Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 494

 

 Б.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Уранбайгаль,

            шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Цэндсүрэн,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Цэндсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бод холбогдох эрүүгийн 1803009670022 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            ...................., 1989 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Магнай Трейд” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар гудамжны, 753а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

            Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Биокомбинатын замд “Toyota Cresta” маркийн 9338 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, мөн дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас О.Гарьдмагнайгийн жолоодож явсан “Daewoo BS-106” маркийн 0329 УБЧ улсын дугаартай автобусыг мөргөж, уг ослын улмаас “Toyota Cresta” маркийн 9338 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч П.Отгонцэнгэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Нийслэлийн Зорчигч тээвэр нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн “Daewoo BS-106” маркийн 0329 УБЧ улсын дугаартай автобусанд 540.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ..................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Авид овгийн Баярмаагийн Батболдыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бын эдлэх 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Бод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.Бын В ангиллын 859717 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж, эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Цэндсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэм буруутайд тооцож, 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч, уг ялыг тэнсэж өгөхийг хүсч байна. Б.Б нь өөрийн гэм бурууг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Отгонцэнгэл болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг шүүх хурлын өмнө бүрэн төлж барагдуулсан. Тэрээр урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа ойлгож байгаа. Б.Б нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь бага насны хүүхдээ асраад ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Б.Бын цалингаас өөр орлогогүй учир өрхийн тэргүүн хоригдсоноос хойш энэ айлын амьдрал хэцүү байдалд ороод байна. Б.Б нь 2010 онд үйлдвэрлэлийн осолд орж бугуй, сарвууны түвшинд мэдрэл нь гэмтсэн ба хөдөлмөрийн чадвар алдалт нь 50 хувиар тогтоогдсон. Баримт нь хавтас хэргийн 76 дугаар хуудсанд авагдсан байгаа. Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгосон, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, ар гэрийн амьдралын гачигдалтай байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан тэнсэж өгнө үү.” гэв.

            Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б өмгөөлөгчгүй оролцсон. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг өгсөн. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх тайлбар гаргасан учир анхан шатны шүүх хуралдаан өмгөөлөгчгүй явагдсан. Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Бод тэнсэн харгалзах ял оногдуулахад татгалзах зүйлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 40 минутын орчим, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Биокомбинатын замд “Toyota Cresta” маркийн 9338 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, мөн дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас О.Гарьдмагнайгийн жолоодож явсан “Daewoo BS-106” маркийн 0329 УБЧ улсын дугаартай автобусыг мөргөж, уг ослын улмаас “Toyota Cresta” маркийн 9338 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч П.Отгонцэнгэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Нийслэлийн Зорчигч тээвэр нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн “Daewoo BS-106” маркийн 0329 УБЧ улсын дугаартай автобусанд 540.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч П.Отгонцэнгэлийн “...нөгөө гурван залуу 1 шил архиа задалсан. Би тэр архинаас нь цаасан аягаар 2 удаа уугаад, урьд шөнө архи уусан байсан учир унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Машиныг өглөө манайхаас гарахад миний танил дүү Батболд барьж явсан. Би хажууд нь сууж явсан. Батболд нөгөө 3 залуугийн задалсан архинаас уусан. ...” /хх19-20/,

гэрч О.Гарьдмагнайгийн “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн “Эрэл” компаний урд буудлаас ээлж аваад Daewoo BUS106 маркийн 0329 УБЧ улсын дугаарын автобусыг жолоодон “Туул” тосгоснооос Улаанбаатар хотын чиглэлд Биокомбинатын орчим хурд сааруулагч дээр хурдаа хасаад давж байтал араас цагаан өнгийн Tоёота Cresta маркийн 9338 УНЗ улсын дугаартай автомашин ирж мөргөсөн. Би шууд зогсоод, буугаад очтол эргүүлийн цагдаа ирсэн байсан. Жолоон дээр Б.Б сууж байсан. Хөгшин хүн нь хажуугийн суудал дээр сууж явясан. ...” /хх38-39/ гэх мэдүүлгүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх4-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх10-13/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх14/, техникийн комиссын акт /хх34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13874 дугаартай дүгнэлт /хх47/, техникийн шинжээчийн 864 дугаартай дүгнэлт /хх49-50/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Быг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

          Шүүгдэгч Б.Быг “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч П.Отгонцэнгэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Daewoo BS-106” маркийн 0329 УБЧ улсын дугаартай автобусанд 540.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Цэндсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Цэндсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ