Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 142/2020/00335/И |
Дугаар | 001/ХТ2021/00558 |
Огноо | 2021-05-27 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2021/00558
Б.Галбадрахын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00613 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 90 дүгээр магадлалтай,
Б.Галбадрахын нэхэмжлэлтэй,
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох,
Урьд ажиллаж байсан няравын ажилтай адил чанарын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2019.12.30-ны өдрийн А/1210 тушаалаар олгох байсан 800,000 төгрөгийн урамшуулал олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Галбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Галбадрах нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт медикал төв эмнэлэгт Нярвын албан тушаалд ажиллаж байгаад 2016.05.23-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд 2019.04 сард хүүхэд асрах чөлөө дуусахаас нэг сарын өмнө ажилдаа эргэн орох хүсэлтээ хуульд заасан журмын дагуу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т гаргасан. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт медикал төв эмнэлэг нь Япон улсын хөрөнгө оруулалттай Медипас ХХК-ийн өмчлөлд шилжсэн хэдий боловч үүнээс үл хамааран амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудын ажлын байрыг Эрдэнэт үйлдвэр ХХК-д хадгалах талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2016.01.18-ны өдрийн Б/114 тоот Хүний нөөцийн тухай тушаалын 3 дахь хэсэгт тодорхой заасан байдаг. Иймээс миний бие хүүхэд асрах чөлөө дууссан даруйд ажил, албан тушаалдаа эргэн орохоор хүсэлтээ гаргахад няравын орон тоонд сул ажлын байр байхгүй гэсэн үндэслэлээр намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд ажиллуулахгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, надад ажил үүргээ гүйцэтгэх, цалин хөлс авах боломж олголгүй хохироосоор байгаад гомдолтой байна. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын 2019.11.13-ны өдрийн 113/497 тоот Ажил санал болгох тухай албан бичигт намайг жижүүрээр ажиллахыг, 2019.12.18-ны өдрийн 113/564 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигт Барилга засварын цехийн ажил хуваарилагчийн түр ажлын байр санал болгосон нь урьд эрхэлж байсан ажил, албал тушаалыг маань хэвээр хадгалах байсаар байтал миний ажил, албан тушаалыг ийнхүү дордуулсан байдлаар санал ирүүлсээр байгаад туйлын гомдолтой байна. Иймээс миний бие Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2019.12.30-ны өдөр гомдол гаргасан. Хөдөлмөрийн маргаан таслах комиссоос ... урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ биелүүлэхийг ажил олгогчид даалгаж, намайг дээрх Барилга засварын цехийн ажил хуваарилагчийн түр ажлын байранд ажиллахыг үүрэг болгосон нь мөн л ажил олгогчийн саналтай ижил миний урьдны ажлын байрыг дордуулсан ажлын байр дээр ажиллахыг үүрэг болгосон 2020.01.16-ны №02 тоот шийдвэр гаргасан байх ба энэ шийдвэрийг 2020.01.28-ны өдөр хүлээн авсан болно. Гэвч миний бие хөдөлмөрийн маргаан таслах комиссын, адил чанарын ажил гэдэг нь тодорхойгүй, түр ажлын байраар ханга гэсэн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч урьд хэвээр хадгалагдаж байгаа нярвын ажилдаа ажиллах хүсэлтэй байна. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь ажилтнууддаа олгож буй бүх шагнал урамшууллаас намайг хасч байгаад гомдолтой байна. Тухайлбал: Ерөнхий захирлын 2019.12.30-ны өдрийн тушаалаар үйлдвэрийн бүх ажилтнуудад урамшуулал олгосон бөгөөд Галбадрах надад тэрхүү урамшуулал өгөөгүй болно. Иймд Б.Галбадрах намайг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т нярвын ажилд томилохыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 19,966,620 төгрөг, Ерөнхий захирлын 2019.12.30-ны өдрийн А/1210 дугаар тушаалаар олгох байсан 800,000 төгрөгийн урамшуулал, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй тул шийдвэрлэж өгнө үү, алдарт эхийн одонгийн 400,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж, өөрчилсөн гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бямбаа овогтой Галбадрахын Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Галбадрах нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т нярвын орон тоонд ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15,335,720 төгрөг Ерөнхий захирлын 2019.12.30-ны өдрийн А/1210 дугаар тушаалаар олгох байсан 800,000 төгрөгийн урамшуулал, алдарт эхийн одонгийн мөнгө 400,000 төгрөг нийт 16,535,720 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.
Няравын орон тоонд ажилд авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухай: Эрдэнэт медикал төв эмнэлэг нь Эрдэнэт үйлдвэрийн мэдлээс гарч Япон улсын хөрөнгө оруулалттай Медипас ХХК-ийн өмчлөлд бүхэлдээ шилжсэнтэй холбогдуулан 2016.01.18-ны өдөр Ерөнхий захирлын Б/114 тоот тушаал гарч тус төвд ажиллаж байсан хүний нөөцийн асуудлыг шийдсэн байдаг. Энэхүү тушаалын 3 дахь заалтаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, суралцаж байгаа нэр бүхий 7 ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахыг Хүний нөөцийн хэлтэст даалгасан. Тэдгээр ажилтнууд дунд нэхэмжлэгч Б.Галбадрахын нэр байдаг. Дээрх тушаалын дагуу Эрдэнэт медикал төв нь Япон улсын хөрөнгө оруулалттай Медипас ХХК-ийн өмчлөлд бүхэлдээ шилжсэн тул нэхэмжлэгч Б.Галбадрахын ажиллаж байсан Эрдэнэт медикал төвийн нярвын орон тоо нь байхгүй болсон тул тус албан тушаалд ажиллуулах боломжгүй юм. Нэхэмжлэгч Б.Галбадрах нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт медикал төв эмнэлэгт Нярвын албан тушаалд ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2016.09.05-ны өдрийн Б/961 тоот тушаалаар 2016.07.22-ны өдрөөс 3 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. Б.Галбадрахын хүүхэд асрах чөлөөний хугацаа нь дуусаж ажилдаа эргэн орох тухай хүсэлтээ гаргах үед Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар нь 2019.11.13-ны өдрийн 113/496 тоот албан бичгээр үйлдвэрийн газарт одоогоор нярвын орон тоонд сул ажлын байр байхгүй тул Эрдэнэт сувиллын цогцолборт жижүүрийн ажлын байранд ажиллах санал тавьсан боловч нэхэмжлэгч Б.Галбадрах нь өөрийн урьд эрхэлж байсан ажлын байрыг дордуулж байна гэж үзэн татгалзсан хариуг 2019.11.21-ний өдөр ирүүлсэн байна. Улмаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар нь 2019.12.18-ны өдрийн 113/564 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн үндсэн цалингийн хэмжээг бууруулахгүйгээр сул орон тооны боломжийг харгалзан түүний урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын ажлын байр болох Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажил хуваарилагчийн түр ажлын байранд ажиллах санал тавьсан, мөн 2020.02.07-ны өдрийн 113/68 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн мэргэжлийг харгалзан адил чанарын өөр ажлын орон тоонд сул ажлын байр гарсан тул Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн агуулахын эрхлэгчийн түр ажлын байрыг санал болгосон боловч нэхэмжлэгч Б.Галбадрах нь түр орон тоонд ажиллахгүй гэж татгалзсан хариуг 2020.02.13-ны өдөр ирүүлсэн байдаг.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон шагнал урамшууллын мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухай: Б.Галбадрах нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтныг шагнаж урамшуулах ерөнхий журмын дагуу Алдарт эхийн одонгийн урамшууллын 400,000 төгрөгийг олгоогүй гэсэн байна. Үйлдвэрийн газрын ажилтныг шагнаж урамшуулах журамд ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан, Монгол улсын төр, Засгийн газар, Орхон аймгийн төр захиргааны байгууллагын шагналаар шагнагдсан үйлдвэрийн газрын ажилтныг тодорхой хэмжээний мөнгөн шагналаар шагнаж урамшуулахаар зохицуулсан байдаг. Тэрхүү журамд хэд хэдэн шагналыг тусгайлан заасан байх бөгөөд тэр дунд Алдарт эхийн одонгоор шагнагдсан ажилтанд урамшуулал олгох тухай тусгайлан заасан зохицуулалт байхгүй тул нэхэмжлэгч Б.Галбадрахын алдарт эхийн одонгийн шагналын урамшуулал болох 400,000 болон Ерөнхий захирлын 2019.12.30-ны өдрийн А/1210 дугаар тушаалаар олгох байсан 800,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь нэхэмжлэгч Б.Галбадрахыг ажлын байраар хангах зорилгоор сул орон тоо гарах бүрт ажлын байр санал болгосоор байтал тухайн санал болгосон ажлын байранд ажиллахаас татгалзаж өөрийн хүслээр ажил хөдөлмөр эрхлэх эрхээ эдлээгүй байх тул түүний нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 15,335,720 төгрөгийг эс зөвшөөрч байна.
Иймд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын зүгээс нэхэмжлэгч Б.Галбадрахын ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлаагүй бөгөөд түүний өмнө нь ажиллаж байсан Эрдэнэт медикал төв эмнэлгийн нярвын орон тоо байхгүй байгаа ч Үйлдвэрийн газар нь ажилтны эрх ашгийг хохироохгүй байх үүднээс үйлдвэрийн газрын орон тооны хуваарийг харгалзан нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын ажлын байранд ажиллуулахыг эрмэлзэж сул орон тоо гарах бүрд ажлын байр санал болгож байсан боловч тэрээр ажил олгогчоос санал болгосон ажлын байранд ажиллахаас сайн дураар татгалзсаар өнөөдрийг хүрсэн. Иймд үйлдвэрийн газрыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00613 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т тус байгууллагын нярвын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгаж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 16,755,548 төгрөг төгрөг гаргуулан Б.Галбадрахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,585,536 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Б.Галбадрахын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 311,920 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 90 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00613 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т тус байгууллагын няравын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгаж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 16,755,548 төгрөг гаргуулан Б.Галбадрахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,585,836 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8.-д зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т тус байгууллагын няравын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгаж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 13,349,306 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Галбадрахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,991,778 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж,
Шийдвэрийн 3 дахь заалтыг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 311,920 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай... гэснийг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, нэхэмжлэгч Б.Галбадрахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,671 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 244,697 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүүгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59,519, төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 311,920 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын ТОГТООХ хэсгийн ...мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 13,349,306 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Галбадрахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,991,778 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэснийг, мөн ХЯНАХ хэсгийн Харин Б.Галбадрахын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг түүний хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан 2019.07.22-ны өдрөөс эхлэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2020.04.01-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцсон нь үндэслэлгүй байх тул хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан 2019.07.22-ны өдрөөс эхлэн хариуцагч байгууллагын хамгийн сүүлд Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн агуулахын эрхлэгчийн түр ажлын байрыг санал болгосон 2020.02.07-ны өдрөөр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг тооцох нь зөв байна гэж дүгнээд ажилгүй байсан хугацааг 6 сар 11 хоногоор тооцсоныг эс хүлээн зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан хэдийд ч ажилд эргэн орох боломжтой ба ажил олгогч түүнийг чөлөөний хуацаа дуусаагүй байсан ч ажилтан ажилдаа орохыг хүсвэл ажил олгогч нь түүний ажилдаа орох хүсэлт гаргасан өдрөөс ажилд нь авч ажиллуулах үүрэгтэй. Тэгвэл Б.Галбадрах нь хүүхэд асрах чөлөөгөө 2019.05.23-ны өдөр дуусгаад мөн өдрөөс ажилдаа орох хүсэлтээ /XX-52/ гаргасан. Түүний хүүхэд ч мөн өдөр 3 нас хүрсэн байдаг.
Гэтэл Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс нөхөн олговрыг тооцохдоо 2019.05.23-ны өдрөөс 2020.04.01-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцох байтал өөр өөрөөр тооцоод байгаа нь үндэслэлгүй юм.
Давж заалдах шатны шүүхээс нөхөн олговрыг 2019.07.22-ны өдрөөс эхлэн хариуцагч байгууллагын хамгийн сүүлд Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн агуулахын эрхлэгчийн түр ажлын байрыг санал болгосон 2020.02.07-ны өдөр хүртэлх байдлаар тооцоод байгаа нь бүр ч ойлгомжгүй байна.
Хэрвээ ажил олгогчийн хамгийн сүүлд ажлын байр санал болгосон өдрөөр тооцно гэвэл хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас хамгийн сүүлд 2020.04.28-нд Тээвэр ложистикийн төвд няравын түр орон тоон дээр ажиллахыг санал болгосон өдрөөр тооцох боломжтой.
Тухайн үед Б.Галбадрах нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгоод цаашид бүр орон тоон дээр ажиллуулбал Тээвэр ложистикийн төвд няравын түр орон тоон дээр ажиллахыг зөвшөөрсөн боловч ажил олгогч өөрөө зөвшөөрөөгүй болно.
Ийнхүү ажил олгогч ажилтныг зохих ажлын байраар хангахгүй цааргалсаар байхад ажилтны ажилгүй байсан хугацааг багасгаж тооцоод байгаа нь буруу гэж үзэж байна.
Миний бие нөхөн олговрыг тооцохдоо ажилгүй байсан хугацааг 2019.05.23ны өдөр буюу ажилдаа ороё гэсэн өдрөөс 2020.04.01-ний өдөр хүртэлх хугацаагаар, дундаж цалин хөлсийг Дундаж цалин хөлс тодорхойлох Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 5 дахь заалт, 7.а заалтыг тус тус үндэслэл болгож ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс буюу Б.Галбадрахын нийгмийн даатгалын дэвтэр /ХХ-100-101/ дэх 2015 оны 12 сар, 2016 оны 1,2 сарын цалин хөлсний дунджаар тооцсон болно.
Тооцсон байдлыг харуулбал: 2014 оны 12 сарын цалин хөлс 2,047,717 төгрөг, 2015 оны 1 сарын цалин хөлс 1,501,414 төгрөг, 2015 оны 1 сарын цалин хөлс 2,232,513 төгрөг, нийлбэр дүн 5,781,644 төгрөг байна. Үүнээс 1 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлбол:
5,781,644:3=1,927,215 төгрөг байна. Үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлбол: 1,927,215:21.5 /сарын дундаж өдөр/ =89,638 төгрөг байна.
Тэгвэл ажилгүй байсан хоногийг 2019.05.23ны өдрөөс 2020.04.01-ний өдөр хүртэл тооцоход 218 хоног байгаа тул ажилгүй байсан хугацааны нийт олговор нь дараах байдлаар гарч байгаа болно. Үүнд: 89,638 х 218 = 19,541,084 төгрөг /олгох ёстой нөхөн олговор/ байна гэж тооцож байгаа болно.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Б.Галбадрахын ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг 6,991,778 төгрөгөөр бууруулан тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хяналтын шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь хянан үзэж үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 90 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Б.Галбадрах нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт медикал төв эмнэлэгт Нярвын албан тушаалд ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2016.09.05-ны өдрийн Б/961 тоот тушаалаар 2016.07.22-ны өдрөөс 3 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. Түүний дараа тус эмнэлэг нь Япон улсын хөрөнгө оруулалттай Медипас ХХК-ийн өмчлөлд бүхэлдээ шилжсэн тул нэхэмжлэгч Б.Галбадрахын ажиллаж байсан Эрдэнэт медикал төвийн нярвын орон тоо нь байхгүй болсон тул тус албан тушаалд ажиллуулах боломжгүй болсон юм.
Улмаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байрыг удаа дараа санал болгосоор байсан ч нэхэмжлэгч нь ажиллахаас татгалзсаар ирсэн.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019.12.30-ны өдрийн Ерөнхий захирлын А/1210 дугаар тушаалын дагуу олгогдсон 800,000 төгрөгийг өөрт нь олгоогүй гэсэн ч нэхэмжлэгч нь ажилтан бүрт 800,000 төгрөг олгосон гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тус тушаал дээр ямар нэгэн мөнгөн дүн тусгагдаагүй байхад 800,000 төгрөг хэмээн нотлох баримтгүйгээр маргадаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд 2019.12.30-ны өдрийн Ерөнхий захирлын А/1210 дугаар тушаалын дагуу олгогдсон 800,000 төгрөгийг Б.Галбадрахад олгох үндэслэлтэй гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бүх ажилчдад 800 000 төгрөгийн урамшуулал олгосон ч өөрт нь олгогдоогүй гэх боловч хэргийн материалд ажилчдад 800 000 төгрөг олгосон гэх баримт нотолгоо байхгүй атал шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотолгоогүй ярианд үндэслэн ийнхүү шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох
баримтын үндсэн дээр гаргана гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь ажилтан бүрт 800,000 төгрөг олгосон гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болнНэхэмжлэгч нь ажил олгогчоос санал болгосон адил чанарын ажлын байранд ажиллаж ажлын байраар хангуулж ажил хөдөлмөр эрхлэн цалин хөлсөө авах боломжтой байсаар байтал санал болгосон ажлын байранд ажиллахаас татгалзаж заавал байнгын орон тооны ажлын байранд ажилд орно хэмээн боломжгүй нөхцөл байдлыг ажил олгогчид тулган ийнхүү их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч талын нэхэмжилж буй мөнгөн дүн нь хэзээнээс эхлэн хэзээ хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор бодож тооцсон нь тодорхойгүй байх бөгөөд түүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх түүнийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч Б.Галбадрахын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Галбадрах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан урьд ажиллаж байсан няравын ажилтай адил чанарын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2019.12.30-ны өдрийн А/1210 тушаалаар олгох байсан 800,000 төгрөгийн урамшуулал олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т тус байгууллагын няравын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,755,548 төгрөгийг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт найруулгын болон тооцооны өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг няравын ажилд дүйцэхүйц, түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 13,349,306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 6,991,778 төгрөгөөр бууруулан тооцсон үндэслэлээр нэхэмжлэгч, ажилтныг ажилд томилоогүйд ажил олгогч буруугүй, ажилгүй байсан хугацааны олговрыг буруу тооцсон үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлээр хариуцагч тус тус хяналтын журмаар гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Галбадрах Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт медикал төв эмнэлэгт няравын албан тушаалд ажиллаж байгаад 2015.02 дугаар сард жирэмсний амралтаа авч 2015.03.04-нд төрж, хүүхэд асрах чөлөөтэй байхдаа 2016.05.23-нд дахин төрж, хүүхэд асрах чөлөөг үргэлжлүүлэн авсан, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2016.09.05-ны өдрийн Б/961 тушаалаар Б.Галбадрахын өргөдлийг үндэслэн 2016.07.23-ны өдрөөс 3 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөөг олгожээ.
Энэ хугацаанд буюу 2016.01 дүгээр сард Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт медикал төв эмнэлэг нь Япон улсын хөрөнгө оруулалттай Медипас ХХК-ийн өмчлөлд шилжсэнтэй холбогдуулан, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2016.01.18-ны өдрийн Б/114 тушаалын 3 дахь заалтаар жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудын ажлын байрыг хэвээр хадгалахыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүний нөөцийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажлын байрыг Эрдэнэт үйлдвэр ХХК хадгалан үлдсэн гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4.-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж, 106 дугаар зүйлийн 106.2.-т хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж тус тус зохицуулсан.
Иймд ажил олгогч нэхэмжлэгчийг хүсэлтээ гаргасан үед ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд ажилтны ажлын байр хасагдсан нь тогтоогдсон тул ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.
Ажил олгогч нэхэмжлэгч Б.Галбадрахын хүсэлтийг хүлээн авч өөрт байгаа сул орон тооны ажлыг санал болгосон боловч энэ нь өмнө ажиллаж байсан ажлын байрыг дордуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.
Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2. дахь заалтад нийцсэн, харин ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо ажилгүй байсан хугацааг буруу тодорхойлсон байх тул алдааг засч, зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажилтны хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан 2019.07.22-ны өдрөөс эхлэн тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. дахь заалтыг зөрчсөн тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй, ажилгүй байсан хугацааны сүүлийн хоногийг өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалтай адил чанарын ажлыг санал болгосон 2020.02.07.-ны өдрийг хүртэл тооцно гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж, 4-т ажилтанд олгож байгаа бүр төрлийн /жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн, тэтгэвэрт гарах үеийн ажилтанд олгох гэх мэт/ тэтгэмжүүд, ...-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж, 9-д дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна гэж тус тус тодорхойлжээ.
Ажилтны сүүлийн 3 сард авсан цалин хөлсийг тооцоход тухайн хугацаанд хамаарах 2014 оны 12, 2015 оны 01, 02 дугаар сард жилийн эцсийн нэмэгдэл, урамшуулал, амралтын мөнгө, жирэмсний амралт зэргийг тооцон олгосон байх тул ажилтны тогтмол ажиллаж, цалин хөлсөө авч байсан 2014 оны 9, 10, 11 дүгээр сарын дундаж цалин хөлснөөс тооцож, нэг сарын дундаж цалин хөлсийг 1,521,750 төгрөгөөр тодорхойлох нь зөв гэж үзлээ.
Иймд ажилгүй байсан хугацааг нэхэмжлэгчийн ажилдаа орох хүсэлт гаргасан 2019.05.23-ны өдрөөс адил чанарын ажил санал болгосон 2020.02.07-ны өдрийг хүртэл тооцож, ажилгүй байсан 8 сар 10 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 12,881,790 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Харин Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019.12.30-ны өдрийн А/1210 тушаалаар олгогдсон шагналын 800,000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Тухайлбал, Ерөнхий захирлын тус тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилчдад урамшуулал олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үед ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан үндэслэлээр тушаалд хамрагдаагүй байна.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Эрдэнэт медикал эмнэлэг нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын мэдлээс гарч Япон улсын хөрөнгө оруулалттай Медипас ХХК-ийн өмчлөлд бүхэлдээ шилжсэн тул тухайн ажлын байр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т байхгүй боловч ажил олгогч ажилтны эрх ашгийг хамгаалах зорилгоор нэхэмжлэгчийн ажлын байрыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хэвээр хадгалахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан ажлаар хангах үүргээ биелүүлж, сул байгаа ажлын байр санал болгосныг ажилтан эс зөвшөөрч, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй.
Иймд Ерөнхий захирлын А/1210 тушаалаар бүх ажилчдад олгосон жилийн эцсийн урамшуулал гэх 800,000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Анхан болон давж заалдах шатны шүүх ажилтныг няравын ажилтай адил чанарын өөр ажлаар хангахыг ажил олгогчид даалгахдаа нэхэмжлэлийн агуулгаар бус нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн хэлбэрээр тодорхойлсон нь ойлгомжгүй болсон байх тул найруулгыг зөвтгөх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 90 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00613 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2., 128 дугаар зүйлийн 128.1.8, 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Б.Галбадрахыг няравын ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалаар хангахыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,881,790 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 3 дахь заалтын ...311,920... гэснийг ...221,058... гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг нарын гомдлын заримыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД