Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 339

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс

Согтуурах донтой этгээд Налайх дүүргийн 2 дүгээр хороо Тайж 14-05 тоотод оршин суух, Боржигон Энхтайваны Очирбат /РД:УЕ83070219/-ыг  

Албадан эмчилгээ, албадан сургалт, албадан хөдөлмөрт хамруулах тухай хүсэлтийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах дэслэгч Ц.Мягмартуяа, согтуурах донтой этгээд Э.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмартуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Очирбат нь 2018 он гарснаас хойш 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, 2018 оны 4 дугээр сарын 11-ний өдөр, 2018 оны 8 дугаар сарын 22-ний өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд нийт 5 удаа эрүүлжүүлэгдсэн. Э.Очирбат нь байнга архидан согтуурч ар гэртээ агсам тавьдаг, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэсэн зөрчлөөр эрүүлжүүлэгдэж байсан. Энэ нь эхнэр н.Баярмаагийн мэдүүлэг, мөн эрүүлжүүлэх байрны нэгдсэн бүртгэл, Цагдаагийн байрны нэгдсэн сангийн бүртгэлээр нотлогдож байгаа. Мөн Э.Очирбат нь эмнэлэгийн дүгнэлтээр согтуурах, мансуурах өвчний 3 дугаар зэрэгтэй болох тогтоогдсон учир Э.Очирбатыг архины албадан эмчилгээнд явуулахаар хүсэлт гаргасан. Э.Очирбатын эхнэр н.Баярмаа мэдүүлэхдээ “Э.Очирбат бид хоёр тусдаа амьдраад 5 сар гаруй хугацаа өнгөрч байгаа. Архи уухаараа л элдэв янзын ааш зан гаргадаг бөгөөд хамт амьдрах сонирхол байхгүй. Мөн албан ёсоор салах тухай шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг төлөх боломжгүй байдаг. Э.Очирбатын тус нэмэр байдаггүй” гэсэн зүйлийг ярьсан гэв.

Согтуурах донтой этгээд Э.Очирбат шүүхэд болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Би өөрийн гэм бурууг ойлгож байна. Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр, хүүхдээ тэжээж ажил хөдөлмөр эрхэлдэг. Манайх банкны зээл сар болгон төлдөг болохоор эмчилгээнд явбал банкны барьцаанд байгаа хашаа, байшин хураагдах болно. Манай хадам аав 2017 оны 5 дугаар сард харваад хөлөө тайруулчихсан болохоор манай ар гэрийг харж хандах хүн байхгүй. Би Налайх дүүрэгт “Эрдэнийн хөгжил” гэх Хятадын уурхайд ажилладаг. Тиймээс намайг ганц удаа харж үзээд эмчилгээнд явуулахгүй байх арга хэмжээ авч өгнө үү. Би дахин ийм үйлдэл гаргахгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс Э.Очирбатыг албадан эмчилгээ, албадан сургалт, албадан хөдөлмөрт хамруулах тухай хүсэлт гаргасан.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-т “сум, бага, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллага нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан өвтэй этгээдэд холбогдох дор дурдсан материалыг бүрдүүлж шүүхэд өгнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс нь тухайн зохих байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлтийг үндэслэн согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчилгээ, албадан сургалтанд хамруулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

Гуравдагч этгээд Э.Очирбат согтуурах донтой болох нь 2018 оны  9 дүгээр сарын 04-ний өдрийн зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт, саатуулагдсан хүнийг байрнаас гаргасан бүртгэл, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлүүд, Цагдаагийн нэгдсэн сангийн баримтууд, Э.Очирбатын иргэний мэдээллийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймд согтуурах донтой этгээд Э.Очирбатыг архины албадан эмчилгээ, албадан сургалтанд хамруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст согтуурах донтой этгээд Э.Очирбатыг Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар хүргэхийг даалгав.

Харин согтуурах донтой этгээд Э.Очирбатыг эмчлүүлж байх хугацаанд хөдөлмөрийн чадвартай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.-т “…Насанд хүрээгүй, эсхүл 60-аас дээш настай эрэгтэй, 55-аас дээш настай эмэгтэй, 16 насанд хүрээгүй хүмүүс түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг албадан хөдөлмөрлүүлэхийг хориглоно” гэж, энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т “...Эмчлүүлэгч этгээдийг дараахь тохиолдолд ажиллуулахыг хориглоно. Хүнд, хортой нөхцөл, тусгай мэргэжил шаардагдах ажил, эмчилгээнд шууд харшлах нөхцөл” гэж  зааснаар албадан хөдөлмөрлүүлэхийг хориглосон үндэслэл байхгүй байгаа тохиолдолд Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь эмчилгээ үйлчилгээний зардлыг өөрөөр нь нөхөн төлүүлэх зорилгоор шүүхийн шийдвэрийн дагуу албадан хөдөлмөрлүүлж болохыг дурдах нь зүйтэй.

Согтуурах донтой этгээд Э.Очирбатын албадан эмчилгээний хугацааг эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 6 дугаар зүйлийн 6.3.-т зааснаар Боржигон Энхтайваны Очирбат /РД:УЕ83070219/-ыг албадан эмчилгээнд явуулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Согтуурах мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д зааснаар Боржигон Энхтайваны Очирбат /РД:УЕ83070219/-ыг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, тухайн өвчтэй этгээд нь Согтуурах мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.-т зааснаар шүүхийн шийдвэрийг гарсан өдрөөс хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор тус тус давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.

 

                                       ДАРГАЛАГЧ                                 Н.БАЯРСҮРЭН