Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 437

 

  Х.Ш, Э.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор М.Үүрийнтуяа,

            шүүгдэгч Э.Э,

            шүүгдэгч Х.Ш, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Ш, Э.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдэнд холбогдох эрүүгийн 1906000340162 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ........................, 1999 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 3-3301 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

2. ..................., 1996 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Ховд аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 2-42 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................./,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн;    

Х.Ш, Э.Э нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Санжаажамцын өмсөж явсан пүүз, гар утас, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн авч, 1.467.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Ш, Э.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Ш, Э.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Шыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ш, Э.Э нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019 оны 1 дүгээр сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байрлах “Moon” нэртэй бааранд үл таних залуутай муудалцан, толгойн тус газар нь пивоны шилээр цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан. Тэр орой нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст баривчлагдан очиж, маргааш өглөө нь тус цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Мөнхтулга гэх хүн дээр Эрүүгийн хэрэг үүсч шалгагдсан. Шалгагдаж байх хугацаанд өөрийн энэхүү үйлдлээ прокурорын шатанд байсан дээрмийн хэрэгтэйгээ нэгтгүүлэх хүсэлт гаргаж мөрдөн байцаагчдаа хэлсэн боловч уг хүсэлтийг хүлээн авч хэлэлцээгүй. Намайг “ял аваад явсны чинь дараа дуудлагаар авчирч ял нэмнэ” гэсэн. Дээрх үйлдэл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болон мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний эрх зүйн байдлыг доордуулахгүйн үүднээс мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Э.Э болон өөрийн найз охин Цэрэндулам, түүний найз Минжингийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” караокед орсон бөгөөд тэнд сууж байхад тус караокены эзэн эмэгтэй Э.Э бид 2 хоёрыг “агсам тавьж байгаа хүнийг гаргаад өг” гэж хэлсэн. Тэр хүнийг үүдэнд гаргачихаад буцаж ороод хэсэг хугацааны дараа бид 2 тамхи татах гээд гарсан. Нөгөө хүн замын цаад талд унаж, босоод нэлээд согтсон байдалтай байсан. Эхлээд Э.Э, би араас нь очсон. Очоод нөгөө ахыг мангасдах маягаар нүүр рүү нь түлхсэн. Э.Э араас нь тэврэн унагааж, бид 2 пүүзийг нь авч гүйгээд замын хажууд байсан автомашины доор нуусан. Э.Э яваад төд удалгүй би араас нь Дарь-Эхийн хуучин эцэст пүүзийг нь аваачиж өгсөн. Миний бие саваагүй зангаасаа болж дээрмийн гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие Э.Этай хамт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тусгаарлуулах хүсэлтэй байна. Эрх зүйн байдлыг минь дээрдүүлэх үүднээс миний хэргийг тусгаарлаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Шын өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг тусгаарлах үйлдэл нь хэргийг прокурорт буцаасан тохиолдолд тусгаарлах боломжтой. Э.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа. Хэргийг тусгаарласнаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд ял оногдуулах буюу өсвөр насны шүүгдэгч гэдгээр ял оногдуулах боломжтой. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 8 жилээс доош хорих ялтай зүйлд ял хойшлуулах болон албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой болсон. Миний үйлчлүүлэгч Х.Ш дээрх нөхцөл байдлыг хангасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан оногдуулах ялыг хойшлуулж өгнө үү.” гэв.

Прокурор М.Үүрийнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Ш, Э.Э нар нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрмийн гэмт хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дээрмийн гэмт хэрэг үйлдсэний дараа 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон нь хэрэг шүүхэд шилжсэний дараа мэдэгдсэн. Шүүгдэгч Э.Э нь ижил төрлийн гэмт хэрэг үйлдээгүй учир эрх зүйн байдал нь дордохгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Х.Ш, Э.Э нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Санжаажамцын өмсөж явсан пүүз, гар утас, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн авч, 1.467.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Санжаажамцын “2018 оны 12 дугаар сарын 11-ний орой 23 цаг болж байхад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” гэх нэртэй пабад ганцаараа сууж байгаад 300 грамм архи уусан юм. ...би тамхи татах гээд гарсан чинь миний араас үл таних 25-30 орчим настай 2 залуу гарч ирээд миний араас хүзүүгээр боож унагаахаар нь би тэр хоёр залууд “хоёр дүү больчихооч дээ” гэж хэлсэн чинь тэр 2 залуу ямар нэгэн зүйл ярилгүй миний баруун гарын ядам хуруунд байсан хар шигтгээтэй 11 граммтай том монетон бөгжийг маань сугалж аваад куртикний энгэрийн халаасан дотор байсан “Самсунг” Эс 7 эдж маркийн гар утас, хөлдөө өмссөн байсан улаан өнгийн гахай пүүзийг маань дээрэмдээд явчихсан.” гэх мэдүүлэг /хх-11-12/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-6-7/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-8/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-52-53/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Х.Ш, Э.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Х.Ш, Э.Э нарыг бүлэглэн иргэн Б.Санжаажамцын өмсөж явсан пүүз, гар утас, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн авч, 1.467.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.Ш, Э.Э нар нь гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна.

Шүүгдэгч Х.Ш, Э.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн болон хохирол төлсөн байдлыг тус тус харгалзан үзэж, шүүгдэгч Х.Шад тухайн зүйлд заасан 1 жилийн хугацаагаар хорих ял, Э.Эд 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.Э нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болон мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний эрх зүйн байдлыг доордуулахгүйн үүднээс мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү.” гэсэн, шүүгдэгч Х.Ш нь “Эрх зүйн байдлыг минь дээрдүүлэх үүднээс миний хэргийг тусгаарлаж өгнө үү.” гэсэн тус тус давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн материалаас үзэхэд, шүүгдэгч Э.Э нь өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа эсэх талаар хавтас хэрэгт нотлох баримт авагдаагүй байх бөгөөд шүүгдэгч нарын хэргийг тусгаарлан шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Эгийн холбогдсон дээрмийн болон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргүүдийг тус тусад нь шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчих нөхцөл байдал, түүнчлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал үүсэхээргүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ш, Э.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ш, Э.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                                     Д.МЯГМАРЖАВ