Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/675

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Зд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Б.З /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Б.З нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын автомашины зогсоол дээр “машин шүргэлээ” гэх шалтгаанаар хохирогч Б.Стай маргалдаж, зүүн хөхний доод хэсэг рүү нь өшиглөж унагаан түүний биед зүүн хавирганы 6-р хугарал, цээжинд зулгаралт, баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Б.З нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын автомашины зогсоол дээр “машин шүргэлээ” гэх шалтгаанаар  хохирогч  Б.Стай маргалдаж, улмаар түүнийг өшиглөж унагаан эрүүл мэндэд нь зүүн 6-р хавирганы хугарал, цээжинд зулгаралт, баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:  

Хохирогч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин хорооллын машины зогсоол дээр автомашинаа байрлуулах явцад үл таних 3 эмэгтэйтэй маргалдаж хар тамирын хослол, улаан пүүзтэй, өндөр нуруутай, 30 орчим насны эмэгтэй миний зүүн хөхний доод хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би газарт унаад босож ирэхэд амьсгалахад хөндүүр болоод байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 21-ний орой 22-23 цагийн орчим Эрин хорооллын урд Буяннэмэх, Маралмаа хоёртой уулзах гээд Зтай хамт ирсэн. Тэгээд хажуу талд нэг машин гарах гэж байхаар нь зогсоолд нь тавья гээд хүлээж байтал тухайн машинаас бууж ирсэн ногоон цамц, цагаан гуталтай эмэгтэй зам таглаж зогсчхоод хэл амаар доромжлоод байхаар нь З бууж очоод “яаж байгаа юм бэ” гээд маргалдаж байсан чинь нөгөө хүүхэн нь Зг түлхээд өшиглөсөн чинь З буцаагаад түлхсэн. ...Тэгсэн З тухайн машиныг жолоодож явсан хар хөх жилеткатай хүүхнийг өшиглөсөн чинь унаад өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 7 дугаар хуудас/,

Гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Эрин хорооллын зогсоолд машинаа тавих гээд С машинаас буугаад надад ухрах үйлдэл хийхийг зааж байтал нэг машин давхралдаад ороод ирсэн. Тэгтэл тэр машинаас үл таних 2 эмэгтэй бууж ирээд Стай маргалдаад байсан. Тэгтэл өндөр үл таних эмэгтэй Сийг өшиглөх шиг болсон. Тэгээд би машинаас бууж очоод машинаа онгорхой орхичихсон болохоор буцаад машин руугаа оччихоод иртэл С намайг цээж рүү өшиглөчихлөө амьсгалахаар цээж өвдөөд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,

Гэрч А.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хар хорин хорооллын автомашины зогсоол дээр С, Б нарын хамт байж байгаад хөдлөх гэхэд нэг машин зам таглаад зогссон. ...Тэгээд миний машины дугуй хагарчихлаа байж байгаарай гэхэд нөгөө машиныг барьж явсан эмэгтэй заза гэтэл цаана сууж байсан нэг эмэгтэй “хөгшин балай авгай нар хурдан зам тавьж өг” гэж хэлсэн. Тэгээд бид 3 машинаасаа буугаад С “бид нарыг яасан гэж балай авгай гээд байгаа юм бэ” гэхэд нөгөө машинд сууж байсан 2 эмэгтэй бууж ирээд өндөр нуруутай, хар биеийн тамирын хувцас, улаан өнгийн гуталтай эмэгтэй Сийг түлхээд унагаачихсан. Тэгээд С босож ирээд “чи яагаад миний биед халдаад байгаа юм бэ” гээд орилтол хэвлий хэсэг рүү нь өшиглөөд унагаачихсан...” гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №9022 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.Б.Сийн биед зүүн 6-р хавирганы хугарал, цээжинд зулгаралт, баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хэргийн 30-31дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин хорооллын зогсоол дээр машинаа байрлуулах гэж байгаад зогсоолын асуудлаас болж маргалдаж нэг үл таних эмэгтэй намайг цохиж, харааж доромжилсны улмаас би түүнийг 1 удаа өшиглөсөн. Гэтэл тэр эмэгтэйн хавирга нь хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 48-49 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 60 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 55 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 56 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хэргийн 57 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Б.З нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын автомашины зогсоол дээр “машин шүргэлээ” гэх шалтгаанаар  хохирогч  Б.Стай маргалдаж, улмаар түүнийг өшиглөж унагаан эрүүл мэндэд нь зүүн 6-р хавирганы хугарал, цээжинд зулгаралт, баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.З нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

          Шүүгдэгч Б.З нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Тиймээс шүүгдэгч Б.Зг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

             Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн хор уршигт холбогдох 240.250 төгрөгийн баримт хэрэгт авагдсан ба шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн “Б.З нь 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд гомдол, саналгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 68 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.З нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 193 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Зд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.З нь улсын яллагчийн саналтай мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.  

         Шүүгдэгч Б.З нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн авч шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

  Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО