Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Мөнхтулга, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Ц.Батзаяа

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Хохирогч М.М

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Бд холбогдох 2216000000031 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны  04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн  авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутай хорооны 4-10 тоотод байх өөрийн гэртээ 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч М.Мтэй гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хоолойг нь боох, олон удаа хутгалах зэргээр эрүүл мэндэд нь өвчүүний дунд баруун хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн 7-р хавирга завсраар цээжний хөндийд нэвтэрсэн шарх, 2 талын цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушигны нэвтэрсэн шарх, баруун уушгины атлектаз, зүүн чамархай, баруун эгэмний дунд дээд хэсэг, хүзүүний баруун урд доод хэсэг, зүүн суганы урд дээд хэсэг, аюулхайн баруун хэсэг, аюулхайн зүүн дээд хэсэг, зүүн хөхний толгойн баруун тал, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний урд дээд хэсэг, зүүн тахимны хонхорт шарх, баруун гуяны гадна хэсэгт цус хуралт, түлэгдэлт, баруун ташаан толгой, баруун мөр, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт бүхий гэмтлүүд учруулан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ц.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутай хорооны 4-10 тоотод байх өөрийн гэртээ 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 цагийн орчимд хамтран амьдрагч М.Мтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж М.Мгийн хоолойг нь боож, олон удаа хутгалаж эрүүл мэндэд нь өвчүүний дунд баруун хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн 7-р хавирга завсраар цээжний хөндийд нэвтэрсэн шарх, 2 талын цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушигны нэвтэрсэн шарх, баруун уушгины атлектаз, зүүн чамархай, баруун эгэмний дунд дээд хэсэг, хүзүүний баруун урд доод хэсэг, зүүн суганы урд дээд хэсэг, аюулхайн баруун хэсэг, аюулхайн зүүн дээд хэсэг, зүүн хөхний толгойн баруун тал, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний урд дээд хэсэг, зүүн тахимны хонхорт шарх, баруун гуяны гадна хэсэгт цус хуралт, түлэгдэлт, баруун ташаан толгой, баруун мөр, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт бүхий гэмтлүүд учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрхи үйл баримт нь хүний эрүүл мэнд болон амьд явах эрхэнд халдаж  алахыг завдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Б гэм буруутай болох нь:

 

          Хохирогч М.М шүүхийн мэдүүлэхдээ: Би энэ хүнтэй 13 жил гаруй амьдарсан. Надад хатуу байна. Энэ  хүнийг намайг ийм байдалд хүргэнэ гэж бодоогүй. Надад гар ч хүрч байсан. Би хэнд ч хэлэхгүй нууж байсан. Намайг ийм болгоно гэж төсөөлж ч байгаагүй. Тухайн орой нь би хэлж байсан. Миний хань унтах гэж байхад архиар яах юм бэ гэж байсан. Миний хань архинд дэндүү дуртай. Миний хань архиа болих юм бол чи мундаг хүн шүү гэж зөндөө хэлдэг байсан. Би 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан. Баруун талын хөл халуун, хүйтнээ мэдэхгүй. Цээжээ даагаад босоод ирсэн чинь 2 хөл нам болсон. 2 бага насны хүүхэдтэй, ажил хийх ямар ч боломж байхгүй. Энэ амьдралын төлөө яаж зүтгэсэн талаар энэ хүн мэдэж байгаа.  Амьдрал дээр дэндүү эрэмгий байсан. Би гомдолтой байна. Би ханийгаа уучилъя гэсэн ч чадахгүй байна. Энэ хүнийг уучлаад хүлээгээд авах ямар ч боломж алга байна гэв./шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 2- 7-рт/,

          Аюулын зэргийн үнэлгээний /нийт 7 гарч эрсдэлийн дунд түвшинд үнэлэгдсэн/ гэх тэмдэглэл /1-р хх-ийн 16-18-рт/,

          Драгер үлээлгэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 20-рт/,

 

          Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 22-30-рт/,

 

          Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай “1.М.Мгийн биед өвчүүний дунд баруун хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн 7-р хавирга завсраар цээжний хөндийд нэвтэрсэн шарх, 2 талын цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушигны нэвтэрсэн шарх, баруун уушигны атлектаз, зүүн чамархай, баруун эгэмний дунд дээд хэсэг, хүзүүний баруун урд доод хэсэг, зүүн суганы урд дээд хэсэг, аюулхайн баруун хэсэг, аюулхайн зүүн дээд хэсэг, зүүн хөхний толгойн баруун тал, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний урд дээд хэсэг, зүүн тахимны хонхорт шарх, баруун гуяны гадна хэсэгт цус хуралт, түлэгдэлт, баруун ташаан толгой, баруун мөр, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, бусад цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          З. М.Мгийн биед учирсан өвчүүний дунд баруун хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн 7-р хавирга завсраар цээжний хөндийд нэвтэрсэн шарх, 2 талын цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушигны нэвтэрсэн шарх, баруун уушигны атлектиз гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад шарх гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт, түлэгдэлт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт /1-р хх- ийн 84-87-рт/,

 

Хохирогч М.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Насаа орондоо орчихсон би зуухны урд суугаад фэйсбүүк ороод сууж байсан гэр дулаацчихаар нь хэвтэх гэтэл Батнасан намайг бурхны архинаас нэг хийгээд өг гэхээр нь одоо унтахын хооронд архиар яах юм бэ гэсэн. Надаас 1 удаа татчихаад унтъя гээд байхаар нь хүүхдийн жижиг аягаар нэг хийгээд өгсөн. Тэрийг уучихаад надад бас хийгээд өгөхөөр нь хийж өгсөн архийг нь уучихсан. Би орондоо орсон чинь Батнасан зөрж босоод манай гэрт байсан бүтэн шилтэй хар архийг “Чингис” гэсэн шилтэй архины шилрүү юүлсэн. Чи наад архинаасаа битгий уугаарай анд явахаараа өргөчихье гэсэн чинь зүгээр зүгээр 1 л балгачихъя гэсээр байгаад уусан. Тэр архинаас ууж байснаа 03 цагийн үед би явлаа, гарлаа гээд машины түлхүүр авах гэхээр нь юу яриад байгаа юм харанхуй шөнө болчихсон байхад хаашаа явах гээд байгаа юм бэ гэсэн чинь чи намайг дандаа хорьж байхаар яадаг юм бэ гээд миний толгойн шанаа хавьцаа цохиод хоолой боогоод авсан. Намайг хоолой боогоод байхаар нь тухайн үед ухаан балартаад боож байгаа гарыг нь тавиулах гээд самардсан. Боож байсан гараа тавиад гичийг ална гэж хэлээд зүүн талд байдаг хоолны шкафнаас хутга авчих шиг болсон. Над дээр эргэж ирээд цээж хэсэгт хутгалсан. Намайг хутгалж байхад хүү баруун талын орноос аав одоо болиоч гээд орилсон. Тэгсэн чинь Батнасан Ганболдыг дуугай унт пизда минь, чамайг алчихна шүү гэсэн. Намайг ямар ч байсан 2 удаа хутгалсан. Хамгийн сүүлд зүүн ар хэсэгт хутгалахаар нь надад туслаач гэсэн чинь чиний хүүг амьд үлдээсэнд баярлаж яваарай гээд байсан. Би хоолой боож байхад нь хажуу айлын хүний нэрийг хэлээд орилсон боловч манай гэрт орж ирээгүй. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Намайг хутгалж байхдаа миний нүүр рүү хараад чамд сайхан байна уу гээд надаас асуугаад байсан. Тухайн үед манай гэрт Батнасан, хүү бид 3 л байсан. Би Батнасантай албан ёсоор гэрлээгүй, хамтран амьдраад 14 жил болж байна. Бид хоёрын дундаас Ганболд гэх хүү гарсан. Намайг өмнө нь хэд хэдэн удаа зодож байсан хамгийн сүүлд 8 сард архи уугаад агсам тавиад байхаар нь цагдаад хандсан. Өөр хуулийн байгууллагад хандаж байгаагүй. Би хамтран амьдарч байсан Ц.Бд маш их гомдолтой байна. Манай хүү утас авч цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй бол тэр шөнөө үхэх байсан. Би ийм хүний хажууд байсандаа маш их харамсаж байна. Одоо сэтгэл санааны байдал тун хүнд байна. Миний шарх хөдлөхийн тоолонгоор өвдөж байна, шөнө айдас хүрээд цочоод унтаж чадахгүй байдалтай байна. ...намайг эмнэлэгт хэвтсэнээс хойш 1,500,000 төгрөг хэрэглээд дууслаа тэр мөнгө төгрөгөө гаргуулж авмаар байна. Манай дүү хөдөө явахдаа бүх баримтаа аваад явчихсан байна. Би тэр баримтаа дүүгээсээ аваад өгнө”, гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 91-98-рт/,

 

          Насанд хүрээгүй гэрч Ц.Г-ийнмөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр аав, ээж бид 3 Цасаа гэдэг айлд очиж аав, ээж, Цасаа ах нар хөзөр тоглосон. 23 цагийн үед бид 3 гэртээ ирсэн. Гэртээ ирчихээд би шууд баруун талын орон дээр унтаад өгсөн. Намайг сэрсэн чинь аав, ээж 2 согтуу байсан. Аав сандал дээр сууж байсан, ээж зүүн талын орон дээр нүцгэн хэвтэж байсан. Тэгээд би сэрүүн байж байтал аав намайг чи хөнжлөө нөмөр гэсэн тэгэхээр нь би хөнжлөө нөмөрч байж байгаад буцаад харсан чинь ээжийн биенээс зөндөө их цус асгарч байсан. Тэгээд очоод үзсэн чинь бие дээр нь олон удаа зүсчихсэн байсан. Би гайхсандаа болоод гэрийнхээ ширээн дээр байсан гар утсыг авч гараад цагдаагийн 102 дугаарт залгасан. Тэгээд цагдаа дуудсан. Би цагдаа дуудчихаад буцаад гэртээ ороод ирсэн чинь ээжийн биенээс бүр их цус гарчихсан байсан. Тэгээд удаагүй байхад цагдаа нар орж ирээд ээжийг харчихаад эмч дуудсан. Эмч нар ирээд намайг ээжийн хамт аваад явсан. Намайг гэрээс гараад явахад аав сандал дээр суугаад үлдсэн. Бид нарын араас цагдаа нар аавыг авч ирээд эмчид үзүүлсэн. Би ээжийн биеийг эмчээс асуусан чинь биеийг нь муу байна гэж байсан. Намайг унтахад хэрэлдэж маргалдаагүй. Ээж орон дээрээ хэвтээд аав хажууд нь сандал дээрээ сууж байсан. Би унтаж байгаад хар дараад сэрчихсэн. Тонхил сумд байхдаа аав, ээж 2 аймаар их хэрэлдэж, зодолддог байсан. Би юунаас болж хэрэлдээд байдгийг нь мэддэггүй. Тонхилд байхдаа бас ээж рүү аав хутга бариад далайж байсан. Би хэзээ гэдгийг нь мартчихсан байна. Манай аав намайг зоддог байсан. Би ээжийн биед зоогдсон хутгыг харж чадаагүй, эмнэлэг дээр очиход эмч нь танай ээжийн биед хутга зоогдсон байна гэж хэлсэн. Харсан бол би тэр хутгыг нь манай хутга гэж мэдэх байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-рт/,

 

          Гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр М.М гэх хүнд би эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тэр өдөр 05 цагийн орчимд Нэгдсэн эмнэлгээс хүн хутгалуулсан байна гэх дуудлагын дагуу ирэхэд М.М нь толгойн зүүн чамархай, хүзүүний төвийнхийн баруун хажууд, цээжний зүүн ар хэсэгт хутга зоолттой, зүүн хөх орчим, цээжний өмнөд хэсэгт, өвчүү хавирганы заагт, өвчүүний доод хэсэг буюу аюулхайн дээд хэсэгт, зүүн хөлийн өвдөгний дээд доод хэсэгт хутгалагдсан шархтай ирсэн байсан. Тэгээд эхний ээлжинд чамархайн цус алдалтыг тогтоож, бусад шархнуудад оёдол тавьж, шаардлагатай оношлогоо, шинжилгээг бүрдүүлж, цус алдалтын эсрэг эмийн эмчилгээ хийж яаралтай журмаар, амь насны заалтаар цээжний хөндийг нээж шалгах, зоогдсон хутгыг авах мэс засалд орсон. Энэ мэс ажилбар нь 3-4 цаг орчим үргэлжилсэн байх, М.Мгийн истори дээр дэлгэрэнгүй байгаа, мэс заслын явцад бор өнгийн модон иштэй хутгыг цээжний зүүн ар хэсгээс авсан. Уг зоолттой байсан хутга нь цээжээр нэвтэрч уушгийг нэвтэрч цээжний арын хавирга завсар зоогдсон байсан. М.Мд учирсан гэмтэл нь цээжний хөндийд нэвтэрсэн уушги гэмтсэн учраас амь насанд эрсдэлтэй гэмтэлд тооцогддог. Одоо эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд эмийн эмчилгээ эрчимтэй хийгдэж байгаа, өвчний түүх нь биеийн байдлаас шалтгаалж хэзээ хаагдахыг мэдэх боломжгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-рт/,

 

          Гэрч А.Бүын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагын жижүүрийн эмчээр ажиллаж байсан. 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 цаг 30 минутанд цагдаагийн Сундуйжав гэх хүн 7048103 дугаарт залгаад гэр бүлийн асуудал гарсан байна, хурдан ирээрэй гэсэн дуудлага өгсөн байсан. Тэгэхдээ миний утасны дугаарыг сувилагчаас авсан байсан. Тэгээд 04 цаг 36 минутанд Сутай хороо 4-10 тоот хашаанд очсон. Очиход нөхөр нь үүдэндээ гарнаас нь цус гарсан байдалтай сууж байсан, эхнэр нь зүүн талын орон дээрээ хэвтэж байсан. Намайг тухайн гэрт ороход 2 цагдаа, бага насны хүүхэд эхнэр, нөхөр 2 гээд 5 хүн байсан. Эхнэрийг нь үзэхэд шуунд нь захын судас сул тэмтрэгдсэн, асуултанд хариулахгүй ухаан санаа бүдгэрсэн байсан. Зүүн талын чамархай хэсгээс цус алдаж байсан. Цээжиндээ 6 орчим шархтай, зүүн талын хөлийн өвдөг орчимд 2 шархтай, амнаас нь архины эхүүн үнэр үнэртэж байсан. Тэгээд зүүн талын чамархайн цус алдалтанд даралттай боолт хийгээд цус тогтоох тариа булчинд хийгээд эмнэлэгт тээвэрлэсэн. Эмнэлэг дээр очоод яаралтай тусламжийн жижүүрийн эмчид хүлээлгэн өгсөн. М.Мг эмнэлгийн орон дээр шилжүүлэхэд зүүн талын 6-7 дугаар хавирганы орчимд хутга зоолттой байсныг харсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-рт/,

          Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт/1-р хх-ийн 119-121-рт/,

 

          Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/209 дугаартай “Ц.Бд баривчлах шийтгэл оногдуулах тухай” шийдвэр /1-р хх- ийн 233-235-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “..шүүгдэгч Ц.Б нь М.Мг алах шинжтэй үйлдэл хийсэн  нь түүний хүү  Ганболд цагдаагийн байгууллагад мэдэгдэж эрүүл мэндийн байгууллагын түргэн тусламж авсан. Шүүгдэгчийн хүсэл зоригоос хамаарч тухайн гэмт хэрэг төгсөөгүй буюу түүнийг алахыг завдсан идэвхтэй үйлдэл хийж байсан. Шүүгдэгч хохирогч нар нь 2009 оноос хойш хамтран амьдарч байгаа. Энэ нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д эхнэр нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч бусад гишүүн тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд тэдгээрийн хамт амьдарч байгаа этгээд гэж заасан байдаг. Гэр бүлийн тухай хуульд зааснаар Ц.Б, М.М нар нь хамтран амьдрагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэгт хамаарч байгаа. Шүүгдэгч Ц.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг алахыг завдсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч Ц.Б  урд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Говь-Алтай аймгийн Тонхил сумд амьдарч байхдаа хохирогчийг зодож байсан. Тухайн үед нь нуугаад цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Сүүлийн үйлдэлд нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулаад 20 хоногийн баривчилгаа авч байсан. Үүнээс харахад өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан байна гэж дүгнэж байгаа. Ийм учраас шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар онц харгис хэрцгийгээр мөн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч  М.Мг алахыг завдсан зүйл ангиар гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: Улсын яллагч яллах дүгнэлт нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар гэм буруутайд тооцох саналыг дэмжиж оролцож байгаа. Хохирогч М.М нь ам бүл гурвуулаа одоох хоёр хүүхдийн хамт амьдардаг. Бага хүү нь 10 настай ээжийн хамт байдаг. Том хүү нь 17 настай, Дархан хотод мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг. Ээжийгээ өвдөөд эмнэлэгт хэвтэхэд нь сургуулиасаа чөлөө авч ирээд 14 хоног асарч байгаад ээжийгээ эмнэлгээс гарахад нь 10 хоног асарч байгаад чөлөөний хугацаа нь дуусаад хичээлдээ явсан байгаа. М.Мгийн тухайд энэ хүнд зодуулснаас болоод амь насанд аюултай хүнд гэмтэл авсан. Одоо таягтай босоод ирсэн байгаа боловч баруун хөл нь халуун, хүйтэн мэдрэхгүй, нэг гар нь халуун хүйтнээ мэдрэхгүй одоо ч эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа. М.М нь Улаанбаатар хот руу зайлшгүй явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан. Ээж нь Тонхил сумаас унаа хөлсөлж авч ирээд Улаанбаатар хот руу унаа хөлсөлж явсан. М.М нь айлын ганц  хүүхэд, өөр  ах дүү байхгүй. Ээж нь хүүхдээ хөл дээр нь босгох гэж  тэтгэврийн зээл аваад эмчилгээ сувилгаатай холбоотой бүх зардлыг ээж нь гаргасан. Ээж нь Тонхил сумаас унаа хөлсөлж 400.000 төгрөгийг хөлсөнд өгөөд өөрсдөө шатахуунаа хийгээд Улаанбаатар хот руу явсан байгаа. Улаанбаатар хотод үзсэн эмч нарын шийдвэрээр М.М нь Говь-Алтай аймагт ирж хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан байна гээд группд орсон байдаг. Ийм учраас энэ хүний Улаанбаатар хот явахаас өмнөх эмчилгээний зардал 1,760,420 төгрөг байгаа. Улаанбаатар хот ярьж ирсний дараа өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 1.514.925 төгрөг, 3,275,345 төгрөг болж байгаа. Улаанбаатар хот руу жолооч хөлсөлж явсан 400,000 төгрөг, хохирогч нь цалингийн зээлтэй байсан. Ц.Б нь энэ хүнийг цалингийн зээлтэй байсан талаар мэдэж байгаа. 1,100,000 төгрөгийн зээл нь нэмэгдээд 4,781,100 төгрөгийн бодит зардал гарсан байгаа. Үүнээс 1,400,000 төгрөгийг өгсөн учраас 3,381,100 төгрөгийг гаргуулж өгнө үү. Цаашид энэ хүнийг хөл дээрээ босоод эрүүл саруул болтол нь гарах эмчилгээний зардлыг Ц.Бгаас нэхэмжлэх тул цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: 2022 оны 02 дугаар сарын 14-ээс 02 дугаар сарын 15-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутай хороо 4-10 тоотод байрлах  хашаанд өөрийнхөө гэрт эхнэр М.Мг олон удаа хутгалж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна. Энэ үйлдэлд аймгийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийг журамлаад 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн байгаа. Үүн дээр өмгөөлөгчийн зүгээс маргахгүй байна. Гэхдээ завдсан гэдэг үйлдэл нь тухайн хүний үйлдлээс шалтгаалахгүйгээр зогссон байхыг хуульчилсан байдаг. Гэхдээ энэ нөхцөл байдал хавтаст хэргээр тогтоогдоогүй. Энэ хүн өөрөө зогссон. Өөр зогсоох нөхцөл байдал байхгүй. Гэхдээ энэ олон удаагийн үйлдэл, хүнд ийм гэмтэл учруулсан байгаа учир үүн дээр маргахгүй. Энэ хүн эхнэрээ амьд байгаад баярлаад сууж байгаа. Очиж уулзах бүрд дуугардаггүй, уйлдаг л хүн байдаг. Шүүх хуралдаан зарлагдсан гээд очиж уулзахад миний эхнэр л амьд байгаа учир надад ял гуйх ч эрх байхгүй, эхнэрээ амьд байгаад баярлаж байгаа гэсэн. Гэхдээ энэ хүн ярьж чаддаггүй. Яллагдагчаар татах тогтоол танилцуулах гээд очиход танилцаж чадахгүй уйлдаг, хэргийн материал танилцуулах гээд очиход танилцаж чадахгүй уйлдаг. 02 дугаар сарын 15-аас хойш цагдан хоригдсон. Хохирол төлөх асуудал байна гэхэд ар гэртээ минь холбоод өг гэсэн. Тэгээд цагдан хорих байранд санал тавиад ээжтэй нь холбоо бариулж байж урьдчилаад гаргаж өгсөн баримтын хүрээнд эхний ээлжинд 1,400,000 төгрөг өгсөн. Шүүх хурлаас өмнө хохирол төлөх боломж байна уу гэхэд шууд төлөх боломж байхгүй. Шүүхээс тогтоосон хохирлыг хэсэгчлээд төлнө гэж хандсан байгаа. Хохирол дээр маргах боломж байхгүй. Ц.Бгийн тухайд би эхнэр хүүхдээ ийм болгосон учир  хорих ангид ажил хийж болдог бол ажил хийгээд ч болов хохирлыг төлнө. Гарч ирээд мөнгө олж чадахын бол тэр бүгдийгээ эхнэрийнхээ төлөө хүүхдийнхээ төлөө зарцуулна гэж хэлж байгаа. Би үүнийг уламжлах нь зүйтэй байх. Энэ хүн магадгүй хэлж чадахгүй байхыг үгүйсгэхгүй. Хохирол дээр маргахгүй байгаа. Мөн хүүхдийн тэтгэлгийн асуудал иргэний журмаар шийдэгдсэн байгаа. Хурал нь өмнөх долоо хоногт орсон учир шийдвэр нь гарч амжаагүй байна. Хүүхдийн тэтгэлгийг төлөхөө илэрхийлсэн. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй. Энэ хоёр хүний тухайд архи дарс хэрэглээгүй үедээ боломжийн амьдралтай айл байсан байна. Архи уухаар энэ хүн болсон үйл явдлыг мэддэггүй. Архи уугаагүй үедээ гайгүй хүн юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Архины зүй зохисгүй хэрэглээ нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. Зүйлчлэл дээр маргахгүй байна гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь  гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэнэ гэж хуульчилсан.

Тус гэмт хэргийн хувьд шүүгдэгч Ц.Б нь хамтран амьдрагч М.Мг санаатай алахад чиглэсэн үйлдлийг хийсэн боловч түүний хүсэл зоригоос ул хамаарах нөхцөл байдлын улмаас буюу төрсөн хүү нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч улмаар хохирогчид эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлснээр амь насыг нь аварч уг гэмт хэрэг буюу хүнийг санаатай алах гэмт хэрэг төгсөөгүй байна гэж дүгнэхээр байна.

Мөн хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тодруулбал, “Онц харгис хэрцгийгээр алсан” гэж хүнийг алахын өмнө болон алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотны хүмүүсийн дэргэд алж, тэднийг шаналгасан зэрэг аргыг ойлгоно.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Мгийн биед өвчүүний дунд баруун хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн 7-р хавирга завсраар цээжний хөндийд нэвтэрсэн шарх, 2 талын цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушигны нэвтэрсэн шарх, баруун уушигны атлектаз, зүүн чамархай, баруун эгэмний дунд дээд хэсэг, хүзүүний баруун урд доод хэсэг, зүүн суганы урд дээд хэсэг, аюулхайн баруун хэсэг, аюулхайн зүүн дээд хэсэг, зүүн хөхний толгойн баруун тал, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний урд дээд хэсэг, зүүн тахимны хонхорт шарх, баруун гуяны гадна хэсэгт цус хуралт, түлэгдэлт, баруун ташаан толгой, баруун мөр, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон бөгөөд эдгээр олон тооны гэмтлүүд нь хохирогчийг өвтгөн шаналгасан шинжтэй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хохирогч, шүүгдэгч,  гэрч нарын мэдүүлгээр хохирогч М.М  шүүгдэгч Ц.Б  нар нь хамтран амьдардаг, дундаасаа хүүхэдтэй болох нь тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “...энэ хуулийн үйлчлэлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд зэрэг хамаарна. ...” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж тус тус заасан байх ба амь хохирогч болон шүүгдэгч нар нь дээр дурдсанчлан хамтран амьдардаг байх тул уг хуулийн үйлчлэлд хамаарна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч М.Мг зоддог талаар гэрчүүд мэдүүлдэг бөгөөд улмаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч Зөрчлийн тухай хуулиар шүүгдэгч Батнасанд баривчлах шийтгэл оногдуулж байсан /1 удаа/, хэрэг учрал болсон өдөр М.Мтэй гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хоолойг нь боох, олон удаа хутгалах зэргээр эрүүл мэндэд нь олон тооны шарх, цус хуралт, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд нэвтэрсэн шархуудыг үүсгэсэн нь уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Говь-Алтай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Бг хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 Шүүх шүүгчдэгчийг гэм буруутайд тооцохдоо иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралд гаргасан ....гэсэн саналыг харгалзан үзсэн болно.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогч М.М нь 4,726,800/дөрвөн сая долоон зуун хорин зургаан мянга найман зуу/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ц.Б нь 1,400,000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохиролыг төлсөн байна. Хохирогч М.Мгийн биед гэмт үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч цаашид эмчилгээ сувилгаа зайлшгүй хийх шаардлагатай болох нь  тогтоогдож байх тул цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бгаас 3,326,800/гурван сая гурван зуун хорин зургаан мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Мд олгож, хохирогч М.М цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй дурдах нь зүйтэй байна.

 

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгчийн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг зуршил, ахуйн хүрээн дэх архидалт, шүүгдэгч болон хохирогч нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна. гэсэн хуулийн зохицуулалттай байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Бг хүнийг алахыг завдах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, энэ хэрэгт түүний цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  0.75 литрийн Соёрхол, 0.5 литрийн Qualy, 0.5 литрийн Gold Чингис нэртэй 3 ширхэг архины шил, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 30х50 см ягаан цэцгэн хээтэй дэрний уут 1 ширхэг, дотор тал цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 200х250 см хэмжээтэй ягаан оруулгатай шар өнгийн цэцгэн хээтэй гадартай ягаан өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, 10 см бор өнгийн модон бариултай, 15 см ажлын хэсэг бүхий цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Ц.Бгийн эзэмшлийн 34-52 ГАА улсын дугаартай “ист” маркийн авто машин битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-Ан Б-г Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар шүүгдэгч Ц.Бд 5/тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 5/тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бгийн цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд нь оруулан тоолсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  0.75 литрийн Соёрхол, 0.5 литрийн Qualy, 0.5 литрийн Gold Чингис нэртэй 3 ширхэг архины шил, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 30х50 см ягаан цэцгэн хээтэй дэрний уут 1 ширхэг, дотор тал цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 200х250 см хэмжээтэй ягаан оруулгатай шар өнгийн цэцгэн хээтэй гадартай ягаан өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, 10 см бор өнгийн модон бариултай, 15 см ажлын хэсэг бүхий цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

7. Шүүгдэгч Ц.Бгийн эзэмшлийн 34-52 ГАА улсын дугаартай Ист маркийн авто машин битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бгаас 3.326.800 төгрөгийг гаргуулж хохирогч М.Мд олгож, хохирогч М.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 93 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.МӨНХТУЯА         

 

                                         ШҮҮГЧИД                                  Н.ДЭЛГЭРМАА

 

                                                                    Г.МӨНХТУЛГА