Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч С.Цэрэндалай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баян-Уул сумын  харъяат, 1970 оны 01 сарын 07-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой,  ой зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн  Замын Үүд сумын Сүлд баг, Хөгжлийн 157-01 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа шинээр баригдаж буй авто вокзалын харуул ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Цэргийн шүүхээр 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Боржигон овогт Цэндэмийн Батболдод /РД: ЖЯ 700710771/ холбогдох эрүүгийн 201610010175 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч  Ц.Батболд нь  согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутагт иргэн Г.Чинбаатарын эзэмшлийн Тоёота Приус 20 маркын тээврийн хэрэгслийн салхины урд шилийг тоосгоор цохиж хагалан бусдын эд зүйлийг санаатай устгасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч  Ц.Батболд нь  согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутагт байрлах авто вокзалын хашаанд Баярбаатар, Чинбаатар, Баярцэцэг, Номин-Эрдэнэ нарыг чөлөөт цагаа өнгөрүүлж байх үед нь “ хулгай хийх гээд байна уу, машиныг чинь явуулахгүй шүү” гэх мэтчилэн хувийн таарамжгүй байдал үүсгэн улмаар хохирогч Г.Чинбаатарын эзэмшлийн 76-17 УБК улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг тоосгоор цохиж хагалан бусдын эд зүйлийг санаатай устгаж, 220,000 төгрөгийн хохирол учруулсан  байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг санаатай устгах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт  гэм буруутай болох нь тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.Батболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн " 2016 оны 08-р сарын 19-ны өдрийн өглөө үүрээр манай тэнд хулгай гарсан юм. Тэгээд тэр өдөр манай нэг найз урдаас ирээд хоол унд идээд бид 2 нэг шил архи уусан. Манай найз өглөө хот руу гарах байсан учраас архинаас их уугаагүй, ер нь би уусан юм.  Тэгээд шөнө унтаж байтал 03 цагийн орчимд хүмүүс чанга яриад байхаар нь  гарч очоод тухайн үед унтаж амармаар гэж  шаардлага тавьсан. Хүн унтуулж амраахгүй байна гэж хэлсэн. Тухайн үед хажуу талаас чулуу орж ирсэн тэр чулуунд оногдсон бол би толгойгоо хагалах байсан. Тэгээд би гэртээ очоод байж байсан чинь цагдаа ирээд намайг баривчлаад аваад явсан. Би архи уусан байсан, бас миний уур хүрэхээр сэтгэлийн хөөрөлд автаад нүд тагларчихдаг юм, хажууд байсан хүмүүс бүгд намайг тэр машины цонхыг хагалсан гэж гэрчилсэн. Яг үнэнийг хэлэхэд би өөрийгөө яаснаа сайн мэдэхгүй байгаа юм. Энэ үйлдэл миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү. Хохирогчид хохирлын мөнгө болох 220,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, гомдол, саналгүй гэснээ бичиж өгсөнийг шүүхэд өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг,

Тээврийн хэрэгсэл болон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд  /хх-ийн 4-5/

Хохирогч Г.Чинбаатарын мөрдөн байцаалтад өгсөн "...2016 оны 08 дугаар сарын 19-ний 15 цагийн орчим найз Байгаль, Баярцэцэг, Энх-Оргил нарын хамт өөрийн 76-17 УБК улсын дугаартай Тоёота Приус 20 маркын автомашинтай Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй автовокзалын хашаанд сахиул хийдэг Баярбаатарын гэрт очсон. Тухайн үед Баярбаатар гэрийнхээ гадаа цахилгааны утас татах гээд нүх ухах гээд завгүй байхаар нь орой ирье гэж хэлээд 20 цагийн үед гэрт нь очсон. Тэгээд эмэгтэй хоёр найзыгаа Баярбаатарын гэрт үлдээгээд Энх-Оргил Баярбаатар бид гурав овоот дэлгүүрээс нэг литрийн алтан чингис архи, 2 том пиво зээлээр худалдаж аваад шөнийн 02 цаг хүртэл Баярбаатарын гэрийн гадаа юм ярингаа ууж суусан. Тэгсэн Баярбаатартай хамт ажилладаг Батболд гэх ах согтуу бид нар дээр ирээд “муу сайн хулгайч нараа юу хийж байгаа юм, хулгай хийгээд байгаа юм уу” гээд орилоод байсан. Би тэр ахыг огт танихгүй учраас нэг их тоолгүй найзуудтайгаа яриагаа үргэлжлүүлээд сууж байтал Баярбаатартай маргалдах гээд байсан. Баярбаатар тэр ахтай юм ярьж байгаад бид нар дээр ирэхдээ “саяны ах бид нараас архи нэхээд байна” гэсэн ба бид нар хоорондоо ямар даварсан юм гэж үл тоосон байдалтай байсан. Гэтэл нөгөө ах бид нар буцаж ирээд “та нар энэ машинтайгаа хулгай хийх гээд байна уу, машиныг чинь явуулахгүй шүү, пизда минь” гээд Баярбаатартай ярьж байснаа миний машины урд талын салхины шилийг гартаа барьсан тоосгоор нэг удаа цохиж хагалсан. Тэнд байсан хүмүүс бүгд анхаарлаа Батболд ах руу хандуулаад “та яаж байгаа юм бэ” гэхэд “би лав хагалаагүй шүү нар өөрсдөө хагалсан шүү” гэж хэлээд гэрийн зүг явсан. Ингээд энэ талаар цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдсэн. Машины шил хагалах үед Батболд ахын эхнэр хажууд нь зогсож байсан бөгөөд “нөхрийгөө яах гээд байгаа юм бэ” гээд татах хооронд эхнэрийгээ түлхээд миний машины шилийг хагалсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/

Гэрч Т.Баярбаатарын мөрдөн байцаалтад өгсөн "2016 оны 08 сарын 20-ны өдөр манай найз Энх-Оргил Улаанбаатар хотоос ирээд өөрийн найзууд болох Чинбаатар Байгалмаа, Баярцэцэг, эхнэр Номин-Эрдэнэ нарын хамт гэрийн гадаа нэг шил 0,75 литрийн Соёрхол архи, 2,5 литрийн савлагаатай 2 ш пиво ууж суусан. Тэгээд удаагүй эхнэр маань хүүхдээ унтуулах гээд гэр рүү ороод гарах хооронд гэрийн үүдэнд ямааны толгой тавьчихсан байна байна гээд эхнэр буцаад ирсэн. Тэгээд би юун ямааны толгой юм бол гэж гайхаад гэрийнхээ үүдэнд очтол Батболд ах согтуу гэрийн цаанаас дуугүй бай хулгайч нараа гээд орилоод нүцгэн  гараад ирэхээр нь Батболд ахад хандаж “та харьж амраа, бид нар өнөөдөр найзуудтайгаа зүгээр сууж байхад та яагаад ингээд байгаа юм бэ гэртээ орж амар гэхэд тэгвэл надад архи өг” гэж хэлсэн. Хариуд нь “архи байхгүй одоо дуугүй орж амар “ гэтэл “та нар муу сайн хулгайч нар нийлж хулгайлсан юмныхаа мөнгөөр архи ууж байна” гээд агсам согтуу тавих гээд байхаар нь эхнэр нь ирээд Батболд ахыг дагуулаад гэрийнхээ зүг явсан. Тэгсэн Батболд ах гэртээ оролгүй урд талд амьдардаг сахиул Баяраа ахыг дуудаад хоорондоо юм яриад байхаар нь очтол Баяраа ах “Батболд намайг дуудаад байхаар нь ах нь гэрээсээ гараад ирлээ, та нарыг хулгай хийсэн гээд байна” гээд байхаар нь “харин сая найз нартайгаа зүгээр сууж байсан чинь ингээд байна” гээд салсан. Тэгээд найзууд дээрээ очиход Батболд ах Чинбаатарын 76-17 УБК улсын дугаартай Тоёото Приус 20 маркын автомашины хажууд зогссоноо “би энэ машиныг чинь явуулахгүй, та нар хулгай хийх гээд байна, шилийг чинь хагаллаа” гээд гартаа барьсан жижиг тоосгоор урд салхины шилийг нэг удаа цохиж хагалаад “та нар наад шилээ өөрсдөө хагалсан шүү, би лав энэ шилийг чинь хагалаагүй шүү” гээд гэрийнхээ зүг явсан. Тэгээд би энэ талаар цагдаагийн байгууллагад шууд утсаар мэдэгдсэн. Энэ үйл явдлаас болж бид нарын биед ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд зөвхөн Чинбаатарын машины шил хагарсан." гэсэн мэдүүлэг  /хх-ийн 21/

Гэрч Б.Номин-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 08 сарын 20-ны 19 цагийн орчим манай нөхрийн найзууд болох Энх-Оргил, Чинбаатар, Байгалмаа, Баярцэцэг нар  ирээд гэрийн гадаа нэг шил 0,75 литрийн Соёрхол архи, 2,5 литрийн 2 пиво хувааж уугаад ойр зуурын юм ярьсан. Тэгээд би хүүхдээ унтуулах гээд гэр рүү ороод гарах хооронд гэрийн үүдэнд ямааны толгой тавьчихсан байхаар нь нөхөртөө хэлээд гэрийнхэээ үүдэнд зогсож байсан чинь Батболд ах гэрийн цаанаас дотоожтойгоо гарч ирээд “муу хулгайч нар гээд хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр “та одоо болноо, харьж амар” гэсэн чинь “тэгвэл архи өг” гэхээр нь байхгүй гээд өгөөгүй. Үүний дараа Батболд ах гэртээ оролгүй урд талын сахиул Баяраа ахыг гэрээс нь дуудаад хоорондоо юм ярьж байснаа гэнэт бид нар дээр гүйж ирээд “наад хулгай хийдэг машиныг чинь явуулахгүй, шилийг чинь хагална” гээд орилсон чинь эхнэр нь боль гээд болиулах гэтэл Чинбаатарын машины урд талын салхины шилийг гартаа барьсан тоосгоны  хэлтэрхийгээр цохиж хагалсан. Бид нарын хувьд Батболд ах болон түүний эхнэртэй хүнлэг бус харьцсан асуудал байхгүй бөгөөд өөрөө эхэлж бид нарыг хэл амаар доромжлохоор нь өөдөөс нь хэрэлдсэн, тэрнээс нэг нэгнийгээ цохиж зодох үйлдэл хийгээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

Гэрч М.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... бид 1 литрийн Алтан чингис архи, 2,5 литрийн савалгаатай хоёр пивошөнийн 02 цаг хүртэл Баярбаатарын гэрийн гадаа хоорондоо юм ярингаа ууж суусан. Гэтэл нэг танихгүй согтуу дотоожтойгоо гарч ирээд бид нар руу орилж чарлаад “та нар муу сайн ямар даварцан хулгайч нар вэ, ямар жаргалтай юм”  гээд агсам согтуу тавих гээд байхаар нь Баярбаатар очиж уулзаад цаанаас нь эхнэр нь бололтой нэг эмэгтэй гарч ирээд нөхрийгөө хориод байсан. Бид нар ч тэр ахыг нэг их тоогоогүй удаан уулзаагүй найзуудтайгаа уулзаж байсан болохоор хоорондоо юм яриад инээлдээд машиныхаа ойролцоо сууж байтал нөгөө согтуу гартаа тоосго бариад машины хажууд ирэнгүүтээ “энэ машиныг чинь явуулахгүй, хөдөлвөл шилийг чинь хагална шүү” гэж хэлээд урд талын салхины шилийг шууд хагалчихсан. Ингээд бид нар та яаж байгаа юм бэ гэтэл надад буруу байхгүй надад хамаагүй  гэж хэлчихээд гэрийнхээ зүг явангаа тоосго шидсэн. Машины шил хагалдаг ах эхлээд бид нараас архи нэхээд байсан бөгөөд сүүлдээ хэрүүл маргаан хийгээд орилж чарлаад байсан. ...Миний бодлоор архи нэхээд өгөөгүй болохоор уурандаа хагалсан болов уу гэж бодож байна. Тэрнээс машины шил хагалах ямар нэг шалтгаан огт гараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

Гэрч Х.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 он 8 дугаар сарын 20-ны  өдөр өөрийн найз Чинбаатар, Энх-Оргил, Байгалмаа, Баярбаатар, Номин-Эрдэнэ нарын хамт Баярбаатарын гэрийн гадаа шөнийн 02 цаг хүртэл архи, пиво уунгаа хоорондоо юм ярьж суусан. Гэтэл Баярбаатартай хамт ажилладаг сахиул бололтой нэг согтуу ах бид нар ирээд агсам согтуу тавиад хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн Баярбаатар тэр ахтай юм ярьж байснаа салаад ирэнгүүтээ”саяны ах бид нараас архи нэхээд байна” гэсэн. Тухайн үед бид нар нэг их  тоолгүй ямар даварцан ах вэ гээд хоорондоо юм ярьсан. Тэгээд удалгүй нөгөө согтуу ах гартаа улаан өнгийн тоосго маягтай зүйл барьж ирээд Чинбаатарын 76-17 УБК улсын дугаартай цайвар ногоон өнгийн Приус 20 маркын автомашины салхины урд шилийг нэг удаа цохиж хагалчихсан. Үүний дараа согтуу ах надад хамаагүй , би буруугүй шүү гэж хэлээд юу ч болоогүй юм шиг гэрийнхээ зүг алхаад явсан. Мөн согтуу ахын эхнэр нь бололтой нэг эмэгтэй эгч болиулах гээд чадаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн24/

Гэрч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... шөнө 03 цаг 45 минутанд 99500731 дугаарын утаснаас иргэн Баярбаатар нь “Замын-Үүд сумын 1-р багт шинээр баригдаж байгаа автовокзалын хашаанд Цэндэм овогтой Батболд нь согтуугаар 76-17 УБК улсын дугаартай Приус 20 маркын автомашины салхины шилийг хагалчихлаа” гэсэн дуудлага цагдаагийн хэлтсийн жижүүрийн утсанд өгсөн. Ингээд хэргийн газарт очиход Ц.Батболд нь согтуу байдалтай гэртээ сууж байсан ба хашаанд байсан Г.Чинбаатар гэх залуугийн 76-17 УБК улсын дугаартай Приус 20 тээврийн хэрэгслийн салхины урд шилийг хагаллаа шүү гэж хэлээд чулуугаар цохиж хагалсан гэж Чинбаатар болон тэнд байсан хүмүүс бүгд хэлсэн. Тэгээд машины шил хагалсан гэх чулууг хайж үзэхэд олдоогүй бөгөөд тухайн үед Ц.Батболд нь “би машины шил хагалаагүй, надад буруу байхгүй, наад хэдэн бацаанууд чинь хашаан дотор өдөржингөө архи уусан” гээд агсам согтуу тавиад дахин гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй байсан тул саатуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/  

Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “урд салхины шил 200,000 төгрөг шил солих зардал 20,000 төгрөг үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн 220,000 төгрөг гэсэн 6844 тоот дүгнэлт  /хх-ийн 28/

Хохирогч Чинбаатар нь шүүгдэгчээс хохиролд 220,000 төгрөг хүлээн авсан тухай  баримт /хх-ийн 79/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Батболдын үйлдлийг Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, хохирогчийн эд хөрөнгийг буюу машиных нь шилийг ашиглах боломжгүй хэмжээнд устгаж нийтдээ 220,000 төгрөгийн хохирол учруулсан байх ба тэрээр бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлж, хохирогч Г.Чинбаатарт 220,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч Г.Чинбаатарын хохирлын мөнгө хүлээн авсан баримт зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, харин уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь хэргийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299  дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүдэгч Боржигон овогт Цэндэмийн Батболдыг бусдын эд хөрөнгийг санаатай устгах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Цэндэмийн Батболдыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ц.Батболдод оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Батболд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.Батболдод оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж , 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.                                   

6.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Батболдод  урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД