Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1088

 

 

 

 

 

 

 

 

 

       2022             09             06                                                                         

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч: Б.Энэрэл,

шүүгдэгч: Ч.Б  /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Б-т холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

И м овгийн Ч-гийн Б /РД:000000000000/,

Монгол Улсын иргэн, *****оны *** дугаар сарын ***-ны өдөр ****** аймгийн ********* суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын 0дүгээр баг Нүхт гэх газар оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Хурганы задгай тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамт архи уусан иргэн Э.Б-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар дээд үүдэн зүүн 1-р шүдний эмтрэл, хамрын үзүүрт шарх, дээд уруул, уруулын салст, баруун дээд зовхи баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун тохой, цээж, нуруу, баруун зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамт архи уусан иргэн Э.Б-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар “дээд үүдэн зүүн 1-р шүдний эмтрэл, хамрын үзүүрт шарх, дээд уруул, уруулын салст, баруун дээд зовхи баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун тохой, цээж, нуруу, баруун зүүн өвдгөнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

               -иргэн Э.Б-аас цагдаагийн байгууллагад 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “...манай хөрш бусдад зодуулсан..." гэх гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-р хуудас/,

               -Хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б , Г нар 1 шил архитай ирсэн юм. Ингээд 1 шил архийг нь бид гурав хувааж уусан юм. Тэгээд бид гурав дахиж архи уухаар болоод гэрийн ойролцоо байх хүнсний дэлгүүр орж 1 шил архи авсан дэлгүүрийн ойролцоо гудамжинд машинд нь архи уусан юм. Ингээд архи ууж байхдаа Б  ахтай ойр зуурын амьдралаа яриад сууж байгаад Б  ахтай маргалдсан чинь Б  ах намайг учиргүй машинаасаа чирж буулгаад миний нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулаад, хөлөөрөө миний нуруу, цээж толгой руу өшиглөсөн. Тэгсэн чинь Г ах Б ыг салгасан юм. Тэгэхээр нь би Б аас зугтаагаад гэрлүүгээ орсон юм. Тэгээд би гэртээ орж болсон асуудлыг ах Б-д хэлээд ах Б нь намайг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн юм. ...Би 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Б-т зодуулсан. ...Би согтуу байхдаа 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ах Б-даа Б  ахад гомдоод хэдэн хүнтэй нийлээд намайг зодсон талаараа хэлсэн байсан. Тэгсэн чинь манай ах Б миний хэлснээр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө Б ыг хэдэн хүнтэй нийлж зодсон талаар мэдүүлэг өгсөн байна. Би ганцхан Б т зодуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-р хуудас/,

               -Гэрч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Цахиурт хүнсний дэлгүүрээс 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн оройн 20 цагийн үед Ч.Б  нь Э.Б бид хоёрт 1 шил архи. 2 хайрцаг тамхи авч өгсөн юм. Ингээд бид 3 дэлгүүрээс дээш өгсөөд гудамжинд дэлгүүрээс авсан архиа хувааж уусан юм. Э.Б нь Ч.Б  бид хоёрт би эхнэрээсээ салсан амьдрал хэцүү байна гэж хэлсэн чинь Ч.Б  чи арчаагүй болохоор эхнэр чинь чамайг хаяаад явсан гэж хэлсэн чинь Э.Б уурлаад Ч.Б ын нүүрлүү нь цохиод авсан. Тэгээд тэр хоорондоо зууралдаад ноцолдоод Ч.Б  Э.Б-г нүүрлүү нь хэд хэдэн удаа цохиод зодоод байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан чинь Э.Б нь Б ыг Ч-гийн шээс гэж хэлсэн чинь Б  уурлаад чи миний аавын нэрийг яагаад дуудаад байгаан гэж хэлээд дахиж Э.Б-г зодоод газарт унагаагаад өшиглөөд байсан. Тэгэхээр нь би Ч.Б ыг аваад гэрлүүгээ явсан Тэгээд унтаж амарсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1-р хуудас/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ц-гийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0 дугаартай:

               “...1. Э.Б-ийн биед дээд үүдэн зүүн 1-р шүдний эмтрэл, хамрын үзүүрт шарх, дээд уруул, уруулын салст, баруун дээд зовхи, баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун тохой, цээж, нуруу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

               3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

               4. Дээрх гэмтлүүд нь 2022.07.21-ний өдөр үүссэн байх боломжтой...” гэх  дүгнэлт /хавтаст хэргийн 20-21-р хуудас гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ч.Б ын яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэж /хавтаст хэргийн 46-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Б бид хоёр таарсан. Миний үүдэн шүд бас унасан. Би эмнэлгээр яваагүй юм. Ер нь бол бид хоёр харилцан зодолдсон. Нутгийн хүмүүс болохоор асуудал байхгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 29-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 26-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 39-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 54-78-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 16-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Б  нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ц-гийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Б-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ч.Б  нь “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Э.Б-ийн нүүрэн тус газар нь цохиж байгаа нь хууль зүйн хувьд “шууд санаатай” үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.     

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул шүүгдэгч Ч.Б ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.Б нь хохиролд 1.700.000 төгрөг авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Б ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Ч.Б  нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ч.Б-т гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.   

Шүүгдэгч Ч.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт /хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг/-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Б  нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч И м овгийн Ч-гийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ч.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА