Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/02636

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: АЭ ХХК

Хариуцагч: СА ХХК

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болон алданги 38643680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Б

                             нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “АЭ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “АЭ” ХХК нь 2017 оны 06 дүгээр сарын 07-ны өдөр “СА” ХХК-тай Бэлтгэн нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийт 34612700 төгрөгийг бараа худалдан авч өнөөдрийн байдлаар 33603200 төгрөгийг төлөөгүй байна. Энэхүү гэрээгээр манай компани худалдан авагчийн шаардсан олон улсын стандартад нийцсэн, техникийн үзүүлэлтийг бүрэн хангах, чанарын баталгаатай тос, тосолгооны материалыг худалдсан хэдий ч “СА” ХХК нь гэрээнд зааснаар барааг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор төлбөр төлөх үүргээ өнөөг хүртэл гүйцэтгээгүй байна. Гэрээний 3 дугаар зүйлд зааснаар худалдан авагч нь төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул 2017 оны 12 сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх 150 хоногт алданги тооцож 5040480 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд гэрээний төлбөр болох 33603200 төгрөг, төлбөрийн үүргээ хугацаандаа төлөөгүй алдангид 5040480 төгрөг нийт 38643680 төгрөгийг “СА” ХХК-аас нэхэмжилж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал өөрсдөө ирээд эвлэрэх талаар ярилцсан бол мөнгөн дүн дээрээ ярилцаж тохиролцох боломжтой байсан. Гэвч хариуцагч тал шүүх хуралдаанд ирээгүй учраас хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. “АЭ” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “СА” ХХК-тай Бэлтгэн нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 34612700 төгрөгийн бараа худалдан авч өнөөдрийн байдлаар 33603200 төгрөгийг төлөөгүй. Энэхүү гэрээгээр манай компани худалдан авагчийн шаардсан олон улсын стандартад нийцсэн, текникийн үзүүлэлтийг бүрэн хангах, чанарын баталгаатай тос, тосолгооны материалыг худалдсан хэдий ч “СА” ХХК нь гэрээнд зааснаар барааг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор төлбөр төлөх үүргээ өнөөг хүртэл гүйцэтгээгүй байна. Гэрээний 3 дугаар зүйлд зааснаар худалдан авагч нь төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 150 хоногт алданги тооцож, 5040480 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд гэрээний төлбөр болох 33 603 200 төгрөг, төлбөрийн үүргээ хугацаандаа төлөөгүй алдангид 5 040 480 төгрөг, нийт 38 643 680 төгрөгийг “СА” ХХК-иас нэхэмжилж байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

1. Нэхэмжлэгч “АЭ” ХХК нь хариуцагч “СА” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 33603200 төгрөг, алданги 5040480 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “Бэлтгэн нийлүүлэх замаар худалдах, худалдан авах” гэрээ бичгээр хийгдэж, талууд гарын үсэг зурсан байна. Уг гэрээгээр худалдагч “АЭ” ХХК тос тосолгооны материал нийлүүлэх, худалдан авагч “СА” ХХК үнийг барааг хүлээн авснаас хойш дараа сарын 25-нд тооцоо нийлж төлөх үүргийг хүлээж, талууд үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож алданги төлөхөөр тохирчээ. Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилждэг бол ердийн худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрх эрхийг шилжүүлэх нь худалдагчийн үндсэн үүрэг байдаг. Иймд  талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Уг гэрээний дагуу худалдагч тал 33603200 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж, худалдан авагч үнийг төлөөгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, “СА” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17/002/50 тоот албан бичгээр тогтоогдож байх тул хариуцагч худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 33603200 төгрөг төлөх үүрэгтэй байна. Хариуцагч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон хэмжээгээр алданги шаардах эрхтэй ба алдангийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тооцсон нь үндэслэлтэй байна. Үүргээ гүйцэтгээгүй хожимдуулсан хугацааг 150 хоногоор тооцож алданги нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй, үүргийн гүйцэтгэлийн 50 хувиас хэтрээгүй тул алдангид 5040480 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Эд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гадна, хуульд заасан журмын дагуу шүүх хуралдаанд ирж тайлбар өгөөгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “СА” ХХК-иас 38643680 /гучин найман сая зургаан зуун дөчин гурван мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АЭ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “СА” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 351200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АЭ” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА