Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овогт Дийн Д-д холбогдох 2216000000057 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 24- ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан 1-р баг “Солонго” хороолол өгссөн асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 32-23 ГАО улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Тоуоtа Рrius-30” маркийн мөнгөлөг өнгийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.2 -д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 -д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний

 

улмаас эсрэг урсгалд орж улмаар замын хажуу талд байх гэрлийн шонг мөргөж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.О-нэрүүл мэндэд “...зүүн дунд чөмөгний далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 24- ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан 1-р баг “Солонго” хороолол өгссөн асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 32-23 ГАО улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Тоуоtа Рrius-30” маркийн мөнгөлөг өнгийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.2 -д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 -д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж улмаар замын хажуу талд байх гэрлийн шонг мөргөж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.О-нэрүүл мэндэд “...зүүн дунд чөмөгний далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрхи үйл баримт нь жолооч авто тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Д гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн... Тэр өдөр би ажлаасаа тараад явж байхад манай хоёр найз дуудаад бид гурав согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд нөгөө хоёр намайг чи арай гайгүй байна гээд машинд суугаад явсан. Эхлээд Отгонбаатар архи авчраад бид гурав хамтарч ууж байгаад машин барьж явж байгаад осол хийчихсэн. Энэ үйлдэл миний буруу. Зайлшгүй миний буруутай үйл ажиллагаанаас болсон учраас би маш их гэмшиж, харамсаж байгаа гэдгээ хэлмээр байна гэв./шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

   Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5, 7-9-рт/,

 

          Осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг/хх-ийн 6-рт/,

 

          Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-рт/,

 

          Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Мягмарсүрэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай ослын магадалгаа /хх-ийн 18-рт/,

 

          Д.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ 1.63%-ийн согтолттой байсан талаарх согтуурлыг тогтоох зорилгоор драгер үлээлгэсэн тэмдэглэл, цагдаагийн дэслэгч М.Чойжинсүрэнгийн үйлдсэн тэмдэглэл /хх-ийн 17-рт/,

 

          Зам тээврийн ослын улмаас А.О-нэрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27-рт/,

 

          Хохирогч А.Онь хүндэвтэр гэмтлийн улмаас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 7 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 980 тоот өвчний түүх /хх-ийн 98-128-рт/,

 

          Хохирогч А.О-нмөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр ажил тарсны дараа 17 цаг 40 минутын орчимд Батсанчиртай уулзаад Батсанчирын машиныг дүүгийнх нь гадаа тавиад бид хоёр 4 дүгээр сургуульд очоод Дтэй Солонго хорооллын дээд талд цахилгааны под станцийн дэргэд би машинаа тавиад бид 2 Дгийн машинд суусан. Тэндээсээ Баянхайрхан багт байдаг нэрийг нь мэдэхгүй дэлгүүр ороод би 0,75 литрийн “Соёрхол” архи, ундаатай аваад буцаад миний машины дэргэд ирсэн. Тэндээ авсан архиа ууж дуусгачхаад дахиад Баяншанд багт байдаг дэлгүүр орж 0,75 литрийн “Соёрхол” авч манай Индэрт багт байдаг 2-26 тоот хашаанд очиж уусан, тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь Д машин барьж яваад юм мөргөчих шиг болсон, ухаан ороод ХӨДЛӨХ гэсэн чинь хөл мэдээгүй болчихсон байсан. Тэгээд би эхнэр лүүгээ залгаад манай эхнэр, найз 2 ирж аваад эмнэлэгт авч ирсэн. Батсанчир бид 2 хойно суугаад Д машин барьж байсан. Миний зүүн хөлийн дунд чөмөг хугарсан, хэлээ хазсан байсан, ... Тухайн өдөр болсон явдлын талаар нэмж хэлэх зүйл байхгүй байна, Д миний эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал мөнгөнөөс өгч тусалбал сайн байна, Миний эмчилгээний зардал ойролцоогоор 2,500,000 төгрөг орчим болсон, Одоогоор надад 400,000 төгрөгийг эмчилгээний зардалд өгчихсөн байгаа, бид нар найз нөхдийн хүрээнд тохиролцоод асуудлаа ярилцсан, Надад эмчилгээний зардал өгнө гэсэн, надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 40-рт/,

 

          Гэрч Б.Б-ийнмөрдөн байцаалтад өгсөн “...Солонго хорооллын урд талын засмал зам дээр Д утсаар ярьж явж байгаад гэнэт зүүн гар талруугаа дараад шон мөргөөд зогссон. Би буугаад шоконд ороод хэсэг байж байгаад Отгонбаатар дээр очоод буугаарай гэсэн чинь бууж чадахгүй байсан. ...Тухайн машиныг 4 дүгээр сургуулийн багш Д жолоодож явсан. Ер нь согтолттой байсан. Намайг эмнэлэг дээр байхад драгер үлээлгэхэд 1,67%-ийн согтолттой гарсан, Д жолоо бариад Отгонбаатар баруун хойд талын суудал дээр би түүний хажууд зүүн хойд талд нь сууж явсан. Надад ямар нэгэн бэртэл байхгүй байна, шүүх шинжилгээний албанд үзүүлэх шаардлагагүй, Надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-рт/,

 

          Иргэний нэхэмжлэгч Ж.Дийн хавтаст хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт/хх-ийн 164-рт/,

 

Тухайн зам тээврийн ослын улмаас гэрлийн шонгийн эвдрэл буюу учирсан хохирлын хэмжээг 1,310,000 төгрөгөөр тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ДХҮ-921-2457 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 147-141-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, Д.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг тус тус журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын  хугацаагаар тэнсэж хянан харгалзах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, тэнсэж хянан харгалзсан хугацаанд оршин суух газраасаа явах үедээ эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Энэ саналаа дэмжин оролцож байна. Шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шатанд цагдан хоригдож байгаагүй, хэрэгт авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас шүүгдэгчээс тооцон гарах зардалгүй, эд хөрөнгийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримт байхгүй байна гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм дүгнэлтдээ: Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг заасныг журамлан   8 сарын  хугацаагаар тэнсэж хянан харгалзах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг гаргасан байгааг шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Д.Дгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хийсэн үйлдлээ ухамсарлан гэмшиж байгаа. Хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Ар гэрийн нөхцөл байдлын хувьд ээжтэйгээ хамт, өрх толгойлсон эмэгтэй хүүхэдтэйгээ хамт амьдардаг.  Энэ нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан тэнсэн харгалзах хорих ял 6 сарын хугацаанаас эхэлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан доод хэмжээгээр тэнсэн харгалзах ялыг оногдуулж тухайн хэргийг шийдвэрлэж өгнө үү...”гэв.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол  Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.  

Шүүгдэгч Д.Д  нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.2 -д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 -д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч А.О-нбиед хүндэвтэр хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас А.О-нбиед хүндэвтэр хохирол учирсан байх тул  шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч А.О-д 570,000 төгрөг мөн иргэний нэхэмжлэгчид 1,310,000 төгрөгийг тус тус төлсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Д.Д нь хохирогчид 570,000/таван зуун далан мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгчид 1,310,000 /нэг сая гурван зуун арван мянга/ төгрөг төлсөн байх бөгөөд иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хохирогч иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт шүүхэд гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Д.Д нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Д нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай “хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Д.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно.

 

Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8/найм/ сарын хугацаагаар тэнсэж,  тэнссэн хугацаанд зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 570,000/таван зуун далан мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгчид 1,310,000 /нэг сая гурван зуун арван мянга/ төгрөг төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Дийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8/найм/ сарын хугацаагаар тэнсэж,  тэнссэн хугацаанд зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

 

3. Хорих ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Д.Дд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 570,000/таван зуун далан мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгчид 1,310,000 /нэг сая гурван зуун арван мянга/ төгрөг төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА