Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/654

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар /томилолтоор/,

хохирогч Г.С, Т.Д,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Год холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Г.Г /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “***” хотхоны 44 дүгээр байрны 68 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн эгч Г.Сд байнга буюу 2021 оны 10 дугаар сарын 27, 2021 оны 11 дүгээр сарын 04, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрүүдэд догшин авирласан, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Г.Сийг “Орон дээрээ очиж хэвт гэж хэллээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодсон,

            Мөн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “***” хотхоны 44 дүгээр байрны 68 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 74 настай /ахмад настан/ төрсөн эх Т.Дг байнга буюу 2021 оны 10 дугаар сарын 27, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд зодсон, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр догшин авирласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.С мэдүүлэхдээ “...Намайг 4 сар хэвтэрт оруултал зодож ажлаас гаргасан. Аавыг өөд болсноос хойш архи уусан. Ээж бид хоёрыг тайван байлгаагүй. ...Чиний нүхийг ухсан энд үхээрэй гэж хэлж байсан. 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдөр ээжийн тэтгэврийн картыг нь аваад явахаар нь хүүхдээр хаалгасан чинь гэрт ирээд зурагт авах гээд намайг зодсон...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Д мэдүүлэхдээ “...Би тайван байж чадахгүй байна. Би энийг яваад ирэхэд амьд мэнд байхгүй. Би үнэхээр хайргүй болсон. Би гомдолгүй гэж хэлээд авч үлдэхгүй. Явуулах газар нь явуулаад өг. ...Энэ хүүхдээс болж би биегүй болсон, 4 удаа амиа хорлох гэж үзсэн. Машин доор орж үзсэн, 5 шил архи ууж үхэх гэж байгаад сэхээнд очоод амьд гарсан. Эмч нараас намайг үхүүлээд өгөөч гэж гуйсан. Тагтан дээрээс үсрэх гэж байхад зээ хүү татаад авсан. Би үнэхээр гомдож байна. Цагдаа байхдаа архи ууж сураад 30-40 жил намайг зовоож байна. Олон архины эмчилгээнд явуулсан. Ээждээ битгий гомдоорой” гэв.

           Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “***” хотхоны 44 дүгээр байрны 68 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн эгч Г.Сд байнга буюу 2021 оны 10 дугаар сарын 27, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрүүдэд догшин авирласан, 2021 оны 10 дугаар сарын 27, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хохирогч Г.Сийг үл ялих зүйлээр шалтаглан зодсон,

            Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “***” хотхоны 44 дүгээр байрны 68 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 74 настай /ахмад настан/ төрсөн эх Т.Дг байнга буюу 2021 оны 10 дугаар сарын 27, 2021 оны 11 дүгээр сарын 04, 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд зодсон, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр догшин авирласан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ахмад настан хүний эсрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ээж Дгийн хамт гэртээ байж байхад өдөр 14 цагийн үед Г нэлээн согтолттой орж ирсэн. Гыг орж ирэх үед нь би өөрийнхөө өрөөний орон дээр хэвтэж байхад Г шууд гадуур хувцастайгаа орон дээр хэвтчихсэн. Тэгэхээр нь би Гыг өөрийнхөө орон дээр хэвтээч гэхэд уурлаад гэрийн тоос сорогчны төмөр хошууг салгаж аваад миний нуруу болон цээж хэсэг рүү удаа дараа төмрөөр цохисон. Түүний дараагаар гэрийн хаалга түгжиж ээж бид хоёрыг гаргахгүй гээд бид хоёрыг харааж эхэлсэн. Г нь 2021 оны 1 дүгээр сард мөн намайг зодож байсан ба би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Г нь гэрийнхээ эд хөрөнгө болох хөргөгч, будаа агшаагч зэрэг барааг зарж архи дарс уух болсон...” гэх мэдүүлэг /16-17 дугаар хуудас/,

Хохирогч Т.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн төрсөн хүү Г.Гын эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 23, 40-41 дүгээр хуудас/,

Гэрч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...17 цагийн үед гэртээ орж ирэхэд ээж маань зодуулсан байдалтай, хөх няц болчихсон жижиг өрөөний орны хажууд бөөлжөөд байж байсан. Тэгэхээр нь би том өрөөнд байсан нагац ах Г дээр очоод “манай ээжийг яаж байгаа юм бэ” гэхэд босож ирээд надтай зодолдоод миний эрүүний зүүн хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Мөн Г ах нь гэрийн үнэ хүрэх зүйлүүдийг их зарж архи уудаг байсан. Хамгийн сүүлд 2018 онд манай эмээ Дг зодож, улмаар 2 жилийн хорих ял эдэлж байсан. Сүүлийн жил архи, согтууруулах ундаа их хэрэглэж согтсон үедээ ээж, эмээ хоёрыг байнга харааж, үг хэлээр дарамталж байгаа. Одоо ээж С, эмээ Д нар маш их айдастай, дарамтад байна...” гэх мэдүүлэг /хэргийн 28, 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Х.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 5 дугаар сараас хойш Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд тус хорооны 44-68 тоотод 75 настай Т.Д, Г.С, С.Т, Г.Г нар оршин суудаг. Г.Г нь архи, согтууруулах ундаа их хэмжээгээр тогтмол хэрэглэдэг. Т.Д нь “манай хүү Г.Г миний болон эгчийнхээ эд хогшлыг аваад явчихлаа, биднийг гэр лүү оруулахгүй хаалга түгжчихээд байна, агсам тавьж намайг болон эгчийгээ зодчихлоо” гэх зэргээр сардаа 3-4 удаа бидэнд ханддаг. Бид үүнийх нь дагуу архинаас гаргах албадан эмчилгээнд явуулж байсан. Мөн Г нь манай хорооны гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн судалгаанд байдаг. Г.Г нь архи уусан үедээ ээж, эгч нарыгаа дарамталж, зодож цохидог асуудал нэг биш удаа гарч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 33-35 дугаар хуудас/,

Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд хохирогч Т.Дгийн 80470155 дугаарын утаснаас ирсэн дуудлага, мэдээллийн жагсаалт /хэргийн 56-57 дугаар хуудас/,

Хяналт, бүртгэлд авагдсан хүний “...Г.Г нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчилгаанд явж байсан. Эгч Сийн биед удаа дараа халдан зодсон. Хүчирхийллийн улмаас ээж Д нь 4 удаа амиа хорлох үйлдэл хийж байсан. 2018 оны 3 дугаар сард гэр бүлийн хүчирхийллээр 2 жилийн хорих ял, 2020 оны 10 дугаар сард 30 хоногоор, 2021 оны 11 дүгээр сард 20 хоногийн баривчилгаанд явсан...” гэх мэдээлэл /хэргийн 58 дугаар хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний “...Аюулын зэргийн үнэлгээ өндөр...” гэх маягт /хэргийн 59-67 дугаар хуудас/,

Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын “...Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн үнэлгээгээр аюулын зэрэг өндөр гэж үзсэн учраас хамтарсан багийн шуурхай хурлаад асуудлыг авч хэлэлцэв...” гэх тэмдэглэл /хэргийн 68-69 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Гын төрөл садангийн “...Эх Т.Д, эгч Г.С...”  гэх лавлагаа /хэргийн 71-72 дугаар хуудас/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1171 дугаартай “Г.Г нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, *** хотхоны 44 дүгээр байрны 68 тоотод эх Т.Д, эгч Г.С нарыг зодож, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эх Т.Дгийн нүд орчимд нэг удаа цохиж зодсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.4-т зааснаар 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан” гэх шийтгэвэр /хэргийн 94-95 дугаар хуудас/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 497 дугаартай “Г.Г нь 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, *** хотхоны 44 дүгээр байрны 68 тоотод эх Т.Д, эгч Г.С, дүү С.Т нарыг унтуулж амраахгүй, амгалан тайван байдал алдагдуулж, үг хэлээр доромжлон айлган сүрдүүлсэн тул Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 15 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан” гэх шийтгэвэр /хэргийн 96-97 дугаар хуудас/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 801 дугаартай “Г.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, *** хотхоны 44 дүгээр байрны 68 тоотод эх Т.Дгийн биед халдан зодож, зурагт болон гар утсыг нь зарж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.4-т зааснаар 30 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан” гэх шийтгэвэр /хэргийн 119-120 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ орилж, хашхирдаг зүйл байсан. Цаг хугацааг нь одоо сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 128 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 55 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 73 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 76 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хэргийн 77 дугаар хуудас/, дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 78-82 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 83-92 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 101-103 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “***” хотхоны 44 дүгээр байрны 68 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн эгч Г.Сд байнга буюу 2021 оны 10 дугаар сарын 27, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрүүдэд догшин авирласан, 2021 оны 10 дугаар сарын 27, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хохирогч Г.Сийг үл ялих зүйлээр шалтаглан зодсон,

            Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “***” хотхоны 44 дүгээр байрны 68 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 74 настай /ахмад настан/ төрсөн эх Т.Дг байнга буюу 2021 оны 10 дугаар сарын 27, 2021 оны 11 дүгээр сарын 04, 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд зодсон, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр догшин авирласан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ахмад настан хүний эсрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, төрөл садангийн лавлагаа, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд ирсэн дуудлага, мэдээллийн жагсаалт, хяналт бүртгэлд авагдсан хүний тэмдэглэл, шүүхийн шийтгэвэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан идэвхтэй үйлдэл байдаг.

Харин энэ гэмт хэргийг “ахмад настан хүний эсрэг үйлдсэн” бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирласан”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирласан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “ахмад настан хүний эсрэг” үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг, “Гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг, “Төрөл садангийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг, “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, “Тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг, ахмад настангэж 60 түүнээс дээш настай эрэгтэй, 55 түүнээс дээш настай эмэгтэйг тус тус ойлгоно.

Харин “Зодсон” гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг, “догшин авирласан” гэж бусдын амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг алдагдуулсан, бусдад хүч хэрэглэсэн, эд хөрөнгө эвдэж хохирол учруулсан, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэсэн зэрэг үйлдлийг тус тус ойлгоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, 16.2 дахь хэсэгт “эрүүл, аюулгүй орчинд амьдрах...”, 16.11 дэх хэсэг “...Гэр бүл,... хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, 16.13 дахь хэсэгт “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...” гэж тус тус баталгаажуулсан.

Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино” гэж тодорхойлсон бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчил, эсхүл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлыг үйлдлийн давтамжийг харгалзан шат дараалж хүндрүүлсэн. Эрх зүй нь зүй бус, хууль бус үйлдлийг ямагт хүлээн зөвшөөрч болохгүй бөгөөд түүнд хариуцлага хүлээлгэх асуудлыг эрэмбэлж, илэрч буй аюултай түвшин, зүй тогтлоос шалтгаалан эрүүжүүлэх, хариуцлагыг хүндрүүлэх зарчим, бодлого цөөнгүй бөгөөд энэхүү ойлголт, ухагдахууныг хууль тогтоогч тооцож, хуульчилсан. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан аль нэг үйлдлийг 3 ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ 3 ба түүнээс дээш удаа байх аль ч тохиолдолд дээрх гэмт хэргийн шинжийг хангана гэж үзэхээр байна.

           Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Г нь төрсөн эгч Г.Сд 2021 оны 10 дугаар сарын 27, 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрүүдэд догшин авирласан, 2021 оны 10 дугаар сарын 27, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зодсон, төрсөн эх Т.Дг 2021 оны 10 дугаар сарын 27, 2021 оны 11 дүгээр сарын 04, 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд зодсон, 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр догшин авирласан байх бөгөөд хохирогч Г.С, Т.Д нар нь шүүгдэгч Г.Гын төрсөн эх, эгч болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдгээрийн мэдүүлгүүд болон шүүгдэгч, хохирогч нарын төрөл садангийн лавлагаа /хэргийн 71-72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /давхар объекттой/ гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

          Шүүгдэгч Г.Г нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Тиймээс шүүгдэгч Г.Гыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Д, Г.С нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн бөгөөд хохирогч нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Г.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

  Шүүгдэгч Г.Гын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

  Шүүхээс шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирласан”, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирласан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “ахмад настан хүний эсрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.Год 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Гын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирласан”, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирласан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “ахмад настан хүний эсрэг” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Г.Гыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Год оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО