Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1084

 

 

 

 

 

 

 

 

 

       2022             09             05                                                  2022/ШЦТ/0000

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: У.Анхжаргал,  

шүүгдэгч: Л.Э, Н.Ц  /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Н.Ц-үүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Л.Э, Н.Ц  нарт холбогдох эрүүгийн 00000000000000 тоот хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                  

                

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б овогт Л-ийн Э /РД:0000000000001/,

1. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр, ***** аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эх, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тахилт 0дугаар гудамжны 0г тоотод оршин суух хаягтай, урьд

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

 

2. Б овогт Н Ц /РД:0000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр, ********* хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, эгч, эхнэр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, урьд

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байсан,

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Л.Э нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тахилт 0   дугаар гудамжны 0000  тоот хашаанд иргэн Н.Ц тэй “миний хүүхэд биш чиний хүүхэд биз дээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж улмаар биед нь“зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, духанд зулгаралт, хамарт цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт” гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Ц  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тахилт 0   дугаар гудамжны 0000  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ү.Н.Э-ийг жирэмсэн болохыг мэдсээр байж “Битгий давраад байгаарай янхан минь” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр, зүүн гаран тус газарт нь гараараа цохисны улмаас биед духанд цус хуралт, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт. зүүн бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус  тус холбогджээ.        

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:         

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Л.Э нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тахилт 0   дугаар гудамжны 0000  тоот хашаанд иргэн Н.Ц тэй “миний хүүхэд биш чиний хүүхэд биз дээ” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж улмаар биед нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, духанд зулгаралт, хамарт цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт” бүхий гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Ц  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тахилт 0   дугаар гудамжны 0000  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ү.Н.Э-ийг жирэмсэн болохыг мэдсээр байж “Битгий давраад байгаарай янхан минь” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр, зүүн гаран тус газарт нь гараараа цохисны улмаас биед духанд цус хуралт, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт. зүүн бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.  

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

               -Насанд хүрээгүй хохирогч Ү.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим ...нөхөр Ц  гаднаас согтуу орж ирсэн. ...би Ц гийн нүүр рүү нэг удаа алгадчихсан ...Тэгтэл намайг цохилоо гэж уурлаад “Битгий давраад байгаарай янхан минь” гэж хэлээд миний толгой гар цээж рүү хэд хэдэн удаа цохисон... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

               -Хохирогч Н.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний орой ...гадаа сууж байгаад буцаж ороод хашаанд Э ийг гэрээс нь дуудаад гаргаж ирэхэд учир зүггүй миний чих толгойруу хэд хэдэн удаа гараараа цохиод хадаастай мод аваад цохих гэж байхаар нь зугтаачихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-р хуудас/,

               -Гэрч Л.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний орой ...Ц  согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь би зөрж гараад ээжийнхээ гэрт орчихсон. Гэтэл удалгүй Ц  гэрийн хажуугаар хашхираад хашаанаас гарсан. Тэгэхээр нь дүү Э  бид 2 Н-ийн гэрт ороход уйлчихсан нүүр нь хөхөрсөн байдалтай байсан. Тухайн үед Н  4 сартай жирэмсэн байсан бөгөөд жирэмснийг нь бүгд мэднэ. Тэгээд удалгүй Ц  гэрийн гадаа хашаанд “Гараад ир ална аа” гээд орилоод байсан бөгөөд Э  түрүүлж гүйгээд гарчихсан. Араас нь гарахад хоорондоо заамдалцаад Э  Ц г цохиж байхаар нь цагдаа дуудах гээд гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг, /Хавтаст хэргийн 22-р хуудас/,

               -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.С-гийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

               “...Ү.Н биед духанд цус хуралт, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зүүн бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

               3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

               4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27-р хуудас/,

               -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.А-сийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай:

               “...1. Н.Ц гийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, духанд зулгаралт, хамарт цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

                4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Л.Э ийн яллагдагчаар өгсөн:  “...Н , Ц  хоёр манай хашаанд тусдаа гараад амьдардаг байсан  юм. 2021 оны 10 дугаар сарын 11-ний орой 22 цаг орчим би гэртээ зурагт хараад хэвтэж байтал гадаа пэд хийх чимээ гарахаар нь гэрийнхээ хаалгыг нээгээд хартал Ц  хашааны хаалгаар гүйгээд гарах шиг болохоор нь гэрээсээ гараад Н-ийн гэрт ороход дүү нартайгаа уйлчихсан сууж байсан. Тэгээд нүүрийг нь хартал хавдчихсан байсан бөгөөд Ц г зодчихоод гараад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд би хашааны хаалгаар гарч харахад ойр хавьд байхгүй байсан ба буцаж гэртээ ороод ээждээ Ц  Н.Э-ийг зодчихоод гараад зугтаачихсан байна гэж хэлээд байж байтал Ц  хашаанд хөөе пизда нараа гараад ир гэж хэлээд хашхираад байхаар нь гарсан. Тэгээд би чи яаж байгаа юм бэ гэж хэлтэл миний хүүхэд биш энэ чиний хүүхэд биз дээ гэж хэлээд дайраад эгэм рүү цохихоор нь би зөрүүлээд л толгой тус газар нь 3 удаа гараараа цохисон. Тэгээд ээж энийг цагдаа дуудаж өгнө гэж хэлтэл гараад зугтаачихсан...” гэж /хавтаст хэргийн 140-р хуудас/ мэдүүлж байсан,

Шүүгдэгч Н.Ц гийн яллагдагчаар өгсөн:  “...Би Н тэй 2020 оны 8 дугаар сард хуурай дүүгээрээ дамжуулж танилцаж байсан. Ингээд танилцаад бид хоёр үерхэж эхэлсэн юм. Үерхэж эхлэхдээ Н.Э-ийг 16 настай гэдгийг мэдэж байсан. Ингээд 2020 оны 10 дугаар сард анх бэлгийн харилцаанд бид хоёр харилцан тохиролцож орсон. Түүнээс хойш бид хоёр нэг нэгнийхээрээ орж гардаг, нэг нэгнийдээ хонодог болоод 2021 оны 8 дугаар сард Н-ийн эмээгийн хашаанд бид хоёр тусдаа гарч гэр барин амьдарч эхэлсэн юм. Н  2021 оны 7 дугаар сард жирэмсэн болсон бөгөөд одоо бид хоёр 1 настай хүүтэй. Бид хоёр одоогоор гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байгаа. 2021 оны 10 дугаар сарын 11-ний орой 22 цаг орчим согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ гэртээ ороход Н  дүү нартайгаа байсан бөгөөд би гэр орноо цэвэрлээч хоолоо хийхгүй яасан юм бэ гэж хэлтэл Н  намайг 2, 3 удаа алгадаад цохихоор нь түлхээд тэвчээр алдаад дух нүүр рүү нь хэд хэдэн удаа цохичихоод гараад явчихсан. Гадаа сууж байгаад буцаж ороод хашаанд Э ийг гэрээс нь дуудаад гаргаж ирэхэд учир зүггүй миний чих толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиод хадаастай мод аваад цохих гэж байхаар нь зугтаачихсан юм...” гэж /хавтаст хэргийн 142-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар “...гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Э ийн хувийн байдлын хувьд: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 60-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 61-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 62-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 63-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 64-р хуудас/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хавтаст хэргийн 65-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хавтаст хэргийн 66-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 67-68-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55-р хуудас/,

Шүүгдэгч Н.Ц гийн хувийн байдлын хувьд: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 71-р хуудас/, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 72-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 73-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 74-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 75-98-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Э, Н.Ц  нар нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрсдийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Ү.Н биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Н.Ц  нь “хувийн таарамжгүй харьцааны” улмаас насанд хүрээгүй хохирогч Ү.Н нүүр зүүн гаран тус газар нь гараараа цохиж байгаа нь хууль зүйн хувьд “шууд санаатай үйлдэл”,

Мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.А-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000000 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.Ц гийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Л.Э т нь “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Н.Ц гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж байгаа нь хууль зүйн хувьд “шууд санаатай” үйлдэл гэж тус тус үзэх үндэслэлтэй.    

 Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Л.Э нь хохирогч Н.Ц гийн, шүүгдэгч Н.Ц  нь насанд хүрээгүй хохирогч Ү.Н эрүүл мэндэд тус тус халдаж зодсон нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Мөн түүнчлэн шүүгдэгч Н.Ц , гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан /3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.эхнэр…хамтран амьдрагч.../ этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасанд хамаарч байна.

Хохирогч Ү.Н  нь жирэмсэн болох нь гэрч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Н.Ц гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж”, 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж гэсэн тус тус хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Харин шүүгдэгч Л.Э ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” шинжийг хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тус бүр тохирч байх тул шүүгдэгч нарыг дээрх зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э тод, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц д тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

1.5. Хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогч Ү.Н , хохирогч Н.Ц  нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Э, Н.Ц  нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Э , Н.Ц  нарт холбогдох эрүүгийн хэрэг дараах дүгнэлтийг гаргаж байна. Г.Э  нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тахилт 0   дугаар гудамж, 474-б тоотод Н.Ц тэй маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9971 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн. Шүүгдэгч Н.Ц  нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тахилт 0   дугаар гудамж, 00000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч н.Н.Э-ийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж битгий давраад байгаарай, янхан минь гэх шалтгаанаар маргаж, улмаар түүний нүүр, зүүн гаранд гараараа цохисны улмаас биед духад цус хуралт, зулгаралт, зүүн нүдний цус хуралт, зүүн бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч н.Н-ийн мэдүүлэг, гэрч н.Ууганцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9813 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Хохирогч Н.Ц , н.Н  нар нь нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Г.Э  нь өөрийн нагац дүү н.Н.Э-ийг өмөөрч Н.Ц тэй маргалдаж, Н.Ц гийн зүй бус авирласны үндсэн дээр Г.Э  өөрийн үйлдэл, холбогдлыг тэвчихгүйгээр түүнийг цохиж, зодсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзсэн. Иймд Г.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Н.Ц гийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, өөрийн эхнэрийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж түүнийг зодсон зүй бус авир гаргасан. Хэдий архи уусан байсан ч гэсэн тухайн үйлдэл авир нь маш хэрцгий, догшин авирласан. Хохирогчийг үл тоомсорлосон, янхан, гичий гэж дуудсан. Өдий насны залуу хүн ажил хөдөлмөр эрхэлж, цаашдаа амьдарна гэж бодож байгаа бол зан авиртаа дүгнэлт хийх шаардлагатай. Иймд Н.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгөөр торгох саналтай байна. Уг торгуулийн ялыг мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацаа буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Л.Э, Н.Ц  нар нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Л.Э ийг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч Н.Ц г гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах тус тус ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч Л.Э тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон (хохирогч түүн рүү миний хүүхэд биш энэ чиний хүүхэд биз дээ гэж хэлээд дайрсан), харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон бөгөөд Л.Э ийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эх 4 хүүхдийн хамт амьдардаг байдлыг, шүүгдэгч Н.Ц гийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, эгч, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг байдлуудыг дээрх нөхцөл байдлаас гадна тус тус харгалзан үзлээ.

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялыг хохирол төлбөргүй байгаа болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хөнгөрүүлж, 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Л.Э-тод улсын яллагчийн саналын хүрээнд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Э, Н.Ц  нар нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Л-гийн Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              Шүүгдэгч Б овогт Н-н Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э тод 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Л.Э, Н.Ц  нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.   

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.УРАНГУА