Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/689

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч А.Ариунаа,

хохирогч Ш.Бгийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, О.Б /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч О.Б нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Шинэ эцсийн буудлын баруун замд “Toyota Chaser” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч Ш.Бг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

         Шүүгдэгч О.Б нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Шинэ эцсийн буудлын баруун замд “Toyota Chaser” маркийн “***” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч Ш.Бг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 1 дүгээр хавтас 6-10 дугаар хуудас/,

         Хохирогч Ш.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хархорин захын автобусны буудлаас автобусанд суугаад Зурагтын шинэ эцэс дээр буугаад явган хүний гарцаар гарч явснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. ...Жолоочийн зүгээс намайг гэмтлийн эмнэлэгт хэвтэх үеийн бүх зардлуудыг төлсөн. Хохирлоо барагдуулаад авчихвал гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13, 15 дугаар хуудас/,

         Гэрч П.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 22 цаг өнгөрч байхад манай хүү Б над руу залгаад “хүн дайрчихлаа” гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би “миний хүү түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөрэй” гээд осол болсон гэх газар луу явж байхад эргэж залгаад “түргэн ирчихлээ, би мөргүүлсэн хүнтэй хамт эмнэлэг рүү явлаа” гэхээр нь би гэмтлийн эмнэлэг рүү очиход мөргүүлсэн гэх хүн толгойдоо боолт хийлгэсэн байдалтай байсан. Эмчтэй нь уулзахад томографийн зураг авхуулах шаардлагатай гэхээр нь “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү очоод зургийг нь авхуулсан ба хариу нь маргааш өглөө гарна гэж хэлэхээр нь замын цагдаагийн газар луу явж уулзах гээд явж байхад Б гуай машинаас буугаад зугтаасан. Тэгэхээр нь нөгөө ахыг очиж барьж аваад “ар гэрийнхэнтэйгээ холбогдох утас байна уу” гэхэд өгөхгүй байхаар нь гэртээ аваачиж хонуулсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагт “Мөнгөн гүүр” эмнэлэгт очиж томографийн хариуг нь аваад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд “гавал яс цууралттай байна, хэвтэхгүй бол болохгүй” гээд хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч Ж.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Б нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж, үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн, мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд амбулаторийн үзлэг хийлгэсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.549.650 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 04/3715 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч О.Боос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №8649 дугаартай шинжээчийн:

  1. Ш.Бгийн биед баруун чамархай ясны хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн хуйханд цус хуралт гэмтэл учирчээ.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 26-28 дугаар хуудас/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

  1. Уг тээврийн хэрэгсэл дуут дохио ажиллахгүй, хойд ухрах арааны баруун, зүүн гэрэл асахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -21.6 мм, баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, баруун талын арыг харах толь хугарсан, иж бүрдэл /галын хор, эмийн сан, ослын гурвалжин/ байхгүй байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
  2. Дуут дохио ажиллахгүй, хойд ухрах арааны баруун, зүүн гэрэл асахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -21.6 мм, баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, баруун талын арыг харах толь хугарсан байна.
  3. Учирсан эвдрэл гэмтлүүд нь шинэ, хуучин аль нь болох эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.
  4. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS бүхий тоормосны системтэй ба техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд, хойд тэнхлэгийн дугуйн тоормосууд стандартын шаардлага хангаж байна...” гэх дүгнэлт /хэргийн 34-40 дүгээр хуудас/,

            2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн:

  1. “Toyota Chaser” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Ш.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хэргийн 49 дүгээр хуудас/,

         Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 04/3715 дугаартай “Хохирогч Ш.Бгийн эрүүл мэндийн даатгалын сангаас  хөнгөлөлт, тусламж үйлчилгээ авсан тухай” албан бичиг /хэргийн 109-110, 117 дугаар хуудас/,

         Шүүгдэгч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би мөргүүлсэн гэх явган зорчигчийг зам хөндлөн гарч байхад нь зогсож гаргачхаад хөдөлсөн чинь тэр хүний араас зам хөндлөн гарах гэж байсан 2 хүн машины урдуур гүйхээр нь сандраад баруун гар тийш огцом жолоогоо дарсан чинь нөгөө хүн согтуу байсан учраас буцаж хөл алдаж хойшилж таараад миний машины баруун талын толинд шүргэгдэж унасан. Ингээд би бууж очоод түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 59-60  дугаар  хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 65 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 66 дугаар хуудас/, жолооны үнэмлэхийн лавлагаа /хэргийн 67 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 70 дугаар хуудас/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хэргийн 72-73 дугаар хуудас/, өвчний түүх /хэргийн 74-82 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 92 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

            Шүүгдэгч О.Б нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Шинэ эцсийн буудлын баруун замд “Toyota Chaser” маркийн “***” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч Ш.Бг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт, жолоодох эрхийн лавлагаа, мөрдөгчийн магадлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

          Харин “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг /давхар объекттой/  гэмт хэрэг байх ба шүүгдэгч О.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.    

          Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

        Шүүгдэгч О.Б болон түүний өмгөөлөгч Г.Анхбаяр нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч О.Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус тодорхойлсон ба мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн хор уршигтай холбоотойгоор нийт 2.850.392 төгрөгийг нэхэмжилсэн ба баримтаар тогтоогдсон хохирогчийн эмчилгээнд зарцуулсан эм, тарианы төлбөр болох 1.525.372 төгрөгийг гэмт хэргийн шууд /бодит/ хор уршигт хамаарах зардалд тооцогдоно гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 1.525.672 төгрөгийг гэмт хэргийн хохирол, хор уршигт нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Боос 3.549.650 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Энхжаргал /Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

            Хохирогч өөрт учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах бусад зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч О.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр “ ...тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч О.Бын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй.

            Шүүхээс шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал /хөдөлмөрийн чадвараа 70% алдсан/, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгч О.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Бод “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

         Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц №1125726 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Бод оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Б нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1125726 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Боос 3.549.650 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Энхжаргал /Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/-т олгосугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах бусад зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЗОЛБОО