Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 344

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ж.Мөнхтуяа /и/ нарын бүрэлдэхүүнтэй,

-нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, 

-иргэдийн төлөөлөгч Д.Уугантуяа,

-улсын яллагч Г.Энхмаа,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүрэнхорлоо,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль,

- шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

-шүүгдэгч Д.Пүрэвбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далантайн Пүрэвбатад холбогдох 201619000370 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн, 28  настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, 2012 оноос 2013 оны хооронд цэргийн алба хаасан, хэрэгт холбогдохын өмнө ачигч хийдэг байсан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 39-1957 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Завхан аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэн бие эрүүл, ухаан бүрэн гэх Сартуул овогт Далантайн Пүрэвбат /РД:ИЭ88021812/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Шүүгдэгч Д.Пүрэвбат нь согтуугаар Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Аржийн 1-1 тоотод оршин суух Г.Тогтохбаярын гэрт 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12-13 цагийн орчимд иргэн М.Мөнхгэрэлтэй хувийн маргааны улмаас маргалдан улмаар гэрийн үүдэнд түүний цээжин тус газар 1 удаа хутгалж, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Пүрэвбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Тогтохбаярын гэрт согтуу унтаж байхад нэг хүн цохиод байхаар нь би сэрсэн. Сэрээд харахад Мөнхгэрэл байсан. Би юу яриад байгааг нь ойлгоогүй, тэгээд би ороодог тамхи татах гэсэн чинь талийгаач намайг каск малгайгаар цохьсон. Тэгээд Мөнхгэрэл намайг гар зайл зэргээр янз бүрээр доромжлоод байхаар нь би айлгах санаатай гэдэстэй саванд байсан хутгыг авахад Мөнхгэрэл гэрээс зугтаагаад гарсан хойноос нь хөөгөөд барьж авахад Мөнхгэрэлийг миний хоолойг боосон тэгээд би нэг мэдэхэд хутгалчихсан байсан гэв.

 

Aмь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүрэнхорлоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаачтай хамт амьдраад 10 гаран жил болж байна. Манай нөхөр архи их уудаггүй хааяа л уудаг байсан. Оршуулгын зардал 2 сая гаран төгрөг гарсан байгаа, гомдол ихтэй л байна, 2 хүүхдийнхээ тэтгэмжийн зөрүүг гаргуулж авмаар байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь:

 

Гэрч С.Лханаасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “ тэгээд бид хоёр буцаж гэтрээ хариад гэрийнхээ хаалганы нугасийг хадаад байж байтал Пүрэвбат согтуу архи уучихсан орж ирээд юм хэлээгүй... Гэрт Насанжаргал, талийгаач Мөнхгэрэл, Пүрэвбат нар манай 3 охинтой үлдсэн юм. Талийгаач баруун орон дээр хэвтээд Насанжаргал хөлд нь суугаад үлдсэн юм.... Пүүлээ буюу Пүрэвбат чинь Мөнхгэрэлийг хутгалчихлаа наашаа гүү замаараа эмч дуудаадах гэсэн тэгээд манай нөхөр намайг хаяад түрүүлээд гүйгээд явсан... гэртээ очиход талийгаачийн эхнэр Сүрэнхорлоо бас манайх руу надтай зэрэг орсон тэгээд ороход талийгаач манай гэрийн урд талын зоорний баруун талд гэрийн үүдэнд шороон дээр дээшээ хараад хэвтчихсэн Тогтохбаяр фудволкаар цээжийг нь дарчихсан хадам ээж талийгаачийн хөл хэсэгт нь зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-24-25 тал/,

 

Гэрч Ц.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “ ... Тогтохбаярын гэрт нь Пүүгий гэх залуу сууж байснаа ах би ямаа самнах гэж ирсэн байгаа юм би ямааг чинь самнаж өгье гэж хэлсэн тэгэхээр нь би Тогтохбаярын хамаатан садан хэрэг гэж ойлгоод ямаагаа самнуулахаар хөдөө гэр лүүгээ авч яваад цөөхөн хэдэн борлон 4-5 хоног самнуулсан тэгээд 100.000 гаран мянган төгрөг өгөөд явуулсан санаж байна. Тэгэхэд Пүүгий буюу Пүрэвбат гэх залуу манай хөдөө гэрт манай эгчийнд 4-5 хоног болсон юм. Тэгэхэд зүс таньж таних болсон өөр ямар нэг харилцаа холбоо байхгүй. 4-5 хонох үед нь би байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-26-27 тал/,

 

Гэрч А.Дэнзэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Тэгээд уулзахад өөрийгөө Далантайн Пүрэвбат гэж хэлсэн тэгээд зовиур юу байна гэж асуухад толгой өвдөнө, цээжээр өвдөнө гэсэн өөр зовиур хэлээгүй, үзлэг эхлэхэд биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй, арьс салстад хүзүүний баруун талд 3 хэсэг газарт зулгаралт, шарх үүссэн байсан. Тэгээд баруун гарын тохойноос доошоо нэг хуруу газарт 3 см зүсэгдсэн шинэ шархтай, баруун хөхний дээд хэсэгт хөхний толгойноос дээшээ 9 см газарт хутганы 1 см 0,5 мм гүнтэй шархтай байсан. Цааш нь биеийн ерөнхий байдлыг үзэхэд амьсгал 1 минутад 17, хоёр уушиг цулцангийн амьсгалтай, зүрх авиа тод жигд, пүлс 72, арьтерын даралт баруундаа 120/80 зүүндээ 110/70 тай байсан... Тэгээд биед үүссэн гэмтлүүдийг асуухад хүнтэй зодолдсон хэнтэй зодолдсоноо хэлээгүй өөрөө өөрийгөө хутгалсан талаар хэлсэн. Пүрэвбат гэх залуу өөрийгөө хүн хутгалсан талаар хэлээгүй, өөрөө өөрийгөө хутгалсан талаараа хэлсэн...“  гэсэн мэдүүлэг /хх-28-29 тал/,

 

 Гэрч Г.Тогтохбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “ ...буцаад гэртээ очсон тэгэхэд Пүрэвбат гэрт гандаас ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд надад Энхбаяртай хамт 1 шил архи хувааж уугаад ирлээ гэж байсан. Тэгээд Пүрэвбат манай зүүн орон дээр бүхлээрээ унтсан тэгэхэд гэрт гаднаас Насанжаргал, талийгаач Мөнхгэрэл хоёр архи уучихсан бага зэрэг халамцуу орж ирээд... эхнэртэйгээ гэр лүүгээ алхаж явтал утас дугараад ээж залгаад Пүрэвбат Мөнхгэрэлийг хутгалчихлаа гэхээр нь би эхнэрээсээ түрүүлээд гэр лүүгээ гүйгээд хашаандаа ортол гэрийн үүдэнд Мөнхгэрэл цамцаа тайлаад цээжээ дарчихсан зогсож байсан ....хажууд яваад очиход Мөнхгэрэл цээжээ дарж зогсож байгаад газар унасан ....Мөнхгэрэлийн цусыг тогтоох гээд цээжин дээр нь гарынхаа алгаар дараад сууж байхад Насанжаргал эмнэлэг рүү гүйгээд Мөнхбаяр эмчийг дагуулаад хамт ирсэн тэгээд талийгаачийг Сүрэнхорлоо, манай эхнэр Лханаасүрэн бид нар өргөөд аавын гэрт оруулаад зүүн орон дээр нь хэвтүүлээд тэгээд Мөнхбаяр эмч дусал тариа хийгээд  тэгээд байж байтал Мөнхгэрэл амьсгал хураасан юм... “гэсэн мэдүүлэг /хх-30-32 тал/,

 

 Гэрч М.Пүрэвбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн....2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт .... Мөнхгэрэл цус алдаад байна хурдан Гүнчингийн хашаанд хүрээд ирээ гэхээр нь яваад очтол Мөнхгэрэл Гүнчин гэх айлын зүүн талын орон дээр нь нас барсан байдалтай байсан. ... Талийгаач ер нь их шударга боловсрол бол бага, цэргийн алба хаагаагүй, морь уядаг, архи бол бага зэрэг хэрэглэдэг эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. .. Архи дарс уугаад хэрүүл маргаан гаргаж байгаагүй агсан тавьдаггүй, найз нөхөрсөг хамт олонтой сум орон нутагтаа нэр хүндтэй, сумын наадамд 20 орчим айраг түрүү авсан сумын алдарт уяачийн болзол хангасан байсан хүн байгаа юм. Өөрөө адуу малтай адуу нь Алтанбулаг сумын Ноёнхутагт гэх газарт Чимэддорж гэх өөрийнх нь найз дээр байдаг юм.... Талийгаачийн эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байдаг юм. Би бол айлын хамгийн том хүү нь байгаа юм. Манай аавыг Гэрбиш гэх хүн байсан бид нар ээжээрээ овоглодог...   гэсэн мэдүүлэг/хх-ийн 33-34 тал/

 

Гэрч М.Нямбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн...2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 40 минутад талийгаачийн хадам эх болох Намжилмаа гэх хүн манай эхнэр Мядагодон гэх хүн руу утасаар ярьж Мөнхгэрэлийг хүн хутгалчихлаа та нар хурдан ирээ гэсэн тэгээд яваад очиход талийгаачийг Гүнчин гэх хадамынх нь гэрийн зүүн орон дээр хэвтүүлчихсэн эмч Мөнхбаяр, сувилагч Хоролжав нар дусал залгаж байсан. Талийгаачийн баруун цээжнээс цус гарсан байдалтай хутганы шарх мэт зүсэгдсэн харагдаж байсан. Талийгаачийн баруун цээжнээс цус гарсан байдалтай хутганы шарх мэт зүсэгдсэн харагдаж байсан. Талийгаач намайг ороход бөөр өвдөөд байна гэж эгч бид хоёрт хэлсэн. Мөнхбаяр эмч надад эмнэлэг рүү гүйж очоод систем аваад ир гээд явуулсан тэгээд эмнэлэг ороод ирэхэд талийгаач нас барчихсан байсан. Талийгаач их шударга зантай хүнд хэлэх үгээ хэлчихдаж ажилд шаламгай,  архи дарс уугаад байдаггүй. Хааяа бага зэрэг найз нөхөдийн хүрээнд баяр ёслолоор хэрэглэдэг, тэрнээс архи уугаад агсан согтуу тавиад байдаг хүн биш,  гэр орон эхнэр хүүхдүүдээ хайр халамж сайтай” гэсэн мэдүүлэг /хх-35 тал/,

 

Гэрч Т.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “ Би 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр цайны цагаараа гэртээ байж байтал хүн хутгалууллаа гэсэн дуудлага манай нөхөр лүү ирсэн байсан тэгтэл манай нөхөр эмнэлэг дээр хүргээд ир гэсэн байсан гэр нь эмнэлэгт ойрхон байсан би гэрээсээ шууд гараад эмнэлэг дээр очтол эмнэлгийн үүдэнд сууж байсан өвчтнүүд эмнэлэг рүү цээжнээсээ цус алдсан хүн эмнэлэг рүү орсон гэж байсан. тэгээд би ороход манай сувилагч тэр хүний шархыг цэвэрлээд зогсож байсан тэгтэл гаднаас нэг хүн орж ирээд хутгалуулсан хүн гэртээ цус алдаад байна та хурдан очооч гэхэд нь ахиад нэг хүн хутгалуулсан болохыг мэдсэн... очиход Мөнхгэрэл гэх залуу гэртээ зүүн талынхаа орон дээр хэвтэж байсан. миний бөөр татах гээд байна гээд тогтвортой хэвтэж чадахгүй байсан цус алдсан байдал харагдахгүй цээжин тус газар нь шарх, ар нуруу хэсэгт нь бас хутганы гэмээр шарх байсан хөдлөхөөр л  бага зэрэг цус гараад байсан биеийн байдал нь  эрс муудсан дусал гүйхгүй байсан Анх дуудлагаар очиход цус гарсан шинж харагдахгүй байсан гадаа цус алдсан байсныг нь дараа мэдсэн гэсэн мэдүүлэг /хх-36 тал/,

 

Гэрч С.Насанжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “ ... 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед талийгаач Мөнхгэрэл бид хоёр гэрээс нь хамт гараад 1-р баг 1-1 тоотод байрлах Тогтохбаярынхаас Мөнхгэрэл мотоциклоо авах гээд гэрт нь очсон.... Мөнхгэрэлийн хадам аав Гүнчин хогийн шүүр барчихсан ирээд байшинг цэвэрлэх гэж байна гэхэд нь Мөнхгэрэл мал нядалсан хүмүүсээр нь өөрсдөөр нь цэвэрлүүл гээд Тогтохбаярын гэрлүү нь гүйгээд орсон тэгээд гэрт ороод Пүрэвбатыг унтаж байхад нь Мөнхгэрэл татаж сэрээгээд хөгшин хүнээр байшин цэвэрлүүлэх гэлээ та нар мөнгө цаасыг нь авчихаад өөрсдөө цэвэрлээч гэхэд Пүрэвбат чадахгүй гэхээр нь Мөнхгэрэл Пүрэвбатыг 1 удаа шанаадаад авсан тэгээд хоорондоо барилцаж аваад ноцолдоод байсан би салгаж дийлэхгүй байсан. тэгээд гаднаас Намжил эгч Гүнчин гуай хоёр орж ирээд юу болоод байгаа юм  айлийн гэр орон буулгалаа гэсэн тэгээд тэр хоёр хоёр тийшээ салцгаагаад байж байтал Мөнхгэрэл Пүрэвбатын толгой тус газар нь гараараа 1 удаа ахиад цохиод авсан тэгтэл Пүрэвбат зуухны хажууд төмпөнд байсан шар өнгийн иштэй хутгийг автал Мөнхгэрэл гэрээс зугтаагаад гарсан араас нь Пүрэвбат хутгаа гартаа бариад араас нь гарсан.  Намжилмаа эгч намайг араас нь гарч салга гэсэн би араас нь гүйгээд гарахад байшингийн хажуу талд Мөнхгэрэл дээр нь гарчихсан Пүрэвбат доор нь орчихсон. Пүрэвбат гартаа хутгаа дээш нь харуулаад барисан байсан. Мөнхгэрэл намайг хутгалчихлаа гээд цээжнээс нь цус гарчихсан байсан... /хх-ийн 37-38 дугаар хуудас/

 

Гэрч Д.Баярмагнайн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн.. тэгээд Энхбаяр Пүрэвбат гэх залууг дагуулаад ирсэн би тэр хүнийг анх удаа л хажр байгаа нэрийг нь ч мэдэхгүй байсан тэгээд 300 ширхэг блокийг буулгаад шөнийн 00 цаг 30 минутын үед дууссан юм тэгээд 10.000 төгрөг тав таваар нь хувааж аваарай  гээд Энхбаярт бүхэл 10.000 төгрөг өгсөн юм. Тэгээд энэ хоёрыг Энхбаярын хашааных нь өмнө хүргэж өгөөд би гэрлүүгээ явсан. Энэ хоёр эрүүл байсан. архи дарс уугаагүй байсан блок буулгаж байхдаа ч архи дарс уугаагүй.. гэсэн мэдүүлэг /хх-39 дугаар хуудас/

 

Гэрч Д.Намжилмаагийн байцаалтын шатанд мэдүүлсэн “...тэгтэл хүргэн Мөнхгэрэл Пүрэвбатын толгой руу гараараа босож ирээд 1 удаа цохьсон тэгэхээр нь би гартаа байсан хогийн шүүрээрээ больцгоо та нар гээд хий савсан юм тэгтэл Пүрэвбат гэнэт босч ирээд зуухны хажуу талд байсан чанасан хонины гэдэстэй саванд байсан хутгыг шүүрч автал Мөнхгэрэл гэрээс год үсрээд цугтаагаад гарсан тэгтэл араас нь Пүрэвбат хутгаа гартаа бариад араас нь гарсан... нэг хартал Мөнхгэрэл цээжээ дараад суучихсан нил цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-40-41 тал/

 

Гэрч Л.Гүнчингийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...гарч ирээд хартал Мөнхгэрэл Пүрэвбат хоёр гэрийнх нь үүдэнд гараад ирчихсэн зууралдаж байгаад хавтгайгаараа газар унасан тэгэхэд би хүүе хүн амьтан байна уу...”  гэсэн мэдүүлэг хх-ийн 43 дугаар хуудас/,

 

Гэрч А.Хоролжавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... эмч бид хоёрт хүнд хутгалуулсан талаар хэлсэн. Тэгээд бид хоёр шууд цус тогтоох тариа хийгээд тэгээд дуслаар шингэн хийхэд болохгүй гараа татаж авсан тэгээд амь нь тэмцээд байх шиг байсан. Тэгээд дахиж дусал хийхээр залгаж байтал нас барсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дугаар хуудас/,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-6 тал/, 

-гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10 тал/,

- цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-13 тал/

-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14/ тал

-илтгэх хуудас /хх-15 тал/,

-эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-18 тал/

- №64 тоот шинжээчийн дүгнэлт /хх-53-54 тал/,

-№85  тоот шинжээчийн дүгнэлт/хх-55 тал/,

-№3823 шинжээчийн дүгнэлт /хх-57 тал/

-шинжээчийн 3823 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-58 тал/,

-№5058 шинжээчийн дүгнэлт /хх-60 тал/,

-№5057 тоот шинжээчийн дүгнэлт /хх-62 тал/, 

-№3822 тоот шинжээчийн дүгнэлт /хх-64 тал/,

-шинжээчийн 3822 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-66-68 тал/,

-№5059 тоот шинжээчийн дүгнэлт /хх-70 тал/,

-№3821 тоот шинжээчийн дүгнэлт /хх-72 тал/,

-шинжээчийн 3821 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-73 тал/,

-№5060 тоот шинжээчийн дүгнэлт /хх-75 тал/,

-№5061 тоот шинжээчийн дүгнэлт /хх-77 тал/,

-№301 тоот шинжээчийн дүгнэлт /хх-79 тал/,

-№589 шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-81-82 тал/,

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №64 дүгнэлтэнд

1.    Талийгаачийн биед цээжний зүүн хөндийг 5-6-р хавирганы завсараар нэвтэрч үнхэлэг, зүрхний оройг гэмтээсэн урдаас хойш, доороос дээш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цочмог цус алдалт /1500 мл/ үнхэлцэг чихэлдээс тогтоогдлоо.

2.    Дээрх гэмтэл нь ир үзүүртэй ажлын хэсэг нь 10 см-с багагүй хэмжээтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн улмаас үүснэ.

3.    Талийгаач нь цочмог цус алдсанаас нас баржээ.

4.    Талийгаачид үхэлд хүргэх архаг хуучин өвчин тогтоогдсонгүй.

5.  Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь 4-р бүлгийн цустай байжээ. /хх-53-54 тал/,

 

85 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

  1. М.Мөнхгэрэлийн цусанд 3,5% этилийн спирт илрэв. М.Мөнхгэрэлийн цусанд илэрсэн 3,5% этилийн спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
  2. М.Мөнхгэрэл нь АВО системээр АВ IY бүлгийн цустай байна /хх-55 тал/,

 

№589 дугаартай шүүх сэтгэц судлалын үзлэг хийсэн дүгнэлтэд

1.    Д.Пүрэвбат нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.

2.    Д.Пүрэвбат нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан байна.

3.    Д.Пүрэвбат нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Пүрэвбат нь өөрийн үйлдлийг /хэрэг хариуцах/ чадвартай байна.

4. Д.Пүрэвбатад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

5. Д.Пүрэвбат нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ /хх-81-82 тал/,

 

шүүгдэгч Д.Пүрэвбатыг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр /хх-96 тал /,  2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр дахин /хх- 97-102 тал/, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар /хх-104 тал / байцааж авсан тэмдэглэлүүд,

 

Шүүгдэгч Д.Пүрэвбатын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад Завхан аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 94 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2005 оны 03 сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэх лавлагаа зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Пүрэвбатыг согтуугаар Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Аржийн 1-1 тоотод оршин суух Г.Тогтохбаярын гэрт  2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12-13 цагийн орчим унтаж байхад нь хохирогч М.Мөнхгэрэл орж мал төхөөрсан байшингаа цэврэлсэнгүй гэж маргалдан ноцолдож улмаар Д.Пүрэвбат чанасан гэдэстэй саванд байсан хутга авч  хохирогчийг хойноос нь хөөж гэрийн үүдэнд  ноцолдон түүний цээжин тус газар 1 удаа хутгалж, амь насыг нь хохироож санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан гэрч С.Лханаасүрэнгийн мэдүүлэг /хх-24-25 тал/ гэрч Г.Тогтохбаярын мэдүүлэг /хх-30-32 тал/, гэрч С.Насанжаргалын мэдүүлэг /хх-37-38 тал/, гэрч Д.Намжилмаагийн мэдүүлэг /хх-40-41 тал/, гэрч Л.Гүнчингийн мэдүүлэг /хх-43 тал/, гэрч А.Хоролжавын мэдүүлэгээр /хх-44 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-6 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-13 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14 тал/, илтгэх хуудас /хх-15 тал/, эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-18 тал/, №64 тоот шинжээчийн дүгнэлт /хх-53-54 тал/, №85  тоот шинжээчийн дүгнэлт/хх-55 тал/, №3823 шинжээчийн дүгнэлт /хх-57 тал/, шинжээчийн 3823 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-58 тал/, №5058 шинжээчийн дүгнэлт /хх-60 тал/, №5057 тоот шинжээчийн дүгнэлт /хх-62 тал/, №3822 тоот шинжээчийн дүгнэлт /хх-64 тал/, шинжээчийн 3822 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-66-68 тал/, №5059 тоот шинжээчийн дүгнэлт /хх-70 тал/, №3821 тоот шинжээчийн дүгнэлт /хх-72 тал/, шинжээчийн 3821 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-73 тал/, №5060 тоот шинжээчийн дүгнэлт /хх-75 тал/, №5061 тоот шинжээчийн дүгнэлт /хх-77 тал/, №301 тоот шинжээчийн дүгнэлт /хх-79 тал/, №589 шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-81-82 тал/ зэрэг баримтуудаар болон шүүгдэгчийн өөрийнх нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь дээрх шүүхийн хэлэлцүүлэгт  судлагдсан  нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд зааснаар шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Пүрэвбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн  хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Иймд Д.Пүрэвбатыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд  хуульд заасан  хорих ял  оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Пүрэвбатад ял шийтгэл оногдуулахдаа  гэмт хэрэг үйлдэж   учруулсан хохирол буюу оршуулгын зардалтай холбогдсон хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн  хууль бус үйлдэл  нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.5, 55.1.9 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол...” гэж заасан тул энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон  учруулсан гэм хор арилах боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж үзэв.

 

Харин гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал бага насны 3 хүүхэдтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлсөн зэрэг  байдлыг харгалзан  хорих  ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж   оногдуулсан  ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

 

Хохирлын талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүрэнхорлоо нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөр 3.827.166  төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Пүрэвбат  3.277.166 төгрөгийг Г.Сүрэнхорлоод төлсөнийг дурдаж  нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улаанбаатар хотоос Төв аймаг руу шүүх хуралдаанд ирсэн, буцсаны зардалд 50.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Учир нь: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх заалтад өмгөөлөгчид төлсөн зардлыг байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамруулсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.1, 100.1.2 дахь заалтад уг зардлын хэмжээг тусгайлан зохицуулаагүй байна. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөллийн үйлчилгээний хөлсний талаар заасан байх тул шүүхээс  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй  гэж шүүх үзэв.

 

Түүнчлэн Улаанбаатар хотоос Төв аймаг руу шүүх хуралдаанд ирсэн, буцсаны зардалд 50.000 төгрөгийн баримт гэж банкны бэлэн мөнгөний машины 1 ширхэг баримт өгсөн боловч энэ баримтаар  ямар унаагаар, хэдий хэмжээний зардал  гарсныг  тогтоох боломжгүй байна.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүрэнхорлоо нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсны төлбөр тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нэхэмжилсэн тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхэд авах  эрхтэй болох нь тогтоогдож байх тул  мөн хуулийн 508 дугаар зүйлийн  508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар 2 хүүхдэд оногдох төлбөрийг сард 88175 төгрөгөөр тооцон 2007 оны 05 сарын 11-ний өдөр төрсөн С.Өсөхжаргал, 2014 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн С.Гэрэлтуяа нарыг арван зургаан нас хүртэл, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл олгох үндэслэлтэй байна.  

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ялтан Д.Пүрэвбатын өмсөж явсан хар өнгийн бэлтгэлийн өмд, хөх өнгийн фудволк, амь хохирогч М.Мөнхгэрэлийн өмсөж явсан хар өнгийн ногоон канттай бэрлтгэлийн өмд, хар шаргал алаг нимгэн цамц, хөх өнгийн фудволк, хөх өнгийн турсик, саарал хөх өнгийн оймс, улаан алаг өнгийн каск малгай, улаан өнгийн иштэй 18 см урттай хутга, 25.5 см урттай шар өнгийн иштэй хутга, 25 см урттай хар өнгийн иштэй хутга, саарал өнгийн бэлтгэлийн өмд, хэргийн газраас хураан авсан шорооны дээж зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн газрын үзлэгийн явцыг бэхжүүлсэн бичлэгтэй си ди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, энэ хэрэгт  цагдан хоригдсон 165 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 292, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Далантайн Пүрэвбатыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Далантайн Пүрэвбатыг 10 /арав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Пүрэвбатад оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Пүрэвбатын цагдан хоригдсон 165 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Пүрэвбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Д.Пүрэвбатын ял эдлэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ялтан Д.Пүрэвбатын өмсөж явсан хар өнгийн бэлтгэлийн өмд, хөх өнгийн фудволк, амь хохирогч М.Мөнхгэрэлийн өмсөж явсан хар өнгийн ногоон канттай бэрлтгэлийн өмд, хар шаргал алаг нимгэн цамц, хөх өнгийн фудволк, хөх өнгийн турсик, саарал хөх өнгийн оймс, улаан алаг өнгийн каск малгай, улаан өнгийн иштэй 18 см урттай хутга, 25.5 см урттай шар өнгийн иштэй хутга, 25 см урттай хар өнгийн иштэй хутга, саарал өнгийн бэлтгэлийн өмд, хэргийн газраас хураан авсан шорооны дээж зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн газрын үзлэгийн явцыг бэхжүүлсэн бичлэгтэй си ди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргасугай.  

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-508.4.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Пүрэвбат нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүрэнххорлоод 3.277.166 төгрөг төлсөн болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас замын зардал 50.000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож,

 2007 оны 05 сарын 11-ний өдөр төрсөн С.Өсөхжаргал, 2014 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн С.Гэрэлтуяа нарыг арван зургаан нас хүртэл, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл шүүгдэгч Д.Пүрэвбатаас сар бүр  төлбөрт  88.175 төгрөг  гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүрэнххорлоод олгосугай.

 

7. Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Пүрэвбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                               ШҮҮГЧИД                                    Ю.ЭНХМАА

 

  Ж.МӨНХТУЯА