| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2022/0082/э |
| Дугаар | 2022/ШЦТ/61 |
| Огноо | 2022-05-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Мын Бд холбогдох 2216000110072 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Бнь 2021 оны 12 дугаар сарын 05-ны шөнийн 00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р баг 48-р байрны автомашины зогсоолоос иргэн Д.Гийнөмчлөлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-150” маркийн улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 875.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл Шүүгдэгч М.Бнь 2021 оны 12 дугаар сарын 05-ны шөнийн 00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р баг 48-р байрны автомашины зогсоолоос иргэн Д.Гийнөмчлөлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-150” маркийн улаан өнгийн мотоциклийг хулгайлж 875.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь бусдын өмчлөх эрхэд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.Бгэм буруутай болох нь:
Шүүгдэгч М.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: Би 2 сарын 05-нд 48 дугаар байрны тэрүүгээр явж байгаад мотоцикль авч явсан гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хулгайд алдагдсан мотоциклыг худалдсан хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-рт/,
Хохирогч Д.Г-т мотоцикл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9-рт/,
Хохирогч Д.Гийнмөрдөн байцаалтад өгсөн “...Манай гэр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Оргил баг 48-р байрны 1-6 тоотод байдаг. Өчигдөр 2021 оны 12 дугаар сарын 05- ны орой 23 цагийн орчим миний мустанг 150 маркийн мотоцикль 48 дугаар байрны урд талын зогсоол дээр байсан. Тэгээд өглөө 09 цагийн орчим гэрийнхээ цонхоор харахад мотоцикль байхгүй байсан. Миний мотоцикль мустанг 150 маркийн 2017 онд аймгийн зах дээрээс 2.1 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо мотоциклио 800.000 төгрөгөөр үнэлж байна ...Би мотоциклоо буцааж авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 26-28-рт/,
Гэрч Б.Очирын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Есөнбулаг сум Жаргалантын хороо 1-20 тоотод хоёрдогч түүхий эд болох буюу төмөр, зэс гууль авдаг. 2021 оны 12 сарын 06-ны шөнө 00 цаг өнгөрч байхад над руу 88801641 дугаараас залгаад мотоцикл авах уу гэхээр нь авахгүй. 50.000 төгрөгөөр авдаг гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш өглөө 09 цаг өнгөрч байхад дахин нөгөө дугаараас залгаад мотоциклио аваад ирлээ та авах уу гэхээр нь ярилцаж байгаад мотоциклийг нь 70.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон юм. Ингээд би мөнгийг нь мобайлаар шилжүүлэх гэтэл нөгөө бэлэн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би өөрийнхөө машинаар авч яваад Төв хаан банкны АТМ-ээс мөнгө авч өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-рт/,
Насанд хүрээгүй гэрч М.Оийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 12 сарын 06-ны өглөө Очир төвд халуун усанд ганцаараа орчхоод гарч ирэхэд манай нагац ах М.Бнамайг гэр рүү дөхүүлээд буулгаад өгөөч гэж хэлэхэд М.Бах эхлээд энэ мотоциклийг хүнд хүргээд өгөөдөхье гэж хэлээд Өндөрлөгийн ойролцоо төмөр цуглуулдаг хашаанд очоод танихгүй эрэгтэй хүнд уг мотоциклийг өгөөд АТМ-ээс мөнгө аваад М.Бахад өгсөн би яг хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй байна. М.Бахын унаж явсан мотоцикль хулгайн мотоцикль байсныг мэдээгүй. Мотоциклийг хэзээ хаанаас авсныг мэдэхгүй ...2022 оны 04 сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн. Би 2021 оны 12 сарын 09-ний өдөр анх цагдаагийн байгууллага дээр очсон бөгөөд маш их сандраад тухайн өдөр буруу мэдүүлэг өгсөн байна. Хэн нэгэн айлган сүрдүүлж аливаа хэлбэрээр нөлөөлсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-рт/,
Хулгайд алдагдсан мотоциклийг 875.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-921/2120 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 52-54-рт/,
Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Х.Мөнхбаатарын иргэн Б.О-той утсаар ярьсан тухай “...М.Б надад 70.000 төгрөгийг өгсөн надад М.Батцагаантай холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 11-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М.Бнь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.
Иймд Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Бг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдэж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч М.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь хулгайд алдсан эд зүйл буюу мотоциклыг буцаан авсан санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүний прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Хохирлын тухайд “М.Б надад 70.000 төгрөгийг өгсөн надад М.Бтай холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хохирогчтой ярьсан мөрдөгчийн тэмдэглэлээр шүүгдэгч М.Бнь бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Мын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч М.Б-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч М.Бнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА