Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/644

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч/хохирогч О.Б, түүний өмгөөлөгч С.Уламбаяр,

шүүгдэгч/хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, О.Б /РД:***/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлсэн, Б.Г /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч О.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7/5 байрны орчим хохирогч Б.Гтой маргалдан зодолдож түүний биед зүүн 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний зүүн хөндийн хий хуралт, зүүн чамархай, баруун зулайн хуйх, баруун дал, нуруу, баруун, зүүн тохойн, баруун шуу, баруун, зүүн өвдөг, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

           Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7/5 байрны орчим хохирогч О.Бтэй маргалдан зодолдож, түүний биед зүүн нүдний гадна булан, доод зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, хүзүү, баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч О.Б мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед гаргасан үйлдэлдээ харамсаж байна” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч Б.Г мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

           Шүүгдэгч О.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7/5 байрны орчим хохирогч Б.Гтой маргалдан түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь зүүн 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний зүүн хөндийн хий хуралт, зүүн чамархай, баруун зулайн хуйх, баруун дал, нуруу, баруун, зүүн тохойн, баруун шуу, баруун, зүүн өвдөг, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7/5 байрны орчим хохирогч О.Бтэй маргалдан түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний гадна булан, доод зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, хүзүү, баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Орой 21 цагийн үед эхнэрийн хамт Чинзориг ахын гэрт буюу Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7/5 дугаар байрны 12 тоот руу хүүхдээ авах гээд очиход СӨХ-ийн даргын охин Х 3 залуутай хамт тамхи татаад зогсож байсан. Намайг орц руу орох гэж байхад араас “Хөөе Ганзо байж бай, уулзаадахъя” гэж хэлэхээр нь орцны үүдэнд хүлээж байсан. Тэгтэл Х “чи манай ээжийг зоддог хэн бэ” гэхээр нь би танай ээжийг зодоогүй, харин чамайг орцонд тасарчихсан унтаж байсныг чинь хэлсэн юм” гэсэн чинь над шиг өндөр, үсээ хойд талаас нь шуучихсан, толгойныхоо гол хэсгээр үстэй залуу “чи муу яасан цор цор хийсэн бацаан бэ” гэхэд хажууд нь байсан намхан залуу нь “наадахыгаа ийшээ гаргаад ир” гэж хэлээд байсан. ...Тэгээд байрны ар талд гарсан ба би тэр өндөр залуутай хэсэг маргалдсан бөгөөд хамт явж байсан 2 намхан залуу нь цаашаа булангийн цаана очоод зогсчихсон байсан. Намайг явах гэхээр ар, өврөөс татаад явуулахгүй байсан байхаар нь “чи одоо боль, чамд ямар ч хамаагүй асуудал” гээд өөрөөсөө холдуулаад түлхсэн чинь тэр өндөр залуу шууд намайг гараараа цохисон. Тэгээд би өндөр залуутай дээр доороо ороод өнхөрсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 19-20 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Бий мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...урьд өгсөн мэдүүлэг бүгд үнэн. ...Г миний баруун, зүүн нүдний орчим 1-2 удаа цохисон, мөн шанаа орчим 1 удаа гараараа цохисон. Бид хоёр харилцан боолцоод дээр доороо орсон байдалтай байсан. ...Г бид хоёрын хажууд ойрхон бол хүн байгаагүй. Харин 10-12 алхмын цаана найзууд зогсож байсан. ...2021 оны 4 дүгээр сарын 22-ны орой Х орцны гадаа нэг эмэгтэй, эрэгтэй хоёртой маргалдаад зогсож байсан. ...Тэгээд тухайн залуу нь Хг түлхэхээр нь би очоод “яагаад эмэгтэй хүн түлхээд байгаа юм бэ” гэсэн чинь тэр залуу намайг доромжлоод байсан ба бид хоёр байрны ар хэсэг рүү явсан. ...Тэр залуу миний цамцаар хоолой боож байгаад түлхэхээр нь би баруун гараараа зүүн шанаа орчимд нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр газар унаад нэг нэгнийхээ дээр, доор ороод ноцолдсон...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 26-27, 38-39 дүгээр хуудас/,

Гэрч Э.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7/5-12 тоот гэртээ нөхөр Чинзориг болон 2 хүүхдийн хамт байхад Э залгаад “орцны гадаа гараад ир” гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа орцны үүдэнд гарахад Э манай 11 тоотын Сүүгий гэх эмэгтэйтэй хэрэлдээд нөгөө эмэгтэй нь Эын нүүр лүү гараараа цохиж байхаар нь би очоод салгасан. Тэгэхэд манай дүүгийн нөхөр Гийг 1 эрэгтэй байрны зүүн тал руу дагуулаад явж байхаар нь би араас нь очиход нөгөө залуу нь Гтой хэрэлдээд байсан. Г намайг “та Э дээр очоод байж бай” гэхээр нь би Э дээр ирэхэд нөгөө эмэгтэйтэй хэрэлдээд байхаар нь би салгаад Эын хамт Г дээр очиход газар зодуулсан байдалтай хэвтэж байсан ба дээрээс нь нөгөө дагуулж явсан гэх залуу босож байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 33-35 дугаар хуудас/,

Гэрч П.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хы гэрийн гадаа ирэхэд Х нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй маргалдаж байсан ба Б машинаас буугаад тухайн хүмүүс дээр очоод боль гэж хэлэхэд үл таних залуу “чи хэн юм бэ” гээд дайраад байсан. Тэгээд тэр хоёр зодолдъё гээд байрны араар тойроод явсан. Тэр хоёрыг байрны араар тойроод явахад Х үл таних эмэгтэйтэй маргалдаад л байсан. ...Удалгүй тэр хоёр ойлголцсон юм шиг болоод дуугүй болсон. Э, Х, үл таних эмэгтэй бид нар Б болон үл таних залуу хоёр луу байрны араар тойроод очтол өөд өөдөөсөө хараад хэвтсэн байдалтай зодолдож байсан. Хтай маргалдаж байсан үл таних эмэгтэй тухайн залуу дээр очоод боль гэж хэлээд зууралдаж байгаад салгасан. ...Э надад хандаж “чи наад хоёроо харж бай” гээд өөрөө Г, Б хоёрын явсан зүг рүү яваад өгсөн. Нээх удалгүй байж байгаад Х, Гийн эхнэр гэх эмэгтэй бид 3 нөгөө хэдийн араас очиход Б, Г нар байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын хэсэгт хоёулаа газар унасан байдалтай байсан. Тухайн үед Э хашааны буланд хараад зогсож байсан. Б, Г нарыг хоорондоо зодолдох үед нь би хамт байгаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 42-43, 247-248 дугаар хуудас/,

Гэрч Н.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 22-ны орой аавын байрны гадаа Бийг машинаа байрлуулж байх хооронд Г болон түүний эхнэртэй тааралдсан. Г тухайн өдөр манай ээжтэй муудалцсан байхаар нь би Гт хандан “хөгшин хүнтэй битгий маргалдаач” гэсэн чинь эхнэр нь над руу дайраад доромжлоод байсан. Тэгэхэд Г эхнэртэйгээ хамт дайран түлхсэн. Тэр үед Б ирээд “эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ” гэж хэлэхэд Г Б рүү дайраад байсан ба тэр хоёр байрны ар тал руу явсан. ...О бид хоёр байрны ар тал руу очиход Б, Г хоёр газар унаад дээр, доороо орсон байдалтай байсан ба би Бийг очиж салгасан. ...Миний санаж байгаагаар Э цаашаа очиж нэг харчхаад буцаад ирж байсан. О миний хажууд зогсож байсан. ...Би Гийн эхнэр Этай хамт очиж Б, Г 2 ямар байдалтай байгааг харсан. Энэ үед Э, О нар зүгээр хараад зогсож байсан. Эын яриад байгаа шиг үсдээд, дэвсэж байсан зүйл байхгүй, ямар нэгэн үйлдэл хийгээгүй. ...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 46-47, 2 дугаар хавтас 12-13 дугаар хуудас/,

Гэрч З.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны барилгын 7/5 дугаар байрны 14 тоот гэртээ байхад 20 цагийн орчим гадаа хүмүүс маргалдах чимээгээр цонхон дээр очиход Г нэг хүнтэй маргалдаж байсан ба би нийгмийн хариуцлагын хүрээнд бичлэгийг нь хийж авсан. Уг бичлэг дээрх асуудал болоод удаагүй байхад хоёр эхнэр нь ирсэн. ...Г болон нэг залуу хоёр анх маргалдаад хоорондоо зодолдсон. Өөр ямар нэгэн хөндлөнгийн хүн байгаагүй. ...Уг бичлэг дууссанаас хойш ямар нэгэн байдлаар зодоон болоогүй. Гийг хүмүүс бүлэглэж зодсон зүйл болоогүй. Би нүдээр харсан. Г нь тухайн махлаг бүдүүн залууг өдөж түлхэж байхад тухайн намхан залуу нь түрүүлж цохиод зодоон эхэлсэн. Бичлэг зогсоод удаагүй байхад Гтой маргалдсан залуу алга болчихсон эхнэрүүд нь ирчихсэн байсан. Зодооны үеэр хажууд нь ямар ч хүн байгаагүй. Гэрлийн доор бүх зүйл тодорхой байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 50-52, 2 дугаар хавтас 243-245 дугаар хуудас/,

Гэрч Л.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х орцны хаалга онгойлгох гээд түрүүлж буусан ба орцны гадаа хэрүүл маргаан болоод байсан. Тэгэхээр нь Б түрүүлж очсон ба хэрүүл нь үргэлжлээд байхаар нь О бид хоёр очиход нэг залуу хувцсаа тайлаад Бтэй муудалцсан, Х нэг эмэгтэйтэй муудалцаад байж байсан. Тэгээд тэр үл таних залуу Бтэй байрны ар тал руу явсан. Жоохон удаад байхаар нь араас нь очиход тэр хоёр юм яриад зогсож байхаар нь би “битгий муудалцаарай” гэж хэлсэн. Тэр хоёр надаас 10 метр орчим зайтай зодолдоод цохилцоод дээр доороо ороод ноцолдоод эхэлсэн. Удалгүй Х болон хоёр эмэгтэй байшин тойроод ирээд тэр хоёрыг салгасан. ...Б, Г нар хоорондоо зодолдох үед нь би хараад зогсож байсан бөгөөд Г эхлээд мөргөхөд Б Гийг гараараа цохиод тэр хоёр дээр доороо ороод зодолдсон. Эхлээд Б доор нь орчихсон цамцаараа боолгуулаад зодуулж байсан бөгөөд дараа нь Б Гийн дээр гарч дарж суучхаад дээгүүрхээ тайлж шидээд надад хандаж “чи битгий оролцоорой, цаанаа байж бай” гэж  хэлсэн. Тэр үед нь “чи болио” гээд хэлж байхад байр тойроод маргалдаад байсан эмэгтэйчүүд болон О нар ирээд Б, Г хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 55-57, 2 дугаар хавтас 1-2 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №3562 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.О.Бий биед зүүн нүдний гадна булан, доод зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, хүзүү, баруун, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 60-61 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №3615 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.Б.Гийн биед зүүн 6-р хавирганы зөрүүтэй хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний зүүн хөндийн хий хуралт, зүүн чамархай, баруун зулайн хуйх, баруун дал, нуруу, баруун, зүүн тохой, баруун шуу, баруун, зүүн өвдөг, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 64-65 дугаар хуудас/,

Шинжээч эмч О.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зүүн талд буюу цээжний зүүн хэсэгт хүчтэй доргилт үүссэнээс зүүн уушги доргилтын улмаас авчилт буюу уушги шалчийж бүрэн бус агааргүй болдог. Дээрх гэмтэл нь унах буюу ноцолдох, дэвсэх аль ч үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 75-76 дугаар хуудас/,

Эд зүйл /гар утасны бичлэг/-д үзлэг хийсэн “...дээгүүрээ нүцгэн залуу нь наад талын дээгүүрээ улаан хүрэн өнгийн хувцастай залууг түлхэж байгаа, ...наад талын залуу нь дээгүүрээ нүцгэн залууг баруун гараараа цохиж байв, ...2 залуу газар унасан байгаа харагдав” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 116-120 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч О.Бий иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 128 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 130 дугаар хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 131-132 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 1 дүгээр хавтас 133-135 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 136 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 157-161 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 199 дүгээр хуудас/, ажлын газрын тодорхойлолт /1 дүгээр хавтас 200 дугаар хуудас/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэр /хэргийн 1 дүгээр хавтас 201-205 дугаар хуудас/.

Шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 139 дүгээр хуудас/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 140 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 141 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 142 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 1 дүгээр хавтас 145-152 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 153 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 162-166, 2 дугаар хавтас 17-23 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

              Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

            Шүүгдэгч О.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7/5 байрны орчим хохирогч Б.Гтой маргалдан түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь зүүн 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний зүүн хөндийн хий хуралт, зүүн чамархай, баруун зулайн хуйх, баруун дал, нуруу, баруун, зүүн тохойн, баруун шуу, баруун, зүүн өвдөг, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

           Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7/5 байрны орчим хохирогч О.Бтэй маргалдан түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний гадна булан, доод зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, хүзүү, баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтүүд, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд, хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч О.Б, Б.Г нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл нар нь “...бүлэглэж зодсон эсэхийг бүрэн шалгаагүй, Б.Гийн биед үүссэн гутлын мөрөнд шинжээч томилуулах шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. Учир нь:

  1. Хавтаст хэрэгт авагдсан нэг гэрчийн мэдүүлэг бусад гэрч нарын мэдүүлэгтэй зөрүүтэй байх боловч хэргийн нөхцөл байдлыг хөндлөнгөөс харсан гэрч З.Дгийн “...Г болон нэг залуу хоёр анх маргалдаад хоорондоо зодолдсон. Өөр ямар нэгэн хөндлөнгийн хүн байгаагүй. ...Уг бичлэг дууссанаас хойш ямар нэгэн байдлаар зодоон болоогүй. Гийг хүмүүс бүлэглэж зодсон зүйл болоогүй. Би нүдээр харсан. Г нь тухайн махлаг бүдүүн залууг өдөж түлхэж байхад тухайн намхан залуу нь түрүүлж цохиод зодоон эхэлсэн. Бичлэг зогсоод удаагүй байхад Гтой маргалдсан залуу алга болчихсон эхнэрүүд нь ирчихсэн байсан. Зодооны үеэр хажууд нь ямар ч хүн байгаагүй. Гэрлийн доор бүх зүйл тодорхой байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 243-245 дугаар хуудас/, гар утасны бичлэгт үзлэг хийсэн “...дээгүүрээ нүцгэн залуу нь наад талын дээгүүрээ улаан хүрэн өнгийн хувцастай залууг түлхэж байгаа, ...наад талын залуу нь дээгүүрээ нүцгэн залууг баруун гараараа цохиж байв, ...2 залуу газар унасан байгаа харагдав” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 116-120 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтаас үзэхэд Б.Г, О.Б нарыг хоорондоо маргалдаж, зодолдох үед хажуугаас өөр бусад гэрчүүд хамтран оролцсон оролцоо байхгүй байсан нь тогтоогдож  байна.

          2.Шинжээч эмч О.Нансалмаа “...Дээрх гэмтэл нь унах буюу ноцолдох, дэвсэх аль ч үед үүсэх боломжтой” /хэргийн 1 дүгээр хавтас 75-76 дугаар хуудас/ гэж мэдүүлснээс дүгнэхэд шүүгдэгч/хохирогч Б.Гийн биед учирсан гэмтэл нь зөвхөн дэвсэх үед үүсэх биш унах, ноцолдох үед ч үүсэх боломжтой байх тул Б.Гийн биед үүссэн гэх гутлын мөрөнд шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэрэгт ач холбогдолгүй байна.

          Мөн түүнчлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасан тул шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах хууль зүйн боломжгүй ба нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааснаас хойш шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, мөн хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

         Тиймээс шүүгдэгч О.Б, Б.Г нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

             Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч О.Бий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

              Харин хохирогч нар өөрт учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч О.Бий өмгөөлөгч С.Уламбаяр “2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу оногдуулсан ялаас 2 жилийг хасаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Д.Алтангэрэл “Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

        Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч О.Бд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

         Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус хуульчилсан.

 Шүүгдэгч О.Бий хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, хохирол төлбөрт бусдад төлөх төлбөргүй зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь ... Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон ... нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заасны дагуу шүүгдэгч О.Бд оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасаж, түүнийг эдлэх ялгүйд тооцож,

Шүүгдэгч Б.Гийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, хохирол төлбөрт бусдад төлөх төлбөргүй зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно ”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу ...яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Гт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

           Шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүнийг эдлэх ялгүйд тооцож,

              Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б, Б.Г нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1.  Хохирогч нар өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО