Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02803 дугаар шийдвэртэй, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ж” ХХК-д холбогдох, /бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Г/, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 482 757 472 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жамъяансүрэн, И.Түвдэндорж, Б.Насанбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Энхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 22-нд 348 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 4 000 000 000 төгрөгийг жилийн 5,5 хувь, сарын 0,46 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүрэг, 9 хороо, 3 хороолол, 35-3 тоот Ү-2205047931 улсын бүртгэлийн дугаартай 1470 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягийн 35-б тоот Ү-2205037658 улсын бүртгэлийн дугаартай 726 м/кв бүхий 1, 2 давхар, тус хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 408 м.кв талбайтай, Ү-2205037501 улсын дугаартай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 9 хороонд байрлах 226 м.кв талбайтай газар, мөн 860 м.кв талбайтай газрыг барьцаалсан. Энэ хугацаанд үндсэн зээлээс 190 000 000 төгрөг, хүү 360 901 156 төгрөг, нийт 550 901 156 төгрөг төлсөн.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийг шаардлагаа нэмэгдүүлж байсан. Сүүлийн байдлаар үндсэн зээл 3 810 000 000 төгрөг, хүү 560 631 226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112 126 245 төгрөг, нийт 4 482 757 472 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Хүүг гэрээнд зааснаар тооцсон. Хариуцагч төлбөрийг төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК нь “К”-тай зээл, барьцааны гэрээ байгуулсан талаар маргаангүй. Нэхэмжлэгч анх 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, талуудын хооронд байгуулсан гэрээний 8.3-т заасны дагуу гэрээг цуцалсан гэсэн зүйл бичсэн. Одоо нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 4 482 757 472 төгрөг, энэ төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн. Нэхэмжлэгч хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмсэн. Анх 4 150 742 719 төгрөгийг нэхэмжилсэн, шинжээчийн дүгнэлтэд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр буюу нэхэмжлэл гаргаснаас хойш 3 сарын дараагийн байдлаар тооцоход бүх зээлийн төлбөр 4 103 680 840 төгрөг байхаар гарсан. Энэ тооцоололд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

Хамгийн сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 16 103 378 төгрөгөөр нэмэгдүүлсэн, 2016 оны 8 дугаар сарын 01-ний байдлаар 4 466 654 093 төгрөг нэхэмжилсэн бол шинжээч 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 4,103,680,840.21 төгрөг гэж дүгнэлт гаргасан нь 363 000 000 төгрөгөөр зөрж байгаа. Шинжээч 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тооцоолол гаргасан. Ингэхдээ 4 318 627 470 төгрөг гэж тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Мөн нэхэмжлэл гаргаснаар хүү тооцох асуудал зогссон гэж үзэж байна. Учир нь гэрээний 8.3-т заасан бөгөөд Улсын дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжид гэрээнээс татгалзахад цуцалсан өдрөөр үндсэн болон нэмэгдэл бүх үүрэг дуусгавар болох, гэрээг цуцлах шаардлага гаргасан тохиолдолд шүүхэд хүү тооцох эрхтэй гэсэн байгаа. Иймд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөр нэхэмжлэл гаргасан бол тухайн өдөр хүртэл хүүг нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдсэн боловч шинжээчийн дүгнэлтээр 4 103 680 840 төгрөгөөс хэтрэхгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийг бодитойгоор тогтоож шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн , 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-иас 4 482 757 472 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "К" ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг 9 хороо, 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35/3 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 1470 м.кв талбайтай зоорьтой 5 давхар, Ү-2205047941 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, дээрх хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 726 м.кв талбайтай 1-2 давхар, Ү-2205037658 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний зориулалттай 408 м.кв талбайтай, Ү-2205037500 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг 9 хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай, 216 м.кв талбайтай, 22/5084 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 860 м.кв талбайтай, 22/5078 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газраас хангуулж, хариуцагч “Ж” ХХК-иас 2 692 800 төгрөг гаргуулж “Есөн хангай аудит” ХХК-д олгох, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 957 838 төгрөгөөс 22 571 737 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 386 100 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Ж” ХХК-иас 22 571 737 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "К" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 4 482 757 472 төгрөгийг нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба үүний 362 973 253 төгрөг үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох байсан. Учир нь нэхэмжлэгч 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шаардлагаа 315 911 374 төгрөгөөр нэмэгдүүлж 4 466 654 093 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилуулахад “...жилийн хүүг 5.5 хувиар, зээлийн гэрээ дуусгавар болох хугацаагаар буюу 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр тооцоход нийт 4 103 680 төгрөг .. төлөхөөр байна” гэсэн дүгнэлт гаргасан.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар /21 хоногийн хүүг хасахгүйгээр тооцоход/ 4 466 654 093 төгрөг шаардах эрхгүй, 4 103 680 840 төгрөгийг шаардах эрхтэй нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, 342 973 252 төгрөг үндэслэлгүй. 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээс хойш жилийн дараа 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 16 103 378 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Бодит дүн 4 119 784 218 төгрөг болох тул 4 482 757 472 төгрөгөөр нэхэмжлэл хангасан нь үндэслэлгүй. Хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл шинжээчийн дүгнэлтээр 4 103 680 840 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 16 103 378 төгрөг, нийт 4 119 784 218 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 362 973 253 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 150 742 719 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээл 3 810 000 000 төгрөг, хүү 560 631 226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112 126 245 төгрөг, нийт 4 482 757 472 төгрөгийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардаж, хариуцагч уг шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх1-3, 63, 142, 166/

 

Шүүх, зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 348 дугаартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 4 000 000 000 төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хариуцагч компанид зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 35/3, 35б, 35 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг, газрын хамт барьцаалсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1. дэх хэсэгт заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээ тус бүрийн хүчин төгөлдөр байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, түүнийг буцаан төлөх хуваарь, зохигчдын тайлбар, холбогдох бусад нотлох баримтаас үзвэл, зээлдэгч тал зээлийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл гэрээгээр тохирсон хугацаанд үндсэн зээл 190 000 000 төгрөг, хүү 360 901 156, 52 төгрөг, нийт 550 901 156,52 төгрөгийг зээлдэгч төлсөн ба талууд энэ тооцоололд маргаагүй болно. Иймд зээлийн гэрээ болон хуульд зааснаар үүргээ бүрэн биелүүлэхийг зээлдүүлэгч тал зээлдэгчээс шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээнд буюу 4 482 757 482 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ гэрээнд зааснаар зээлдэгч талын төлвөл зохих үндсэн үүргийг нарийвчлан тооцож, дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, “Есөнхангай аудит” ХХК шүүгчийн захирамжийн дагуу дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтэд “2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд  гүйцэтгэвэл зохих гэрээний үүргийг тооцоход үндсэн зээл 3 810 000 000 төрөг, хүү 458 548 237 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50 079 232 төгрөг, нийт 4 318 627 470.35 төгрөгийг хариуцагч “Ж” ХХК төлөх”-өөр байгааг тогтоожээ. /хх 110,118/

 

Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ зээлийн хүүг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөр тооцож “үндсэн зээл 3 810 000 000 төгрөг, зээлийн хүү 560 631 226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112 126 245 төгрөг, нийт 4 482 757 472 төгрөг”-ийг хариуцагчийн төлвөл зохих үүрэг гэж тодорхойлсон боловч шинжээчийн дүгнэлтэд дурдсан 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 04 хүртэл 34 хоногт зээлийн хүүг тооцвол 19 862 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 972 564 төгрөг, нийт 23 835 360 төгрөгийг нэмж, нийт /4 318 627 470+23 835 360/ 4 342 462 830 төгрөг зээлдэгч “Ж” ХХК төлөх нь тогтоогдож байна.

 

Хариуцагч талын төлбөл зохих төлбөрийн нийт үүрэг, түүнийг тооцсон дээрх үндэслэл, аргачлалаас үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангасан үнийн дүн болох 4 482 757 472 төгрөгөөс 140 294 642 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үүргээс хасч шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэнэ гэж үзлээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснийг шүүх харгалзсан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаагаар дээрх үүрэг тооцогдох нь талуудын эрх ашигт нийцэнэ гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаснаар шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02803 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хариуцагч Ж ХХК-иас 4 482 757 472 төгрөг” гэснийг “4 342 462 830 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 140 294 636 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

4 дэх заалтын “22 571 737” гэснийг “21 870 264” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 972 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Т.ТУЯА