Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1114

 

 

 

 

 

 

 

 

 

       2022             09             12                                                               

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Р.Мягмардорж /томилолтоор/,  

шүүгдэгч: Д.О, түүний өмгөөлөгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Д.О-т холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                  

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Б овогт Д-гийн О /РД:0000000000/,

 Монгол Улсын иргэн, **** оны *дугаар сарын **-ний өдөр ******* хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо Зүүн наран 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух хаягтай, урьд

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 00000 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснаар 10.040.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Д.О нь 2022 оны 0 дугаар сарын 09-нээс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 0 дугаар гудамж 00  тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр иргэн Г.О-ийн гуя тус газар 2 удаа хутгалж биед нь халдаж, хоёр гуянд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 0 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 0 дугаар гудамж 00  тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр иргэн Г.О-ийн гуя тус газар 2 удаа хутгалж биед нь  “хоёр гуянд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.  

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

               -Хохирогч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 00 дугаар сарын 09-ний өдөр найзууд болох О , Б, Т нарын хамт архи ууцгаасан. Тэгээд байж байтал О, Т хоёр хүргүүлээд тасраад унтаад өгсөн. Тэгээд бид хэд юм яриад сууж байтал О  эхнэртэйгээ маргалдаад байхад би болиоч гээд голоор нь ороод салгасан О  над руу дайраад яах гээд байгаа пизда бэ гэж хэлээд хаанаас хутга авсан мэдэхгүй хутгаар миний баруун зүүн хоёр хөлний гуяны дотор хэсэгт 2-3 удаа зүсчихсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-р хуудас/,

               -Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд шөнө 04 цагийн үед санагдаж байна Д.О ын эхнэр Б намайг сэрээгээд надад түлхүүрээ өгчихөөч гэмтэл явах хэрэгтэй болчихоод байна гэхээр нь юу яасан юу болсон талаар асуухад О  аваачаад О  хатгачихлаа гэхээр нь би босоод том өрөө рүү ороод хартал О ийн зүүн бөгс хэсгээс битүү цус болчихсон байдалтай байсан. Тэгэхээр нь би Б-гийн хамтаар О ийн дагуулаад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү дагуулаад явсан. Би замдаа явж байхдаа Б-гээс юу болсон талаар дахин асуухад О  дотуур хувцасаа тайлаад О  луу шидсэн тэгсэн О  уурлаад шүүгээнд байсан хутга аваад баруун зүүн талын хөл, бөгснийх нь доор хутгалсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/,

               -Гэрч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О ын эхнэр бид хоёрыг сэрээгээд надад түлхүүрээ өгчихөөч гэмтэл явах хэрэгтэй болчихоод байна гэхээр нь би Б-гээс яасан юу болсон талаар асуухад О  аваачаад О ийг хутгаар хатгачихлаа гэхээр нь би босоод том өрөө рүү ороод хартал О ийн гуяны дотор хэсгээс битүү цус болчихсон байдалтай байсан. Тэгэхээр нь би О аас юу болсон талаар асуухад О  намайг хутгалчихаад зугатаачихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,

               -Гэрч М.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Харин сүүлд Б-гээс болон О аас юу болсон талаар асуухад найз О  хутгалсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20-р хуудас/,

               -Гэрч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Манай нөхөр шөнө 02 цагийн үед гэнэт намайг сэрээгээд би О ийг хутгаар зүсчихлээ гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд босоод О  дээр очоод хөнжлийг нь сөхөөд хартал нилээн цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,

               -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Н-гийн 2022 оны 00 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

               “...1. Г.О-ийн биед хоёр гуянд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Хоёр гуянд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ир үзүүртэй, цээжинд цус хуралт, хамарт зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус түс хэрэг болсон үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

               3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Д.О ын яллагдагчаар өгсөн: “...Миний уур хүрээд унтахгүй толгой дээгүүр шалдан гүйгээд байхаар нь хутгаар хутгалчихсан...” гэж /хавтаст хэргийн 66-р хуудас/  мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37-р хуудас/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 38-р хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 39-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 40-р хуудас/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 41-р хуудас/, 2005.12.25-ны өдөр төрсөн О.Ш, 2015.05.26-ны өдөр төрсөн О.О нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 42-43-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 44-47-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Н-гийн 2022 оны 00 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.О-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Д.О нь хохирогч Г.О-ийн эрүүл мэндэд халдаж зодсон нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.О  нь “980,000 төгрөг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.О ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “шүүгдэгч Д.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч Д.О ын хувьд гэм буруу дээрээ маргахгүй, хохирлоо төлж барагдуулсан. Улсын яллагч энэ талаарх баримтыг шинжлэн судалсан. Хохирогч гомдол, саналгүй гэдгээ илэрхийлж хүсэлтээ өгсөн. Өмнө нэг удаа ял шийтгэгдэж байсан боловч энэ хүртэл хэд хэдэн Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан. Өршөөлийн тухай хууль нээлттэй байгаа учраас өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгууль ял өршөөгдсөн гэж үзэхээр байна. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд нохой, шувуу үржүүлдэг. Энэ талаарх үйл баримтыг тогтоох тун хэцүү. Дансны хуулгаа хэрэгт өгсөн байгаа. Ингээд прокурортой тохиролцсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ялын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.О ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.    

Шүүгдэгч Д.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл /эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг/-ийн  байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал /хутга ашигласан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзсэн тул дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Д-гийн О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Д.О т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.УРАНГУА