Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/679

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Г.Билгүүжин /томилолтоор/,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.М, А.А, Айраг Ч.Н нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 533 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалтад зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б.М /РД:***/.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А.А /РД:***/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Айраг Ч.Н /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Ч.Н, Б.М, А.А нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Марс” зочид буудлын хашаанд М.Бын хадгалж байсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай 18.8 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

            Мөн өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай 18.8 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн хашаанд Ч.Нын цүнхэнд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “Би хэрэг болдог өдөр 2 цагийн үед гэрээсээ үсээ засуулах гэж гарсан. 25 дугаар эмийн сангийн далангийн тэр хавиар явж байхад Б, Д, Б гэдэг хүүхдүүдтэй таарсан. Үсээ засуулах гээд тэр хүүхдүүдтэй алхаад явж байхад А ирсэн. Б “гэр рүүгээ явлаа” гэж хэлэхэд А “жоохон юм өгчих” гэж хэлэхэд Б байхгүй гэж хэлэхэд А “сүртэй юм харамлаад байгаа юм уу, зөрүүлээд 2 уут юм өгье, жоохон өгчих” гэсэн. Гэтэл Б тэнд байгаа очоод аваарай гэсэн. Тэгээд өдөр Б, А бид гурав авч хэрэглэсэн. Үсээ засуулж ирээд Атай пиво ууж байгаад дахиад очиж авъя гээд очсон. Би тухайн өдөр өвсийг аваагүй, А өдөр очихдоо авсан, орой очих үедээ ч А авсан. А тухайн өвсийг Нод өгсөн ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ “2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр арван жилийн хүүхдүүдтэй уулзах зорилгоор Модны 2-т Б гэдэг найзтайгаа уулзахаар очсон. Тэр үед Б, М нар байсан. Тэр үед миний толгой өвдөж, хамар шархирч байсан учраас Бд тамхи шиг адилхан зүйл байгаа гэхээр нь сонирхсон. Б өөрийнхөө хадгалж байсан өвснөөс очиж аваад Б гэр рүүгээ явна гээд М, Б бид гурав тэрийг анх хэрэглэсэн. Тэр үед толгойны өвчин намдаж байгаа юм шиг санагдсан. Тэнд очихоосоо өмнө Н руу ярьсан байсан. Би Нод хүүхдийн 100 руу ирэхгүй модны хоёрт хүрээд ир гэж хэлсэн.  М бид хоёр пиво уугаад сууж байхад 7 цагийн үед Н ирсэн. Нод хэрэглэсэн талаараа хэлсэн. Хоорондоо ярилцаад толгойны өвчин гайгүй болгох зорилгоор тийшээ очсон. Би Мд цаас гаргаж өгөөд М очиж авсан. Тэгээд 96 дугаар сургуулийн хашаанд хэрэглээд сууж байхад цагдаа нар ирсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н мэдүүлэхдээ “Би тухайн өдөр амарч байсан. А над руу залгаад арван жилийнхэнтэйгээ уулзъя гэж хэлсэн. Гэрээсээ гараад явж байхад А над руу залгаад тэнд уулзахаа больё, модны хоёр дээр уулзъя гэж хэлсэн. Мг би танихгүй байсан учраас танилцсан. М, А хоёр нөгөө юмаа очиж авъя гэсэн. Би тухайн үед сайн ойлгоогүй. Нэг газар очоод яах гэж байгаа нь мэдэхгүй зогсоод байсан. Цаастай, барианы шилтэй өвсийг гаргаж ирээд хэрэглэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

            Шүүгдэгч Б.М, А.А, Ч.Н нар нь хамтран оролцох хэлбэрээр 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Марс” зочид буудлын хашаанд М.Бын хадгалж байсан “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай 18.8 грамм цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

            Мөн өдөр “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын  конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай 18.8 грамм цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн хашаанд Ч.Нын цүнхэнд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хэргийн газрын үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 96 дугаар сургуулийн барилгын ертөнцийн зүгээр зүүн урд талд хашаан дотор А.А, Б.М, Ч.Н гэх хүмүүс сууж байх ба тэдгээр хүмүүсийн сууж байсан газар үзлэг хийхэд хуванцар савыг цоолж доод хэсэгт нь шингэн зүйл хийж, доод хэсэгт нь мөнгөлөг цаасаар тогоо мэт зүйл хийсэн байсан байв...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 10-15 дугаар хуудас/,

         Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 17 дугаар хуудас/,

         Хүний биед үзлэг хийсэн “...Ч.Н нь “миний биед хориотой зүйл байгаа” гээд хар өнгийн цүнхнээс цаасанд боосон өвс мэт зүйл гаргаж өгөв...” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 27 дугаар хуудас/,

         Шүүгдэгч Ч.Нын биеэс биологийн дээж авч, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...ТНС /марихуан/ илэрсэн...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 28-32 дугаар хуудас/,

         Шүүгдэгч Б.Мгийн биеэс биологийн дээж авч, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...ТНС /марихуан/ илэрсэн...” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 57-58 дугаар хуудас/,

         Шүүгдэгч А.Аын биеэс биологийн дээж авч, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...ТНС /марихуан/ илэрсэн...” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 78 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4304 дугаартай шинжээчийн:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан хуванцар савны цоорхой хэсэгт хуйлж шургуулсан 100 төгрөгийн мөнгөн тэмдэгт, хуванцар савтай шингэн зүйл тус бүрээс  дельта-9 тетрагидроканнабинол  /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн.

       Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 20-22 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4303 дугаартай шинжээчийн:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан цаасанд боосон ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн.

         Дельта-9 тетрагидроканнабинол /dela-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

         3. “1” гэж дугаарласан цаасанд боосон ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 18,8 гр байсан ба шинжилгээнд 0,1 гр-г зарцуулав” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 46-48 дугаар хуудас/,

            Шинжээч А.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...4303 дугаартай дүгнэлтэд дурдагдсан цаасанд боосон ургамал мэт зүйл, 4304 дугаартай дүгнэлтэд дурдагдсан хуванцар савтай шингэн зүйл, хуванцар савны цоорхой хэсэгт хуйлж шургуулсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргээс дээж авч шинжилгээ хийхэд тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Уг бодис нь 1971 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад орно...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 125 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4305 дугаартай шинжээчийн:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “1” ,”2” гэж дугаарласан шилэн савтай ургамал мэт зүйл /2ш/ тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол  /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн.

        Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

         3. “1” гэж дугаарласан шилэн савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 79,1 гр , “2” гэж дугаарласан шилэн савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 99,8 гр байсан ба шинжилгээнд 0,1 гр-г зарцуулав” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 212 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4308 дугаартай шинжээчийн:

         1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ч.Н УШ00240231” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 41-43 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4310 дугаартай шинжээчийн:

          1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “М ТЕ03272713” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 72-74 дүгээр хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4309 дугаартай шинжээчийн:

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “А Ариунболд УШ01252751” гэж хаягласан шээсний дээжнээс Тетригидроканнабинол /ТНС/ илэрсэн.

         Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 91-93 дугаар хуудас/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 825 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын:

  1. Б.М нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт одоогоор үгүй байна.
  2. Б.М нь одоогоор сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.
  3. Б.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Б.М нь одоогоор сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. Б.М нь мансууруулах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 104-105 дугаар хуудас/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 839 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын:

  1. А.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. А.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. А.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. А.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. А.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хуудас 108-109 дүгээр хуудас/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 838 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын:

  1. Ч.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. Ч.Н нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Ч.Н нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Ч.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. Ч.Н нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 112-113 дугаар хуудас/,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 42-47 дугаар хуудас/,

            Гэрч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр Д, Б бид 3 явж байгаад Мтэй таарсан. Тэгээд алхаж байгаад өөрсдийн суудаг сааданд очиж сууж байхад удалгүй А ирсэн. Тэгээд сууж байгаад Быг гэр лүүгээ явах үед нь М “жоохон юм өгчих” гэхэд Б байхгүй гэж хэлсэн. Тэгтэл М “худлаа яриад байгаарай, очоод авлаа” гэж хэлсэн. Тэгээд Б гэр лүүгээ ороод А бид хоёр Мг дагаад “Марс” зочид буудлын хажуу талын шарилжин дунд очоод М нэг юм хайж байгаад цүнхэн дотроос шилтэй өвс гаргаж ирсэн ба А, М хоёр хоёулаа өвснөөс цаасанд боогоод авсан. Тэгээд бид гурав 96 дугаар сургуулийн хашаанд очоод тэр хоёрын авсан өвсийг хэрэглэж дуусаад тэндээсээ яваад Бын байрны гадаа очсон...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 1-2 дугаар хуудас/,

            Шүүгдэгч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 20-ны орой 19, 20 цагийн үед Н, М бид гурав 96 дугаар сургуулийн хашаанд пиво ууж байгаад дэлгүүр орж тамхи, ус авсан. Тэгэхэд М нөгөө өдөр сууж байсан саадны тийшээ яваад ирье гэж хэлсэн. Тэгээд бид 3 “Марс” зочид буудлын тэнд очоод тамхи татаад сууж байхад М надаас “юм боохоор юм байна уу” гэхээр нь би тэр үед өвс авах гэж байна гэж мэдээгүй учраас дэвтрийн цаас аваад өгсөн. Тэгээд М ахиад тэр шарилж руу ороод өдөр авсан цүнхтэй юмнаас дахиж аваад бид 3 96 дугаар сургуулийн хашаанд очоод Мгийн авсан зүйлийг хэрэглэж дуусгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 151 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч Ч.Нын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр А над руу яриад “ангийнхан уулзах гэж байна хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд гэрээсээ гараад Атай ярихад “ангийнхан уулзахаа больсон, чи гэрээсээ гарсан юм чинь ганц нэг пиво ууя” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа залгаад “нэг жижиг савтай ус, 2 “Чук Гек” гэх нэртэй чихэр аваад ир гэсэн. Тэгээд би автобуснаас буугаад түцнээс захисан юмыг нь аваад Атай ярихад 96 дугаар сургуулийн урд байна, хүрээд ир гэсэн. Би очоод пивоноос уугаад сууж байхад М, А хоёр хоорондоо юм ярьж байгаад намайг дагуулаад “Марс” зочид буудал руу яваад М шарилж дундаас гялгар ууттай зүйл гаргаж ирээд А цүнхнээсээ цаас гаргаж өгсөн. Тухайн цаасанд М гаргаж ирсэн зүйлээсээ 2 хэсгийг боож аваад надад 1 ширхэг цаастайгаа цүнхэндээ хийчих гэж өгсөн. Тэгээд бид 3 буцаад 96 дугаар сургуулийн хашаанд орсон. М надаас цэвэр усыг аваад ууж дуусгаад татаж байсан тамхины цогоор савыг цоолсон. Тэгээд надаас задгай мөнгө байна уу гээд 100 төгрөг авсан. Намайг пиво уугаад сууж байхад М өөрт байсан цаастай юмыг гаргаж ирээд дамжуулаад хэрэглэж дуусгасан. А, М хоёрын авсан зүйлийг мансууруулах бодис гэдгийг хэрэглэхийн өмнө мэдсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 161 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...А бид хоёр 96 дугаар сургууль дээр очоод пиво уугаад байж байхад А одоо манай найз ирж байгаа гээд Н ирсэн. Ныг ирсний дараа А надад хандаж “нөгөө юмнаас очиж авъя” гээд бид 3 “Марс” зочид буудал ороод А цүнхтэй өвснөөс 2 хэсэг дэвтрийн цаасанд боож аваад нэгийг нь өөрөө аваад нэгийг нь Нод цүнхэндээ хийчих гээд өгсөн. Тэгээд буцаад 96 дугаар сургууль руу очоод Аын авсан өвсийг хэрэглэж дуусгаад пиво уугаад байж байтал цагдаа нар ирсэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 197 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгч Ч.Нын сургуулийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 50 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 51 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 53 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 54 дүгээр хуудас/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 167-190 дүгээр хуудас/.

         Шүүгдэгч Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 64 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 68 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 69 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 116-123, 2 дугаар хавтас 29-32 дугаар хуудас/

         Шүүгдэгч А.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 84 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 85 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 87 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

            Шүүгдэгч Б.М, А.А, Ч.Н нар нь хамтран оролцох хэлбэрээр 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Марс” зочид буудлын хашаанд М.Бын хадгалж байсан “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай 18.8 грамм цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

           Мөн өдөр “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын  конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай 18.8 грамм цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн хашаанд Ч.Нын цүнхэнд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтүүд, мэдүүлэг, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чА, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хорт үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.  

 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг хэлнэ гэж тодорхойлсон.

 Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үзнэ.

         Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

         Шүүгдэгч нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах үйлдлийн хувьд тухайн бодисыг өөрийн эзэмшил, хяналтад байлгасан үйлдлийг ойлгох ба харин “хаана, юунд нуусан” эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

          Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Ц.Баяртогтох “...М нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч яваагүй, хадгалаагүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.А, Б.М нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, харин шүүгдэгч Ч.Н нь шүүгдэгч А.А, Б.М нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Тиймээс шүүгдэгч Б.М, А.А, Ч.Н нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

            Тус гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нод 1жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.Мд 2 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч А.Ат 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Ц.Баяртогтох “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Аын өмгөөлөгч Д.Амаржаргал “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” “ гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ч.Нын өмгөөлөгч Г.Сүхээ “...Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал буюу заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутайд тооцогдсон Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах ба нийгэмд хорт үр дагавар, олон нийтийг хамарч цаашид тархах магадлал ихтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодист дадал болсон хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хор уршиг оршдог тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зохимжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

           Шүүгдэгч Ч.Н, Б.М, А.А нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүхээс шүүгдэгч Б.М, А.А, Ч.Н нарыг хамтран оролцох хэлбэрээр, үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба ба нийгмийн аюулын шинж чА ихтэй гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, бусад хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд шүүгдэгч Б.М, А.А нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан түүнд 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Мгийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.   

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа NZ4891797 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлж,

№1 гэж дугаарласан хуванцар савтай шингэн зүйл, №1 гэж дугаарласан 18.8 грамм цэвэр жинтэй өвс мэт зүйл зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

           Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Н, А.А нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

   шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.М, А.А, Айраг Ч.Н нарыг хамтран оролцох хэлбэрээр, үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, хадгалсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ныг 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар,

           Шүүгдэгч А.А, Б.М нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Б.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон  9 /ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа NZ4891797 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлж,

№1 гэж дугаарласан хуванцар савтай шингэн зүйл, №1 гэж дугаарласан 18.8 грамм цэвэр жинтэй өвс мэт зүйл зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Н, А.А нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Нод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

           шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч А.А, Б.М нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.А, Б.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО