр шүүгдэгч Д.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд түүний “...Хэрэгтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-61-62, “надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой, шүүх хуралд суухгүй” гэж шүүхэд мэдэгдсэнийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзлээ. Түүнчлэн хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Э-ын биечлэн эдлэх хорих ялыг 1 жил хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүхээс тогтоосон гэм буруугийн асуудлаар анхнаасаа маргаагүй тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн хувьд ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүгдэгч Д.Э-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдууллаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Э-т оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нийт 90 хоногийн хорих ялыг 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 3 сараар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Э____ын 2018.04.10-наас 2018.04.12-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоног, 2018.04.12-ноос 2018.09.03-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 144 /нэг зуун дөчин дөрөв/, нийт 146 /нэг зуун дөчин зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хайч, галын шилээвэр төмөр, сүх зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э____ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогт Д-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2- т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 90 хоногийг нэмж нэгтгэн, Д.Э-ын биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сараар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Э-ын урьдчилан хоригдсон 146 /нэг зуун дөчин зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хайч, галын шилээвэр төмөр, сүх зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Э- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б-э гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Э-ын эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР