Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/657

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Аэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, О.А /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч О.А нь 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 1 дүгээр сарын 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Тийн нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж унагаасны улмаас түүний биед гавлын дагз яс, суурь ясны зүүн хөндийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хэсэг дэх хатуу хальсны доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч О.А нь 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 1 дүгээр сарын 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Тийн нүүрэн тус газар нь цохиж, цээж хэсэг рүү нь өшиглөж унагаасны улмаас түүний биед гавлын дагз яс, суурь ясны зүүн хөндийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хэсэг дэх хатуу хальсны доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:  

Хохирогч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 08-наас 09-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өүл” нэртэй бааранд танил дүү Аийн хамт байж байгаад гараад зам гарах гээд явж байхад нэг намхан залуу Аийг тамхи нэхээд хоргоогоод байсан. Би тухайн залууст хандаж “Залуусаа яах гэсэн юм, ингээд явчихъя” гэхэд намайг тэнд байсан намхан залуу миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгэхэд оч манараад юу болсныг санахгүй байна. Миний хажуу талаа 3-4 удаа гар орж ирээд цохиод байсан. Хэн хаашаа цохисныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 10-11, 46-47 дугаар хуудас/,

Гэрч П.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Өүл” нэртэй баарнаас Т ахтай хамт гараад машин руугаа явж байтал автобусны буудлын ойролцоо нэг залуу Т ах бид хоёроос тамхи асуухаар нь байхгүй гэхэд тухайн залуу миний араас куртикнээс татаад байхаар нь би эвээр “тамхи байхгүй” гэдгээ хэлэхэд чамд тамхи байгаа гээд байсан. Тэгэхээр нь би байхгүй гээд миний куртикнээс зуураад байсан гарыг нь тавиулахад машинаас 7-8 залуу буугаад ирсэн. Тэгэхэд тухайн залуус над руу дайраад нэг нь араас нүүрэн тус газар 1 удаа цохисон. ...Тэгээд нөгөө саарал өмдтэй залуу руу очиход тухайн залуу Т ахын нүүрэн тус газар луу өшиглөөд тархиар нь газар унагасан ба Т ах газар унаад ухаан орохгүй байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн №1731 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.Э.Тийн биед гавлын дагз яс, суурь ясны зүүн хөндийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хэсэг дэх хатуу хальсны доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.6. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5.7. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хэргийн 28-29 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Цайвар өнгийн өмдтэй эрэгтэй /О.А/ нь зүүн гараараа хохирогч Э.Тийн нүүрний баруун хэсэгт цохиж байгаа, ...цайвар өнгийн эрэгтэй /О.А/ шатан дээр зогсож байх ба хохирогч Э.Т шатаар өгсөж очих үед А баруун хөлөөрөө цээжин тус газар нь нэг удаа өшиглөж байх ба хохирогч газарт толгойгоороо унаж буй дүрс бичигдсэн байв...” гэх тэмдэглэл /хэргийн 52-54 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба 1 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гавлын дагз яс, суурь ясны зүүн хөндийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хэсэг дэх хатуу хальсны доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр буюу дагзаараа савж унах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хэргийн 71-72 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Хэсэг залуучууд зодолдоод байхаар нь салгах гээд очтол нэг залуу нь уурлаад “чи намайг цохичихлоо” гээд агсраад байхаар нь “би чамайг цохиогүй ээ, та нарыг салгаж байна” гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь би эхлээд цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд цаашаа явж байхдаа дахиад болихгүй хэрүүл өдөөд байхаар нь би зүүн гараараа нэг алгадсан. Тэгээд би тэр залуу руу дайраад байсан залууг салгаад “Адидас” дэлгүүрийн шатан дээр зогсож байсан чинь тэр залуу над руу орилоод шат руу өгсөөд ирэхээр нь би цээж хэсэг рүү нь 1 удаа өшиглөхөд шууд газар саваад уначихсан...” гэх мэдүүлэг /хэргийн 38-40 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 78 дугаар хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 73 дугаар хуудас/, сургуулийн тодорхойлолт /хэргийн 74 дүгээр хуудас/, ажлын газрын цалингийн тодорхойлолт /хэргийн 76 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 79 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 95 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч О.А нь 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 1 дүгээр сарын 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Тийн нүүрэн тус газар нь цохиж, цээж хэсэг рүү нь өшиглөж унагаасны улмаас түүний биед гавлын дагз яс, суурь ясны зүүн хөндийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хэсэг дэх хатуу хальсны доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч О.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

          Шүүгдэгч О.А нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Тиймээс шүүгдэгч О.Аийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

             Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Тийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн хор уршигт холбогдох 823.985 төгрөгийн эмчилгээний баримт хэрэгт авагдсан ба шүүгдэгч О.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 7.850.000 төгрөг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Харин хохирогч өөрт учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч О.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч О.Аийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч О.Аэд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

 Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аэд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО