Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

 

 

 

 

 

 

 

   2022            08            26 

                    2022/ШЦТ/126

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч А.Д,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч А.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2213000000173 дугаартай, шүүгдэгч Б ахтай овогт Акийн И-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оюутан, ам бүл-5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Аийн И, регистрийн дугаар БЮ02251211.

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.И нь 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Кийн 76-53 БӨТ улсын дугаартай Тоёота корса маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байхдаа түүний Хаан банкны 5194029442 дугаартай дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 49 минутад 300,000 төгрөг, 14 цаг 53 минутад 13,000 төгрөг, 15 цаг 04 минутад 2,500 төгрөг, 15 цаг 05 минутад 4,950 төгрөг, 2,500 төгрөгийг тус тус зарлагадан гарган авч, нийт 322,950 төгрөгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

1.1 Улсын яллагч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.

1.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ашүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан.” гэв.

1.3. Шүүгдэгч А.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

            2. Эрүүгийн 2213000000173 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

            2.1. Иргэн Р.К-эс 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 30 минутад гаргасан “...Миний алга болгосон Хаан банкны 5194029442 тоот дансны виза картаас 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 49 минутад 322,950 төгрөгийн зарлага хийгдсэн...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

            2.2. Хаан банкны харилцагч Р.К-ийн 5194029442 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 04 дэх тал/,

            2.3. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-08 дахь тал/, мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23, 29-30, 33 дахь тал/,

            2.5. Шүүгдэгч А.Иын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэргийг,

 

            2.6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс:

            2.6.1 Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлээд сайн дураараа хүлээн зөвшөөрсөн учраас гэм буруугийн талаар гаргах тайлбар байхгүй болно. Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үздэг. Шүүгдэгч А.И нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокуророос уг хүсэлтийг хүлээн авч шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгохоор тохиролцсон. Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирлыг бүрэн төлж өгсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон. Иймд шүүхээс шүүгдэгчид улсын яллагчийн санал болгосон 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэсэн дүгнэлттэй байна зэрэг нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

            3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Ид холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

3.3. Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

4 Хэргийн үйл баримт:

4.1. Шүүгдэгч А.И нь 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Кийн 76-53 БӨТ улсын дугаартай Тоёота корса маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байхдаа түүний Хаан банкны 5194029442 дугаартай дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 49 минутад 300,000 төгрөг, 14 цаг 53 минутад 13,000 төгрөг, 15 цаг 04 минутад 2,500 төгрөг, 15 цаг 05 минутад 4,950 төгрөг, 2,500 төгрөгийг тус тус зарлагадан гарган авч, нийт 322,950 төгрөгийг хулгайлсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

4.1.1. Иргэн Р.Кээс 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 30 минутад гаргасан “...Миний алга болгосон Хаан банкны 5194029442 тоот дансны виза картаас 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 49 минутад 322,950 төгрөгийн зарлага хийгдсэн...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

            4.1.2. Хаан банкны харилцагч Р.Кийн 5194029442 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 04 дэх тал/,

            4.1.3. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-08 дахь тал/,

            4.1.4. Хохирогч Р.Кийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 00 цагийн орчимд Өлгий сумын 4 дүгээр багт Тэс шатахуун түгээх станцын ойролцоо уулын бэлд миний эзэмшлийн 76-53 БӨТ улсын дугаартай “Toyota corsa” загварын тээврийн хэрэгсэлд найз болох Исламтай уулзаж байх үед миний Хаан банкны ногоон өнгийн виза карт миний гар утасны гэрний ард хэсэгт байсан. Тэгээд 02 цагийн үед миний Хаан банкны карт алга болсон байсан ба би тухайн үед карт алга болсон талаар Исламд хэлэхэд хамт хайх талаар хэлээд бид 2 хамт миний “Toyota corsa” загварын тээврийн хэрэгсэл дотор хайсан. Тэгээд олдохгүй байхаар нь би Исламд чи миний Хаан банкны картыг авсан юм биш үү гэж хэлэх үед Ислам би ажилтай болчихлоо явлаа гэж хэлээд нэг машинд суугаад зугтах шахуу явсан. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн орчимд миний Хаан банкны 5194029442 тоот данснаас 300,000 /гурван зуун мянга/-н төгрөг 1 удаа, 13,000 /арван гурван мянга/-н төгрөг 1 удаа гарсан талаар миний гар утсанд мэдэгдэл ирэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан..., ...нууц үгийг Ислам мэднэ, хэд хэдэн удаа бензин авч байсан...”, “...надад учирсан хохирол болох 322,950 төгрөгийг бүгдийг нь бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23, 29-30, 33 дахь тал/,

            4.1.5. Шүүгдэгч А.Иын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, тогтоолыг зөвшөөр байна..., ...Би өөрийн зүс таньдаг Р.К гэх эмэгтэйтэй 2022 оны 7 дугаар сарын 08-ны шөнийн 00 цагийн үед Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тэс ШТС-ийн хажууд түүний 76-53 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хамт сууж байгаад буухдаа түүний хаан банкны ногоон өнгийн виза картыг аваад явах гэж байхад тэрээр надаас миний виза карт байна уу? чи харсан уу? гэхээр нь би аваагүй хараагүй гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд түүний виза картаас 2022 оны 7 сарын сарын 09-ний өдрийн 14 цаг 49 минутанд 300,000 төгрөгийг өөрийн 5180808912 тоот данс руу шилжүүлсэн тэгээд дараа нь 14 цаг 53 минутанд 13,000 төгрөг, 15 цаг 04 минутанд 2,500 төгрөг, 15 цаг 05 минутанд 4,950 төгрөг, мөн 2,500 төгрөгийг дэлгүүрээс гүйлгээ хийхдээ уншуулсан юм. Би нийтдээ Р.Кийн данснаас 322,950 төгрөгийг төгрөгийг ашигласан хэрэг хийсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч А.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

 

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

5.3. Шүүгдэгч А.И нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

5.4. Шүүгдэгч А.Иын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж бусдын виза картыг хулгайлж, Р.Кд 322,950 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул тэднийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Серикболд учирсан хохирлыг биет байдлаар буцааж хүлээлгэж өгсөн нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүгдэгч А.И нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

2.3. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

2.4. Шүүгдэгч А.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2.5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай саналыг А.Ид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

2.7. Шүүгдэгч А.И нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 67 дахь тал/ тогтоогдож байна.  

2.8. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэв.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ид Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

2.10. Шүүгдэгч А.И нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг дурдах нь зүйтэй.

2.11. Шүүгдэгч А.Ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Аийн И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Иыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.И нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч А.И нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч А.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний 

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           А.Д