Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1087

 

 

 

 

 

 

 

 

      2022             09             06                                             ...................

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч: М.О, түүний өмгөөлөгч Л.Ц нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.О-д холбогдох эрүүгийн 000000000000 тоот хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Б овогт М-гийн О /РД:00000000000/,

Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ****** аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй. мэргэжилгүй, “А ” ХХК-нд засал чимэглэл, мужааны ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо толгойт 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Толгойт 0-0 тоот гэртээ шалтгаангүйгээр агсам тавьж өөрийн эхнэр Э.О-ын толгой, гар, цээж хэсэгт гараараа цохих, толгойн тус газар руу халбага сэрээний сав авч шидэх зэргээр зодож эрүүл мэндэд нь духанд шарх, зүүн бугалга, баруун шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Толгойт 0-0 тоот гэртээ шалтгаангүйгээр агсам тавьж гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.О-ын толгой, гар, цээж хэсэгт гараараа цохих, толгойн тус газар руу халбага сэрээний сав авч шидэх зэргээр зодож эрүүл мэндэд нь “духанд шарх, зүүн бугалга, баруун шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Хохирогч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Согтуудаа л зодсон байх би учрыг нь ч олоогүй янхан, гичийгээр нь дуудаад байсан. Би ямар ч мэргэжилгүй байж байхаар хорооноос нэр өгөөд туслах цэцэрлэгийн багшийн сургалтад сууж байгаа, ямар нэгэн гэм хийгээгүй л юмсан. Манай нөхөр М.О гараараа миний толгой, гар, цээж рүү 2-3 удаа цохиж, ханатай хавсарч цохисон, ус буцалгагч шидсэн боловч би зугтаад оногдоогүй, толгой хэсэг рүү халбага сэрээний сав шидсэн тэгээд толгойноос зөндөө цус гарсан. Манай нөхөр М.О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ааш нь эвдэрч орилж хашхирдаг, хааяа гар хүрдэг. Сүүлийн 2-3 жил уг нь гайгүй байсан юм. Хамт амьдраад 14 жил болж байгаа. Архи уухгүй үедээ гайгүй байдаг... тухайн үед манай нөхөр миний толгойн духны зүүн хэсэгт халбага сэрээний сав шидсэний улмаас духанд шарх үүссэн. Мөн миний зүүн талын бугалга буюу зүүн гарын тохой хэсгийг нөхөр намайг хоёр удаа гараараа түлхсэний улмаас гэрт байх цонхны тавцанд цохигдсоны улмаас үүссэн. Харин зүүн гуяны шилбэ нь ус буцалгагч шидээд оногдсоны улмаас үүссэн гэж бодож байна. Надад учирсан тухайн гэмтлүүдийг өөр хүн үүсгээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-14-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8651 дугаартай:

 “...1.Э.О-ын биед духанд шарх, зүүн бугалга, баруун шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,

-Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст  хэргийн 25-30-р хуудас/,

-Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 31-32-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

 Шүүгдэгч М.О яллагдагчаар өгсөн: “...өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...Тухайн гэмтлүүдийг би үүсгэсэн” гэж /хавтаст хэргийн 84-85-р  хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 63-р хуудас/, 2010.09.10-ны өдөр  төрсөн О.Ариунзаяа, 2021.10.06-ны өдөр төрсөн хүү О.Тэмүүлэн, 2013.07.30-ны өдөр  төрсөн хүү О.Тэмүүлэн, 2013.07.30-ны өдөр төрсөн хүү О.Тэмүүжин, 2018.05.30-ны өдөр төрсөн охин О.Номинзаяа нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 64-68-р хуудас/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 69-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 70-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст  хэргийн 71-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 72-р хуудас/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 73-78-р хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 36-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8651 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.О-ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, шүүгдэгч М.О нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.О-ын толгой, гар, цээж хэсэгт гараараа цохих, толгойн тус газар руу халбага сэрээний сав авч шидэж байгаа нь хууль зүйн хувьд “шууд санаатай” үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Мөн түүнчлэн шүүгдэгчийн, гэр бүлийн хамаарал бүхий эхнэрийнхээ эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан /3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.эхнэр…хамтран амьдрагч.../ этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасанд хамаарч байна.

Иймд М.О-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.0 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.О-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй болно...” гэх дүгнэлттэй.

 

 Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ханиасаа уучлалт гуйж байна. Дахин би ийм зүйл гаргахгүй...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйл, Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна. Гэр бүлийн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй байгаа. Иймд торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч М.О-г гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч М.О-д дээрх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний /А ХХК-нд засал чимэглэл, мужаан ажил эрхэлдэг, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг/ байдлуудыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.О-гийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт М-гийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар М.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.0 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.0 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.УРАНГУА