| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2022/0074/э |
| Дугаар | 2022/ШЦТ/69 |
| Огноо | 2022-06-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат
Шүүгдэгч Б.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Бийн Э-т холбогдох 2216000000108 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Энь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчим Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байх тус сумын Засаг даргын тамгын газраас олгосон ногооны хүлэмжинд ногоо тарих газар булаацалдан маргалдаж улмаар А.Бийн зүүн гарын шуу хэсэгт хүрзээр цохиж эрүүл мэндэд нь “зүүн шуу ясны хөндлөн далд хугарал, богтос ясны цууралт, зүүн гуя, баруун сарвуу, баруун гарын эрхий хуруунд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Энь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчим Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байх тус сумын Засаг даргын тамгын газраас олгосон ногооны хүлэмжинд А.Бтайногоо тарих газар булаацалдан маргалдаж улмаар А.Бийн зүүн гарын шуу хэсэгт хүрзээр цохиж эрүүл мэндэд нь “зүүн шуу ясны хөндлөн далд хугарал, богтос ясны цууралт, зүүн гуя, баруун сарвуу, баруун гарын эрхий хуруунд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Эгэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. “...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ногоо тарьдаг хүлэмждээ очоод төмсний хамар бэлдээд зогсож байхад А.Б ирээд ногооны талбайг булаацалдаж маргаан үүссэн. Би Есөнбулаг суманд өргөдөл гаргаж өгсөн гэхэд миний талбай чи авах ёсгүй гэж маргалдаад би уурандаа гарлуу нь цохьсон гэх /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч А.Бийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 57-76-рт/,
Хохирогч А.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...“Энергийн оргил” хоршоо гэж байхад тухайн үед хэдэн хүмүүс нийлээд аймгийн Есөнбулаг сумын төвөөс урагш 5-6 км байдаг газарт хүнсний ногоо тариалдаг байсан. Би энд 4x5 метр газарт ногоо тариалдаг. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед хүлэмжээ хадаад янзлаад байж байгаад харсан чинь миний ногоо тарьдаг газарт Э хөрсийг нь хүрзээр гишгээд байж байсан. Тэгэхээр нь би наад газарт чинь бууц цацчихсан би наана чинь ногоогоо тарих гэж байгаа гээд хэлсэн чинь дуугарахгүй байхаар нь гишгэж байсан газарт нь очоод зогстол Э нь намайг чи Сийн гар хөл боллоо гээд хүрзээр зүүн гар луу цохисон. Цохих үед нь би зүүн талынхаа гараар хаасан. Тэнд зогсож байсан манай хүүгийн найз Д нь хөгшин аллаа чи гарыг нь хугалчихсан байна цагдаа дуудлаа шүү гээд цагдаад мэдэгдсэн байсан. Тэгээд бид нарын байсан газарт цагдаа нар ирээд Э бид хоёрыг авч явсан.Цагдаа дээр очиж мэдүүлэг өгчхөөд гар өвдөөд болохгүй болохоор нь эмнэлэг дээр очоод зургийг нь авхуулсан чинь хугарчихсан байна гээд өвчин намдаах тариа хийгээд гар боож өгсөн. Эмнэлгээсээ гэртэй харьсан. Тухайн үйл явдал болоход хүлэмжид О, өндөр Б, Цэ, Д, Сү нар тус тусдаа хүлэмжиндээ байсан. Гэхдээ Э нь миний гар луу цохиж байхад хүн байгаагүй намайг хүрзээр цохиулаад хашхирахад Д гарч ирээд хажууд зогсож байсан харагдсан. Бусад нь болсон үйл явдлыг мэдэхгүй. Сүүлд нь Цэ хүлэмжнээсээ гарч ирсэн байсан ...би эхний өдөр нь 50 гаран мянган төгрөгөөр эм тариа авч уусан, тэрнээс өөрөөр эм тариа авч хэрэглээгүй. Би гарынхаа хугаралтыг өөрөөр нь сойлттой эдгээж байгаа, эм тариа авсантай холбоотой гаргаж өгөх баримт огт байхгүй. Би гар хугарснаас хойш хүлэмжнийхээ ажлыг хийж чадаагүй, одоо ногоогоо тарьж чадахгүй байна. Урьд нь маргалдаж муудалцаж байгаагүй. Сая л ногоо тарих газар дээрээс болж маргалдаж муудалцсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-рт/,
Гэрч Д.Цэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би Каритас монгол төслөөр баригдсан “Инергийн оргил” хоршооныхоо хүлэмжин дээр очиж усалгаагаа хийж байсан юм.Тэр үед ил талбай дээр хүмүүс орилолдоод унахаар нь би яваад очтол Бу эгч, бэр болох хүүхэн Э гурав зогсож байсан ба Бу эгч Эыг заагаад энэ хүүхэн миний гарыг хүрзээр цохьчихлоо гээд надад харуулсан. Тэгэхэд ил харагдах гэмтэл харагдаагүй байсан. Тэгтэл Бу нь энэ газар дээр би 7 жил ногоо тарьсан юм гэхэд нь Э би өргөдөл бичээд Сараа даргаас зөвшөөрөл аваад энэ ил талбай дээр газар авсан гээд тэр хоёр дахиад хэрэлдэх үед Бугийн бэр нь гэх хүүхэн цагдаа дуудсан юм. Ингээд удалгүй цагдаа нар ирээд Бу, Э хоёрыг аваад явсан юм. Түүнээс би Эыг Бугийн гар луу хүрзээр цохихыг нь огт хараагүй юм. сүүлд нь Ганболд, О нар ардаас ирсэн. Эд нар бол зодоон цохион болохыг огт хараагүй юм. Бу, Э нар ногоо тарих газар дээрээсээ болж маргалдаж муудалцсан юм. Би дээрх хүмүүстэй 2012 оноос хойш цуг ажиллаж байгаа, дээрхи хоёр хүний зан аашийг сайн мэднэ” гэх мэдүүлэг /хх- ийн 40-рт/,
Гэрч Ж.Оийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Каритас монгол” төслөөр 2012 онд байгуулагдсан хүлэмж дээрээ 11 цагийн үед очсон. Уг газар нийтдээ 12 ширхэг нарийн ногоо тарих битүү хүлэмж байдаг ба би 6-н номерын хүлэмжинд ногоогоо тариад үрсэлгээгээ хийж байхад 16 цагийн үед хүмүүс том том дуугаралдаад Бу эгчийн дуу хадаад байсан чинь гаднаас Цэ шагайгаад урд хүмүүс орилолдоод байна хоёулаа очих уу гэхээр нь би очихгүй чи өөрөө оч гэж хэлсэн. Ингээд удалгүй байсан чинь гадаа цагдаа нар ирчихсэн байна гээд хүлэмжинд ажиллаж байсан хүмүүс ярьж байсан. Би Бу, Э хоёрыг хэрэлдэж муудалцаад хүрзээр нэгнээ цохисныг огт үзэж хараагүй. “ гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-рт/,
Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед би найз банди Сүтай цуг эмээ Бугийнх нь хүлэмжин дээр ажил хийж байсан юм. Ингээд эмээ хүлэмжнээс гараад ил талбай руу яваад өгсөн. Ард нь би найз бандитайгаа хүлэмжин дотор цаас хадаж байсан чинь талбай дээр эмээгийн дуу хадаад чи цохичихлоо ш дээ гэхээр нь би хүлэмжнээс гараад гүйгээд очсон чинь Э гэх эмэгтэйтэй манай эмээ хэрүүл хийж байсан. Тэгэхэд Э нь гартаа хүрз барьчихсан зогсож байсан ба эмээ энэ намайг хүрзээр цохичихлоо гэсэн. Тэгэхээр нь би цагдаа руу дуудлага өгсөн юм. Цагдаа ирэх хооронд гар өвдөөд байна гэж ёолж байсан ба тэр хоёр энэ миний газар гээд хэрүүл хийгээд байсан юм. Би хараагүй, эмээг том дуугараад цохичихлоо гэж орилоход нь очиход энэ намайг хүрзээр цохичихлоо гээд нөгөө эмэгтэй нь эмээтэй хэрүүл хийгээд байсан юм. Э гартаа нэг том хүрз барьчихсан зогсож байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 35-рт/,
Гэрч Г.Сүын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед би найз охин Дтай цуг эмээ Бугийнхаа хүлэмжин дээр ажил хийж байсан юм. Ингээд эмээ хүлэмжнээс гараад урагшаа ил талбай руу яваад өгсөн. Ард нь би найз охинтойгоо хүлэмжин дотор цаас хадаж байсан чинь талбай дээр эмээгийн дуу хадаад чи намайг цохичихлоо ш дээ гээд орилохоор нь би хүлэмжнээс гараад найз охинтойгоо гүйгээд очсон чинь Э гэгч эмэгтэйтэй манай эмээ хэрүүл хийж байсан. Тэгэхэд Э нь гартаа хүрз барьчихсан зогсож байсан ба эмээ энэ намайг хүрзээр зүүн гар луу цохичихлоо гээд гараа бариад зогсож байсан. Тэгэхээр нь би цагдаа руу дуудлага өгсөн юм. цагдаа ирэх хооронд гар өвдөөд байна гэж эмээ ёолж байсан ба тэр хоёр энэ миний газар гээд хоорондоо хэрүүл хийгээд байсан юм. Би хараагүй, эмээг том дуугараад чи намайг цохичихлоо гэж орилоход нь очиход энэ намайг хүрзээр цохичихлоо гээд эмээ хэлсэн юм. Тэр үед нөгөө эмэгтэй нь эмээтэй хэрүүл хийгээд байсан юм. Э гартаа дугуй хумбан, дунд зэргийн тайрмал модтой хүрз барьчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-рт/,
Гэрч О.Нийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022.05.24-ний өглөө 10 цагийн үед А.Б гэгч 50 гаран насны эмэгтэй рентген зураг авч ирсний дагуу зургийг үзэхэд зүүн гарын шуу яс, урд бугуй хэсгээр шигдсэн хугаралтай, шуу ясны нарийн яс дунд 1/3 хэсгээр бүрэн бус цууралттай байсан учир амбулаторийн дэвтэр дээр рентгений дүгнэлт бичиж өгсөн. Уг хүнд өөр ил харагдах шарх сорив байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-рт/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 153 дугаартай “...А.Бийн биед зүүн шуу ясны хөндлөн далд хугарал, богтос ясны цууралт, зүүн гуя, баруун сарвуу, баруун гарын эрхий хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 12-13-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Энь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Этүүний өмгөөлөгч нар гэм буруу болон прокурорын хүлээлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналын талаар маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53-рт/, хохирогч А.Бийн хүсэлт “...Б.Энь мөнгөн хэлбэрээр 600,000 төгрөг төлж миний хохирлыг мөнгөн хэлбэрээр бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 106-рт/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Энь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирлын тухайд шүүгдэгч нь хохирлыг бүрэн барагдуулсан 600,000 төгрөг өгсөн гэсэн хүсэлтийг хохирогч гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Бийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Эт сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА