Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1089

 

 

 

 

 

 

 

 

 

       2022             09            06                                                      

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Т.Төмөртулга,

шүүгдэгч: У.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У.Б-д холбогдох эрүүгийн 00000000 тоот хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт У-ын Б /РД:0000000/,

Монгол Улсын иргэн, ****оны ** дугаар сарын **-ны өдөр *******хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хүнсний бараа зарж борлуулдаг ажилтай, ам бүл ганцаараа, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсгүүдэд зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч У.Б нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байрны орчим хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа өөрийн таксинд үйлчлүүлсэн иргэн Т.С-ын гээгдэл эд хөрөнгө болох монетан гинжийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 2.145.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч У.Б нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байрны орчим хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа өөрийн таксинд үйлчлүүлсэн иргэн Т.С-ын гээгдэл эд хөрөнгө болох монетан гинжийг түүний өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө ашиглах замаар ломбарданд тавьж буюу завшиж 2.145.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,

-Хохирогч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед ажлаа тараад хамт ажилладаг Бишрэлт, Цолмон хоёртой хамт хэсэг пиво ууж сууж байгаад 19 цаг үед ажлаасаа гарч ирээд такси бариад Сонгинохайрхан дүүргийн 0-р хороолол 0-р хороо 0-р байр луу явсан тухайн таксинд суугаад би унтаад өгсөн байсан нь сэрэхэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 24-р байрны гадна ирсэн байсан тэгээд би тухайн таксинаас буугаад гэртээ ороод нүүр гараа угаах гэтэл миний хүзүүнд байсан монетан гинж алга болсон байсан. Тэгээд би маргааш нь тухайн сууж явсан таксины жолоочийг утасны дугаарыг олоод миний гинжийг өг гэхэд би аваагүй гээд байсан Би өөрийн гинжийг таксинд суухдаа шалгаж үзээд таксинаас буухдаа шалгаж үзэхээ мартаад буусан байсан тэгээд гэртээ ороод нүүр гараа угаахад миний гинж алга болсныг мэдсэн. Би өөрийн гинжийг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Мөнгөн завъяа худалдааны төвөөс 1.983 000 төгрөгөөр худалдаж авсан 13-14 граммтай 585 сорьцтой монетан гинж байсан би өөрийн алдсан гинжийг одоогийн зах зээлийн ханшаар үнэлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р хуудас/,

-Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 2,145,000 төгрөг /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,

-Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,

-У.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг хувийн байдалтай холбоотой баримт бичгүүд /хавтаст хэргийн 29-33-р хуудас/,

-Дансны хуулгууд /хавтаст хэргийн 34-48-р хуудас/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 54-70-р хуудас/

-шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хавтаст хэргийн 69-67-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч У.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна үйлдсэн хэрэг дээрээ маргаж байгаа зүйл байхгүй...” гэж /хавтаст хэргийн 61-62-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 29-р хуудас/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 30-р хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 31-р хуудас/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 32-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 33-р хуудас/, дансны хуулга /хавтаст хэргийн 34-48-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Б нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

  Шүүгдэгч У.Б нь хохирогч Т.С-ын монетан гинжийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд авч завшиж, нийт 2,145,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч У.Б нь хохирогчийн эд хөрөнгө буюу монетон гинжийг гээгдэл эд хөрөнгө болон хохирогчийн өмчлөл эзэмшлийнх гэж мэдсээр атал түүнд буцаан өгөлгүйгээр барьцаалан зээлдүүлэх газарт өгч мөнгийг нь ашиглаж байгааг хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байна.

Шүүгдэгч У.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Иймд шүүгдэгч У.Б-ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Т.Сц нь эд зүйл болох монетан гинжээ авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч У.Б-д бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч У.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч У.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно. 

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч У.Б-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй. 

Шүүгдэгч У.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн; гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт (хувиараа хүнсний бараа зарж борлуулдаг)-ыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч У.Б нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч М овогт У-ын Б-ыг гээгдэл эд хөрөнгийг  бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун  мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар У.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.    

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.УРАНГУА