| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2022/0128Э |
| Дугаар | 2022/ШЦТ/124 |
| Огноо | 2022-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/124
| 2022/ШЦТ/124 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д,
Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Дээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Молхы гайв овогт Хасымбайгийн Дэд холбогдох эрүүгийн 2213001680178 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс Казак, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар БЮ70082414, Молхы гайв овогт Хасымбайгийн Д.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Д нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Дйн гэрт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд хохирогч Т.Атэй машины запас дугуй замдаа үлдээчихсэнгүй гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1.1. Улсын яллагч А.Дээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
1.2. Шүүгдэгч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213001680178 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
2.1. Иргэн Т.Аэс 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 22 цаг 34 минутад гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.2. Хохирогч Т.Айн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-17, 31-33, 36 дахь тал/,
2.3. Гэрч А.Дкелийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-44 дэх тал/,
2.5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 469 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
2.6. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 472 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,
2.7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 470 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
2.8. Шүүгдэгч Х.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 164, 166 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Х.Дээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
3.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Дэд холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3.3. Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
4.1. Шүүгдэгч Х.Д нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Дйн гэрт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд хохирогч Т.Атэй машины запас дугуй замдаа үлдээчихсэнгүй гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
4.1.1. Иргэн Т.Аэс 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 22 цаг 34 минутад гаргасан “...намайг үл таних хүн ирж зодон эрх чөлөөнд минь халдаж байна...” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
4.1.2. Хохирогч Т.Айн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би гэртээ сууж байхад ганц тэр Д гэдэг эрэгтэй ганцаараа гаднаас орж ирсэн. Орж ирээд “чи муу дугуйг замдаа яагаад үлдээгээд явдаггүй юм бэ? май 20,000 төгрөг чи надад 5.000 төгрөг хариулж өгөөрэй” гэж шууд хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Тэгэхэд би “би замдаа 1 дүгээр багийн төвд очсон очиход хүн байхгүй жоохон хүүхдүүд байсан тул сумын төвөөс ирж аваарай гэж хэлээд явсан” гэж хэлээд байрнаасаа босоод өмдний халаасанд байсан хэтэвчээ гаргаж ирээд 5,000 төгрөгийг хариулах гэж байхад тэр Д гэдэг эрэгтэй намайг шууд заамдаж аваад, хананд шахаж миний зүүн талын нүд рүү цохисон...”, “...Надад энэ хэргийн улмаас нийтдээ 460,000 төгрөгийн хохирол учирсан. 250,000 төгрөгөөр эм, тариа авсан, 2 удаа аймаг руу ирж буцахдаа хийсэн бензиний үнийг тооцож дээрх зардал гарсан. Аймаг руу нэг удаа ирж буцахад 100,000 төгрөгийн бензин хийдэг юм. Би өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулж бэлнээр 460,000 төгрөгийг хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-17, 31-33, 36 дахь тал/,
4.1.3. Гэрч А.Дкелийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би анх гэрт орж ирэхэд дугуйны эзэн гэх Д байшин дотор миний аав болох Т.Айг заамдаж боогоод нүүр лүү нь цохиж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
4.1.4. Гэрч Е.Ахнурын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...дугуй авах гэж ирсэн эрэгтэй хадам аавыг заамдаж хананд шахаж нүүр хэсэг рүү нь цохиж зодсон болохоор нь би байшингийн цонхыг онгойлгож гадаа байсан нөхрөө дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-44 дэх тал/,
4.1.5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 469 дугаартай “...А.Дкелийн биед үүссэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
4.1.6. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 472 дугаартай “...Х.Дийн биед үүссэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,
4.1.7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 470 дугаартай “...Иргэн Т.Айн биед тархины доргилт, зүүн нүд битүү хавдартай, нүдний салстад цус хуралттай, зүүн нүдний дээд ба доод зовхинд цус хуралттай, зүүн хацарт хавдартай, баруун тохойд хавантай гэмтлүүд тогтоогдлоо. Т.Айн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй....” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
4.1.8. Шүүгдэгч Х.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..., ...Тухайн орой Хар нуураас 1 адуу гаргаад махыг нь ачаад буцахдаа 1 дүгээр багийн төвд С.Жанарбекийн гэрт ирээд дугуй асуухад тэднийд үлдээгээгүй байсан. Тэгэхээр нь би С.Жанарбекийн дагуулаад Алтай сумын төвд ороод дугуйгаа авах гээд Айн гэрт очиход хүү А.Дкелийн гэрт байгаа гэхээр нь тэнд очиход хүү нь болох А.Дкел надад миний дугуйг өгсөн. Тэгэхээр нь би түүнд ачааны мөнгө гээд 20,000 төгрөг өгөхөд тэрээр надад хариулах мөнгө байхгүй та гэрт ороод ааваас хариулт 5,000 төгрөгөө авчих гэхээр нь тэдний гэр рүү ганцаараа орсон. Тэгээд би Ад чи одоо дугуйг багийн төв дээр үлдээчихгүй би мөнгийг нь өгч л таарна шүүдээ гэхэд тэрээр надад уурлаад босоод ирсэн. Тэгэхээр нь би түүнийг намайг зодох гэж байгаа юм байна гэж бодоод хоёр гарыг нь барьж байхад гаднаас А.Дкел орж ирээд миний зүүн талын чамархай хэсэгт 2 удаа цохиход нүдний шил маань унасан. Тэгээд би уурлаад Айн нүүр лүү баруун гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд би шоконд ороод байж байхад гаднаас С.Жанарбек орж ирээд наад хүн чинь саяхан толгойндоо хагалгаанд орсон хүн гээд биднийг салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 164, 166 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
5.3. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Х.Д нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
5.4. Шүүгдэгч Х.Дийн үйлдлийн улмаас хохирогч Т.Айн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5.5. Шүүгдэгч Х.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.
5.6. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
6.1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
6.2. Шүүгдэгч Х.Дийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Айн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч “...460.000 төгрөгийг бэлнээр барагдуулж авсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх баталгаа /хавтаст хэргийн 184 дэх тал/ гаргаж өгсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1. Шүүгдэгч Х.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
2.3. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Дэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
2.4. Шүүгдэгч Х.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2.6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг Х.Дэд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
2.8. Шүүгдэгч Х.Дийн түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600.000 төгрөгтэй тэнцэх юм.
2.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дэд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
2.11. Шүүгдэгч Х.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
2.12. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч Х.Д нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
2.13. Шүүгдэгч Х.Дэд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Х-йн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Дийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дэд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Х.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Дэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д