Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/666

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Пид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, М.П /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.П нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Таац дэлгүүрийн арын “Соёмбо принт”-н барилгын ажилчид зодолдоод байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад хохирогч Э.Үаас “Та нарт торгуулийн арга хэмжээ авч 100.000 төгрөгийн торгууль оногдуулна” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны байранд бэлнээр 100.000 төгрөгийг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.П мэдүүлэхдээ “2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр цохолтоор “Соёмбо принт”-ийн барилга дээр ажилчид нь зодолдоод байна гэх гомдол хүлээж авсан. Тухайн гомдлыг шалгахад Ү ажлын байрандаа архидаж, эхнэртэйгээ муудалцсан зөрчил гаргасан байсан. Үүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж шалгах байсан. Гэтэл тухайн үед Ү торгуулъя гээд, эхнэр нь гомдолгүй гэсэн. Баривчлах шийтгэл оногдуулах байсан ч зөрчлийн шинжгүй гэж тухайн хэргийг хаасан. Тэр хүнээс 100.000 төгрөг авч зөрчлийг хаасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Шүүгдэгч М.П нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Таац дэлгүүрийн арын “Соёмбо принт”-н барилгын ажилчид зодолдоод байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хохирогч Э.Үаас “Та нарт торгуулийн арга хэмжээ авч 100.000 төгрөгийн торгууль оногдуулна” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны байранд бэлнээр 100.000 төгрөгийг авсан боловч 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол үйлдэж шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч Э.Үы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цагдаагийн алба хаагч М.П 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр манай гэрт очиж эхнэр Гд 100.000 төгрөгийг буцааж өгсөн. ...2020 оны 7 дугаар сарын 05-ны орой 00 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх өөрсдийн ажиллаж байсан “Соёмбо принтинг” ХХК-н шинээр баригдаж байсан барилга дээр очсон. Тухайн үед би эхнэр Гтай муудалцаад гарч явсан ба ойр орчмын айлаас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Маргааш нь эхнэртэйгээ Баянгол дүүргийн 22 дугаар хорооны цагдаагийн хэсгийн байранд очиход хуурай ах Бүрэнтөгс байсан ба одоо нэрийг нь сайн санахгүй байна, Пүрэвтэй нэртэй хэсгийн байцаагч “та нарт торгуулийн арга хэмжээ авч, 100.000 төгрөгөөр торгоно” гэсэн. Тухайн үед бид нарт мөнгө байхгүй байсан учраас захирал Ууганбаяртай ярьж, учир байдлаа хэлэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Халиунааг явуулсан. ...Тэгээд хэсгийн байцаагч бид нарыг өрөөнөөсөө гаргаад Халиунаатай уулзсан. Халиунаа гарч ирээд та нарыг 100.000 төгрөгөөр торгоно гэж байна гэж хэлсэн. Тэгээд цалин дээрээс уг торгуулийн мөнгийг суутгаж авна гээд миний цалингаас 600.000 төгрөг суутгасан. Манай эхнэр болон Бүрэнтөгс ахаас суутгаж аваагүй байсан. Цагдаагийн алба хаагчийн зүгээс ямар нэгэн торгуультай холбоотой баримт өгөөгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 155, 236-237 дугаар хуудас/,  

         Гэрч Л.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П хэсгийн байцаагч бид нараас мэдүүлэг аваад “та нарт торгуулийн арга хэмжээ авч, 100.000 төгрөгөөр торгоно” гэсэн. Тухайн үед бид нарт мөнгө байхгүй байсан учраас захиралд хэлж Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Халиунаа ирж хэсгийн байцаагчтай уулзсан. Халиунаа цагдаагийн хэсгийн байрнаас гарч ирээд “та нарыг 100.000 төгрөгөөр торгоно гэж байна” гээд манай нөхөр Үы цалингаас суутгаж авсан. Цагдаагийн албан хаагчийн зүгээс торгуультай холбоотой ямар нэгэн баримт бид нарт өгөөгүй. ...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хэсгийн байцаагч П манай гэрт ирж “ах нь нөгөө торгуулийн мөнгийг чинь өгье” гээд бэлнээр 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 163 дугаар хуудас/,

         Гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний таньдаг хүмүүс намайг Халиунаа гэж дууддаг. ...2020 оны 7, 8 дугаар сарын үеэр манай барилга дээр ажиллаж байсан Ү, Гармаа, Бүрэнтөгс нар орой ажил тарсан байхад ажлын байрыг онгойлгож архи уугаад хоорондоо зодолдож барилгын эд хогшлыг эвдэж, агсам тавихаар нь хажуу айлаас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. ...Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн хорооны цагдаа дээр очиж уулзахад Зөрчлийн тухай хуулийн дагуу ажлын байранд архи ууж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гээд 100.00 төгрөгөөр торгоно гэхээр нь би ажлын мөнгөнөөс “цагдаа руу дансаар шилжүүлчих үү” гэхэд бэлнээр аваад ир гэхээр нь би ойрхон АТМ орж бэлэн 100.000 төгрөг аваад хорооны цагдаад өгсөн. Тухайн үед мөнгө өгөхөд ямар нэгэн баримтад гарын үсэг зуруулаагүй, надад ч баримт өгөөгүй. ...Ү, Бүрэнтөгс, Г нар ажлын байран дээр архи ууж байхдаа компанийн эд хөрөнгийг эвдэж, гэмтээсэн байсан тул эвдэж, гэмтээсэн эд зүйлийн мөнгийг цалингаас нь суутгаж авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 165-166, 240-241 дүгээр хуудас/,

         Гэрч Х.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эрх бүхий албан тушаалтан санхүүд шийтгэлийн хуудас авахаар шаардах бичиж, маягт 1, 2-оос шаардагдах хэмжээгээр авна. Санхүүгээс эрх бүхий албан тушаалтанд шийтгэлийн хуудсыг  хүлээлгэн өгөхдөө шийтгэлийн хуудасны дугаарыг бүртгэн авч хүлээлгэн өгдөг. Дараа нь эрх бүхий албан тушаалтан санхүүд шийтгэлийн хуудасны тооцоог хийхдээ дугаараар нь тулгаж, мөнгө тушаасан баримтын хамт хүлээлгэн өгч тооцоо хийдэг. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас нь 3 хувь байдаг. Цагаан дэвсгэртэй хуудсыг санхүүд, шар дэвсгэртээ хуудсыг материалд, ногоон дэвсгэртэй хуудсыг зөрчил гаргагчид өгдөг. ...Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжгүй үндэслэлээр гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тогтоол гарган шийдвэрлэсэн тохиолдолд “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулахгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 147-149 дүгээр хуудас/,

         Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгсийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтэст ажилласан дүнгийн талаарх “...Цагдаагийн дэслэгч М.П нь зөрчлийн 7167 дугаартай гомдлыг шалгаад зөрчлийн шинжгүй гэж татгалзсан. ...Холбогдогч Үаас тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулахад 100.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн гэв. Материалд торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас байхгүй, торгуулийн мөнгийг яасан нь тодорхойгүй...” гэх илтгэх хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 14-17 дугаар хуудас/,

         Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27/313 дугаартай “Танилцуулга хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 50-51 дүгээр хуудас/,

         Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн 2021 оны 2 дугаар сарын 09-ны өдрийн Албаны шалгалтын дүнгийн тухай танилцуулга /хэргийн 1 дүгээр хавтас 54-58 дугаар хуудас/,

         Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Пийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай “...гомдол гаргагч Наранчимэг нь гомдол, санал байхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж хүсэлт гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх тогтоол, материалын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 65-85 дугаар хуудас/,

         Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангийн “Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл”-д бүртгэгдсэн 7167 дугаартай зөрчлийн мэдээлэл /хэргийн 1 дүгээр хавтас 89-94 дүгээр хуудас/,

         Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/503 дугаартай “...М.Пийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэсгийн байцаагчаар томилж, цагдаагийн дэслэгч цол олгосугай” гэх тушаал /хэргийн 1 дүгээр хавтас 112 дугаар хуудас/,

         Дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 185 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар зэрэг бичгийн нотлох баримтуудаар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

  Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

            Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 143 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 101 дүгээр хуудас/.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч М.П нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Таац дэлгүүрийн арын “Соёмбо принт”-н барилгын ажилчид зодолдоод байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хохирогч Э.Үаас “Та нарт торгуулийн арга хэмжээ авч 100.000 төгрөгийн торгууль оногдуулна” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны байранд бэлнээр 100.000 төгрөгийг авсан боловч 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол үйлдэж шийдвэрлэсэн болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгсийн илтгэх хуудас, 7167 бүртгэлийн дугаартай зөрчлийн материалын хуулбар, “Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл”-д бүртгэгдсэн 7167 дугаартай зөрчлийн мэдээлэл, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн Албаны шалгалтын дүнгийн тухай танилцуулга, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27/313 дугаартай албан бичгийн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/503 дугаартай ажилд томилох тухай тушаал, дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

           Өөрөөр хэлбэл залилагч этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг.

           Харин “Залилах” гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна

            Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг, Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт хэрэгтэн хэдийгээр мэдэж байсан атал зориудаар үл мэдээлэх, нуун дарагдуулсан эс үйлдэхүйг, Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг тус тус ойлгоно.

             Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М.П нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

            Шүүгдэгч М.П болон түүний өмгөөлөгч Б.Баттулга нар нь “гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

            Учир нь Эрүүгийн хуульд авлигын төрлийн гэмт хэргүүдийн нийтлэг хэм хэмжээ болох “давуу байдал олгох” шинжийг бие даасан гэмт хэргийн шинж болгон зааснаас эрх зүйн давхардал үүсэж, нэг гэмт хэрэг Эрүүгийн хуулийн өөр өөр зүйл ангиар зүйлчлэгдэх, эсхүл эрх зүйн зөрчлийн шинжтэй үйлдэл болон авлигын гэмт хэргийг хооронд нь ялган зааглах боломжгүйд хүрч, эрх зүйн нийтлэг зарчим зөрчигдөх явдал гарч байгаа нь албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн үзэл санаа, түүний холбогдох заалтын агуулгыг буруу ойлгон томьёолсноос үүдэлтэй гэх шүүмжлэл, байр суурь илэрхийлдэг судлаачид, хуульчид байдаг.

Тодруулбал, дээрх нэр томьёог Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 19 дүгээр зүйл болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн 8 дугаар зүйлийн аль алинд нь “undue advantage” “неправомерное премущество” /орос хэл дээрх албан ёсны хэвлэл/ гэж томьёолсон байх бөгөөд тэдгээр зүйлүүдийн агуулгаас харахад албан тушаалын чиг үүргээ урвуулан ашигласнаар дурын “давуу тал” бус, харин ямар нэгэн “хууль бус давуу тал”-ыг өөртөө олж авах болон бусдад бий болгох сэдэл, зорилго агуулсан байх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан уг “хууль бус давуу тал”-ыг өөртөө болон бусдад бий болгох талаар хүсэлт гаргасан, бусдын зүгээс гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч тийм байдлыг олж авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох ёстой гэсэн агуулга илэрхийлэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хууль бус давуу байдал олж авах, бий болгох сэдэл, зорилго агуулсан байх, түүнчлэн уг зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тодорхой хууль бус тохиролцоо хийсэн, үр дүнг хүссэн болон хүлээн авсан санаатай үйлдэл зэрэг дээр дурдагдсан элементүүдээс бүрдсэн нэгдлийг гэмт хэрэгт тооцож хуульчлахыг үүрэгжүүлж тусгасан байна. 

Нөгөөтэйгүүр хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн үүднээс авч үзвэл тайлбарлан хэрэглэх хэм хэмжээний улс төрийн бодлого, идеал, нийтлэг эрх ашгийн цэгийг олж тогтоосны дараа тухайн хэм хэмжээг зөвтгөсөн, үндэслэсэн дээд эрэмбийн эхүүдтэй харьцуулсан дүн шинжилгээ хийж, түүний хууль зүйн утгын цар хүрээг Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон бусад хуулийн эрэмбийн эхэд тулгуурлан түүний утга, агуулгыг тодорхойлно гэсэн үг. 

Тиймээс шүүх хууль тайлбарлан хэрэглэх учир шалтгааны аргыг /логик/ ашиглан дээрх хэм хэмжээг тайлбарлан, шүүгдэгч М.Пийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэн, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Үд 100.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.П нь хохирогчид 100.000 төгрөгийн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Улсын яллагчаас шүүгдэгч М.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 сая төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

            Шүүгдэгч М.Пийн өмгөөлөгч Б.Баттулга “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү”  гэх дүгнэлтийг гаргасан.

“Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автсан буюу субъект өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн урьдчилан мэдэх боломжийг шууд алдагдуулахад хүргэсэн онцгой нөхцөл байдал /байгалийн давагдашгүй хүчин зүйл гэх мэт/ тогтоогдсон, мөн “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл” байсан эсэхийг мөрдөгч, прокурор, шүүх тогтоосон тохиолдолд өмгөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэх учиртай.   

            Мөн түүнчлэн шүүгдэгч М.Пийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ...ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэсэн нөхцөлд хамаарч байх тул шүүгдэгч М.Пийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн боломжгүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч М.Пийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг  төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

    Шүүхээс шүүгдэгч М.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч М.Пид 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

            Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Пийг 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пид оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  М.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЗОЛБОО