Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 126/ШШ2021/0018

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

             Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 тоот “Газар эзэмшүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий С.Ч-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, гэрч З.Н, Б.Б, Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие С.Ч- нь гэр бүлийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 15 дугаар байранд 2016 оноос хойш амьдарч байгаа бөгөөд байрны гадаа машин тавихад хүндрэлтэй байдаг тул автомашины граж худалдаж авах, барих хэрэгцээ шаардлага байсан. Тиймээс 2018 онд гражийн газар хүссэн өргөдлийг тухайн үеийн аймгийн Засаг даргад гаргахад 2020 онд тухайн газар нь газар төлөвлөлтөд орж, дуудлага худалдаанд орно гэсэн хариуг өгч байсан. Ингээд би 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 14 дүгээр байрны зүүн талд байрлах 24 м2 талбай бүхий авто машины зориулалттай газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцсон. ... Улмаар би зохих журмын дагуу дуудлага худалдааны үнэ 4 130 000 төгрөгийг төлж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэнтэй 06701-2020/00368 дугаар гэрээ байгуулж, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 000079826 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас  тус дуудлага худалдааг дуудлага худалдаа явагдаагүй болон явагдах нөхцөл бүрдээгүй үндэслэлээр хүчингүй болгож, надад олгосон газар эзэмших эрхийг цуцлах тухай мэдэгдэл ирсэн ба улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 тоот захирамжаар миний газар эзэмших эрхийг цуцалж, эзэмшигч миний эрх, ашгийг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. ... А/36 дугаар захирамж болон Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06/13804 албан бичигт “... шинээр үнийн санал ирэх бүрт оролцогчийн дэлгэц дээр автоматаар мэдээллийг харуулах ёстой байсан боловч бодит цагийн шинэчлэл хийгдээгүйн улмаас зарим оролцогчдод шинэ үнийн саналыг харуулаагүй, үнийн саналаа илгээх боломжгүй, дуудлага худалдаа дууссан төлөвт шилжсэн зэрэг алдаа гарч системийн бодит цагийн шинэчлэл хийх сервир ажиллаагүй болох нь тогтоогдсон ...” гэж дурдсан байгаа бөгөөд намайг дуудлага худалдаанд оролцох явцад ийм зөрчил гараагүй, үнийн саналууд секундээр хэмжигдэх хугацаанд гарч ирж байсан. Мөн дээрх тогтоогдсон гээд байгаа нөхцөл байдлыг хэн тогтоосон болох нь тодорхойгүй байна. Миний хувьд тус дуудлага худалдааг ямар газраас зохион байгуулдаг, ямар журмаар явагддаг талаар ямар ч мэдлэггүй оролцсон, оролцогчдын үнийн санал өгч байгаа байдлыг харж 50 000-100 000 төгрөгийн хооронд үнийн саналаа өсгөдөг зэргийг мэдсэн бөгөөд хэн нэгэнд нөлөөлж, өөрт давуу байдал бий болгосон зүйл байхгүй. ... Миний бие Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 тоот “Газар эзэмшүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг эс зөвшөөрч, Засаг даргад өөрт нь гомдол гаргасан боловч Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/443 тоот албан бичгээр захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариуг өгсөн. Тиймээс Сэнгийн С.Ч- надад газар эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/260 дугаар захирамжийн надад хамаарах хэсгийг хүчингүй болгож, 06701-2020/00368 гэрээ, 000079826 дугаартай зэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг цуцалсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Газрын тухай хуульд дуудлага худалдаагаар хэрхэн газар эзэмшүүлэх талаар тодорхой зохицуулсан байдаг. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 тоот захирамж нь  хууль бус байна гэж үзэж байна. Учир нь газар эзэмшүүлэх дуудлага худалдааг ямар журмаар явуулдаг талаар хуульд заасан журам байдаг. Газар төлөвлөлтийн тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Иргэдийн хурлын хуралдааны 09 тоот тогтоол нь “аймгийн 2020 оны газар зохин байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтын 3 дугаарт Үйлдвэрлэлийн зориулалттай дуудлага худалдаа эзэмшүүлэх газрын төлөвлөлтийн 1 дүгээрт Мөрөн сумын 14 дүгээр байрны зүүн талд 24 метр квадрат газрыг хоёр дугаар улиралд эзэмшүүлнэ гэж төлөвлөсөн. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр А147 дугаар захирамж гарч газар эзэмших дуудлага худалдаа явуулах тов зарлах тухай гэх захирамж гарсан. Энэ захирамжийн хавсралтын 3 дугаарт дээрх газрыг авто гражийн зориулалттай 15 жилийн хугацаатайгаар дуудлага худалдаанд оруулна. Анхны үнэ 180.000 төгрөг, дэнчингийн үнэ 18.000 төгрөг, дуудлага худалдаа явуулах хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас 15 цаг 00 минут хүртэл гэж байгаа. Үүний дараа аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/127 дугаар захирамжаар дуудлага худалдаа явуулах ажлын хэсгийг томилсон. Энэ захирамжид ажлын хэсгийн дарга З.Н, гишүүд нь Б.Б, Э.Ц нар томилогдсон. Ингээд Засаг даргын захирамжаар томилогдсон гишүүд нь дуудлага худалдааг явуулахдаа ашиг сонирхлын зөрчилгүйг гэдгээ  илэрхийлсэн нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зурсан байгаа. Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг цахимаар явуулах зар мөн тавигдсан. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дуудлага худалдаа явагдсан. Дуудлага худалдаа явагдсаны дагуу С.Ч- ялагч болсон тул 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр  дуудлага худалдааны ялагчтай байгуулах гурван талт гэрээ байгуулсан. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А260 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан. Хавсралтаар ялагч болсон иргэдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулах тухай гэх бөгөөд уг хавсралтын хоёр дугаарт С.Ч- гэж тусгагдсан байгаа. 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэнд газар эзэмших гэрчилгээ олгосон. Энэ байдлаар харахад дуудлага худалдаа нь Газрын тухай хууль болон бусад ямар нэгэн хууль зөрчөөгүйгээр дүрэм журмын дагуу явагдсан байна. Иргэн С.Мөнхбаатар дуудлага худалдаанд 5501 дугаартай оролцсон.  Харин С.Ч- нь 5742 дугаартай оролцсон. Дуудлага худалдаанд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 15 цаг 06 минут 31 секундэд С.Мөнхбаатар 4.080.000 төгрөгийн үнийн санал хэлсэн. Үүнээс хойш 60 секундын хүлээлтийн байдалтай байх ёстой. Энэ хугацаанд хэн нэгэн үнийг өсгөж хэлэх ёстой байсан. Энэ хүнээс 44 секундын дараа 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг 07 минут 13 секундэд 5742 дугаартай С.Ч- 4.130.000 гэсэн үнийн санал  хэлж 50.000 төгрөгөөр үнийн дүнг ахиулж хэлснээр  компьютерын дэлгэц дээр та ялагч боллоо, баяр хүргэе гэсэн бичиг гарч ялагч болсон байдаг. С.Ч-ийн өөрийнх нь шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хэлж байгаа үг зэргээс нь харахад С.Ч-ийн газар эзэмших эрхийг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тухайн үед сервер ажиллахгүй болсон нөхцөл байдал бий болсон эсэх нь эргэлзээтэй. Газар эзэмших эрхийг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцалдаг. Засаг даргын захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зүйл заалт байхгүй байна. Ямар нэгэн журам болон өөр бусад байдлаар газар эзэмших эрхийг цуцалдаггүй. Газар эзэмших эрх гэдэг нь хүний субьектив эрх юм. Энэ субьектив эрхийг хуульд заасан үндэслэлээр цуцлуулахаас биш хуульд заагаагүй үндэслэлээр цуцалдаггүй. Цахим серверийг хаанаас хэн шалгаж тогтоох, зохион байгуулж байгаа газар нь  магадгүй дуудлага худалдаанд оролцогчид интернэтийн хурд зэрэг зүйлсээ өөрсдөө хариуцах талаар урьдчилсан байдлаар зөвлөгөө өгдөг байх. Зарим орлогчид үнийн саналыг харуулаагүй, үнийн саналыг илгээх боломжгүйгээр дуудлага худалдаа дууссан төлөвт шилжсэн зэрэг алдаа гарч цахим систем шинэчлэлт хийгдээгүй нь тогтоогдсон учраас газрын гэрчилгээг хүчингүй болгосон. Мөн 5 хоногийн дотор гомдол гаргаж 5 хоногийн дотор энэ асуудлыг шийдээд дахин дуудлага худалдаа явуулах ёстой байсан. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн захирамжийг 2021 оны 1 сард цуцалсан. Дуудлага худалдаа явагдсанаас хойш 6 сарын дараа ийм үйл явдал болж байна. Хуульд заагаагүй үндэслэлээр хүний субьектив эрхийг цуцалсан аймгийн Засаг даргын захирамж нь хууль бус байна. Иймд уг захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ашиг сонирхлын зөрчил байна гээд Авлигатай тэмцэх газарт хандахад бусдад давуу байдал бий болгосон, энэ нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул уг асуудлыг мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлэн шалгаж байгаа гэсэн хариу ирүүлсэн байна. Мөн гуравдагч этгээдийн тайлбарт газар эзэмших эрхийг цуцлуулах хүсэлт гаргаагүй гэсэн байдаг. Үүнийг анзаарах нь зүйтэй байх. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

            Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/260 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжтай холбогдуулан Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06/13804 дугаар албан бичгийг хүргүүлсэн байдаг. Дээрх албан бичигт 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р баг, 14-р байрны зүүн талд байрлах 24 м2 авто гражийн зориулалттай газар эзэмшүүлэх дуудлага худалдааг газрын биржийн систем /www.mle.mn/-ээр зохион байгуулах явцад шинээр үнийн санал ирэх бүрт оролцогчийн дэлгэц дээр автоматаар мэдээллийг харуулах ёстой байсан боловч бодит цагийн шинэчлэлт хийгдээгүйн улмаас зарим оролцогчдод шинэ үнийн саналыг харуулаагүй, үнийн саналаа илгээх боломжгүй, дуудлага худалдаа дууссан төлөвт шилжсэн зэрэг алдаа гарч системийн бодит цагийн шинэчлэлт хийх сервер ажиллаагүй болох нь тогтоогдсон. ... Авилгатай тэмцэх газраас ирсэн бичгийн дагуу Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 4/39 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн эзэмшлийн 06701-2020/00368 тоот гэрээтэй, 0079826 гэрчилгээний дугаартай газар эзэмшүүлэх эрхийг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг.

            Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.11 дэх хэсгийн хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд Засаг дарга нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй бөгөөд энэ хүрээнд С.Ч-ид холбогдох газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 дугаар захирамжийг гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:2019 оны 12 дугаар сард аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж дараа оныхоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. 2019 онд интернэтэд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал авах зар тавьдаг. Иргэдээс олгох газрын эрэлт, хэрэгцээ, зориулалт нь ямар байна гэдэг байдлаар хүсэлтүүд авдаг. Үүнд 15 дугаар байрны орчим авто гражийг хүссэн хоёр өргөдөл манайд орж ирсэн. Үүнийг үндэслээд манайх боломжтой газарт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудлаа оруулж, тогтоол гаргуулж 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан байгаа. Баталсан төлөвлөгөөгөө бид бүхэн хуваарийн дагуу дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу газар олголтынхоо асуудлыг явуулдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласанчлан процессын хувьд тов зарласан захирамж нь гарсан, ажлын хэсэг байгуулагдсан, дуудлага худалдаа зохион байгуулагдсан. Өмнө нь дуудлага худалдаа танхимаар явагддаг байсан. Дуудлага худалдаа нь 2018 оноос хойш газрын цахим биржээр явагддаг болсон тул уг дуудлага худалдааг цахимаар 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр явуулсан. Надад дуудлага худалдаа нь ямар нэгэн хууль зөрчөөгүй, ёс журмын дагуу явагдсан гэсэн мэдээлэл тухайн үед өгсөн. Гэтэл уг дуудлага худалдаа зохион байгууллагдаад удаагүй байтал иргэн С.Мөнхбаатараас гомдол ирүүлсэн. Тухайн дуудлага худалдаанд 9 оролцогч оролцсон байдаг. Өглөөний 09 цагаас өдрийн 15 цаг хүртэл дуудлага худалдаа явагдсан. Уг гомдолтой танилцаад цахим систем дээр ямар нэгэн алдаа дутагдал гарсан эсэхийг хянаж шалгаж өгнө үү гэх хүсэлтийг газар зохион байгуулалт, геодиз, зураг зүйн газарт албан тоотоор өргөдлийн хамт хүргүүлсэн. Үүний хариуд дуудлага худалдааны үед цахим системд алдаа, гацалт тодорхой хэмжээгээр үүссэн байна гээд тус журмын 15.1-т дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг шийдвэрлэнэ гэж заасан тул тухайн ажлын хэсэг шийдвэрлэнэ гэсэн. Ажлын хэсэг хуралдаад газрыг иргэн С.Ч-ид эзэмшүүлэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн. Энэ талаар хурлын тэмдэглэл байгаа. Үүний дагуу газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан. Түүнээс хойш Авлигатай тэмцэх газраас дуудлага худалдаатай холбоотой дүгнэлт ирүүлсэн. Энэ дүгнэлтийг Хурлын даргад хаяглаж ирүүлсэн байсан. Энэ нь хууль зүйн хэлтэст цохогдон хууль зүйн хэлтэс нь тухайн дуудлага худалдааг хүчингүй болгох нь зүйтэй гэх үүрэг чиглэл өгөөд  2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 дугаар захирамж гарсан. Манай байгууллагын зүгээс Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийн зөв бурууг үнэлэх боломжгүй. Уг дүгнэлтэд дуудлага худалдаа явагдаагүй болон дуудлага худалдаа явуулах  нөхцөл бүрдээгүй гэж үзээд үүссэн маргааныг ажлын хэсэг шийдвэрлэнэ. Шийдвэрлэхдээ бусдад давуу байдал үүсгэсэн байна гэж үзэж захирамжийг хүчингүй болгуулахаар дурдсан байгаа. Энэ захирамж нь Авлигатай тэмцэх газрын дүгнэлт газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1-т заасныг баримталсан байгаа. Тиймээс уг захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд С.Мөнхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн иргэн С.Мөнхбаатар миний бие аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр хуралдааны 9 дүгээр тогтоолоор батлагдсан 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын 2020 оны “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тов зарлах тухай” А/147 дугаар захирамжаар газрыг цахим хэлбэрээр /www.mle.mn/ буюу цахим биржээр 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан Мөрөн сумын 8 дугаар багийн 14 дүгээр байрны зүүн талд байрлах авто гражийн зориулалтаар эзэмшүүлэх 24 м2 талбайтай газрын дуудлага худалдаанд холбогдох материалыг бүрдүүлэн цахимаар оролцсон.

Миний бие дээрх 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зохион байгуулсан #2020-3748 дугаар бүхий дуудлага худалдаанд #5501 хэрэглэгчийн кодтойгоор оролцож хамгийн сүүлд 15 цаг 06 минут 31 секундэд 4 080 000 төгрөгийн саналыг өгч түүнээс хойш журмын дагуу 60 секундийн хугацаанд өөр оролцогч үүнийн санал нэмж өгөөгүй тул дэлгэцэд “Дуудлага худалдаа дууссан байна” гэсэн улаан бичиг гарж дуудлага худалдаанд ялагчаар тодорсон байтал #5742 дугаартай оролцогчийг дуудлага худалдаа дууссаны дараа үнийн саналыг 15 цаг 07 минут 13 секунтэд нөхөн өгч ялагчаар тодруулсан гэж би үзэж байгаа юм. Дээрх асуудлаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт “Газрын тухай хууль болон Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д заасны дагуу дуудлага худалдаанд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гомдол гарган 5 дугаар сарын 5-ны өдөр буюу 21 хоногийн дараа “Дуудлага худалдаа явуулах журмын дагуу явагдсан гэж үзэж болохоор байна” гэсэн учир битүүлэг хариуг хүлээн авсан тул Авилгатай тэмцэх газарт 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр гомдол гаргасан бөгөөд тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 05/7514 тоот албан бичгээр “Бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул уг асуудлыг Мөрдөн шалгах хэлтэстээ шилжүүлэн шалгасан байдаг. Миний бие дээрх газрын эзэмшлийг цуцлуулах талаар аймгийн Засаг даргад ямар нэгэн хүсэлт гаргаагүй бөгөөд цаашид холбогдох хууль, журамд заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

   Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2021 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн гуравдагч этгээд С.Мөнхбаатарын итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Миний хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарыг дэмжин оролцож байна. Учир нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 тоот газар эзэмшүүлэх эрхийг цуцлах тухай захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Гуравдагч этгээд болох С.Мөнхбаатар нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанд 5501 хэрэглэгчийн кодтой оролцож хамгийн сүүлд буюу 15 цаг 06 минут 31 секундэд 4.080.000 төгрөгийн саналыг өгч ялагчаар тодорсон. Түүнээс хойш журмын дагуу 60 секунтын дотор өөр оролцогч үнийн санал нэмж өгөөгүй байтал компьютерын дэлгэц дээр дуудлага худалдаа дууссан байна гэсэн ягаан бичиг гарч ирсэн. Гэтэл 5742 дугаартай оролцогч үнийн саналаа 15 цаг 07 минут 13 секунтэд нөхөн өгч ялагчаар тодруулсан нь хууль бус гэж үзсэн. 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын дарга Б.Г-т өргөдөл гаргасан. Мөн Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргаж энэ асуудлыг шалгуулсан. Үүний хариуд хууль зөрчиж явуулсан байна, хуулийн дагуу уг ажиллагааг явуулах тухай чиглэл ирүүлсэн байдаг. Энэ чиглэлийн дагуу Хөвсгөл аймгийн Засаг дарга 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 тоот захирамжаар газар өмчлөх эрхийн цуцалсан. Энэ нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Гэрч З.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Газрын цахим биржийн системд хэн нэгэн нөлөөлөх боломжгүй. Геодези зураг зүйн газраас хэрэгжүүлдэг. Ямар нэгэн хөндлөнгийн оролцоо байхгүй. Өмнө нь дуудлага худалдааг танхимаар зохион байгуулдаг байсан. 2019 оноос газрын цахим бирж гэж дуудлага худалдаа явуулах төсөл авах, дуудлага худалдаа явуулахыг геодези зураг зүйн газар хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу дуудлага худалдаанд оролцох оролцогчдыг бүртгэсэн. Дуудлага худалдаа явагдах хүртэл цахим биржид ямар нэгэн доголдол үүсч байгаагүй. Тухайн дуудлага худалдаа оролцогчид нь үнийн саналаа хэлээд явагдаж байсан. Би ажлын хэсгийн даргын хувьд С.Ч-той ямар нэгэн байдлаар холбоо байхгүй. Цахим бирж хөндлөнгийн оролцоогүй байдаг. Дуудлага худалдаа эхлэх цагтаа автоматаар эхэлдэг. Серверийг геодези зураг зүйн газраас шалгадаг. Дуудлага худалдаа явагдаж дууссаны дараа иргэн С.Мөнхбаатараас өргөдөл гаргасны дагуу Геодези зураг зүйн газарт мэдэгдэж хариу авсан. Бодит цагийн шинэчлэлт хийгдээгүй байна. Ажлын хэсэг нь шийдвэрлэнэ гэсэн хариу ирсэн” гэв.

Гэрч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Системд гарсан алдаа зөрчил нь бид нарт мэдэгддэггүй. Дуудлага худалдаа хэвийн явагдсан. Ажлын хэсэгт программд хандах боломжгүй. Дуудлага худалдаа эхлэхээс өмнө 9 оролцогч орсон. Тухайн хүмүүст гар утаснаас биш компьютерээр орж техникээ хангаж оролцоорой, ямар нэгэн өөрөөс нь шалтгаалах техникийн алдааг хариуцахгүй талаар зөвлөмж өгсөн” гэв.

Гэрч Э.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тэр үйл ажиллагааг би мэдэхгүй. Би хурлын тэмдэглэл хөтлөх үүрэгтэй оролцсон. Ажлын хэсэг зориудаар серверт болон дуудлага худалдааны цахим системд зориудаар нөлөөлөх боломж байхгүй. Ажлын хэсэгт С.Мөнхбаатар өргөдөл гаргаагүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  6 дугаар багийн иргэн С.Ч-  Хөвсгөл аймгийн Засаг даргад  холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 тоот “Газар эзэмшүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

А/ Хэргийн нөхцөл байдал, үйл баримтын талаар:   

1. Маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Засаг дарга  2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжаар: Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/ж/, 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10.1.2, Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоол, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06/13804 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэж, уг захирамжаар:

“... Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06/13804 дугаар дүгнэлтээр 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 8 дугаар баг, 14 дүгээр байрны зүүн талд байрлах 24 м.кв авто гражийн зориулалттай газар эзэмшүүлэх дуудлага худалдааг Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах явцад шинээр үнийн санал ирэх бүрд оролцогчийн дэлгэц дээр автоматаар мэдээллийг харуулах, бодит цагийн шинэчлэл хийгдээгүйн улмаас зарим оролцогчдод үнийн саналыг харуулаагүй, үнийн саналаа илгээх боломжгүй, дуудлага худалдаа дууссан төлөвт шилжсэн зэрэг алдаа гарч цахим системд шинэчлэлт хийх сервис ажиллаагүй нь тогтоогдсон учир аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/260 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалтыг хүчингүй болгож, энэ заалтад хамаарах №06701-2020/00368 гэрээ, 000079826 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмшигчийн мэдээллийн сангаас хасалт хийхийг зохих байгууллагад даалгаж ...” шийдвэрлэжээ. /ХХ-ийн 6 дугаар хуудас/

2. Иргэн С.Ч- нь дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаснаар   Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/443 дугаар албан бичгээр “... Хөвсгөл аймгийн Засаг дарга  2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 дугаар захирамж нь Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06/13804 дугаар “Зөрчил арилгуулж, хуулийг хэрэгжүүлэх тухай” албан шаардлагыг үндэслэн гарсан тул захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй болно. ... шүүхэд хандана уу” гэсэн хариуг түүнд өгчээ. /ХХ-ийн 7 дугаар хуудас/

3. Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр “Аймгийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор ... Мөрөн сумын инженерийн шугам сүлжээний бүсийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, ... “Мөрөн сумын 8 дугаар багийн 14 дүгээр байрны зүүн талд  байршилтай, 0.0024 га газрыг авто гражийн зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэх”-ээр төлөвлөжээ. /ХХ-ийн 24, 25 дугаар хуудас/

4. Хөвсгөл аймгийн Засаг даргын  2020 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн А/147 дугаар “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тов зарлах тухай” захирамжаар “... газар эзэмших эрхийн гэрчилгээг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх 5 нэгж талбарын газарт дуудлага худалдаа явуулах тов, хугацааг баталж, дуудлага худалдааг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж ажиллахыг эрх бүхий газарт зөвшөөрч, уг захирамжийн хавсралтаар  “... Мөрөн сумын 8 дугаар багийн 14 дүгээр байрны зүүн талд  байршилтай, 0.0024 га газрыг авто гражийн зориулалтаар дуудлага худалдаагаар анхны үнэ-180000 төгрөг, дэнчингийн үнэ-18000 төгрөг, дуудлага худалдаа явуулах хугацааг 2020.04.10-ны өдрийн 09 цаг,00 мин-15.00  гэж”  товложээ.

5.  Хөвсгөл аймгийн Засаг даргын  2020 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн А/217 дугаар “Ажлын хэсэг томилох тухай” захирамжаар  томилогдсон ажлын хэсэг /цаашид ажлын хэсэг гэх/ нь ... ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэн, ... газрын дуудлага худалдааг зохих хууль журмын дагуу цахимаар зохион байгуулсан тухай тэмдэглэлд: “... 2020-3748 кодтой дуудлага худалдаанд нийт 9 оролцогч цахимаар ирүүлсэн. Дуудлага худалдааны анхны үнэ 180,000 төгрөг, иргэн С.Ч- хамгийн өндөр үнийн санал буюу 4.130.000 төгрөгний үнийн санал ирүүлж ялагч болж гэрээ байгуулав” гэжээ. /ХХ-ийн 39 дүгээр хуудас/

Улмаар ажлын хэсэг нь “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ №03”-г 2020.04.13-ны өдөр С.Ч-той байгуулсан байх бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын  2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/260 дугаар “ Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар  “иргэн С.Ч-ид Мөрөн сумын 8 дугаар багийн 14 дүгээр байрны зүүн талд  байршилтай, нэгж талбарын 6712015891 дугаар бүхий 0.0024 га газрыг, авто гражийн зориулалтаар, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, эрхийн улсын бүртгэлийн Э-1723001205  дугаарт бүртгэж, иргэний газар эзэмших эрхийн 000079826 дугаар гэрчилгээг олгожээ. /ХХ-ийн 53-58 дүгээр хуудас/

6. Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын нэр дээр  хаяглан Ажлын хэсгийн  цахимаар явуулсан газрын уг дуудлага худалдаанд оролцогч С.Мөнхбаатар 2020.04.13-ны өдөр гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлыг ажлын хэсгийн хуралдаанаар Ажлын хэсгийн 2020.04.27-ны өдөр  хэлэлцүүлж, уг хуралдааны тэмдэглэлд “... Газрын  биржийн цахим системээр 2020 оны 4 сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан #2020-3748 дугаар бүхий дуудлага худалдааны явцад бүртгэгдсэн өгөдөл бүртгэлийг шалгаж, дуудлага худалдааны үндсэн цаг дуусаж хүлээлтийн горимд шилжиж 5501 кодтой С.Мөнхбаатар оролцогч 2020-4-10, 15:06:31 сек-д үнийн санал ирүүлж, 5742 кодтой оролцогч 2020-04-10,15:07:13 буюу 42 секундын дараа үнийн саналаа өгч ялагч болсон байна. Иймд тусгай программаар системийн дагуу явагдах болохоор “Газар эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 15.2-д иргэн ... дуудлага худалдаатай холбоотой гомдлоо тухайн шатны Засаг дарга болон шүүхэд хандаж болно “ гэж тэмдэглэгдсэн байх ба гомдол гаргагч С.Мөнхбаатарт  Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020.04.30-ны өдрийн 4/269 тоот албан бичгээр “... дуудлага худалдаа явуулах тусгай программаар ситемийн дагуу явагдах болохоор Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа  явуулах журмын дагуу явагдсан гэж үзэхээр байна. Иймд Газар эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 15.2-д иргэн ... дуудлага худалдаатай холбоотой гомдлоо тухайн шатны Засаг дарга болон шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасны дагуу иргэн та гомдлоо холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж болно” гэсэн хариуг өгсөн байна. Мөн холбогдох гомдлыг Газар зорион байгуулалт, геодизи, зураг зүйн газарт хүргүүлж, холбогдох хариуг авчээ. /ХХ-ийн 40, 59- 64 дүгээр хуудас/

7. Гэтэл Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хаяглан ирүүлсэн “... Хөвсгөл аймгийн нутгийн захиргааны байгууллагын болон орон нутаг дахь төрийн өмчит байгууллагын албан тушаалтнууд холбогдох хууль тогтоомж зөрчсөн, бусдад давуу байдал бий болгосон, зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгааг дурьдсан заалтуудын дотор ...  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр ... дуудлага худалдаа явуулах явцад шинээр үнийн санал ирэх бүрт оролцогчийн дэлгэц дээр автоматаар мэдээллийг харуулах ёстой байсан боловч бодит цагийн үнэлгээ шинэчлэлт хийгдээгүйн улмаас зарим оролцогчдод шинэ үнийн саналыг харуулаагүй, үнийн саналаа илгээх боломжгүй, дуудлага худалдаа дууссан төлөвт шилжсэн зэрэг алдаа гарч системийн бодит цагийн шинэчлэлт хийх сервис ажиллаагүй болох нь тогтоогдсон. Дээрх нөхцөл байдал нь Газар эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10.1.2-д зааснаар дуудлага худалдаа явагдаагүй болон явуулах нөхцөл бүрдээгүй гэж үзэхээр байна. Ажлын хэсгээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэж бусдад давуу байдал олгосон байх тул газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгож, дуудлага худалдаанд оролцогчдод тэгш байдал хангаж дахин дуудлага худалдаа явуулж хэвшүүлэх ...”  гэх  утга бүхий Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06/13804 тоот  албан бичгийг үндэслэж, иргэн С.Ч-ид  газар эзэмшүүлэх эрх олгосон газрын гэрчилгээ, гэрээг цуцлах болсныг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэж, улмаар хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга  2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжаар: “... аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/260 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалтыг хүчингүй болгож, энэ заалтад хамаарах №06701-2020/00368 гэрээ, 000079826 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмшигчийн мэдээллийн сангаас хасалт хийхийг зохих байгуулагад даалган ...” шийдвэрлэж, маргаан бүхий захиргааны актыг гаргажээ. /ХХ-ийн 68-72 дугаар хуудас/

Б/. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийн тухайд:

8. Хөвсгөл аймгийн Засаг дарга  2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжаар: “... аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/260 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалтыг хүчингүй болгож, энэ заалтад хамаарах №06701-2020/00368 гэрээ, 000079826 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмшигчийн мэдээллийн сангаас хасалт хийхийг зохих байгууллагад даалгаж шийдвэрлэсэн энэхүү шийдвэр нь:  Бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн буюу  нэхэмжлэгч иргэн С.Ч-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн,  өөрөөр хэлбэл  аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/260 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалтаар  иргэн С.Ч-ид  хамаарах эрхийг цуцлуулах талаар Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар     С.Мөнхбаатар нь хуулийн хугацаанд гомдол гаргаагүй, Авилгатай Тэмцэх газраас өөр байгууллагын нэр дээр буюу  Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хаягласан албан бичгийг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.      

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/ж/, 29.2, 29.3-д зааснаар “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу хариуцагч өөрөө эрх хэмжээгээ хэрэгжүүлэхээр бол Захиргааны байгууллагын шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг баримтлах ёстой бөгөөд өөрөөр  хэлбэл: “... 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 8 дугаар баг, 14 дүгээр байрны зүүн талд байрлах 24 м.кв авто гражийн зориулалттай газар эзэмшүүлэх дуудлага худалдааг Газрын биржийн цахим ситем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах явцад шинээр үнийн санал ирэх бүрд оролцогчийн дэлгэц дээр автоматаар мэдээллийг харуулах, бодит цагийн шинэчлэл хийгдээгүйн улмаас зарим оролцогчдод үнийн саналыг харуулаагүй, үнийн саналаа илгээх боломжгүй, дуудлага худалдаа дууссан төлөвт шилжсэн зэрэг алдаа гарч цахим системд шинэчлэлт хийх сервис ажиллаагүй байдлыг зохих ёсоор буюу мэргэжлийн байгууллага болон шаардлагатай бол эрх бүхий байгууллагын дүгнэлтээр, бусад нотлох баримтаар нотолж тогтоохгүйгээр шууд Авилгатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэн шийдвэр гаргасан нь буруу, хууль бус болох нь тогтоогдож байна.   

9. Иймээс Хөвсгөл аймгийн Засаг дарга  2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон  байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/ж/, 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан иргэн С.Ч-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 тоот “Газар эзэмшүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөг гаргаж нэхэмжлэгч С.Ч-ид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН