Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2024/0311

 

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2024/0311

Улаанбаатар хот

 

 

 

“Р***” ББН-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н***, Ж.Н***

Нэхэмжлэгч: “Р***” ББН

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Р***” ББН-тэй байгуулсан гурвалсан гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох буюу цуцлах тухай мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн “Р***” ББН-тэй байгуулсан гурвалсан гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2024/0008 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С***, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н***, харуицагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н***, хариуцагчийн өмгөөлөгч С.С*** нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н***

Хэргийн индекс: 110/2023/0058/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “Р***” ББН-өөс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсэг, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Р***” ББН-тэй байгуулсан гуравласан гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох буюу цуцлах тухай мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн “Р***” ББН-тэй байгуулсан гуравласан гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2024/0008 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.4 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсгийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Р*** өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтэд хагас жилээр өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.5, 1.1.6, 1.2.1, 1.2.2, 1.2.3, 1.2.6, 1.2.7, 1.2.8, Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.1, 2.3, 2.4, 2.6 дах шалгуур үзүүлэлтийн оноо, бүлэг тус бүрийн оноо, хувь , нийт хувь /ерөнхий дүн/, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох ажлын хэсгийн үнэлгээний Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.5 дах шалгуур үзүүлэлтийн оноог хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан үүргийг хүлээдэг байтал хэргийн оролцогчдын өөрсдийн тайлбартай холбоотой нөхцөл байдлыг шүүх тодруулалгүйгээр, харин түүнийг /тайлбараа/ нотолж чадаагүй гэж буруутгасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа,

3.2 Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 дүгээр тушаалын дагуу харьяаллын бүх иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, өвчлөлийн байдлаар нь 5 бүлэгт хувааж, 3, 4, 5 дугаар бүлгийн иргэдэд АМ-11 хяналтын карт нээсэн байх ёстой. Нэхэмжлэгчийн тухайд дээрх бүлгийн иргэдэд нэг ч хяналтын карт нээгээгүй болох нь шүүхээс мэдүүлэг авах үед тогтоогдсон бөгөөд энэхүү хяналтын картын талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэтэл анхан шатны шүүх “холбогдох нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй гэх боловч уг тайлбараа нотолж чадаагүй” хэмээн дүгнэсэн нь байхгүй зүйлийг нотолсонгүй хэмээн ажлын хэсгийн гишүүний үнэлгээг үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд болон журамд нийцээгүй гэж хүчингүйд тооцсон нь үндэслэлгүй,

3.3 Анхан шатны шүүх “...Шалгуур үзүүлэлтүүдийн 1.1.1 дэх хэсгийн 1.1 1, 2, 3 дах хэсгүүдэд “... шалгуур үзүүлэлтэд хамааралтай “Мэдээллийн эх сурвалж”-д заасан эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээний тайлан, идэвхтэй хяналтын тайланг гаргаж өгөөгүй боловч дээр дурдсан нотлох баримтуудыг үзэх, мөн төвийн эмч, ажилтнуудаас тайлбар гаргуулах зэргээр судалгаа, төлөвлөлтийн хэрэгжилтийн хувь, хяналтад хамрагдсан хувь, эрүүл мэндийн бүлэг дээшилсэн хүний тоог тодорхойлох боломжтой байсан, улмаар 1, 2 дугаар бүлэгт шилжсэн хүний тоо нэмэгдсэн эсэхийг тодорхойлсны үндсэн дэн журамд заасан аргачлалын дагуу оноо өгөх байтал 0 оноо өгсөн нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалын 3.12-т “Гэрээний хэрэгжилтийг дүгнэхдээ гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй баримт бичиг, бусад материалыг өрхийн эрүүл мэндийн төвөөс шаардахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн,

3.4 Нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгөөгүй асуудлыг тухайн үед байгаагүй асуудлаар зөвхөн ажлын хэсэг буруутай мэтээр, улмаар “Мэдээллийн эх сурвалж” буюу сайдын журамд заасан гол баримтыг ч чухалчилж үзэлгүй үнэлгээ хийх ёстой байсан мэтээр хэт нэг талыг барьж, хэргийг бүрэн дүүрэн бодитой шийдвэрлээгүйд гомдолтой байна,

3.5 Анхан шатны шүүх “...батлагдсан 12 орон тооны дарга, эмч, эмнэлгийн мэргэжилтний 9 орон тоонд ажиллаж байсан хүнээс М.А*** чөлөөлөгдсөн, бусад нь ажиллаж байсан нь тогтоогдож байх тул хариуцагчийн “Баталсан 12 орон тооноос тооцоход шилжилт хөдөлгөөн 50-аас дээш хувьтай байсан” гэх үндэслэлээр 0 оноо өгсөн нь үндэслэлгүй, бодит байдал нийцээгүй” гэж дүгнэсэн нь буруу. MNS5292:2017 стандартад заасны дагуу “Р***” ӨЭМТ-ийн хувьд эмнэлгийн мэргэжилтний тоо 16 байх ёстой байтал 12 эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй орон тоо баталж авсан нь стандартаа зөрчсөн байсан тул хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартаа барьж үнэлгээ өгснийг шүүх буруутгаж байгаа нь ойлгомжгүй,

3.6 Шүүх хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн, эргэлзээгүй, нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

   4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Шүүх, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан тусгай зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримтлана хэмээн,

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 14.2.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн төв, нийслэлд, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь сум, тосгонд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ”, 5.4-т “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”,  5.5-д “Энэ хуулийн 5.4-т заасан журам, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлнэ” хэмээн,

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Журам, гэрээний загвар, шалгуур үзүүлэлт батлах тухай” А/104 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 3.1-т “Гэрээний хэрэгжилтийг жил бүрийн зургаадугаар, арван хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор дүгнэнэ”, 3.2-т “Гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан талуудын төлөөлөл оролцсон 7-9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ил тод, шударга, нээлттэй зарчмыг баримтлан тэгш эрхтэй оролцон дүгнэх ба гэрээний гүйцэтгэл, үр дүнг үйлчлэх хүрээний хүн амд танилцуулна”,

3.3-т “Гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг нь дараах албан тушаалтны төлөөлөлтэй байна:”,

3.3.1-т “Ажлын хэсгийн ахлагч: Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга /эсхүл Нийгмийн бодлогын хэлтсийн дарга/

3.3.2-т Гишүүдэд:

3.3.2.1 Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн эсхүл Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга,

3.3.2.2 Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын анхан шатлалын тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн,

3.3.2.3 Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн,

3.3.2.4 Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чА***, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн,

3.3.2.5 Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн,

3.3.2.6 Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн,

3.3.2.7 Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү эдийн засгийн хэлтсийн албан тушаалтан,

3.3.2.8 Өрхийн анагаахын чиглэлийн ба үйлдвэрчний эвлэлийн төрийн бус байгууллагын 2-оос доошгүй төлөөлөл” хэмээн тус тус заасан.

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/391 дүгээр захирамжаар “Өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг дүгнэх ажлын хэсэг”-ийг баталж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг “Ажлын хэсгийн ахлагч: Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Гишүүдэд: Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын анхан шатны тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чА***, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн газрын эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн газрын санхүү, эдийн засаг хариуцсан мэргэжилтэн, Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга” нарыг оролцуулсан баталсан нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 3.3.2.7, 3.3.2.8-д заасантай нийцэхгүй.

5. Тодруулбал, гэрээг дүгнэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн сайдын баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 3.3.2.7-д зааснаар аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, эдийн засгийн хэлтсийн албан тушаалтныг томилох ёстой ч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/391 дүгээр захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газрын санхүү эдийн засаг хариуцсан мэргэжилтэнг,

журмын 3.3.2.8-д зааснаар Өрхийн анагаахын чиглэлийн ба үйлдвэрчний эвлэлийн төрийн бус байгууллагын 2-оос доошгүй төлөөллийг томилох байтал өрхийн эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргыг тус тус томилсон.

6. Энэ үйл баримттай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргаас “... Аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар Өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг дүгнэх Ажлын хэсгийг хавсралтаар батлахдаа дээрх журмын 3.3.2, 3.3.2.7, 3.3.2.8-д тус тус заасныг зөрчиж аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн албан тушаалтан болон өрхийн анагаахын чиглэлийн ба үйлдвэрчний эвлэлийн төрийн бус байгууллагын 2-оос доошгүй төлөөллийг оролцуулаагүй байсныг засаж залруулж гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан” болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1-01/1221 болон 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1-01/170 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

7. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д тухайлан заасанчлан захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчим хэрэгжих учиртай.

Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Р***” өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гэрээ”  01 дугаартай гуравласан гэрээний хагас жилийн биелэлтийг  дүгнэх ажлын хэсгийг хууль бус бүрэлдэхүүнтэй байгуулсан болохоо аймгийн Засаг даргаас хүлээн зөвшөөрч, хуульд нийцүүлэн шинээр ажлын хэсгийг байгуулсан. Мөн  нэхэмжлэгч “Р***” ББН-өөс шүүхэд гаргасан тайлбартаа “...өмнөх эмнэлгийн захирал М.А*** ажил хүлээлцэхдээ өрхийн эрүүл мэндийн төвийн баримт бичгийг бүрэн гүйцэт хүлээлгэж өгөөгүйгээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн “Р***” ББН-тэй байгуулсан гуравласан гэрээний хагас жилийн биелэлтийг дүгнэх ажиллагааны үед гаргаж өгөх боломжгүй байсан баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн” гэж тайлбарлаж байгаатай холбогдуулан тухайн гуравласан гэрээний биелэлтийг дүгнэх ажиллагааг шинээр байгуулагдсан Ажлын хэсгээр дахин дүгнүүлж, үнэлгээ гаргах ажиллагааг дахин гүйцэтгүүлэх шаардлагатай бөгөөд энэхүү ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй. Тухайн ажлын хэсгийн дүгнэлтээс хамааран Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Р***” ББН-тэй байгуулсан гуравласан гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох буюу цуцлах тухай мэдэгдэл үндэслэлтэй байсан эсэх нь тогтоогдохоор байна хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2024/0008 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1,Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.4 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсгийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Р*** өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтэд хагас жилээр өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.5, 1.1.6, 1.2.1, 1.2.2, 1.2.3, 1.2.6, 1.2.7, 1.2.8, Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.1, 2.3, 2.4, 2.6 дах шалгуур үзүүлэлтийн оноо, бүлэг тус бүрийн оноо, хувь , нийт хувь /ерөнхий дүн/, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгож” гэснийг

“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Р***” ББН-өөс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсэг, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны захирамжаар байгуулагдсан Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг дүгнэх ажлын хэсгээс “Р***” ББН-тэй байгуулсан гуравласан гэрээний хагас жилийн биелэлтийг дахин хянаж, үнэлгээ хийж дахин шинэ захиргааны акт гарах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн “Р***” ББН-тэй байгуулсан гуравласан гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас болон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Р***” ББН-тэй байгуулсан гуравласан гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох буюу цуцлах тухай мэдэгдлийг түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд хариуцагч нараас дахин шинэ акт гаргаагүй бол Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Р***” ББН-тэй байгуулсан гуравласан гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох буюу цуцлах тухай мэдэгдэл болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн “Р***” ББН-тэй байгуулсан гуравласан гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудсыг тус тус хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дах заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчилж бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

     ШҮҮГЧ                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

     ШҮҮГЧ                                                    Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

     ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА