Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Хохирогч Т.Т

Иргэний нэхэмжлэгч  Д.А-

Шүүгдэгч О.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оын У-д холбогдох 2216000550046 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Унь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг 4-р багийн нутаг “Тэгшийн тал” гэх газарт улсын чанартай асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 72-17 ГАА улсын дугаартай “Hyundai verna” маркийн цагаан өнгийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1 -д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй тохируулан сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн Д.А-ын жолоодож явсан 83-01 ГАҮ улсын дугаартай Тоуоtа Рrius-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Тын эрүүл мэндэд “...зүүн хөхний булчирхайн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч О.Унь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн өмчлөлийн 72-17 ГАА улсын дугаартай “Hyundai verna” маркийн цагаан өнгийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг 4-р багийн нутаг “Тэгшийн тал” гэх газарт улсын чанартай асфальтан зам дээр иргэн Д.А-ын жолоодож явсан 83-01 ГАҮ улсын дугаартай Тоуоtа Рrius-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Тын эрүүл мэндэд “...зүүн хөхний булчирхайн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж хүний биед хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тус гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэнэ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч О.Угэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч О.Ушүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Би Хөхморьт сумруу явж байгаад замдаа төөрсөн. 1 хүн авч явсан тэр хүн маань нэлээн согтуу эндээс гарсан. Тэгээд эргэж явж байгаад нөгөө хүн үрүүл булаацалдаж байгаад тавьчихсан чинь энэ 2-ын өмнөөс орчихсон. Би зүгээр байсан хүмүүст ийм гэм хийсэндээ гэмшиж байна гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх- ийн 5-14-рт/,

Осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р хх-ийн 15-рт/,

 

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-рт/,

 

          Зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-21,22-24-рт/,

 

          Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Алтанчимэгийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 17 дугаартай ослын магадалгаа /1-р хх-ийн 144-147-рт/,

 

          Зам тээврийн ослын улмаас Т.Тын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 106-107-рт/,

 

          Хохирогч Т.Т нь хүндэвтэр гэмтлийн улмаас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 7 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 277 тоот өвчний түүх /1-р хх-ийн 44-55-рт/,

 

          Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.А-ын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаартай О.Унь гэмт хэрэг үйлдэх үедээ хөнгөн зэргийн согтолттой буюу түүний цусанд 0.8% промилл этилийн спирт илэрсэн гэх дүгнэлт/1-р хх-ийн 124-125-рт/,

 

          Хохирогч Т.Тын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 01 сарын 22-ны орой 18 цагийн үед Есөнбулаг сумаас Говь-Аптай аймгийн Шарга сумруу гэр рүүгээ нөхөр А-, хадам ах Г бид 3 явж байтал урдаас гэнэт урсгал сөрж машины гэрэл гарч ирэхэд нь манай нөхөр А- машин жолоодож явсан юм. Тэгээд зам чөлөөлж зогстол миний урдаас гэрэл гялбаж орж ирж мөргөсөн. Би орилох гэсэн чинь болохгүй, дугарч чадахгүй байж байтал манай нөхөр машинаас бууж ирээд миний талын хаалгыг нээж намайг булгаж хэвтүүлсэн. Тэгтэл миний амьсгаа орж ирсэн. Түүнээс багтарсан юм уу огт дугарч болохгүй байсан. Тэгээд байж байтал гэрэл тус ирэхэд Б ах ирээд намайг машиндаа суулгаж гэртээ аваачсан тэгээд дуудлага, цагдаад мэдэгдсэн. Сумын эмнэлэг ирээд анхан шатны тусламж үзүүлж аймгийн эмнэлэг рүү авчирсан. 103 дээр ирж шинжилгээ өгсөн тэгэхэд зүүн хөхний булчирхайн няцрал, цус хурал, зүүн гарын сарвууны ар хэсэгт шарх, толгойн оройд зулгаралт, хүзүү, зүүн эгэм, баруун хөх, зүүн хөх, 2 өвдгөнд цус хуралт гэмтэл учирсан... Нийт 1.743.266 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-76-рт/,

 

          Гэрч Д.Аын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 01 сарын 22-ны орой 18 цагийн үед Есөнбулаг сумаас Говь-Алтай аймгийн Шарга сумруу гараад 54 км орчим явж байхад урдаас урсгал сөрж нэг машины гэрэл гараад ирэхээр нь замаа чөлөөлж баруун гар талруу дарж гэрлээ дохиж зогстол шууд гэрэл гялс гэж ирж мөргөсөн. Тухайн үед сандарч ухаан алдсан байсан тэгээд сэртэл ослын дэр гарч ирээд нүүр бүрхсэн байсан. Тэгээд бүсээ тайлж буугаад зүүн талд сууж байсан эхнэр Тыг очиж харахад толгой нүүрнээс нь битүү цус гарсан байхаар нь бүсийг нь тайлж газарт буулгаж хэвтүүлсэн. Тэгээд нөгөө ирж мөргөсөн машины хүмүүсийг дуудаж хүн алчихлаа гээд орилоход хүн гарч ирээгүй. Тэгтэл аймгийн төвөөс явж байсан нэг машин ирж зогссон. Тэгтэл манай Шарга сумын Б гэх ах бууж ирээд юу болов, яав гэж асуугаад эхнэрийг машин руугаа зөөж оруулаад гэрлүүгээ аваад явсан. Тэгээд Б ах сүлжээнд гарч эмнэлэг болон цагдаагийн газарт дуудлага өгсөн гэсэн. Тэгээд цуг явж байсан Г бид хоёр машиндаа үлдсэн. Тэгтэл нөгөө мөргөсөн машинд байгаа хүмүүс бууж ирэхгүй машиндаа байгаад байсан. Тэгснээ хоёр хүн хоорондоо муудалцаад чи жолоо барьж явсан зүгээр барьж явахад яадаг юм гээд согтуу хоёр муудалцаад байсан. Тэгээд цагдаагийн хүмүүс ирж машинаас татаж гаргахад нэг нь хөл нүцгэн согтуу, тэр хоёр хоёулаа согтуу байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-рт/,

 

          Д.А-ын иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалтад өгсөн “...Автомашин болон эмчилгээ сувилгааны зардалд нийт 10.758.725 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-рт/,

 

          Гэрч Ж.Гы мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед аймгийн төвөөс Шарга сум руу Приус-20 маркын, тээврийн хэрэгслийг А-, жолоочийн хажуу урд талын суудалд Д.А-ын эхнэр Т.Т, арын суудал дээр би ганцаараа сууж явсан юм. Дундын овоо өнгөрөөд 54 орчим км-т явж байсан чинь урдаас гэрэл ирж байсан. А- нь гэрлээ шилжүүлээд, ямар ширүүн явдаг юм гээд баруун гар тийш шахаад зогсох гэж байсан чинь машины өмнөөс шууд ирээд мөргөсөн. Машинаасаа намайг буугаад ирэхэд Т машин дотроо орилоод сууж байсан. Жолооч А нь машинаас бууж ирээд бид хоёр Тыг машинаас буулгаад цасан дээр хэвтүүлсэн. Тэр үед Тын толгойноос цус гоожоод нүүрэн хэсэг нь цус болчихсон байсан. Тэгсэн чинь араас машин ирэхээр нь зогсоосон чинь Шаргын төв замын хажууд байдаг Б гэж хүн ирсэн. Ийм юм болчихлоо гээд сүлжээ алга байна гэж хэлсэн. Тэр машинтай Т сүлжээнд гарч дуудлага дуудахаар явсан. Бид хоёр үлдээд тухайн машинтай хүмүүс рүү очоод гараад ир. Та нар чинь яаж байгаа юм бэ гэхэд тэр хоёр хүн хоорондоо хэрэлдээд чи барьсан биз дээ. Чи яаж яваад байгаа юм гээд хэрэлдээд байсан ...Надад ямар нэгэн өвчин зовиур алга байна. Эмчилгээ сувилгаатай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81, 94-рт/,

 

          Гэрч Д.Сын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөхморьт сумруу машин засварлахаар У- бид хоёр У-ын цагаан өнгийн 72-17 ГАА улсын дугаартай верна маркын автомашинтай аймгийн төвөөс гарах гэж байгаад Дэлгүүр орж Хараа нэртэй 0,5 гр, 0,75 гр 2 шил архи аваад гарсан юм. Тэгээд Дундын овоо дээр очоод 0,75 гр архи задалж уусан. Тэгээд би машин барьж Ээвийн гүүр ортол бариад түүнээс цааш У- би өөрөө барьж явна гээд машинаа барьсан. Тэгээд би хажуу талд нь сууж унтаад явж байсан. Нэг мэдсэн чинь эмнэлэгт ирсэн байсан...У- бид хоёр 0,5 гр, 0,75 гр 2 шил архийг замдаа уусан...Эмчилгээ сувилгаатай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86, 92-рт/,

 

          Гэрч С.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 01 сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн төвөөс Шарга сумруу гэр рүүгээ явж байсан чинь аймгийн төвөөс 54 км зайд хоёр машин мөргөлдсөн зам дээр зогсож байхаар нь хажуугаар нь гарах гэтэл манай Шарга сумын А- зогсож байхаар буугаад очиход эхнэр Т нь нүүрнээс цус гарсан газарт хэвтэж байхаар нь би Тыг гэр лүүгээ аваад явья, сумын эмнэлэг рүү ярьж түргэн тусламж, цагдаа дуудъя гэж хэлээд А-, Г хоёрыг машин дээр нь үлдээгээд явсан. А- надад зам чөлөөлж зогссон чинь ирээд мөргөчихлөө гэж хэлсэн нөгөө мөргөсөн гэх машинд нь согтуу хүн дугараад байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-рт/,

 

          Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 01 сарын 22-ны замын цагдаагийн тасгийн жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж байхад Говь-Алтай аймгийн төвөөс Шарга сумын чиглэлд хоёр машин мөргөлдсөн гэх дуудлагын дагуу очиход “ Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг 4-р багийн нутаг “Тэгшийн тал” гэх газарт улсын чанартай асфальтан зам дээр 72-17 ГАА улсын дугаартай БНСУ улсад үйлдвэрлэсэн “Нуundai verna” маркийн цагаан өнгийн автомашин, 83-01 ГАҮ улсын дугаартай “Тоуоtа Рrius-20” маркийн тээврийн хэрэгслийг мөргөлдсөн замын зорчих хэсэгт цас орж байсан. мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Мягмарсүрэн, ахлах шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Т.Назарбек нарын хамт хэргийн газрын үзлэг хийсэн. 72-17 ГАА улсын дугаартай “Нуundai verna” маркийн цагаан өнгийн автомашины жолооны ард О.Угэх залуу согтуу хавчуулагдсан машинаас гарч чадахгүй байж байхаар нь машинаас татаж гаргасан. 83-01 ГАҮ улсын дугаартай “Тоуоtа Рrius-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч А-, зорчигч Г нар байсан.О.Уилт согтуу байсан нь мэдэгдэж үнэртэж байсан драггер үлээлгэх гэхэд үлээх чадваргүй байсан тул тухайн нөхцөл байдлын талаар бичлэг тул СD-д бэхжүүлж мөрдөгчид өгсөн, О.У-ын өөрийн зөвшөөрлөөр цус авсан. Д.А-ыг драггер үлээлгэхэд 00 хувьтай гарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-рт/,

 

          Тухайн зам тээврийн ослын улмаас иргэн Д.А-ын өмчлөлийн 83-01

ГАҮ улсын дугаартай “Тоуоtа Рrius-20” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 8.533.000 төгрөгөөр тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны дугаар сарын 10-ны өдрийн 513 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 156- 159-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

      Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8,955,000 төлөх хохирол төлбөртэй байна ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь болгоомжгүй буюу гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг хэрэг байгаа. О.У-ын хувьд тухайн төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, урьд ял шийтгэгдэж байгаагүй. Хийсэн үйлдлээ ухамсарлан ойлгож гэмшиж байгаа. Хохирогчид учирсан хохирлоос тодорхой хэмжээнд төлсөн. Цаашид хохирол 8,995,000 төгрөгийг үл маргах журмаар төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Өөрт нь амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирсан. Хагалгаанд олон удаа орсон. Группед 50 хувиар тогтоолгосон байна. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Харин Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Согтолтын зэргийн хувьд 0,8 хувь буюу хөнгөн зэргийн согтолттой гэж гарсан байдаг. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасах гэж заасан байдаг. Иймээс хуульд заасан доод хэмжээгээр тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасч өгнө үү. Хорих ялын хувьд зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцитай. Тиймээс хорих ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалттай. Тухайн хэргийн хувьд 6.7 дугаар зүйлийн 1.1-г хэрэглэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.У-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч О.Унь авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Тус гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоох зорилгоор шүүгдэгч О.У-ын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /1-р хх-194-рт/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас/1-р хх- 210 дугаар тал/, шүүгдэгч О.У-ын биед хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-137-138-рт/, шүүгдэгч О.У-ын гаргаж өгсөн эмчийн үзлэгийн баримтууд /1-рт хх-22-25 дүгээр талууд/, хохирол төлсөн тухай баримтын хуулбарууд зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О.Унь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч О.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Хохирлын тухайд хохирогч Т.Т нь 1,743,266 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн. Иргэний нэхэмжлэгч Д.А- нь 10,758,725 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирогч Т.Т нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна. Харин шүүгдэгч нь хохирол төлбөрт нийт 3,500,000 төгрөг төлсөн байна.

 

Хохирогч Т.Т, иргэний нэхэмжлэгч Д.А- нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн хохиролд төлсөн төлбөрийг хохирогчийн хохирол төлбөр болон иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс хасаж тооцлоо.

 

Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 10,758,725 төгрөгөөс үлдсэн 8,995,000 төгрөгийг шүүгдэгч О.У-аас гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.А-т олгох нь зүйтэй байна.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Т.Т болон иргэний нэхэмжлэгч Д.А- нарт шүүгдэгч нь нийт 3,500.000 төгрөг төлсөн, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Оын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч О.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч О.У-т мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоод хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч О.У-аас 8,995,000 /найман сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.А-т олгосугай.

 

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Т.Т болон иргэний нэхэмжлэгч Д.А- нарт шүүгдэгч нь нийт 3,500.000 төгрөг төлсөн, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА