Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 436

 

 Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Цогтгэрэл,

            шүүгдэгч Б.М,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1805014100008 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            ......................., 1979 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Угтаал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, гутал засварын газарт ажил эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-413 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../,

1996 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялаас Өршөөлийн тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 592 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Нийслэлийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 82 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2-ын Б-д зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаартай шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 4 жил 2 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

            Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Г.Энхтөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .......................г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Мг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хорих байгууллагаас суллагдаад өдөр бүр архи ууж, хууль бусаар мөнгө олж, хулгай дээрэм хийж байгаагүй бөгөөд ажил хөдөлмөр эрхэлж, сургалт дамжаанд сууж ирсэн. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр суллагдаад 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг руу самранд явж 2 дугаар сарын 09-ний өдөр 800.000 төгрөг олж, түүгээрээ ТҮЦ худалдан авч, гутал засвар ажиллуулж, Жанжин зах, 3, 4 дүгээр хороолол, модны 2-т үйл ажиллагаа явуулж байсан боловч хотын захиргаанаас ТҮЦ-ийг албадан ачиж, ТЭЦ-3 станцийн урд айлын хашаанд онхолдуулан хаясан байсан. Ингэж миний амин зуулга тасарч, ажлын байргүй болж амьдрал дордсон. Эхнэр жирэмсэн байсан бөгөөд ажил хийх шаардлага гарсан бөгөөд “Мах-Импекс” ХХК-д мах чанагчаар 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ажилд орж байсан. Мөн 35-аас доош насны хүн ажиллуулна гэсэн үндэслэлээр халагдсан. 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүүтэй болсон. Ажил, орлогогүй болсон тухайн үед 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр энэ хэрэгт холбогдсон. Хорихоос суллагдсан хүн бүрт төрөөс өгдөг нэг удаагийн буцалтгүй тусламжид хамрагдан 1.200.000 төгрөг авч, түүгээрээ гутлын багаж, тоног төхөөрөмж худалдан авч, үйл ажиллагаа явуулах болсон. 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байр түрээслэгчтэйгээ 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл удаан хугацааны түрээсийн гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн хүнээ татаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд жолоонд суун жолооч болж, “Чухал амжилт” сургалтын төвд гар утас засварын дамжаанд сууж, гутал засахын хажуугаар гар утас засах үйлчилгээ үзүүлэх болсон. Би хорих газарт байхдаа аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд цахилгаанчин, слесарь, хүнд машин механизмын операторч гэсэн 3 мэргэжил эзэмшсэн боловч ажлын зах зээл дээр мэргэжлийн өндөр ур чадвартай, хугацаа заасан нийтлэг үндэслэлийг тавьдаг тул миний бие тохирдоггүй. Хорихоос гарч ирээд хөдөлмөр зуучлалын төвөөр зуучлуулж олон газарт хандсан боловч бүгд дээрх шаардлагыг тавьдаг. Эцэст нь хувиараа хөдөлмөр эрхлэх нь зөв гэж үзээд хэрэгт холбогдохоосоо өмнө эх, эхнэр,хүүхдээ тэжээж ирсэн. Миний ажлын байр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байранд байрладаг, 21мкв бүхий уг газарт гутал, цүнх засвар, утас засвар, хаалганы чип хувилах, бүх төрлийн савхи будах, өнгө сэргээх, заазуур ирлэх зэрэг үйлчилгээ явуулж өргөжин тэлж байгаа. 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр намайг 6 сарын хугацаанд хорих шийдвэр гарсан. Энэ үед үйлчлүүлэгч нарын мартын 8-наар гоёлд өмсөх зориулалтаар засуулсан 11 гутал, 4 цүнх өгсний 3 цүнхийг нь зассан, 1 цүнхний бариул хийх дутуу, 11 гутал бүгд засагдсан бөгөөд үнэ төлбөрийг нь аваагүй орхигдсон. Хоригдох үедээ ээждээ түлхүүрээ өгсөн. Түрээслэгч Бээжин хотод байсан учраас цүнх, гутал хэрхэн эздэдээ очсон болохыг мэдэхгүй байна. Гэрээс 4 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл сураггүй, эргэлт ирээгүй. Эргээд бүхнийг тэгээс эхлэнэ гэхээр миний хувьд маш хэцүү, гарааны санхүүжилт байхгүй, хэзээ, хаана ажлын байртай болж хүнээ татах вэ гээд бүх зүйлсийг шинээр эхлэх болно. Энэ бүх зүйл надаас болж байгааг маш сайн ухамсарлаж байна. Надад олдсон ажлын байр, амьдрах итгэл найдвар, энэ бүхэнд зарцуулсан цаг хугацаа, амин зуулгыг минь надад үлдээж өгнө үү. Цаашдаа шудрага ариун цагаанаар хөдөлмөрлөнө. Хувийн амьдралаа өөд татан, иргэн хүнийхээ үүргийг сайн биелүүлж амьдарна. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө барагдуулсан. Хувийн байдлыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар надад оногдуулсан ялыг хугацаанаас өмнө тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй. Хүний эрүүл мэндэд олон тооны шарх гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр зодсон. Б.М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн талаар мөрдөн байцаалтын шатанд маргадаггүй. Мөн ажил хөдөлмөр эрхэлдэг талаар хавтас хэрэгт авагдсан баримтууд байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээндээ шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа учир тусгайлан гаргах саналгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Г.Энхтөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Энхтөрийн “...2018 оны 2 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед, өмнө хамт Мөнгөн морьтын 0417 дугаар ангид хамт ял эдэлж байсан танил Мөнхдаваа над руу яриад “Наранхүүтэй уулзах гэж байна, хамт уулзъя” гээд дуудахаар нь Бөхийн өргөөний “Хазара” рестораны үүдэнд очиход Мөнхдаваа, Наранхүү болон Наранхүүгийн эхнэр гурав хамтдаа мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн автомашинд байсан. ...Мөнхдаваа хойноос “чи муу банди, ална шүү” гээд гараараа хоолой боогоод байсан. Тэгээд нээх хол явалгүй машин зогстол Мөнхдаваа машинаас буугаад намайг “буугаад ир” гэхээр нь машинаас дөнгөж буутал Мөнхдаваа толгой руу юугаар цохисныг мэдэхгүй нэг юмаар л цохичихсон. Тэгтэл нүүр рүү хүйтэн юм урсаад байхаар нь гараараа арчаад үзтэл цус байсан. Тэгээд ухаан балартаад байхаар нь хойшоо хашаа ч юм уу, хана налаад суутал дээрээс толгой болон нүүр рүү цохиод байсан. Би одоо болъё гээд гараараа толгойгоо барьтал дээрээс үзүүртэй юмаар хавсарч цохиод байгаа бололтой 2-3 удаа цохиод байсан. Тэгээд хэсэг сууж байгаад босох гэтэл Мөнхдаваа дахиж ирээд цохиод байсан. Толгойдоо 2-3 газарт оёдол тавиулсан, баруун талын хацрын яс болон хамар хугарсан, зүүн гарын тохойд 2-3 оёдол, чигчий хуруунаас бугуй хүртэл хийлгэсэн хэдэн оёдол байгааг мэдэхгүй байна. Баруун гарын бугуйны дээд хэсэгт 1 оёдол тавиулсан, нүд хөхөрсөн, хацар шалбарсан, нурууны хойд хэсэг хөхөрч шалбарсан, амьсгалж, хөдөлж, хэвтэхэд зүүн талын хавирганы доод хэсэгт хөндүүрлэж өвдөөд байсан.” /хх-51-52/,

гэрч С.Ганцэцэгийн “...Энхтөрийн толгой боолттой, нүүр нь хөхөрч хавдсан, уруул нь хавдсан, баруун хацар нь зүсэгдсэн, нурууны ар хэсгээр олон тооны зүсэгдсэн шарх, 2 гарын тохой, шуу хэсгээр олон тооны зүсэгдсэн шархтай, цээж, гар, нуруу хэсгээр бүхэлдээ хөхөрсөн байсан.” /хх-19/,

гэрч Б.Наранхүүгийн “...Мөнхдаваа хашаанаасаа гараад ирчихсэн Энхтөрийг газар унагачихсан заазуураар Энхтөрийн дээрээс цохиод байсан. Би очоод боль гээд салгатал над руу цохих гээд дайрахаар нь би гараараа хаатал миний зүүн талын гарын чигчий хурууны хойд хэсэгт заазуураар яз цохичихоод цаашаа гүйгээд зугтчихсан.” /хх-23-24/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2885 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-30/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Мгийн хохирогч Г.Энхтөрийн биед “хацар ясны нумын хэсгийн далд хугарал, хамар ясны хугарал, зүүн зулайн урд болон ар хэсэг, хацар, бугалга, сарвуу, шуунд шарх, тархи доргилт, зовхи, уруулын дотор салстад цус хуралт, хацар, бугалга, тохой, сарвуу, нуруу, өвдөгт зулгарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.М “...Хувийн байдлыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар надад оногдуулсан ялыг хугацаанаас өмнө тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нь хүний биед олон тооны шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мгийн гаргасан дээрх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ